| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2022/00443/И |
| Дугаар | 129/ШШ2022/00524 |
| Огноо | 2022-09-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 129/ШШ2022/00524
| 2022 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 129/ШШ2022/00524 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж овогт С.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн ХААХХ-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Г
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Нэхэмжлэгч С.Г миний бие А аймгийн ХААХХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 2012 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад тус холбооны даргаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр томилогдон ажилласан. Гэтэл А аймгийн ХААХХ-ны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бага хурлаар намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй атлаа миний албан тушаалд Ө.Г-ыг давхардуулан томилж намайг цаашид ажиллах боломжгүй болгосон. Үүний улмаас миний бие А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны даргаар Ө.Г-ыг томилсон А аймгийн ХААХХ-ны бага хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Гомдлоор авч хэлэлцэх хэрэг биш тул тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Миний бие 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгөхөөс өмнө Ө.Г даргатай утсаар ярьж Та нар намайг холбооны даргын албан тушаалаас чөлөөлөөгүй атлаа яагаад 1 албан тушаалд давхардуулан хүн томилж байгаа юм бэ гэж асуухад Та түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан учир дараагийн хүнийг томилоход таныг даргын ажлаас чөлөөлсөн тушаал гаргах шаардлагагүй гэж хэлсэн. С.Г намайг А аймгийн ХААХХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор түр орлон гүйцэтгэгчээр биш даргаар томилсон. Тухайн үед 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А аймгийн ХААХХ-ны бага хурлын 06 тоот тогтоолд намайг ажлаас чөлөөлсөн талаар огт дурдаагүй байсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шинээр үүсгэн байгуулагдсан холбооны тэргүүлэгчид хуралдаж тогтоолыг нөхөн гаргасан бөгөөд ингэхдээ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолд намайг ажлаас чөлөөлсөн заалтыг нэмж огноог нь хэвээр үлдээж хууль бус үйлдэл гаргасан. Миний бие ажлаас чөлөөлсөн тушаал гарсан талаар сураг сонсож 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ө.Г даргатай утсаар ярьж Миний нийгмийн даатгал тасарчихаад байна. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан бол тушаалаа өг гэж хэлэхэд Таны тушаал гарчихсан байгаа. Та хоршооны мэргэжилтэн н.А-гаас очиж аваарай гэж хэлсэн. Үүний дагуу би 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хоршооны мэргэжилтэн н.А-гаас тушаалаа авсан. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хурлаар намайг ажлаас чөлөөлсөн байлаа ч энэхүү бага хурал болон түүнээс гарсан тогтоолууд нь хууль бус. Учир нь: А аймгийн ХААХХ-ны дүрмийн 8 дугаар зүйлд Бага хурал нь Холбооны дээд эрх барих байгууллага мөн. Сонгогдсон төлөөлөгчдийн дийлэнх олонх нь оролцсоноор бага хурал хүчин төгөлдөр болно гэж, 9 дүгээр зүйлд Аймгийн ХАА-н ХХ-ны бага хурлын товыг удирдах зөвлөлөөс хоёроос доошгүй сарын өмнө зарлаж, сонсох төлөөлөгчдийн тоог тогтооно гэж тус тус заасан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бага хурал нь Холбооны дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн. Учир нь аймгийн ХААХХ-ны 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн бага хурлаар удирдах зөвлөлийн гишүүний тоог 27-оор баталсан. 2021 оны 11 сард удирдах зөвлөлийн хурал хийхэд 28 гишүүн оролцох ёстойгоос гишүүнчлэлээс гарсан, татан буугдсан, нас барсан гишүүдийг хасаад 18 гишүүн хуралд оролцох ёстой байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бага хуралд нийт 10 гишүүн оролцсоноос хоршооны дарга 3, ажил төрлийн холбоотой албан хаагч 3 тус тус сонгогдсон гэжээ. Ажил төрлийн холбоотой 3 албан хаагчийг холбооны гишүүн болохыг нотолсон баримт байхгүй, холбооны гишүүн эсэх нь эргэлзээтэй. Эдгээр 3 албан хаагчийг холбооны гишүүн гэж үзлээ ч бага хурлыг 10 гишүүний ирцтэй хийсэн нь Холбооны дүрмийн 8 дугаар зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Холбооны дүрмийн 8 дугаар зүйлд зааснаар гишүүдийн тоо дийлэнх олонхид хүрээгүй учраас энэхүү хурал хүчин төгөлдөр бус буюу хурлаас гарсан шийдвэр нь хууль бус байна. Мөн Аймгийн ХАА-н ХХ-ны дүрмийн 9 дүгээр зүйлд зааснаар бага хурлын товыг удирдах зөвлөлөөс хоёроос доошгүй сарын өмнө зарлаж, сонгох төлөөлөгчдийн тоог тогтоох ёстой байтал 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын товыг 04 дүгээр сарын 14-ний өдөр зарлаж Холбооны дүрмийг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. Гэтэл Архангай аймгийн ХААХХ-ны бага хурал нь намайг ажлаас чөлөөлж миний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргахаас өмнө надад огт мэдэгдээгүй. Иймд Архангай аймгийн ХААХХ-ны бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоол нь хууль зөрчиж гарсан, миний эрх ашгийг зөрчсөн хууль бус тогтоол байх тул С.Г намайг А аймгийн ХААХХ-ны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Миний нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. А аймгийн ХААХХ-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй мөн миний бие А аймгийн Э хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэсэн боловч одоогоор албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлээгүй байх тул гомдол хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй байх тул миний нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А аймгийн ХХ даргын албан тушаалд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Удирдах зөвлөлийн нийт 9 гишүүний оролцсон шийдвэрээр холбооны даргаар томилогдсон. Даргаар томилогдсон тухай 01 тоот удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамт гаргаж өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Хоршоологчдын холбооны 09 дүгээр бага хурлыг Үндэсний холбооны төлөөлөлтэй хамтраад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл зохион байгуулан удирдан чиглүүлэн ажиллаж байсан. Энэ хугацаанд хуралд оролцох хүмүүстээ хурлын зараа хүргэж, хурлын хөтөлбөрөө гаргаж, хэлэлцэх асуудлаа тодорхойлох, шинээр гарсан дүрмийн шинэчлэлийг хийх, ажлын тайлан бэлдэж бичих зэрэг ажлуудыг хийж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойш У хотоос оролцох төлөөлөл болох Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч н.А, хоршоо хөгжлийн хэлтсийн дарга Ө.Г нар ирж манай ажлын явцтай 18 цагаас хойш 21 цаг хүртэл танилцсан. Эдгээр хүмүүс нь намайг дарга болгох, үргэлжлүүлэн ажиллуулах талаар ямар нэг зүйлийг яриагүй. Явахдаа өглөө 9 цагт А аймгийн Засаг даргатай уулзана шүү гэж хэлээд явсан. Би эдгээр хүмүүст зочид буудал захиалсан байсан. Миний захиалсан зочид буудалд буугаагүй байсан. Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 09 дүгээр хурлаас гарсан тогтоол, хурлын тэмдэглэлтэй танилцъя гэж гүйцэтгэх захирал н.Б-өөс зөвшөөрөл аваад н.А-гаас материал аваад үзтэл 6 тоот тогтоол нь дугааргүй нэг, дугаартай нэг байсан. Энэ 6 тоот тогтоол дээр нь зөвхөн Ө.Г-ыг томилох тухай бичсэн байсан. С.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай тогтоол байгаагүйг нь хараад хууль бус тогтоол гарсан юм байна гэдгийг ойлгоод шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл үүссэн. Тухайн 09 дүгээр бага хуралд нийт 17 хүн оролцох ёстой байснаас хуралд 9 хүн оролцсон. Бид өөрсдийн үйл ажиллагаандаа баримталж байсан 2002 оны аймгийн хоршоологчдын холбооны дүрмийн заалтыг үндэслэл болгож дурдахад нэгдүгээрт: Хоршоологчдын холбооны бага хурлыг удирдах зөвлөлөөс хоёроос доошгүй сарын өмнө зарлаж, сонгох төлөөлөгчдийн тоог тогтооно, хоёрдугаарт: Холбооны дүрэм батлах, холбоог татан буулгах асуудлыг хэлэлцэхдээ дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Энэ заалтыг 09 дүгээр бага хурлын тогтоол нь зөрчиж гарсан. Өөрөөр хэлбэл 12 гишүүний саналаар шийдвэрлэх ёстой асуудлыг 9 хүний саналаар шийдвэрлэсэн нь дүрэм зөрчсөн. Мөн нэг албан тушаал дээр 2 хүн томилсон байж байгаад миний халагдсан тушаалыг энэ хүмүүс сүүлд нь 06 дугаар сард гардуулж өгсөн. Гэхдээ дарга өөрөө надад гардуулаагүй, менежер н.А гээд хүнээр дамжуулж өгсөн. Хариуцагч Ө.Г нь шүүхэд хариу тайлбар гаргасан байсан. Тухайн тайлбартаа нэгдүгээрт: Хөдөлмөрийн гурван талт хороонд хандаагүй байна гэж тайлбарласан байсан. Энэ тухайд намайг шүүхэд нэхэмжлэл гаргах үед энэ хороо нь байгуулагдаагүй байсан. Иймд шүүхэд хандаж шаардлага гарсан.
Хоёрдугаарт: Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хуралдаан хийхэд санаатайгаар дарга гэж бичсэн. Мөн 2014 оноос хойш хурал хийгээгүй гэдэг үндэслэлийг бичсэн байсан. Энэ тухайд яагаад 2014 оноос хойш хурал хийгээгүй талаар мэдэхгүй байна. Тухайн үед н.Ч гэдэг хүн дарга хийж байсан. Сүүлийн жилүүдэд Ковид-19 өвчин гарч хориотой байсан учраас хурал хийх боломжгүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр даргаар томилогдоогүй түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд тухайн үед шийдвэр гаргахдаа хурал даргалагч санаатай алдаа гаргаж даргаар томилсон гэж гарсан болно. Үүнийг хурлын протоколоос харж болно гэж бичсэн байна. Миний хувьд тухайн протоколыг хуурамчаар үйлдсэн гэж харж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралд би суусан, хурлын тэмдэглэл дотор н.Э, н.Г, н.Т гэх хүмүүсийг огт үг хэлээгүй байгаагаар бичсэн байсан. Хурлын тэмдэглэлийг тухайн үед н.Э гэж хүн бичсэн н.Т хурал даргалсан. Би гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр хуралдаанд оролцож байсан. Тухайн хурал дээр би дарга болбол хамтарч ажиллах хэрхэн юу хийх талаараа хэлсэн, үүнийг бичээгүй. н.Б дарга н.Э-г нэр дэвшүүлсэн энэ тухай огт бичээгүй. н.Э хариуд нь би тэтгэвэрт гарчихсан, миний оронд залуу хүн С.Г-ыг даргаар сонгоё гэж хэлж байсан. Эдгээр зүйлүүдийг огт бичээгүй. Мөн хурлын тэмдэглэлээс харахад солигдсон тамгаа дарсан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хурал хийснээс хойш хийгдсэн. Бид өмнө нь А аймгийн Хөдөө аж ахуйн холбоо ТББ гэсэн тамгыг ашигладаг байсан. Гэтэл тухайн тэмдэглэл дээр н.Д хурлын тэмдэглэл хөтөлснөөр гарын үсгээ зурж, шинээр 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн тамгыг дарсан нотлох баримтыг хуурамчаар үйлдсэнийг нотолж байгаа зүйл юм.
Гуравдугаарт: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн хурал дээр С.Г-ыг чөлөөлж гэж бичсэн байсан. Намайг ажлаас чөлөөлсөн тогтоолоо энэ хүмүүс тэргүүлэгчдийн хурал 6 сард хийхдээ гаргасан. Миний бие тогтоол материалтай танилцаж байхад тэргүүлэгчдийн нэрийг бичсэн хоосон бланк 3 байсан, би тухайн гурван бланкыг ашигласан байх гэж бодож байгаа. Хариуцагч тайлбартаа тухайн үед Ө.Г миний бие нэхэмжлэгч С.Г-тай уулзаж холбооны бага хурал хуралдуулах талаар ярилцаж түүнийг даргаар томилох, хамтран ажиллах тухай тохиролцсон байсан боловч тэрээр бага хурал болох өдөр хуралдаа ирээгүй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж тайлбар өгсөн байсан. Би тухайн үед оройн ээлжинд галлагаанд гарч байсан. Орой 24 цагийн үед галаа хийчихээд өглөө 7 цагт дахин ирж галлагаа хийсэн. Энэ хүмүүс надтай ямар нэг байдлаар тохиролцоогүй. Би тухайн өдөр энэ хуралд оролцвол миний эрх зөрчигдөх юм байна. Намайг энэ хүмүүс халах гэж байгаа юм байна гэж бодсоны үндсэн дээр би тухайн хуралд оролцоогүй. Тухайн хурал болох өглөө би өөрийн таньж мэддэг хүмүүсээс хурлын ирцийн талаар асуухад хөдөөнөөс ирэх 2-3 хүн ирээгүй байна гэхээр нь бодохдоо би энэ хуралд оролцохгүй байх юм бол ирц хангалтгүй учир энэ хурал болохгүй байж болох юм байна гэж бодоод хуралд оролцоогүй. Сүүлд гүйцэтгэх захирал болсон н.Б-тэй хоол идээд сууж байтал чамайг яагаад гүйцэтгэх захирлаар томилчихов гэж асуухад тухайн өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад Ө.Г над руу яриад хуралд ирэхийг урьсан гэж хэлсэн. Энэ н.Б нь манай холбооны хуралд ирэх эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь холбооны гишүүн биш, хуралд оролцох мандат авсан төлөөлөгч биш. Ийм хүнийг өглөө 7 цагт дуудаж хуралд оролцуулж, гүйцэтгэх захирлаар томилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Надтай тохиролцож ярьсан бол энэ ажлыг хийж байсан хүнийхээ хувьд ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхол байсан. Ийм учраас би их гомдолтой байна. Мөн би хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Г-тай утсаар ярихад Ө.Г нь надад та түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан учраас таныг ажлаас чөлөөлөх тушаал гаргах шаардлагагүй гэж хэлсэн. Үүнийг би өмгөөлөгч М.Б-гийн хамт сонссон. М.Б өмгөөлөгч үүнийг нотлох боломжтой. Шаардлагатай тохиолдолд шүүхэд гэрчээр орох боломжтой гэж хэлсэн. Ө.Г-ын хувьд Үндэсний холбоонд хоршооны хөгжлийн хэлтсийн дарга ажилтай. Гэтэл яагаад Архангай аймгийн ХААХХ-ны даргын ажлыг авахаар санаархаж ирсэн гэж үзэж байгаа вэ гэхээр ашиг сонирхлын зөрчлийн улмаас миний ажлыг авсан гэж бодож байгаа. Хоршооны хурлыг 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдуул гэж чиглэл ирсэн байхад 3 сар хуралдуулаагүй гэж байна. Энэ хугацаанд цагаан сар болон ковид өвчний шалтгааны улмаас хийх боломж байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн хуралд гар утсаар 4 хүн оролцсон. Оролцоод хурал үргэлжилж байх хооронд н.Б, н.Б 2 утсаар хуралд оролцоход техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй учраас энэ хүмүүсийг хуралд оролцоогүйгээр тэмдэглэсэн. Шүүхэд хариуцагч тэмдэглэл гаргаж өгөхдөө тухайн 5 хүний хэлснийг нь дурдаж бичсэн тэмдэглэлийг гаргаж өгсөн. Архангай аймгийн Хөдөө аж ахуйн хоршооны хурлыг хуралдуулах тухай би 2022 оны 03 дугаар сард удирдах зөвлөлийн хуралд очихдоо зөвлөлийн гишүүдтэй ярьсан. Энэ хүмүүс байж бай хариу өгнө, бид нар тухайн хуралд очиж оролцоно гэж хэлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би зурвасаар манай хурал хэзээ болохоор болсон бэ? гэж Ө.Г-аас асуухад Ө.Г бид эндээс шийдэхгүй ажлын уялдаа холбооноос хамаарна гэж хариу өгсөн. Тэгээд надад 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хийхээр боллоо гэж хариу хэлсэн. Үүнээс харахад би энэ хурлыг санаатайгаар хойшлуулаад байсан зүйл байхгүй. Та бүхэн оролцоно гэж хойшлуулаад байсан учраас хурал олон сар зохион байгуулагдаагүй. Тэгээд бид хоорондоо ярилцаж 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байсныг 04 дүгээр сарын 22-ны өдөр болгож 5 өдрийн өмнө хийхээр болсон. 09 дүгээр бага хурлын нарийн бичгийн даргаар н.Т-ыг томилсон боловч н.А гэх хүн хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Эдгээрээс үзэхэд миний ажлыг санаатай авсан гэж үзэж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй С.Г-ын нэхэмжлэлтэй А аймгийн ХААХХ-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Ө.Г миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт ... шүүхээр гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал ... шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан ба тэрээр нэхэмжлэлдээ А аймгийн Э хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан гэж тайлбарласан байх боловч түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ... Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй ... гэж заажээ. Дээрхээс дүгнэж үзэхэд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байхад иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт: Тэрээр нэхэмжлэлдээ 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тус холбооны даргаар томилогдсон гэж дурдсан байх боловч түүнийг тухайн үед холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд тухайн үед шийдвэр гаргахдаа хурал даргалагч санаатай алдаа гаргаж, даргаар томилсон гэж гарсан болно. Үүнийг уг хурлын протоколоор нотлох боломжтой бөгөөд хурлын протоколыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно. Мөн тэрээр нэхэмжлэлдээ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурал нь Холбооны дүрмийн 8 дугаар заалтыг зөрчсөн гэх боловч тус заалтад ... Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны гишүүн хороо, ААН-ийн хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдсэн Бага хурал хоёр жилийн хугацаагаар сонгон байгуулна ... гэж заажээ. Иймд 2014 онд байгуулагдсан Бага хурлын бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэл болно. /2014 оноос хойш огт хуралдаагүй/ 2014 онд гишүүнчлэлтэй байж Удирдах зөвлөлд сонгогдож байсан 21 хоршоо өнгөрсөн 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь идэвхгүй болсон, татан буугдсан гэх шалтгаанаар гишүүнчлэлээс хасагдаж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 13 гишүүн хоршоо болж буурсан байсан. Иймд тус заалтыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй бөгөөд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно. Холбооны дүрмийн 9 дүгээр заалтыг зөрчсөн гэх боловч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны Удирдах зөвлөлийн хурлын Ээлжит бага хурлыг хуралдуулах тухай гэх 2 тоот тогтоолоор 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Бага хурлыг хуралдуулахыг нэхэмжлэгч С.Г-д даалгасан байна. Тус хурлыг нэхэмжлэгч С.Г нь удаа дараа хойшлуулж 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдуулсан болно. Мөн тус холбооны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бага хурлын 6 тоот тогтоолоор Аймгийн ХААХХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Г-ыг чөлөөлж, Үндэсний холбооны дүрмийн дагуу Аймгийн ХААХХ-ны даргаар Үндэсний холбооны хоршооллын хөгжлийн хэлтсийн дарга Ө.Г намайг ажил сайжруулах зорилгоор 2 жилийн хугацаатай томилсон юм. Тухайн үед Ө.Ганбаатар миний бие нэхэмжлэгч С.Г-тай уулзаж ХААХХ-ны холбооны бага хурал хуралдах талаар ярилцан, түүнийг даргаар томилох, хамтран ажиллах тухай тохиролцсон байсан боловч тэрээр бага хурал болох өдөр хуралд ирээгүй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мөн өдрөө олж мэдсэн болно. Түүнчлэн түүний нэхэмжлэлдээ дурдсан шиг та түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан учир дараагийн хүнийг томилоход таныг даргын ажлаас чөлөөлсөн тушаал гаргах шаардлагагүй гэж хэлсэн зүйл байхгүй. Түүнийг ажлаас нь чөлөөлж, намайг томилсон шийдвэр бага хурлаас гарсан байдаг. Манай холбоо нь Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын Үндэсний холбоонд харъяалагддаг бөгөөд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын Үндэсний холбооны дүрмийн хүрээнд манай холбооны ажил үүргийг сайжруулах зорилгоор даргыг солих үүрэг ирсний дагуу холбооны даргаар 2 жилийн хугацаатай намайг томилсон. Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч С.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үгүйсгэгдэж байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас өөрийгөө түр орлон гүйцэтгэгч биш дарга байсан гэдэг тайлбарыг өгөөд байдаг. Үүн дээр хэлэхэд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын талаар С.Г-ыг ажилд томилсон асуудлыг би н.Т-тай ярилцсан. н.Т гэдэг хүн надад С.Г гэдэг хүнийг цаашдаа даргаар тавина гэж бодоод ингээд оруулчихъя. Хуралд танилцуулахдаа түр орлон гүйцэтгэгчээр танилцуулаад явчихъя гэдэг зүйлийг хэлж байсан. Хурлын протоколыг хуурамч гэж байна. Тухайн үед н.Э хурлын тэмдэглэл хөтлөөгүй, н.Д эгч хөтөлсөн гэж н.Т надад хэлдэг. Би н.Т-аас хурлын тэмдэглэлийг үзье гэхэд н.Т та н.Д эгчээс авчих гэж надад хэлсэн. Би н.Д эгчээс тэмдэглэлийг авъя гэхэд тэмдэглэлийн дэвтэр дээрээ хөтөлсөн, хүүхдээрээ шивүүлээд өгье гээд надад шивээд авчирч өгсөн. Тухайн үеийн тамга дарагдаагүй шалтгаан нь дэвтэр дээрээ гараар бичсэн байсан учраас тамга дарах боломжгүй байсан. Харин би дараад нь шивсэн тэмдэглэлийг аваад нотариатаар гэрчлүүлэх гэтэл тамга тэмдэг байх ёстой гэхээр нь тухайн үед цүнхэнд байсан шинэ тамгаа дарсан. Бага хурлын ирцийн асуудал дээр тухайн үед нийт 12 хоршооноос 6 хоршооны төлөөлөл, дээр нь бага хурлын сонгогдсон гишүүний 4 хүн, нийт 10 хүний гишүүдтэй хурал хийсэн. Хурлын хугацааг 2 сараас доошгүй хугацаанд хийх ёстой. Үндэсний хоршооноос 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хурал зохион байгуулах чиглэлийг С.Г-д өгсөн. Тэгтэл энэ хүн тухайн үед хурал зохион байгуулаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 3 сар гарангийн хугацаанд ямар нэг хурал хийгдээгүй. Хурал зохион байгуулах эрх хэмжээ, үүрэг нь С.Г-д байсан. Хурлын өдөр би галч хийсэн гэж байна. Өглөө бид 8 цагаас Архангай аймгийн Засаг дарга М.Б-тай уулзсан. Засаг даргатай уулзахын өмнө н.Т бид хэдтэй уулзаад С.Г дарга согтуу байна, хуралд оролцох боломжгүй байна гэж хэлсэн. Хуралд ирсэн хүмүүс С.Г даргыг хуралд ирэхийг хүлээсэн. н.Ч дарга дараагийн даргаар С.Г-ыг тавих саналтай байгаагаа хэлж байсан. Би үүнийг ч дэмжиж байгаа талаараа С.Г даргад хэлсэн. Утсаар ярих асуудал дээр: Утсаар яриад С.Г ахаа н.Ч гэх хүний оронд таныг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан юм байна. Би танаас ажил аваагүй н.Ч гэх хүнээс авсан гэж хэлсэн. Үүнийг би нотолж байна. Би сонгогдоогүй, томилогдсон хүн. Аймгийн салбар хорооны үйл ажиллагаа болохгүй байгаа тохиолдолд дээд шатнаас томилдог, энэ шатлалаараа намайг томилсон. Энэ хүн ажлаа хийж чадахгүй байсан учраас намайг томилсон. Энэ хүнийг дэмжээд хамтраад явъя гэсэн санал надад байсан. Энэ хүн надтай ярилцаж, уулзсан бол бид тохиролцох боломж байсан. Бага хурлыг зохион байгуулж, удирдах ёстой хүн нь өөрөө хуралдаа ирээгүй. 01 дүгээр сарын 05-ны өдөр дараагийн хурлаа хий гэж хэлсэн. 02 дугаар сарын 05-ны өдөр мөн 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хийх боломжтой байсан ч хийгээгүй. Тэгээд би хурал хийгээгүй болохоор нь энэ хугацаануудыг хаялаа, тэгээд хурлаа тохиролцоод дээд шатны албан тушаалтнаас оролцуулахаар тохиролцсон. Нарийн бичгийн асуудал дээр н.Т гэх хүнийг томилсон боловч бичиг цаасны асуудал юм чинь эмэгтэй хүн байсан нь дээр гээд н.А-г томилсон. 06 тоот тогтоолын хувьд дугаартай, дугааргүй, огноотой, огноогүй тогтоол нь өөрчлөгдсөн байгаа нь хурлын процессын асуудал. Ноорог байсан тогтоолыг н.А С.Г-д материал болгож гаргаж өгсөн. Яагаад ярилцаагүй вэ гэж байна. Би тантай ярилцсан байсан. Би тантай хамтарч ажиллах хүсэлтэй байсан, надад таны ажлыг авах ямар ч хүсэл байхгүй. Би Улаанбаатар хотоос ирээд энэ ажлыг хийх хүсэл сонирхол байхгүй. Та тухайн үед хуралдаа ирсэн бол өөр асуудал яригдах байсан. Энэ хүн ирээгүй байсан учраас дээд шатны байгууллагаас арга хэмжээ авсан. Миний хувьд шүүх хуралдааны шийдвэрийг дагаж мөрдөнө гэв.
6. Нэхэмжлэгчээс
- А аймгийн ХААХХ-ны бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6 тоот тогтоол,
- А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Холбооны даргыг чөлөөлөх, батлах тухай 01 тоот тогтоол,
- Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Холбооны удирлагыг томилох тухай тогтоол,
- А аймгийн ХААХХ-ны бага хурлын 06 тоот тогтоол
-Архангай аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШЗ2022/01846 дугаар захирамж зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Хариуцагчаас:
-А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны №0000102739 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ,
- А аймгийн ХААХХ-ны удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл,
- А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ээлжит бага хурлыг хуралдуулах тухай 02 тоот тогтоол,
- Аймгийн ХАА-Н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл
- Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дотоод журам батлах тухай 01 тоот тогтоол
- А аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын мандатын комиссын илтгэл
- Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Мандат олгох тухай 02 тоот тогтоол
- Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тайлан илтгэлийн тухай 03 тоот тогтоол
- Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хяналтын зөвлөлийн тайлангийн тухай 04 тоот тогтоол
- Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шинэчилсэн дүрэм батлах тухай 05 тоот тогтоол
- Архангай аймгийн ХААХХ-ны бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоол
- Аймгийн ХАА-Н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тэргүүлэгчдийг батлах тухай 07 тоот тогтоол
- Аймгийн ХАА-Н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хяналтын зөвлөл байгуулах тухай 08 тоот тогтоол
- Хоршооны бага хурлын бүртгэл
- Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дүрэм /нэмэлт өөрчлөлт/
- А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын холбооны 2022 оны Бага хурлын 05 дугаар тогтоолоор баталсан А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын холбооны дүрэм /шинэчилсэн найруулга/
- А аймгийн Хөдөө аж ахуйн Хоршоологчдын IV бага хурлаас 2002 оны 05 сарын 27-ны өдөр баталсан А аймгийн Хөдөө аж ахуйн Хоршоологчдын Холбооны дүрэм зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г-ын хариуцагч А аймгийн ХААХХ-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Миний бие А аймгийн ХХ даргын албан тушаалд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Удирдах зөвлөлийн нийт 9 гишүүний оролцсон шийдвэрээр холбооны даргаар томилогдсон. Даргаар томилогдсон тухай 01 тоот удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамт гаргаж өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн ХХ-ны 09 дүгээр бага хурлыг Үндэсний холбооны төлөөлөлтэй хамтраад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл зохион байгуулан удирдан чиглүүлэн ажиллаж байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дүгээр бага хурлаас гарсан тогтоолыг н.А-гаас материал аваад үзтэл 06 тоот тогтоол нь дугааргүй нэг, дугаартай нэг байсан. Энэ 06 дугаартай тогтоол дээр нь зөвхөн Ө.Г-ыг томилох тухай бичсэн байсан. С.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай тогтоол байгаагүйг нь хараад хууль бус тогтоол гарсан юм байна гэдгийг ойлгоод шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл үүссэн. Гэтэл тухайн тэмдэглэл дээр н.Д хурлын тэмдэглэл хөтөлснөөр гарын үсгээ зурж, шинээр 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн тамгыг дарсан нотлох баримтыг хуурамчаар үйлдсэнийг нотолж байгаа зүйл юм. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн хурал дээр С.Г-ыг чөлөөлж гэж бичсэн байсан. Намайг ажлаас чөлөөлсөн тогтоолоо энэ хүмүүс тэргүүлэгчдийн хурал 6 сард хийхдээ гаргасан. Миний бие тогтоол материалтай танилцаж байхад тэргүүлэгчдийн нэрийг бичсэн хоосон бланк 3 байсан, би тухайн гурван бланкыг ашигласан байх гэж бодож байгаа. Тухайн 09 дүгээр бага хуралд нийт 17 хүн оролцох ёстой байснаас хуралд 9 хүн оролцсон. Бид өөрсдийн үйл ажиллагаандаа баримталж байсан 2002 оны аймгийн Хоршоологчдын холбооны дүрмэнд зааснаар Хоршоологчдын холбооны бага хурлыг удирдах зөвлөлөөс хоёроос доошгүй сарын өмнө зарлаж, сонгох төлөөлөгчдийн тоог тогтооно, хоёрдугаарт: Холбооны дүрэм батлах, холбоог татан буулгах асуудлыг хэлэлцэхдээ дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Энэ заалтыг 09 дүгээр бага хурлын тогтоол нь зөрчиж гарсан. Өөрөөр хэлбэл 12 гишүүний саналаар шийдвэрлэх ёстой асуудлыг 9 хүний саналаар шийдвэрлэсэн нь дүрэм зөрчсөн. Мөн нэг албан тушаал дээр 2 хүн томилсон байж байгаад миний халагдсан тушаалыг энэ хүмүүс сүүлд нь 06 дугаар сард гардуулж өгсөн. ... Хариуцагч тал 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр даргаар томилогдоогүй түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд тухайн үед шийдвэр гаргахдаа хурал даргалагч санаатай алдаа гаргаж даргаар томилсон гэж гарсан болно. Үүнийг хурлын протоколоос харж болно гэж бичсэн байна. Миний хувьд тухайн протоколыг хуурамчаар үйлдсэн гэж харж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралд би суусан, хурлын тэмдэглэл дотор н.Э, н.Г, н.Т гэх хүмүүсийг огт үг хэлээгүй байгаагаар бичсэн байсан. Хурлын тэмдэглэлийг тухайн үед н.Э гэж хүн бичсэн н.Т хурал даргалсан. Би гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр хуралдаанд оролцож байсан. Тухайн хурал дээр би дарга болбол хамтарч ажиллах хэрхэн юу хийх талаараа хэлсэн, үүнийг бичээгүй. н.Б дарга н.Э-г нэр дэвшүүлсэн энэ тухай огт бичээгүй. н.Э хариуд нь би тэтгэвэрт гарчихсан, миний оронд залуу хүн С.Г-ыг даргаар сонгоё гэж хэлж байсан. Эдгээр зүйлүүдийг огт бичээгүй. Мөн хурлын тэмдэглэлээс харахад солигдсон тамгаа дарсан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хурал хийснээс хойш хийгдсэн. Бид өмнө нь А аймгийн Хөдөө аж ахуйн холбоо ТББ гэсэн тамгыг ашигладаг байсан. Гэтэл тухайн тэмдэглэл дээр н.Д хурлын тэмдэглэл хөтөлснөөр гарын үсгээ зурж, шинээр 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн тамгыг дарсан нотлох баримтыг хуурамчаар үйлдсэнийг нотолж байгаа зүйл юм. Гуравдугаарт: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн хурал дээр С.Г-ыг чөлөөлж гэж бичсэн байсан. Намайг ажлаас чөлөөлсөн тогтоолоо энэ хүмүүс тэргүүлэгчдийн хурал 6 сард хийхдээ гаргасан. Би тухайн өдөр энэ хуралд оролцвол миний эрх зөрчигдөх юм байна. Намайг энэ хүмүүс халах гэж байгаа юм байна гэж бодсоны үндсэн дээр би тухайн хуралд оролцоогүй. Тухайн хурал болох өглөө би өөрийн таньж мэддэг хүмүүсээс хурлын ирцийн талаар асуухад хөдөөнөөс ирэх 2-3 хүн ирээгүй байна гэхээр нь бодохдоо би энэ хуралд оролцохгүй байх юм бол ирц хангалтгүй учир энэ хурал болохгүй байж болох юм байна гэж бодоод хуралд оролцоогүй. Ө.Г-ын хувьд Үндэсний холбоонд хоршооны хөгжлийн хэлтсийн дарга ажилтай. Гэтэл яагаад А аймгийн ХААХХ-ны ажлыг авахаар санаархаж ирсэн гэж үзэж байгаа. Бид ашиг сонирхлын зөрчлийн улмаас миний ажлыг авсан гэж бодож байгаа. Иймд миний нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
... Нэхэмжлэгч талаас өөрийгөө түр орлон гүйцэтгэгч биш дарга байсан гэдэг тайлбарыг өгөөд байдаг. Үүн дээр хэлэхэд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын талаар С.Г-ыг ажилд томилсон асуудлыг би н.Т-тай ярилцсан. н.Т гэдэг хүн надад С.Г гэдэг хүнийг цаашдаа даргаар тавина гэж бодоод ингээд оруулчихъя. Хуралд танилцуулахдаа түр орлон гүйцэтгэгчээр танилцуулаад явчихъя гэдэг зүйлийг хэлж байсан. Хурлын протоколыг хуурамч гэж байна. Тухайн үед н.Э хурлын тэмдэглэл хөтлөөгүй, Д эгч хөтөлсөн гэж н.Т надад хэлдэг. Би н.Т-аас хурлын тэмдэглэлийг үзье гэхэд н.Т та н.Д эгчээс авчих гэж надад хэлсэн. Би н.Д эгчээс тэмдэглэлийг авъя гэхэд тэмдэглэлийн дэвтэр дээрээ хөтөлсөн, хүүхдээрээ шивүүлээд өгье гээд надад шивээд авч ирж өгсөн. Тухайн үеийн тамга дарагдаагүй шалтгаан нь дэвтэр дээрээ гараар бичсэн байсан учраас тамга дарах боломжгүй байсан. Харин би дараад нь шивсэн тэмдэглэлийг аваад нотариатаар гэрчлүүлэх гэтэл тамга тэмдэг байх ёстой гэхээр нь тухайн үед цүнхэнд байсан шинэ тамгыг дарсан. Бага хурлын ирцийн асуудал дээр тухайн үед нийт 12 хоршооноос 6 хоршооны төлөөлөл, дээр нь бага хурлын сонгогдсон гишүүний 4 хүн, нийт 10 хүний гишүүдтэй хурал хийсэн. Хурлын хугацааг 2 сараас доошгүй хугацаанд хийх ёстой. Үндэсний хоршооноос 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хурал зохион байгуулах талаар чиглэлийг С.Г-д өгсөн. Тэгтэл энэ хүн тухайн үед хурал зохион байгуулаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаанд ямар нэг хурал хийгдээгүй. Бага хурлыг зохион байгуулж, удирдах ёстой хүн нь өөрөө хуралдаа ирээгүй. 06 тоот тогтоолын хувьд дугаартай, дугааргүй, огноотой, огноогүй тогтоол нь өөрчлөгдсөн байгаа нь хурлын процессын асуудал. Ноорог байсан тогтоолыг н.А С.Г-д материал болгож өгсөн. Энэ хүн хуралдаа ирээгүй байсан учраас дээд шатны байгууллагаас арга хэмжээ авсан. Миний хувьд шүүх хуралдааны шийдвэрийг дагаж мөрдөнө гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А аймгийн ХААХХ-ны бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоол, А аймгийн ХААХХ-ны удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Холбооны даргыг чөлөөлөх, батлах тухай 01 тоот тогтоол, Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Холбооны удирлагыг томилох тухай тогтоол, Архангай аймгийн ХААХХ-ны бага хурлын 06 тоот тогтоол, А аймгийн ХААХХ-ны удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ээлжит бага хурлыг хуралдуулах тухай 02 тоот тогтоол, Аймгийн ХАА-Н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дотоод журам батлах тухай 01 тоот тогтоол, А аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын мандатын комиссын илтгэл, Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Мандат олгох тухай 02 тоот тогтоол, Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тайлан илтгэлийн тухай 03 тоот тогтоол, Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хяналтын зөвлөлийн тайлангийн тухай 04 тоот тогтоол, Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шинэчилсэн дүрэм батлах тухай 05 тоот тогтоол, А аймгийн ХААХХ-ны бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоол, Аймгийн ХАА-Н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тэргүүлэгчдийг батлах тухай 07 тоот тогтоол, Аймгийн ХАА-Н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хяналтын зөвлөл байгуулах тухай 08 тоот тогтоол, Хоршооны бага хурлын бүртгэл, А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын холбооны 2022 оны Бага хурлын 05 дугаар тогтоолоор баталсан А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын холбооны дүрэм /шинэчилсэн найруулга/, А аймгийн Хөдөө аж ахуйн Хоршоологчдын IV бага хурлаас 2002 оны 05 сарын 27-ны өдөр баталсан А аймгийн ХААХХ-ны дүрэм зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч С.Г-ын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Г эс зөвшөөрч маргадаг.
6. А аймгийн ХАА-н хоршоологчдын холбоо нь холбооны IX бага хурлыг холбооны гишүүд, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны төлөөллийг оролцуулан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, уг хурлаар аймгийн ХАА-н хоршоологчдын холбооноос зохиосон ажлын тайлан, хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцүүлэн, хяналтын зөвлөл шинэчлэн байгуулж, мөн аймгийн ХААХХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Г-ыг ажлаас чөлөөлж, А аймгийн ХААХХ-ны даргаар Үндэсний холбооны Хөгжлийн хэлтсийн дарга Ө.Г-ыг ажил сайжруулах зорилгоор 2 жилийн хугацаатай томилж, А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын холбооны дүрмийг шинэчлэн баталжээ. /хх-н 48-63 ху, 80-89 ху/
Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс А аймгийн ХААХХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоогүй даргаар сонгогдон ажиллаж байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан А аймгийн ХААХХ-ны удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүн Б-ын ...хурлын ирц хангалтгүй байна. Энэ хурлаараа холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Г-ыг түр томилоод 01-р сарын 05-ны хурлаараа Холбооны даргаа албан ёсоор сонгох нь зөв байна. ... гэсэн саналыг хуралд оролцсон гишүүд дэмжиж Аймгийн холбооны УЗХ-ыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулах, тус хурлаар аймгийн ХААХХ-ны даргыг сонгохоор тус тус шийдвэрлэжээ.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгчийн А аймгийн ХААХХ-ны даргаар сонгогдон ажиллаж байсан гэх үйл тогтоогдохгүй, нэхэмжлэгч холбооны даргаар ажиллаж байсан гэх үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар нотлож чадаагүй.
Тодруулбал нэхэмжлэгч нь А аймгийн ХААХХ-ны даргаар томилогдон ажиллаж байсныг нотлох зорилгоор А аймгийн ХААХХ-ны удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №01 тогтоолыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч уг тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажилтан, ажил олгогч хоёрын хооронд ямар гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн эрх зүйн ямар маргаан үүссэн гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралд би суусан, энэ хурлын тэмдэглэл хуурамч гарсан, намайг тэр өдөр ХАА-н хоршоологчдын холбооны даргаар томилсон, түр орлон гүйцэтгэгчээр томилоогүй, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан А аймгийн ХАА-н хоршоологчдын холбоо нь холбооны IX бага хурлаас гарсан тогтоолууд нь хууль бус Холбооны дүрэм зөрчсөн. Тухайлбал хуралд нийт 17 хүн оролцох ёстой байснаас хуралд 9 хүн оролцсон. Бид өөрсдийн үйл ажиллагаандаа баримталж байсан 2002 оны аймгийн Хоршоологчдын холбооны дүрмэнд зааснаар Хоршоологчдын холбооны бага хурлыг удирдах зөвлөлөөс хоёроос доошгүй сарын өмнө зарлаж, сонгох төлөөлөгчдийн тоог тогтооно, мөн Холбооны дүрэм батлах, холбоог татан буулгах асуудлыг хэлэлцэхдээ дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Энэ заалтыг 09 дүгээр бага хурлын тогтоол нь зөрчиж гарсан. Өөрөөр хэлбэл 12 гишүүний саналаар шийдвэрлэх ёстой асуудлыг 9 хүний саналаар шийдвэрлэсэн нь дүрэм зөрчсөн, мөн 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дүгээр бага хурлаас гарсан 06 тоот тогтоол нь дугааргүй нэг, дугаартай нэг байсан. Энэ 06 дугаартай тогтоол дээр нь зөвхөн Ө.Г-ыг томилох тухай бичсэн байсан. С.Г намайг ажлаас чөлөөлөх тухай тогтоолд бичээгүй хууль бус тогтоол байсан гэж тайлбарлаж маргадаг боловч үүнийг үгүйсгэсэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
8. Хэрэгт авагдсан А аймгийн ХААХХ-ны удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Холбооны даргыг чөлөөлөх, батлах тухай 01 тоот тогтоол, Аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны IX бага хурлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Холбооны удирдлагыг томилох тухай тогтоол, А аймгийн ХААХХ-ны бага хурлын 06 тоот тогтоол зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй тул шүүхийн зүгээс үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан А аймгийн ХААХХ-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА