| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/141 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Г.*******,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Налайх, дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507000000144 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы 02 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *******, *******, ангийн хэсэгт ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь гэм буруугийн хувьд маргахгүйгээр шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр ажлынхантайгаа 2 хоног алга болсон. Би архи уугаад өглөө сэрэхэд эхнэр ирэхгүй болохоор нь айлд очиход эхнэр согтуу байхаар нь маргалдсан чинь ажлынх нь нэг залуу хойноос татахаар нь тэр залууг баруун гараараа нэг цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.******* нь дүүргийн 2 дугаар хороо тоотод 2025 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 05 цаг орчимд үл ойлголцлын улмаас хохирогч М.ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь зүүн 1 дүгээр шүдний булгаралт, уруул, буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 20-ний өглөө 05 цагийн үед ажил дээр байхад ээлжийн ахлагч ах хоёулаа даргын гаднаас манай хүүхдийн тээврийн хэрэгслийг аваад ирье гэхээр нь за гээд даргын гэр лүү явж байхад хажуугаар мотоциклтой хүн яваад өнгөрсөн. Гэр лүү ороход манай байгууллагад ажилдаг эгчийн нөхөр даргыг заамдаад зогсож байхад нь ах очоод боль гээд тэврээд авсан. ах болиулах гээд дийлэхгүй намайг хүрээд ир гэхээр нь би явж очоод гараас нь бариад авахад эргэж хараад миний нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохиод толгойгоороо мөргөтөл үүдэн нэг шүд унаад цус гарахаар нь би шүдээ аваад даргын гэрээс гарах гэтэл араас хайруулын таваг аваад шидсэн. Би гэрээс гараад зугтаахад араас чулуу, тоосго шидсэн.
ын нөхөр ******* манай даргыг та хэд банздалдаад гээд уурлаад хацар хэсэг лүү нь нэг удаа цохисон. ах ын нөхрийг боль гээд бариад авсан. ******* мотоцикл унаад дайрч ална гэж хэлээд хажуугаар гараад явсан. Би шүдний эмчид үзүүлээд хиймэл шүд хэдэн төгрөгөөр хийх талаар асууснаас биш өөр үйлчилгээ аваагүй. Надад гомдол санал байхгүй, шүд хийлгэх 1 500 000 төгрөг авсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 7, 58 хуудас/,
- Гэрч А.н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 14 цагт УБТЗ-ын Вагон *******ын депогоос хаврын техникийн шалгалт ирээд 20 цагт дуусаад явсан. Манай хамт олон шалгалтаа амжилттай давсан гээд манай гэрт цуглаад нэлээн архи согтууруулах ундаа хэрэглээд нэг хэсэг нь гэр лүгээ яваад , бид гурав манай гэрт үлдсэн. Өглөө 05 цагийн үед ын нөхөр манай гэрт орж ирээд эхнэртэйгээ маргалдаад байхаар нь боль гэхэд надтай маргалдсан. Гаднаас манай ээлжийн ахлах , э хоёр орж ирээд ын нөхрийг боль гээд салгаад аваад гарсан. Намайг цохиж зодоогүй. Би ийг цохихыг хараагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 10 хуудас/,
- Гэрч Н.ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 20-ний өглөө 05 цаг өнгөрч байхад ийг хоёулаа даргын гэрийн гаднаас машин аваад ирье гэж дагуулаад миний тээврийн хэрэгсэлтэй явж байтал хажуугаар мотоцикл өнгөрөөд явсан. Даргын гэрийн гадаа очоод зогстол э бид хоёрын хажуугаар явсан мотоцикл даргын гэрийн гадаа зогсож байсан. Би араас машинаа унтраагаад яваад ортол ******* эхнэртэйгээ муудалцаад э салгаж байгаа юм шиг байхаар нь би боль гэхэд э гэрээс гарахад ******* араас гараад явсан. Би гараад ажил дээр очиход ******* миний үүдэн шүдийг хугалсан гэж э надад хэлсэн. Би тухайн үед хэн хэнийгээ цохисон талаар мэдээгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/,
- Шинжээч Д.ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн НАЛ/0725/239 дугаартай: “М.ийн биед зүүн 1 дүгээр шүдний булгаралт, уруул, буйланд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэх дүгнэлт /х.х-ийн 19-20 хуудас/,
- Шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эхнэртэйгээ утсаар ярихад манай ажил дээр шалгалт ирсэн гэсэн. Би нэг шил 0,75 литрийн Экс нэртэй архи хувааж уугаад Бал ахын гадаа мотоциклоо үлдээгээд гэртээ ирсэн. Би 2025 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагаас хойш эхнэрийнхээ гар утас луу залгахад утас нь холбогдохгүй байж байгаад 05 цагийн үед утас нь дуудаад авахгүй байхаар нь би гэрээсээ 05 цаг өнгөрч байхад ганцаараа гараад н гэрт ортол манай эхнэр, , нар унтаж байсан. Би эхнэрээ гэр орондоо ирж хонодоггүй юм уу гэхэд шалгалт ирээд сайн давсан гээд бид нар жаахан уусан юм гэхээр нь би уурлаад тэй маргах гэхэд хажуугаас хүн татахаар нь эргээд хартал танихгүй залуу байхаар нь гарыг нь тавиулах гээд баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт цохисон. Манай эхнэр намайг чи хүн цохичихлоо гээд н гэрээс гараад явсан. Би эхнэрээ гэртээ ирэхгүй яагаад гадуур хоноод яваад байгаа юм бэ гээд уурласан. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээ, шүд хийлгэх зардалд 1 500 000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /х.х-ийн 52 хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 26-36, 40-45, 53/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Л.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч М.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Л.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь дүүргийн 2 дугаар хороо тоотод 2025 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 05 цаг орчимд үл ойлголцлын улмаас хохирогч М.ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь зүүн 1 дүгээр шүдний булгаралт, уруул, буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Л.*******ын эхнэр гэртээ хоноогүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч М.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.******* хохирогчид бэлнээр 1 500 000 төгрөг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байгаа ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч Л.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Ганбагана эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Л.******* нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Л.*******ын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч байгааг харгалзан прокуророос санал болгосон 600 000 төгрөгийн торгох ялыг оногдуулахаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Л.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА