| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0172/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/181 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/181
2025 07 02 2025/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****ид холбогдох эрүүгийн 2539002760180 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Г нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 04 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын **** баг ****ын 6-614 тоотод орших гэртээ болон гэрийн ойролцоо гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ****ийг “бусадтай хардаж” түүнийг орноос нь чирж босгон гэрээс хөөж гарган толгой, нүүр, цээж, хөл, нуруун тус газруудад нь цохих, өшиглөх, чирэх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нуруу, зүүн өгзөг гуянд цус хуралт, зулгаралт, 2 хөлийн тавхайн улны 1-р зэргийн хөлдөлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч **** овогт ****ийн **** нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 04 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын **** баг ****ын 6-614 тоотод байх гэртээ болон гэрийн ойролцоо гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ****тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгой, нүүр, цээж, хөл, нуруун тус газруудад нь цохих, өшиглөх, чирэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “нуруу, зүүн өгзөг гуянд цус хуралт, зулгаралт, 2 хөлийн тавхайн улны 1-р зэргийн хөлдөлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Э.Гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би өөрийн эхнэр ****ийн биед 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтуугаар халдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байгаа. Одоо бол эхнэртэйгээ учир зүйгээ олсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ийн “...2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр Э.Г Сэлэнгэ аймгаас ирсэн найзтайгаа ганц хоёр пиво уусан гээд шөнө 02 цагийн үед ирсэн. Тэр үед нь би хүүхдүүдтэйгээ гэртээ унтаж байсан. Тэгсэн чинь **** үгийн зөрөөгүй “манайхаас зайл” гээд намайг орноос маань чирээд гадаа гаргаад хаалгаа дотроос нь түгжчихсэн. Тэгээд би хаалгаа татаж үзэхэд хаалгаа тайлахгүй байсан. Ингээд би орондоо унтаж байсан болохоор дотуур хувцас болох левчик, дотоожтойгоо хөл нүцгэн **** гэдэг найзынх руугаа урагшаагаа гүйж явсан чинь араас **** намайг гүйцэж ирээд гэр лүүгээ авч явах гээд намайг чирээд өшиглөөд зодоод байсан. Тэгэхээр нь би “Чи гэрээсээ хөөчихөөд би орохгүй” гээд нэлээн үзсэн. Тэгээд би дийлээгүй. Намайг **** гудамжинд зодож байгаад гэр лүүгээ чирээд аваад орсон. Тэгээд гэртээ ороод өөрт нь таалагдахгүй юм хэлбэл намайг түлхэж унагаагаад алгадаад зодоод байсан. Ингээд бараг үүрийн 4 цаг хүртэл намайг зодсон. Би дуугүй зодуулаад байна гэж юу байх вэ дээ урдаас нь юм хэлээд л зодуулаад байсан. Би дотуур хувцастайгаа хөл нүцгэн гадаа байсан болохоор хоёр хөлийн улны хэсэг тавхай хэсгээрээ цэврүүтээд хүйтэнд хайрагдсан байсан. Бүх бие маань зодуулсны улмаас хөх няц болоод зарим газруудад маань хавдсан байсан. Ингээд намайг нөхөр маань гэрээс гаргахгүй, утсаар ярих гэхээр хажууд байнгын хяналттай байдаг байсан. Тэгээд хөлийн маань ул цэврүүтээд хорсоод гутал өмсөж явж болохгүй хамаг бие маань янгинаж өвдөөд гэртээ 2 хоносон. Тэгэхээр нь **** гэдэг найздаа хэлээд гэрээсээ авхуулаад ****гийнд очиж хөх няц болсон зургаа аваад төрсөн эгч ****тээ хэлсэн. Би ****тай хамт гэрээсээ гарахдаа ****ид “Эмнэлэг явж тариа хийлгэлээ” гэж хэлээд гарсан юм. Тэгээд **** эгч ****ийг намайг зодсон талаар хэлж цагдаад мэдэгдэнэ гэхэд **** хот явж ажил хийлээ гэж шалтаг хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-15),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч **** нь 2,178,000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 81-82),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Т.Уу****ийн “...2025 оны 02 дугаар сарын эхээр байх. ****ийн гэрээр ороход **** гэртээ хэвтэж байсан. Тэгээд харахад ил харагдаж байсан хэсэг болох хоёр гарын шуу зэрэг газрууд нь хөхөрсөн харагдаж байсан. Тэгэхээр нь би “Юу болоо вэ? яагаа вэ?” гэж асуухад **** нөхөр рүүгээ хараад “Энэ л ийм болгож байхгүй юу” гэж хэлсэн. Тэгэхэд ****ийн нөхөр **** “Би зодоогүй. Наадах чинь өөрийгөө л зодсон ш дээ” гэж хэлэхээр нь би юм хэлээгүй гараад явчихсан. Тэгээд энэ явдлаас хойш нэг билүү хоёр хоногийн дараа 2025 оны 02 дугаар сарын 09-ний үед байх **** чатаар над руу “Манайд хүрээд ирээч” гэхээр нь би ****ийн гэрт очиж түүнийг гэртээ авчраад **** хөх няц болтлоо зодуулсан зургаа аваад төрсөн эгч **** эгч рүүгээ явуулаад нөхөртөө зодуулсан талаар эгчдээ хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Э.****ийн “...2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байх манай дүүгийн найз Уу**** над руу залгаад “Манайд хүрээд ирээч” гэхээр нь явж очиход **** дүү маань байсан. Тэгээд юу болсон талаар асуухад 2 хоногийн өмнө нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Тэгээд биеийг нь харахад хоёр хөлийн ул нь хүйтэнд хайрагдаад цэврүү үсэрч улайсан, биеийнх нь ар нуруу, хоёр хөл, хоёр гар нь энд тэндээ маш олон тооны хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгээд босож явахдаа найз ****гаараа түшүүлж яваад байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт үзүүлье цагдаад хандъя гэхэд **** “За яах вэ биеийн байдлаа харъя” гээд байхаар нь би түр больсон. Тэгээд би ****т “Чи ийм болтлоо зодуулчихаад надад хэлэхгүй яасан юм бэ?” гэхэд **** хэлэхдээ “Манай нөхөр чи гэрийнхэндээ хэлнэ гээд миний утсыг өгөхгүй байсан. Тэгээд би арай гэж ****тай холбоо барьсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭН0725/173 дугаартай “...1. ****ийн биед толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, нуруу, зүүн гуя, зүүн өгзөгт цус хуралт, зүүн өгзөг, 2 гуя, баруун шилбэнд зулгаралт, 2 хөлийн улны 1 дүгээр зэргийн хөлдөлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, нуруу, зүүн гуя, зүүн өгзөгт цус хуралт, зүүн өгзөг, 2 гуя, баруун шилбэнд зулгаралт, 2 хөлийн улны 1-р зэргийн хөлдөлт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүдийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтлүүдээс нуруу, зүүн өгзөг, гуянд цус хуралт, зулгаралт, 2 хөлийн тавхайн улны 1-р зэргийн хөлдөлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, баруун гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 34-36), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5), ****ийн Хэнтий аймгийн **** сумын сум дундын цагдаагийн тасагт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6, 7-9), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 56-57), Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн хуулбар (хх-ийн 76), шүүгдэгч Э.Гийн Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 88), хохирогч ****ийн Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 89) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Э.Гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдлийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас хохирогч ****т төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч ****д 2,178,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байхаас гадна шүүгдэгч Э.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн прокурорын газарт бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Э.Гийг хохирогч ****т төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч **** нь биедээ хөнгөн гэмтэл авч улмаар Улсын хоёрдугаар төв эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 2,178,000 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ****н мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Г нь дээрх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 2,178,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Гид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Г нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****ид 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Гоос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 2,178,000 (хоёр сая нэг зуун далан найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдоогүй, хохирогч ****т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР