| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0175/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/184 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/184
2025 07 07 2025/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг
Хохирогч Ё.С
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ы ****д холбогдох эрүүгийн 2539000000150 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.У нь согтуурсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 7 дугаар баг **** тосгоны 60 дугаар байрны 2 дугаар орцны 18 тоотод байх ****ын гэрт Ё.Сыг өөрийг нь нэг удаа алгадлаа гэх шалтгааны улмаас уурлаж мах хэрчиж байсан хутгаараа түүний цээжний зүүн ар хэсэгт нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн ар хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ё.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би ****тай уулзаагүй 2, 3 жил болсон. Тэгээд амарч байх хугацаандаа таараад тэднийд орж хоол идээд унтсан. **** өглөө орж ирсэн. 2, 3 жил уулзсангүй гээд би архинд явсан. Тэгээд бид 3 архи ууж байсан чинь хаалга тогшоод **** орж ирсэн. **** гал тогоонд хоол хийж байсан. Хааяа орж ирэхээр нь архи хийж өгч байсан. Тэгээд нэг шил архи нь дууссан. Хоол яасан бэ? гэхэд **** хийж байгаа гэж хэлсэн. Би жоохон согтуу байсан. Би алгадсанаа санахгүй байна. Хэл амаар доромжилсон байж магадгүй. Тэгээд би том өрөө рүү орсон. Бие арзайх шиг болсон чинь **** чамайг **** хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд миний цусыг тогтоож өгөөд би харьсан. Наашаа явж байгаад машинтай гээд **** ах руу утасдаад эмнэлэг рүү хүргэж өгсөн ... энэ хэргээс болж 5-6 сард ажилгүй байсан. Сард дунджаар 4 сая төгрөг олох байсан. Иймээс 8 сая төгрөг нэхэмжилнэ...” гэв.
Хохирогч Ё.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой нутгийн ах ****ын гэрт орж ганц нэг шил архи уугаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө босоод цай уугаад сууж байхад гаднаас **** гэх танил орж ирээд бид нар хоол хийж идэх гээд мах гаргаад байж байхад гаднаас нутгийн танил дүү **** гэх залуу орж ирэхээр нь би эрт байсан учраас дэлгүүр онгойхоор явж архи авна гээд ****той хамт “**** Оргил” дэлгүүр орж 0,75 литрийн “Хараа”, 0,75 литрийн “Ногоон экс” нэртэй 2 шил архи авч ирж бид 4 хувааж уусан. Тэгээд хэсэг зуур юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд араас юм хүрэх шиг болохоор нь анзааралгүй цаашаа яваад суухад **** ах надад “**** чамайг хутгаар хатгачих шиг боллоо” гэхээр нь цамцаа сөхөөд харахад миний зүүн далны орчмоос цус гарч байсан...” гэжээ. (хх-ийн 12-13),
Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч Ё.С нь эрүүл мэндийн даатгалын сангаас 825,974 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэжээ. (хх-ийн 94-95),
Гэрч Ч.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн өмнө өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой **** гэх хүн манайд орж ирээд бид хоёр ганц хоёр шил архи уугаад унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө **** бид хоёр сэрээд сууж байхад гаднаас **** гэх хүн орж ирээд удаагүй байхад **** гэх залуу орж ирсэн. Тэгээд ****, **** хоёр дэлгүүр гарч 2 шил архи авч ирээд эхний 1 шил архийг уугаад сууж байсан. Тэгээд би хэсэг зүйл санахгүй байна. Нэг мэдэхэд ****ыг **** хутгаар хатгасан гээд цусыг нь **** арчаад зогсож байсныг санаж байна. Тэгээд үлдсэн 1 шил архийг уугаад **** гэр лүүгээ харилаа гээд манайхаас гарсан. Би гэртээ унтсан...” гэжээ. (хх-ийн 21-22),
Гэрч Д.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 07 цаг өнгөрч байхад **** ах намайг утсаар залгаж дуудаад “****ынд хүрээд ир ээ. Би чамайг архиар дайлна. Надад 800,000 төгрөг байна” гэж баярхаад дуудаад байхаар нь би явж очсон. Тэгээд намайг очиход **** ах **** хоёр халамцуу сууж байсан. Тэгтэл удалгүй гаднаас **** гэх залуу орж ирсэн. Тэгэхэд **** бид нарт “Дэлгүүр онгойхоор би та нарт архи авч өгнө” гээд ярьж байгаад удалгүй дэлгүүр онгойсон байна гээд ****, **** хоёр гарч яваад 2 шил архи авч ирсэн. Тэгээд **** хоол хийе гээд **** ахын гэрийн гал тогоонд мах хөшиглөж байхад **** над руу агсрах юм яриад байхаар нь би дуугараагүй. Тэгтэл **** “**** ахаа хэдүүлээ тохитой архиа ууя. Та дуугүй бай” гэхэд **** уурлаж “Би танай хүргэн Янгиаг танина” гээд хочоор нь дуудаад мөн “Эгчийг чинь танина. Чи муу миний дууг хорихгүй шүү” гээд **** руу явсан. Тэгснээ удалгүй эргэж ирээд архи уугаад сууж байхад араас нь цус гараад байхаар нь “Хаанаас чинь цус гараад байнаа” гэхэд нурууг нь харахад зүүн далны доод хэсэгт нь хутгалчихсан байсан. Тэгээд бид нар “Эмнэлэг явах уу?” гэхэд “Яах вэ цус тогтчихвол болно. Архиар дарчих” гэхээр нь би амны масканд архи шингээж байгаад дарсан чинь цус гарахаа больсон. Тэгээд бид нар үлдсэн архиа хувааж уугаад **** харьлаа гээд гараад явсан....” гэжээ. (хх-ийн 25-26),
Шүүгдэгч А.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн **** тосгоны 60 дугаар байрны 2 дугаар орцонд **** гэх ахынд ороход ****, **** ах нар гэрт нь байцгааж байсан. Тэгээд өглөө эрт дэлгүүр онгойх цаг болоход **** ах намайг “Цуг дэлгүүр архинд гараад ирье” гээд цуг яваад дэлгүүрт ороод 2 шил архи аваад эргээд **** ахынх руу орсон. Тэгээд архиа ууж байгаад би хоол хийх гээд мах гаргачихаад хэрчээд байж байхад **** ах **** ах руу агсраад орилж хашхираад байхаар нь “Жаахан тохитой томоотой ууж идье” гэж хэлэхэд “Чиний хүргэн ахыг чинь мэднэ шүү пизда минь” гээд босож ирээд шууд нүүр лүү маань алгадсан. Тэгэхээр нь би гартаа хутгатай байсан болохоор арагшаа харангуут нь хутгаараа зүүн далны хавьцаа хатгасан асуудал гаргасан...” гэжээ. (хх-ийн 78-79),
Гэрч ****ын мэдүүлэг (хх-ийн 29-30),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 266 дугаартай “...1. 2. Ё.Сын биед цээжний зүүн ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
4. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 35-37),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5, 6-8),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 69-70),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 96),
Ё.Сын өвчний түүх (хх-ийн 40-64),
Хэнтий аймгийн **** хотын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт (хх-ийн 65),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 82-83),
А.Угийн Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 87),
А.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 85, 86) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч А.Уд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч **** овогт ****ы **** нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 7 дугаар баг **** тосгоны 60 дугаар байрны 2 дугаар орцны 18 тоотод Ё.Стой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжний зүүн ар хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн ар хэсэгт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн **** тосгоны 60 дугаар байрны 2-аар орцонд **** гэх ахынд ороход ****, **** ах нар гэрт нь байцгааж байсан. Тэгээд өглөө эрт дэлгүүр онгойх цаг болоход **** ах намайг “Цуг дэлгүүр архинд гараад ирье” гээд цуг яваад дэлгүүрт ороод 2 шил архи аваад эргээд **** ахынх руу орсон. Тэгээд архиа ууж байгаад би хоол хийх гээд мах гаргачихаад хэрчээд байж байхад **** ах **** ах руу агсраад орилж хашхираад байхаар нь “Жаахан тохитой томоотой ууж идье” гэж хэлэхэд “Чиний хүргэн ахыг чинь мэднэ шүү пизда минь” гээд босож ирээд шууд нүүр лүү маань алгадсан. Тэгэхээр нь би гартаа хутгатай байсан болохоор арагшаа харангуут нь хутгаараа зүүн далны хавьцаа хатгасан асуудал гаргасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ё.Сын “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой нутгийн ах ****ын гэрт орж ганц нэг шил архи уугаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө босоод цай уугаад сууж байхад гаднаас **** гэх танил орж ирээд бид нар хоол хийж идэх гээд мах гаргаад байж байхад гаднаас нутгийн танил дүү **** гэх залуу орж ирэхээр нь би эрт байсан учраас дэлгүүр онгойхоор явж архи авна гээд ****той хамт “**** Оргил” дэлгүүр орж 0,75 литрийн “Хараа”, 0,75 литрийн “Ногоон экс” нэртэй 2 шил архи авч ирж бид 4 хувааж уусан. Тэгээд хэсэг зуур юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд араас юм хүрэх шиг болохоор нь анзааралгүй цаашаа яваад суухад **** ах надад “**** чамайг хутгаар хатгачих шиг боллоо” гэхээр нь цамцаа сөхөөд харахад миний зүүн далны орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч Ё.С нь эрүүл мэндийн даатгалын сангаас 825,974 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх, гэрч Ч.****ын “...Тухайн өдрийн өмнө өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой **** гэх хүн манайд орж ирээд бид хоёр ганц хоёр шил архи уугаад унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө **** бид хоёр сэрээд сууж байхад гаднаас **** гэх хүн орж ирээд удаагүй байхад **** гэх залуу орж ирсэн. Тэгээд ****, **** хоёр дэлгүүр гарч 2 шил архи авч ирээд эхний 1 шил архийг уугаад сууж байсан. Тэгээд би хэсэг зүйл санахгүй байна. Нэг мэдэхэд ****ыг **** хутгаар хатгасан гээд цусыг нь **** арчаад зогсож байсныг санаж байна. Тэгээд үлдсэн 1 шил архийг уугаад **** гэр лүүгээ харилаа гээд манайхаас гарсан. Би гэртээ унтсан....” гэх, гэрч Д.****ийн “...тэгээд **** хоол хийе гээд **** ахын гэрийн гал тогоонд мах хөшиглөж байхад **** над руу агсрах амиатай юм яриад байхаар нь би дуугараагүй. Тэгтэл **** “**** ах аа хэдүүлээ тохитой архиа ууя. Та дуугүй бай” гэхэд **** уурлаж “Би танай хүргэн Янгиаг танина” гээд хочоор нь дуудаад мөн “Эгчийг чинь танина. Чи муу миний дууг хорихгүй шүү” гээд **** руу явсан. Тэгснээ удалгүй эргэж ирээд архи уугаад сууж байхад араас нь цус гараад байхаар нь “Хаанаас чинь цус гараад байна аа” гэхэд нурууг нь харахад зүүн далны доод хэсэгт нь хутгалчихсан байсан. Тэгээд бид нар “Эмнэлэг явах уу?” гэхэд “Яах вэ цус тогтчихвол болно. Архиар дарчих” гэхээр нь би амны маскт архи шингээж байгаад дарсан чинь цус гарахаа больсон. Тэгээд бид нар үлдсэн архиа хувааж уугаад **** харьлаа гээд гараад явсан....” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Ё.Сын өвчний түүх, Хэнтий аймгийн **** хотын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.У нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч А.У нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Угийн үйлдлийн улмаас хохирогч Ё.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 266 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А.Уд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэрэгт прокурорын санал тохирч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Угийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Ё.С нь ажилгүй байсан хугацааны цалин 8,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдаагүй байх тул тодорхой тооцоо гаргах боломжгүй байна. Иймд хохирогч Ё.С нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд А.Угоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч Ё.С нь биедээ хөнгөн гэмтэл авч улмаар Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 825,974 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ****н мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч А.У нь дээрх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 825,974 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 13.5 см, бариул хэсгийн урт 11.5 см, нийт 25 см урттай хүрэн өнгийн модон бариултай хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.У нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ы ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ы ****д 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уд оногдуулсан 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч А.Угоос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 825,974 (найман зуун хорин таван мянга есөн зуун далан дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
5.Хохирогч Ё.С нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд А.Угоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 13.5 см, бариул хэсгийн урт 11.5 см, нийт 25 см урттай хүрэн өнгийн модон бариултай хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.У нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР