Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 

 

2025            07           07                                       2025/ШЦТ/185

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М

Хохирогчийн өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****т холбогдох эрүүгийн 2439000000434 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20-21 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын төвөөс тус сумын **** 3 дугаар баг **** гэх газар луу өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон явж байхдаа тухайн автомашин дотор зорчиж явсан 9 настай ****ыг шалтаг шалтгаангүйгээр гараараа цохих маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь уруулд шарх, нүүр, хүзүүнд зулгаралт, хоёр хацар, баруун тохойд цус хуралт, хоёр хацарт зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би ****ыг зодож гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байсан. Манай нөхөр өөрөө хүүтэй, би 2 хүүхэдтэй, бид 2, хоёр талаасаа нийлж суусан юм. Тухайн үед хүүгийн маань амралт дуусаад 1 дэх өдөр хичээл эхлэх өдөр нь байсан. **** эгч өглөө нь ирээд та хэд хүүгээ хүргэж өгнө биз дээ. Төв рүү очно биз дээ гэхээр нь очно гэсэн. Манай хүн хүүгээ хүргэж өгнө. Би  далмид нь хүүгээ үзүүлчихье гээд хэлсэн юм. Ингээд төв ороод манай хүн хүүгээ аваад гэртээ үлдсэн, би **** эгчтэй цуг эмнэлэг ороод Цэндээ эмчид хүүгээ үзүүлэхэд миний хүүгийн бие зүгээр байсан. Мөн би нуруугаа үзүүлээд **** эгч бид 3 эмнэлгээс хамт гарсан. Гарч явж байгаад засмал зам дээр манай нөхөртэй таарсан. Манай нөхөр дэлгүүр рүү юм өгье гэж ороод гарч ирэхдээ пиво бариад орж ирсэн. Ингээд бид хэд бөөнөөрөө явж байхад **** эгч “****”-ын дэлгүүр ороод дахиад пиво аваад гараад ирсэн. Тэгээд **** эгч замдаа уугаад явсан. Тухайн үед яг гэрийнхээ талд нь шахуу гол дээр ирээд цаашаа гараад зогссон. **** эгч ууж байсан пивоноосоо манай нөхөрт өгөхөд манай нөхөр 1 удаа балгасан. **** эгч хэдүүлээ айл хэсье гэсэн. Тэгж байтал **** эгчийн нөхөр залгаад чи хаана байна гэхэд **** эгч одоо ажил амжиж байна, одоо л дөнгөж гарах гэж байна гээд нөхөртэйгээ ярьсан. Тэгээд бид нарын хамгийн эхэнд очсон айл нь манай нөхрийн найз буюу **** гэдэг айлынд орсон. **** эгч манай нөхөртэй хамт тэр айл руу ороход хүү бид хоёр машиндаа үлдсэн. Гарч ирэхдээ **** эгч нилээн уусан байдалтай гарч ирсэн. Гарч ирээд дахиад л өөр айл руу **** гэдэг ахындаа очно гээд явсан. Тэгээд тэр айлаас 20-30 минутын дараа гарч ирэхдээ **** эгч бүр их согтсон байдалтай хөл дээрээ тогтож чадахгүй шахуу гарч ирэхээр нь би машины хойд суудал руу суулгасан. Тэднийхээс манай нөхөр машиныг нь бариад явж байтал төд удалгүй **** эгч би өөрөө машинаа барина гээд машинаа бариад явсан. Тэгээд шууд төв рүү явсан. Төв рүү яваад нэг дэлгүүрийн урд очоод одоо дахиад нэг юм авна гэсэн. Тухайн үед манай нөхөр **** эгчийн нөхөр рүү одоо ингээд гарах гэж байнаа гээд ярьсан. Нөхөр нь **** эгчийг чи архи уусан юм уу? гэхэд **** эгч би уугаагүй дуугай бай гээд маргалдсан. Тэгээд **** эгч манай нөхрийг утас аваад ир, одоо дэлгүүрээс ганц юм аваад харина гэхэд манай нөхөр одоо яах юм бэ, манай хүүхэд, эхнэр хоёр явж байна хэдүүлээ гэр рүүгээ харья, үхэр мал хэцүүдлээ гэхэд **** эгч үгүй би дахиад юм авна гээд манай нөхрийг хойд талын сандалнаас заамдаж аваад чи хэн юм бэ, би энэ машины эзэн нь байна, чи одоо миний машинаас буу гээд манай нөхрийг маажаад намайг хүртэл янхан гичий гэж дуудсан. Тухайн үед би согтуудаа л ингэж байна даа гээд нэг их юм бодоогүй, маргалдаагүй. Тэгээд төв дээр ирээд **** эгч манай нөхөр хоёр маргалдаад машиныхаа түлхүүрийг манай нөхрөөс булааж аваад цааш нь түлхээд байхаар нь хүүгээ урд талын сандал дээр нь тавьчихаад энэ хоёрыг салгах гээд машинаас буусан. Гэтэл намайг машинаас буух хооронд **** эгч зөрөөд машиндаа суугаад машинаа асаасан. Би машиныг нь тойрч очоод хаалгыг нь татаад **** эгчээ хаалгаа, би хүүгээ авъя гэж хэлэхэд **** эгч над руу харж харж байгаад хурдтайгаар хөдлөөд явчихсан. Би ард нь чирэгдээд үлдсэн. Тэгээд би аргаа бараад дэлгүүр орж нөхөр рүү нь залгаад танай эхнэр чинь манай хүүг аваад явчихлаа гэхэд нөхөр нь хүүхдийг чинь яагаад аваад явчихсан юм бэ, **** архи уучихсан юм уу гэхэд нь би уусан, хүүхдийг маань ингээд аваад явчихсан шүү гэж хэлсэн. Тэгэхэд ах нь ****г ирэнгүүт нь хэлье гэж хэлсэн. Би тэнд таньдаг хүн байхгүй учраас такси олоод хүүгийнхээ араас явъя гэхэд такси олдоогүй. Манай нөхөр **** эгчийн нөхөр рүү яриад бид хоёрыг ирээд авчихаач” гэхэд нөхөр нь “би бензингүй байна гэж хэлсэн. Тэгсээр байтал 21 цаг өнгөрлөө байдаггүй. Залгахаар ирээгүй байна гэдэг. Тэгээд такси олдохгүй болохоор нь сумын төвийн цагдаад хэлэх гээд очиход сумын төвийн цагдаа аймаг руу явсан байсан. Аргаа бараад **** гэдэг багшийнд очоод нөхөр рүү нь  ярихад бид 2 урдаас гарах гэж байнаа, тосоод очъё тэгээд чамруу ярья гэсэн. Тэгээд 21 цаг 30 минутын үед ярихад хүүхэд чинь зүгээр байна, машин нил ус болчихсон байнагэж хэлсэн. Тэгэхээр нь та бид хоёрыг ирээд авчих уу гэсэн чинь чадахгүй, өөрсдөө ирэхгүй юу гэсэн. Тэгсээр байтал 22 цаг болсон. Бид хоёр машин хайгаад олдоогүй. Тэгээд бид хоёр машин олдохгүй болохоор 18 км газар алхаад 2 цаг өнгөрч байхад тэднийд очиход **** эгч найзтайгаа, нөхөртэйгээ хамт архи уучихсан сууж байсан. Тухайн үед миний хүү баруун талынх нь орон дээр байсан. Очоод харахад манай хүү маань даарсан байдалтай, бие нь хөх няц болсон байсан. Тэгэхээр нь **** эгчээ та яагаад манай хүүг зодож байгаа юм бэ? гэхэд **** эгч би зодоогүй, цагдаагаа  дуудаад өг л дөө гэсэн. Цагдаа дуудсан байхад чамайг өмөөрөх хүн байхгүй ш дээ гэсэн. Тэгээд би цагдаа, эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирэх 1 цагийн хооронд **** эгч манай нөхөртэй бас л маргалдсан. Тэгж байтал эмч ирж байна гэх сургаар **** эгч шууд гараад гүйгээд явчихсан. Эмч ирээд хүүг маань үзээд ямар айхтар болчихсон юм бэ гэж хэлсэн. Би хүү маань өвчин намдаах эмгүй бол унтаж чаддагүй юм аа, эм нь хаа байсан хол гэрт маань байгаа, та намайг хүргээд өгөөч гэхэд биднийг гэрт хүргэж өгсөн. Маргааш нь **** эгчийг хүүхэд чинь яасан зүгээр үү гээд ирэх болов уу гэж бодсон чинь ирээгүй. Хоёр хоногийн дараа **** эгч рүү би өөрөө залгаад та миний хүүхдийг ямар болгосноо ирээд хар гэхэд **** эгч ирээд харсан тэгээд би юу гэж зоддог юм бэ, би  согтуудаа хүн зодох хүн биш гээд байсан. Гэтэл миний хүү 2 хоног халуураад, хоол идэхгүй, толгойгоо сэгсрээд байж байхад **** эгч надаас уучлалт гуйгаагүй, миний хүүг яаж байна гэж асуугаагүй. Тийм учраас би цагдаад өгсөн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний нуруу өвдөөд байхаар нь хөрш эгч болох **** эгч, нөхөр ****, хүү ****ын хамт **** сум руу 11 цагийн орчимд орсон. Тэгээд бид 4 төв ороод манай нөхөр ****ыг хадам ээж болох ****ийнд бууж үлдээгээд **** эгч хүүгийн хамт **** сумын эрүүл мэндийн газар би нуруугаа үзүүлчхээд мөн хүү болох ****ыг үзүүлээд ****ээ эгч бид 3 эмнэлгээс гараад төв замаар явж байтал нөхөр ****той таараад тэгээд бид дөрөв “****” хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод **** эгч “Дэлгүүр орчхоод ирье” гээд машинаас буугаад яваад өгсөн. Мөн нөхөр утсандаа сим авах гээд дэлгүүр явахад ****ээ эгч “Дэлгүүрийн хүн нь ирээгүй байна. Гурвуулаа сүүгээ өгчхөөд ирье” гэхээр нь би “За тэгье, тэгье” гээд хөдөлсөн. Тэгээд ****ээ эгч сүүгээ өгчихөөд гараад ирэхдээ 1 ширхэг лаазтай пиво баруун гартаа бариад гарч ирсэн. Тэгээд нөхөр хажуу дэлгүүрээс гарч ирэхээр нь бид 4 хэд хэдэн газруудаар орсон. Гэтэл **** эгч манайд мах авахаар дэлгүүр ороод гарч ирэхдээ 2 ширхэг лаазтай пиво болон мах аваад гарч ирсэн. Тэгээд колонк орж бензин авчаад хөдлөөд явж байхдаа ****ээ эгч дахиад пиво авъя гээд дэлгүүр ороод 1 ширхэг лаазтай пиво аваад гараад ирсэн. Тэгээд бид 4 хөдөө гэр лүүгээ явж байхдаа **** эгч нөхөртэйгөө утсаар ярьчихаад “Одоо хэдүүлээ айл хэснэ” гэхээр нь би “Яах юм бэ эгч нь гэр лүүгээ харья” гээд хэлтэл “Үгүй ээ би айл хэсэх гээд байна. Чи миний нөхөр лүү ярьж намайг одоо матах уу? дуугүй бай” гээд ****ээ эгч шууд айл руу явсан. Тэнхлэгийн **** гэх айлд очиж ****ээ эгч болон манай нөхөр ****ын хамт тухайн айл руу орсон. Тэр хугацаанд хүү бид 2 машинд сууж байсан. **** эгч манай нөхөр 2 ойролцоогоор 10 минут орчим болоод гарч ирсэн. Тэгээд тухайн айлаас гараад Ганбат гэдэг айл руу ****ээ эгч явна гээд мөн айл руу явсан. Тухайн айл руу **** эгч ганцаараа ороод 5-10 минут болоод Ганбат гэдэг ахын хамт гарч ирээд Ганбат гэх ах **** эгчийг машины хойд суудал дээр суулгаад манай нөхөр ****ыг машин бариад яв гэж Ганбат ах хэлээд үрүүлэн дээр суулгасан. Тэгээд манай хүн **** эгчийн машиныг бариад Ганбат ахынхаас 100 метрийн орчим явж байхад **** эгч манай нөхрийн мөр болон үрүүлээс зулгааж татаад байсан. Тэгээд манай хүн зогсоод ****ээ эгч өөрөө бариад буцаад сумын төв рүү явсан. Гэтэл **** эгч дэлгүүрийн гадаа зогсоод “Ганц юм авчихъя” гээд машинаас буухаар нь манай нөхөр болох **** буугаад ****ээ эгчийн утас болон машины түлхүүрийн аваад “Одоо болно. Хөдөө явъя” гээд ****ээ эгчийг машины арын суудал дээр суулгаад манай хүн машиныг нь асаах гээд түлхүүрийг нь хийгээд асаасан чинь **** эгч унтраа гээд манай нөхрийг зулгааж чангааж маажсаар байгаад түлхүүрээ авсан. Тэгээд манай нөхөр болон ****ээ эгч машинаас хэрэлдээд буухаар нь би хүү ****ыг машинд үлдээчихээд буухад ****ээ эгч машинаа асаасан. Тухайн үед сандраад хүүгээ авах гээд хаалгыг нь онгойлгоход шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгээд дэлгүүр ороод **** эгчийн нөхөр **** ах луу утсаар яриад “**** эгч манай хүүхдийг аваад явчихлаа” гэж хэлтэл нөхөр нь “****оор машин бариулахгүй яасан бэ?” гэж хэлхээр нь би “Тэр 2 хоорондоо муудалцаад ****ээ эгч би өөрөө машинаа барина гээд түлхүүрээ булааж аваад явсан” гэж хэлсэн. Харин нөхөр нь “Машинаа асаагаад өөдөөс нь амдъя” гээд утсаа тасалсан. Тэгээд 20-30 минутын дараа **** ах руу залгахад “Түлшгүй болсон болохоор явж чадахгүй болчихоод байна. Та 2 машин олоод ир” гээд тасалсан. Манай хүн машин хайгаад олдоогүй болохоор “****” гэх газар луу нөхрийн хамт 23 цагийн орчимд сумын төвөөс алхах гээд хадам ээжийнх рүү очиж хувцас өмсчихөөд тэгээд байж байтал **** ах залгаад “****г олчихлоо” гээд над руу залгаад “Энэ 2 голд живсэн байна” гэж хэлэхээр нь хүүгээ асуутал “Зүгээр байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 **** ахыг “Ирээд авах уу?” гэтэл “Чадахгүй. Өөрсдөө унаа олоод ир” гээд утсаа таслахаар нь нөхрийн хамт хөдөө рүү 23 цаг өнгөрч байх үед явган явсан. Тэгээд шөнийн 02 цагийн орчимд нөхрийн хамт **** эгчийнд ортол ****ээ эгч хойд орон дээрээ сууж байсан. Мөн нөхөр нь ширээнийхээ урд талд сууж байсан. Мөн нөхрийнх нь найз Ганбий гэдэг хүн байсан. Тухайн үед тэр 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай буюу уугаад сууж байсан. Гэтэл манай хүүг тухайн гэрийн баруун орон дээр хувцасгүй шалдан хөнжилд ороогоод хэвтүүлсэн байсан. Тэгээд би хөнжлийг нь сөхөөд хартал нүүрийг нь маажсан болон уруул хэсэг нь хөхөрсөн байдалтай буюу хамар хэсгээс нь цус гоожоод хатсан байдалтай байсан. Мөн баруун зүүн шанаа нь хавдаад хөхөрсөн байхаар нь **** эгчээс “Хүүхдийн нүүр яасан юм” гэж асуухад **** эгч “Яасан тэгээд яасан” гэхээр нь “Та хүүхэд яагаад зодсон юм” гэж асуухад “Тэгээд цагдаагаа дуудаач. Сүртэй юм. Чи надаас саяыг авах байлгүй дээ. 2 жил 6 сар суугаад гараад ирнэ биз. Эгч нь хариуцлагаа хүлээнэ. Чи намайг явуулчихвал нээх гоё болох гээд байна уу?” гэж хэлсэн. Тэгэхээр нь **** сумын эрүүл мэндийн төв рүү залгаж хэлээд дуудлага өгсөн. Тэгээд түргэн 03 цагийн орчимд Цэндээ эмч ирэхэд ****ээ эгч гэрээсээ гараад ганцаараа зугтаасан. Тэгээд түргэний эмч миний хүүхдийг үзээд нөхөр **** болон хүүгийн хамт гэр лүү түргэний машинаар хүргүүлсэн. Тэгээд өглөөний 08 цагийн орчимд **** эгч рүү залгахад утсаа авахгүй байсан...” гэжээ. (хх-ийн 13-15),

 

Гэрч Э.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хүүгээ авах гээд очиход нь ****ээ эгч машинаа унаад хүүхдийн хамт яваад өгсөн. Тухайн үед шууд ****ээ эгчийн нөхөр болох **** ах руу манай эхнэр залгаад “Хүүхдийг минь **** эгч согтуу машин бариад аваад явчихлаа” гэж хэлсэн. ****ээ эгчийн араас явах унаа хайтал олдоогүй бөгөөд дахиад **** ах руу яриад “Танд таньдаг мэддэг хүн байна уу? унаа олоод өгөөч” гэж хэлэхэд “Би мэдэхгүй байна. **** сумын зар луу ороод хар. Байж магадгүй” гээд утсаа тасалсан. Тэгээд хөдөө гэр лүү явган алхахаар шийдээд ээжийнд очоод хувцсаа зузаалсан. Гэтэл **** ах залгаад “**** эгчийг нь олчихлоо. Машин нь усанд орсон байна” гэхээр нь эхнэр хүүхдээ асуухад “Танай хүүхэд зүгээр байна” гэж хэлсэн. **** ахыг “Ирээд аваач” гэж хэлэхэд “Өөрсдөө унаагаа олоод ир” гээд утсаа тасалсан. Тэгээд бид 2 сумын төвөөс 17 км зайд байрлах ****ээ эгчийнд очтол **** ах, ****ээ эгч, **** ахын найз Ганбий гэх 3 хүн архи уусан байдалтай байсан. Тухайн үед Ганбий ах тасарсан байсан. Манай хүүхэд баруун талын орон дээр нь дээш харсан байдалтай хэвтэж байсан ба хөнжлөөр нөмрүүлсэн байсан. Тэгээд эхнэр хүүхдийн хөнжлийн сөхөхөд нүүрний уруул хэсэг нь язраад хавдсан ба хамраас нь цус гарсан байдалтай байсан. Мөн баруун, зүүн хацрыг нь маажсан байсан. Тэгээд ****ээ эгчийг “Хүүхдийг яаж байгаа юм. Та зодсон юм уу?” гэж асуухад “Яадаг юм шүүх, цагдаагаа дуудаач” гэж хэлэхээр нь би айхтар маргалдаагүй. Манай хүнтэй жоол ам зөрсөн. Тэгээд сумын эмнэлэг дуудаад ирэхэд нь **** эгч гэрээс гараад зугтаасан байсан...” гэжээ. (хх-ийн 18-20),

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-ны шилжих шөнийн 02 цаг өнгөрч байхад сувилагч Эрүүл мэндийн төвийн утаснаас онгоцны буудлаас хойш “****” гэх газар хүүхэд хүнд зодуулаад уйлаад унтахгүй байна гээд дуудлага өгсөн. Тэгээд эмнэлгийн жолооч ирж аваад тухайн дуудлага гарсан газар луу яваад 03 цагийн орчимд очсон. Гэтэл гэр лүү нь ороход 4 том хүн байсан 1 хүн нь орон дээр унтаж байсан. Харин ****, **** болон ****ээ эгчийн нөхөр байсан. Тухайн үед хүүхэд даарсан байдалтай буюу уйлаад зогсохгүй хөнжилд ороочихсон, хувцаснууд нь нойтон байсан. Хүүхдийн нүүрний 2 талын хацар нь хавантай буюу маажсан ил харагдах шархтай, улаан хөх болоод уруул нь язарсан, хүзүү хэсгийг нь мөн маажсан байдалтай байсан. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүү болон ээж ****, аав **** нарыг тухайн **** гэх айлаас аваад гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед хүүхдийн биеийн байдлыг хараад юу болсон талаар асуухад аав нь “****ээ гэх хүн хүүхдийг маань авч яваад бид хоёрыг үлдээчихээд яваад өгсөн. Тэгээд бид 2 сумын төвөөс эхнэрийн хамт энэ хүртэл алхаад замдаа гол ус туулаад ирсэн. Тэгээд ****ээ эгчийнд орж ирсэн чинь хүүхэд маань ийм байдалтай байхаар нь дуудлага өгсөн гэж хэлсэн...” гэжээ. (хх-ийн 23-24),

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд оройны 21 цагийн орчимд ****ээг тосох гээд ****ын хамт хөдөө гэр болох “****”-өөс сум чиглэл рүү хөдөлсөн. Гэтэл нисэх онгоцны зүүн гармын усанд ****гийн хүүтэй манай эхнэр **** суусан байсан. Гэтэл хүүхдийн нүүр нь мажуулсан байдалтай байсан ба хүүхэд норсон учир ****ын хамт гэртээ аваачаад хувцсыг нь тайлаад хөнжил нөмрүүлж орхиод буцаад суусан машин руу явсан. Тухайн үед манай эхнэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу юм ойлгох чадвартай байсан. Би машинаараа суусан машиныг нь гаргаж өгөх гээд татахад дийлээгүй учир онгоцны **** гэдэг залуугаар татуулж гаргасан. Тэгээд ****, ****ээ, **** бид 4 манайх руу явсан...” гэжээ. (хх-ийн 35-36),

 

Гэрч Л.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сумын төв явсан хэд ирэхгүй удаад байхаар нь манай найз эхнэрээ тосно хамт явъя гээд хөдөлсөн. Тухайн үед нисэх буудал онгоцны хажуу талын гарамд усанд суучихсан байсан. Гэтэл тухайн машинд ****ээ болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан. Тэр орой 21 цагийн үе болж байсан. Тухайн өдөр хүйтэн байсан учир ****гийн хамт тухайн хүүхдийг ****гийн гэрт аваачаад хувцасыг нь тайлаад хөнжил нөмрүүлээд **** бид хоёр **** гэдэг хүнийг дуудаад машин суусан газар луу хөдөлсөн. Тэгээд машинаа татаж гаргаад ****, ****ээ, **** бид хэд ****гийн гэр лүү явсан. Тэгээд бид хэд очоод нэрмэл хувааж уучхаад байж байсан чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн ээж аав нь ирээд “****ээ эгч та төвд явган хаяад ирлээ” гээд нөхөр нь хэлж байсан. Тэгээд уусан юмандаа тасраад унтаад өгсөн..” гэжээ. (хх-ийн 39-40),

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед ****ын “Портер” нь дийлэхгүй байсан учир миний “Патрол” маркийн авто машинаар татуулсан. Тэгээд машиныг нь гаргаж өгөөд ****гийн гэр лүү ****ээ, **** нарын хамт хөдөлсөн. Тухайн үед гэр лүү нь яваад ороход баруун талын орон дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан. Тухайн үед ****, **** **** нарын хамт нэрмэл хувааж уусан. Гэтэл шөнийн 02 цагийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аав, ээж хоёр нь ирээд “Миний хүүхдийн нүүр нь яасан юм бэ?” гээд ****ээд хэлж байсан. Би тухайн үед хэрүүл маргаан болох нь гээд би ганцаараа гараад өөрийн гэр лүү явсан...” гэжээ. (хх-ийн 43-44),

 

Шинжээч эмч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. (хх-ийн 68-69),

 

Шүүгдэгч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ “...**** миний машиныг барина гээд түрхүүр авах гээд байхаар нь би өгөөгүй. Тэгээд би тухайн үед машинаа бариад хөдөлсөн. Машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр **** сууж байсан. Тэгээд ****ын хамт тухайн дэлгүүрийн гаднаас буюу ****, **** нарыг орхиод ямар нэгэн айл ороогүй бөгөөд сумын төвөөс гараад хөдөө гэр лүүгээ явж байхдаа онгоцны буудлын зүүн талын “****ийн гол”-ын гарамд машинтайгаа суусан. Гэтэл **** болон **** нар миний утсыг аваад үлдсэн байсан болохоор би ямар нэгэн хүнтэй холбоо барьж чадахгүй байж байсан чинь манай нөхөр ****, **** нар ирээд тухайн хөгжлийн бэрхшээлтэй буюу ****ыг аваад гэр лүү очоод хүүхдийг орхичихоод буцаад ирсэн. Тэгээд манай хоёрын машин дийлэхгүй байсан учир онгоцны буудлын ****гөөр машинаа татуулж гаргачихаад хойшоо гэр лүүгээ харьсан. Тэгээд хамгийн түрүүнд **** бид хоёр “Портер” маркийн авто машинтай түрүүлээд гэртээ очсон. Гэтэл хүүхэд баруун орон дээр буюу хөнжилд ороочихсон байдалтай байсан. Тэгээд би хойд байшин ороод нэрмэл архи уусан. Үүнээс цааш мэдэх юм алга. Тэгээд унтаж байгаад ойролцоогоор 03-04 цагийн орчимд урд гэр лүү орсон чинь **** хоёр гартаа хутга барьчихсан ална тална гээд орилж хашхираад байж байсан. Тэгээд би тухайн үед харчихаад гараад яваад өгсөн...” гэжээ. (хх-ийн 47-50),

 

Гэрч ****гийн мэдүүлэг (хх-ийн 27-28),

Гэрч ****ын мэдүүлэг (хх-ийн 31-32),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаартай “...1. 2. М.****ын биед уруулд шарх, нүүр, хүзүүнд зулгаралт, хоёр хацар, баруун тохойд цус хуралт, хоёр хацарт зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хайрагдалт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлээс уруулд шарх, нүүр, хүзүүнд зулгаралт, хоёр хацар, баруун тохойд цус хуралт, хоёр хацарт зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зүүн чихний хайрагдалт нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой.

4. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт  (хх-ийн 55-56),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1005 дугаартай “...1. Насанд хүрээгүй хохирогч ****гийн **** /УЛ15231532/-ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна.

2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.

3. Цаашид нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай...” гэх дүгнэлт (хх-ийн 164-166),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),

 

А.Мгийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3-7),

 

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 57),

 

Сумын их эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 58, 59-61),

 

М.****ын эрүүл мэндийн картын хуулбар (хх-ийн 70-74),

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 75-80),

 

М.****ын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 63),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 116),

 

С.Хийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 101-103),

 

С.Хийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 104-114),

 

С.Хийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 98, 99, 100) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.Хт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20-21 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын төвөөс тус сумын **** 3 дугаар багийн нутаг дэвсгэр “****” гэх газар луу өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон явж байхдаа тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 9 настай ****ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь “уруулд шарх, нүүр, хүзүүнд зулгаралт, хоёр хацар, баруун тохойд цус хуралт, хоёр хацарт зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...**** миний машиныг барина гээд түрхүүр авах гээд байхаар нь би өгөөгүй. Тэгээд би тухайн үед машинаа бариад хөдөлсөн. Машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр **** сууж байсан. Тэгээд ****ын хамт тухайн дэлгүүрийн гаднаас буюу ****, **** нарыг орхиод ямар нэгэн айл ороогүй бөгөөд сумын төвөөс гараад хөдөө гэр лүүгээ явж байхдаа онгоцны буудлын зүүн талын “****ийн гол”-ын гарамд машинтайгаа суусан. Гэтэл **** болон **** нар миний утсыг аваад үлдсэн байсан болохоор би ямар нэгэн хүнтэй холбоо барьж чадахгүй байж байсан чинь манай нөхөр ****, **** нар ирээд тухайн хөгжлийн бэрхшээлтэй буюу ****ыг аваад гэр лүү очоод хүүхдийг орхичихоод буцаад ирсэн....” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгээд **** эгч манай нөхрийг утас аваад ир, одоо дэлгүүрээс ганц юм аваад харина гэхэд манай нөхөр одоо яах юм бэ, манай хүүхэд, эхнэр хоёр явж байна хэдүүлээ гэр рүүгээ харья, үхэр мал хэцүүдлээ гэхэд **** эгч үгүй би дахиад юм авна гээд манай нөхрийг хойд талын сандалнаас заамдаж аваад чи хэн юм бэ, би энэ машины эзэн нь байна, чи одоо миний машинаас буу гээд манай нөхрийг маажаад намайг хүртэл янхан гичий гэж дуудсан. Тухайн үед би согтуудаа л ингэж байна даа гээд нэг их юм бодоогүй, маргалдаагүй. Тэгээд төв дээр ирээд **** эгч манай нөхөр хоёр маргалдаад машиныхаа түлхүүрийг манай нөхрөөс булааж аваад цааш нь түлхээд байхаар нь хүүгээ урд талын сандал дээр нь тавьчихаад энэ хоёрыг салгах гээд машинаас буусан. Гэтэл намайг машинаас буух хооронд **** эгч зөрөөд машиндаа суугаад машинаа асаасан. Би машиныг нь тойрч очоод хаалгыг нь татаад **** эгчээ хаалгаа, би хүүгээ авъя гэж хэлэхэд **** эгч надруу харж харж байгаад хурдтайгаар хөдлөөд явчихсан. Би ард нь чирэгдээд үлдсэн. Тэгээд би аргаа бараад дэлгүүр орж нөхөр рүү нь залгаад танай эхнэр чинь манай хүүг аваад явчихлаа гэхэд нөхөр нь хүүхдийг чинь яагаад аваад явчихсан юм бэ, **** архи уучихсан юм уу гэхэд нь би уусан, хүүхдийг маань ингээд аваад явчихсан шүү гэж хэлсэн. Тэгэхэд ах нь ****г ирэнгүүт нь хэлье гэж хэлсэн. Би тэнд таньдаг хүн байхгүй учраас такси олоод хүүгийнхээ араас явъя гэхэд такси олдоогүй. Манай нөхөр **** эгчийн нөхөр рүү яриад бид хоёрыг ирээд авчихаач” гэхэд нөхөр нь “би бензингүй байна гэж хэлсэн. Тэгсээр байтал 21 цаг өнгөрлөө байдаггүй. Залгахаар ирээгүй байна гэдэг. Тэгээд такси олдохгүй болохоор нь сумын төвийн цагдаад хэлэх гээд очиход сумын төвийн цагдаа аймаг руу явсан байсан. Аргаа бараад **** гэдэг багшийнд очоод нөхөр рүү нь  ярихад бид 2 урдаас гарах гэж байнаа, тосоод очъё тэгээд чамруу ярья гэсэн. Тэгээд 21 цаг 30 минутын үед ярихад хүүхэд чинь зүгээр байна, машин нил ус болчихсон байнагэж хэлсэн. Тэгэхээр нь та бид хоёрыг ирээд авчих уу гэсэн чинь чадахгүй, өөрсдөө ирэхгүй юу гэсэн. Тэгсээр байтал 22 цаг болсон. Бид хоёр машин хайгаад олдоогүй. Тэгээд бид хоёр машин олдохгүй болохоор 18 км газар алхаад 2 цаг өнгөрч байхад тэднийд очиход **** эгч найзтайгаа, нөхөртэйгээ хамт архи уучихсан сууж байсан. Тухайн үед миний хүү баруун талынх нь орон дээр байсан. Очоод харахад манай хүү маань даарсан байдалтай, бие нь хөх няц болсон байсан. Тэгэхээр нь **** эгчээ та яагаад манай хүүг зодож байгаа юм бэ? гэхэд **** эгч би зодоогүй, цагдаагаа  дуудаад өг л дөө гэсэн. Цагдаа дуудсан байхад чамайг өмөөрөх хүн байхгүй ш дээ гэсэн. Тэгээд би цагдаа, эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирэх 1 цагийн хооронд **** эгч манай нөхөртэй бас л маргалдсан. Тэгж байтал эмч ирж байна гэх сургаар **** эгч шууд гараад гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.****ын “...хүүгээ авах гээд очиход нь ****ээ эгч машинаа унаад хүүхдийн хамт яваад өгсөн. Тухайн үед шууд ****ээ эгчийн нөхөр болох **** ах руу манай эхнэр залгаад “Хүүхдийг минь **** эгч согтуу машин бариад аваад явчихлаа” гэж хэлсэн. ****ээ эгчийн араас явах унаа хайтал олдоогүй бөгөөд дахиад **** ах руу яриад “Танд таньдаг мэддэг хүн байна уу? унаа олоод өгөөч” гэж хэлэхэд “Би мэдэхгүй байна. **** сумын зар луу ороод хар. Байж магадгүй” гээд утсаа тасалсан. Тэгээд хөдөө гэр лүү явган алхахаар шийдээд ээжийнд очоод хувцсаа зузаалсан. Гэтэл **** ах залгаад “**** эгчийг нь олчихлоо. Машин нь усанд орсон байна” гэхээр нь эхнэр хүүхдээ асуухад “Танай хүүхэд зүгээр байна” гэж хэлсэн. **** ахыг “Ирээд аваач” гэж хэлэхэд “Өөрсдөө унаагаа олоод ир” гээд утсаа тасалсан. Тэгээд бид 2 сумын төвөөс 17 км зайд байрлах ****ээ эгчийнд очтол **** ах, ****ээ эгч, **** ахын найз Ганбий гэх 3 хүн архи уусан байдалтай байсан. Тухайн үед Ганбий ах тасарсан байсан. Манай хүүхэд баруун талын орон дээр нь дээш харсан байдалтай хэвтэж байсан ба хөнжлөөр нөмрүүлсэн байсан. Тэгээд эхнэр хүүхдийн хөнжлийн сөхөхөд нүүрний уруул хэсэг нь язраад хавдсан ба хамраас нь цус гарсан байдалтай байсан. Мөн баруун, зүүн хацрыг нь маажсан байсан. Тэгээд ****ээ эгчийг “Хүүхдийг яаж байгаа юм. Та зодсон юм уу?” гэж асуухад “Яадаг юм шүүх, цагдаагаа дуудаач” гэж хэлэхээр нь би айхтар маргалдаагүй. Манай хүнтэй жоол ам зөрсөн. Тэгээд сумын эмнэлэг дуудаад ирэхэд нь **** эгч гэрээс гараад зугтаасан байсан...” гэх, гэрч ****ийн “...2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-ны шилжих шөнийн 02 цаг өнгөрч байхад сувилагч Эрүүл мэндийн төвийн утаснаас онгоцны буудлаас хойш “****” гэх газар хүүхэд хүнд зодуулаад уйлаад унтахгүй байна гээд дуудлага өгсөн. Тэгээд эмнэлгийн жолооч ирж аваад тухайн дуудлага гарсан газар луу яваад 03 цагийн орчимд очсон. Гэтэл гэр лүү нь ороход 4 том хүн байсан 1 хүн нь орон дээр унтаж байсан. Харин ****, **** болон ****ээ эгчийн нөхөр байсан. Тухайн үед хүүхэд даарсан байдалтай буюу уйлаад зогсохгүй хөнжилд ороочихсон, хувцаснууд нь нойтон байсан. Хүүхдийн нүүрний 2 талын хацар нь хавантай буюу маажсан ил харагдах шархтай, улаан хөх болоод уруул нь язарсан, хүзүү хэсгийг нь мөн маажсан байдалтай байсан....” гэх, гэрч ****ын “...Тэгээд оройны 21 цагийн орчимд ****ээг тосох гээд ****ын хамт хөдөө гэр болох “****”-өөс сум чиглэл рүү хөдөлсөн. Гэтэл нисэх онгоцны зүүн гармын усанд ****гийн хүүтэй манай эхнэр **** суусан байсан. Гэтэл хүүхдийн нүүр нь мажуулсан байдалтай байсан ба хүүхэд норсон учир ****ын хамт гэртээ аваачаад хувцсыг нь тайлаад хөнжил нөмрүүлж орхиод буцаад суусан машин руу явсан. Тухайн үед манай эхнэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу юм ойлгох чадвартай байсан...” гэх, гэрч Л.****ын “...Сумын төв явсан хэд ирэхгүй удаад байхаар нь манай найз эхнэрээ тосно хамт явъя гээд хөдөлсөн. Тухайн үед нисэх буудал онгоцны хажуу талын гарамд усанд суучихсан байсан. Гэтэл тухайн машинд ****ээ болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан. Тэр орой 21 цагийн үе болж байсан. Тухайн өдөр хүйтэн байсан учир ****гийн хамт тухайн хүүхдийг ****гийн гэрт аваачаад хувцасыг нь тайлаад хөнжил нөмрүүлээд **** бид хоёр **** гэдэг хүнийг дуудаад машин суусан газар луу хөдөлсөн...” гэх, гэрч ****ийн “...Тухайн үед ****ын “Портер” нь дийлэхгүй байсан учир миний “Патрол” маркийн авто машинаар татуулсан. Тэгээд машиныг нь гаргаж өгөөд ****гийн гэр лүү ****ээ **** нарын хамт хөдөлсөн. Тухайн үед гэр лүү нь яваад ороход баруун талын орон дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан. Тухайн үед ****, **** **** нарын хамт нэрмэл хувааж уусан. Гэтэл шөнийн 02 цагийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аав, ээж хоёр нь ирээд “Миний хүүхдийн нүүр нь яасан юм бэ?” гээд ****ээд хэлж байсан. Би тухайн үед хэрүүл маргаан болох нь гээд би ганцаараа гараад өөрийн гэр лүү явсан...” гэх, шинжээч эмч ****ын “...Тухайн гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, А.Мгийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт, сумын их эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, М.****ын эрүүл мэндийн картын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1005 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Х нь хохирогч 9 настай М.****ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж шалтаг шалтгаангүйгээр гараараа цохих маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь “уруулд шарх, нүүр, хүзүүнд зулгаралт, хоёр хацар, баруун тохойд цус хуралт, хоёр хацарт зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч С.Хийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.Х нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч С.Хийн үйлдлийн улмаас хохирогч М.****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Б “...шүүгдэгч С.Хийн ****ыг авч явсан үйлдэл нь хүн хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байгаа учир давхар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Х болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М нар нь Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “****” гэх газарт саахалт нутагладаг бөгөөд С.Х, А.М, Э.****, М.**** нар нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын төв орж С.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Э.****, А.М нартай маргалдаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан тэдний хүү болох М.****ыг гэр рүүгээ авч явсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Хийн үйлдэлд хүн хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч С.Хт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Хийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 5 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Хийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.****ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “нэгдүгээр зэрэглэл”-д хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1005 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг гэж үзэв.

 

Шүүхээс хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруу зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.952.080 төгрөгийг шүүгдэгч С.Хээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Хийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М нь эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох С.Хээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч С.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мд гэм хорын хохиролд 137,000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Х нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Х нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****т 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Хт 5 (тав) сарын хугацаанд Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч С.Хт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Хт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,952,080 (гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн **** сумын **** 3 дугаар багт оршин суух А.М (РД: ДО94092005)-д олгосугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд С.Хээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Х нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 137,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР