Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/03407

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/03407

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ...................., ХХК-ийн хүсэлттэй

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох 6233015 регистрийн дугаартай Радар менежмент ХХК болон тус компанийн захирал, ЖЮ82021417 регистрийн дугаартай Хатгин овогт Орсоогийн Одхүүг эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 214 дүгээр байр 85 тоот хаягт ..................,  ХХК-ийн хүнсний дэлгүүр болох Yes market дэлгүүрт 1,039,500 төгрөгийн хүнс болон ахуйн хэрэглээний барааг нийлүүлсэн. Дээрх бараа бүтээгдэхүүний нийт төлбөрөөс урамшуулал 31,185 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр нь 1,008,315 төгрөг байгаа бөгөөд хариуцагчаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байгаа болно. Иймээс манай компани нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвд эвлэрэх талаар өргөдөл гаргасан. Улмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хариуцагчийг дуудсан боловч ирээгүй бөгөөд эвлэрэх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүйн зэрэгцээ ярих боломжгүй байна, ирэх боломжгүй байна гэх мэтээр шалтгаан хэлсээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Иймд манай компани 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Ш32022/00835 дугаартай шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтод хариуцагчийг уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нийлүүлсэн хүнс болон ахуйн хэрэглээний барааны төлбөр болох 1,008,315 төгрөгийг гаргуулахын тулд ...................., ХХК болон захирал ................-н хаягийг тодруулах шаардлагатай байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч .............. ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ................ регистрийн дугаартай ...................... ХХК болон тус компанийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох ................... регистрийн дугаартай Хатгин овогт Орсоогийн ................-н хаягийг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....................... ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,008,315 төгрөгийг шаардах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 835 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ................. ХХК нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 44, 690 тоот хаягт оршин байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 6 дахь талд/

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....................... ХХК-ийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч ................ ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар, .................. регистрийн дугаартай ................ ХХК болон тус компанийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох .................... регистрийн дугаартай Хатгин овогт Орсоогийн ....................-г тус тус эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар .................. регистрийн дугаартай ..................... ХХК болон тус компанийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох ...................... регистрийн дугаартай Хатгин овогт Орсоогийн .................-г тус тус эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ...................ХХК (утас:89093973, 89844454)-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ