| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2031001700167 |
| Дугаар | 2020/ДШМ/80 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ДШМ/80
Н.Мөнхбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Г.Давааренчин
Б.Эрдэнэхишиг
Оролцогчид:
Прокурор Г.Энхмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Чонос овогт Намжилдоржийн Мөнхбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2031001700167 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ******* хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын****** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, Чонос овогт Намжилдоржийн Мөнхбаатар /РД:***********/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Мөнхбаатар нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бумбат дэв”-ийн “Асгатын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5 метрийн урттай, 56 ширхэг нойтон улиангар мод бэлтгэж, тус сумын Мөнхтолгой 2 дугаар багын нутаг дэвсгэр “Ар тойлбо” гэх газарт 92-43 ДАР улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль, экологид 503.558 /таван зуун гурван мянга таван зуун тавин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Н.Мөнхбаатарт холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 194 дугаартай шийтгэх тогтоолоор:
1. Шүүгдэгч Чонос овогт Намжилдоржийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Чонос овогт Намжилдоржийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Н.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, ойн санд учруулсан хохирол, гэм хорыг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг болон Хушаат сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр хадгалах хашаанд битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа 56 ширхэг модыг тус тус улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаатарын хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн 92-43 ДАР улсын дугаартай “Хюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу эсвэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрхи тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Хохирогч нь шатахууны зардал, тээврийн хэрэгслийн засварын мөнгө нэхэмжпэхдээ хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэлээ гаргах эрхийг нь нээлттэй орхисугай.
7. Шүүгдэгч Н.Мөнхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2020 оны 11 сарын 01-ний өдрийн №33 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Мөнхбаатарыг “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаатарын хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан битүүмжпэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн 92-43 ДАР улсын. дугаартай “Хьюндэй портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу эсвэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.
Үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, тодруулбал шүүгдэгч Н.Мөнхбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндэй портер” маркийн 92-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаар хоёрдмол утга санаа бүхий заалтыг тогтоох хэсэгтээ зааж өгсөн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэжээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Н.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Н.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 2031001700167 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч Н.Мөнхбаатар нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бумбат дэв”-ийн “Асгатын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5 метрийн урттай, 56 ширхэг нойтон улиангар мод бэлтгэж, тус сумын Мөнхтолгой 2 дугаар багын нутаг дэвсгэр “Ар тойлбо” гэх газарт 92-43 ДАР улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль, экологид 503.558 /таван зуун гурван мянга таван зуун тавин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, анхан шатны шүүх хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээд шатны прокуророос гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, тодруулбал шүүгдэгч Н.Мөнхбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндэй портер” маркийн 92-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаар хоёрдмол утга санаа бүхий заалтыг тогтоох хэсэгтээ зааж өгсөн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэжээ. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар эсэргүүцэл бичив...” гэх эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шийтгэх тогтоолын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулах замаар алдаа зөрчлийг засах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Мөнхбаатарын гэмт үйлдэлдээ ашигласан “Хьюндэй портер” маркийн 92-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн хөрөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтаас “...эсвэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрхи тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулан” гэх хэсгийг хасч шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 2020/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:
5 дугаар заалтыг:
“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаатарын хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн 92-43 ДАР улсын дугаартай “Хюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ