Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

2025          07             02                                       2025/ШЦТ/180

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****т холбогдох эрүүгийн 2539004370174 дугаартай хэргийг  2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ш.Х нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 17.00 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 6 дугаар баг ****ийн 02-02 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ****ийг “согтуу байж автомашин барих гэлээ” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, түүний хоолойг нь боох, нүүр, нуруу, хэвлий, хөлөн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас ****ийн эрүүл мэндэд зүүн шуу, хамар ясны далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, умдагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээж, хэвлий, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Х нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 6 дугаар баг ****ийн 02-02 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ****тай маргалдаж, улмаар түүний хоолойг нь боох, нүүр, нуруу, хэвлий, хөлөн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу, хамар ясны далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, умдагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээж, хэвлий, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ш.Хын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өглөө 09 цагийн орчимд тус сумын төвд найзуудын хамтаар 4 ширхэг “Хараа” нэртэй 0.75 граммын архийг хувааж уусан. Ингээд тухайн архиндаа согтож юу болсон талаар санахгүй байгаа. Нэг сэргэсэн Бэрх хотын зүүн талд автомашинаа согтуу барьж явж байгаад цагдаад баригдсанаа санаж байгаа....” гэх мэдүүлэг  (хх-ийн 20-21),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ийн “...2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус сумын 6 дугаар багт гэрийнхээ хашаанд өдрийн 17 цагийн орчимд зээ охины хамтаар гэртээ байх үед хамтран амьдрагч **** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Ингээд гэрт орж ирээд надад хандан “Автомашины түлхүүр авъя” гэхэд нь миний бие ****т хандан “Чи согтуу байж автомашин барих гэлээ” гэхэд надад хандан “Чи муу давраад байгаа шүү. Чамайг би алнаа” гэж хэлэн хоолойг маань хоёр гараараа боож, газарт ухаан алдаад унах үед салтаа хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Ингээд газраас босох үед үсдэж аван нүүр хэсэг рүү 4-5 удаа баруун зүүн гараараа цохисон. Ингээд мөн баруун хөлөөрөө зүүн гарын шуу, нуруу, хэвлий, хөл хэсэг рүү 8-9 удаа өшиглөсөн. Мөн зүүн гарын шуу хэсэг рүү баруун хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тухайн үед **** чамайг би гүйцээж ална гээд зодоод байсан. Урьд өмнө нь буюу 2003, 2013 онуудад намайг зодож байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9, 12-13),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ****н “...Би тус хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ олгосон 435,582 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 68-69),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ын “...2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус сумын 6 дугаар багт 17 цагийн орчимд гэртээ байх үед ээж **** над руу утсаар холбогдож надад хандан “Аав чинь намайг зодчихлоо” гэж хэлсэн. Ингээд намайг ээж дээр очиход ээжийн нүүр, гар нь цус болсон, хамраас нь цус гоожин тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаартай “...1. ****ийн биед зүүн шуу, хамар ясны далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, умдагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээж, хэвлий, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн шуу ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны далд хугарал гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт (хх-ийн 34-36), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 22-24, 25-26), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 27-29), гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа (хх-ийн 62) шүүгдэгч Ш.Хын Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 97) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ш.Хын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ****ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдлийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Ш.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Ш.Х нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн, мөн хохирогч **** нь биедээ хүндэвтэр гэмтэл авч улмаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 435,582 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ****н мэдүүлэг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ш.Х нь дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ш.Хт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ш.Х нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ш.Х нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ****ын ****т 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ш.Х нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч **** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.ХОСБАЯР