Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар   109/ШШ2022/0109

 

 

                                          

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

         зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Д.Оийн нэхэмжлэлтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох “Архангай аймгийн Цагдаагийн газарт 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газар нь 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Архангай аймгийн Цагдаагийн газарт 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газар нь 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилох болгон өөрчлөхийг даалгах” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Оийг Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тоо бүртгэгчээр томилсон 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай тушаалыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1., 70.2. дахь хэсэгт заасан Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулж болно. Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэг, нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг орхигдуулж гаргасан болохыг хүлээн зөвшөөрч байна. Иргэн Д.Оийг 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Цагдаагийн хэлтэст авто тээврийн хэрэгслийн тоо бүртгэх хөтлөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах үйл ажиллагаанд дадлагажих ажилтны үүргийг гүйцэтгэн ажиллаж байсныг тухайн үеийн хамт ажиллаж байсан тасгийн хамт олон болон ахлах дэслэгч Р.Э, бэлтгэл хошууч Л.М нараас асууж тодруулах боломжтой юм. Иймд цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасныг үндэслэн Д.Оийг цагдаагийн дадлагажих ажилтан гэж үзэх боломжтой юм.” гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Тус шүүх иргэн Д.Оийн нэхэмжлэлтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох “Архангай аймгийн Цагдаагийн газарт 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газар нь 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймаг дхь Цагдаагийн газарт холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

             3. Маргааны үйл баримтаас дүгнэхэд:  Архангай Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын  2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 71 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар иргэн Дгийн Оийн өргөдөл, хүсэлт, хэлтсийн даргын зөвлөлийн гишүүдийн 2004 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн Д.Оийг 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Замын цагдаагийн тасгийн тоо бүртгэгчээр томилж, Д.Оийг ажилд сургаж, дадлагажуулахыг Замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Р.Эд үүрэг болгожээ. /хх-ийн 7/

            4. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн  2005 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар тушаалаар 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс  тус газарт цагдаагаар томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосон байна. /хх-ийн 9/

            5. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б/552 дугаар тушаалаар Д.Од хугацааны цагдаагийн ахлах дэслэгч цол олгосон  байна.

            6. Түүнчлэн Архангай аймаг дахь сум дундын иргэнмй хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 129/ШЗ2022/03539 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Д.Оийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

            7. Иргэн Д.О нь Архангай аймгийн Цагдаагийн газар нь 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилох болгон өөрчлөх талаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт  гомдол гаргаж, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 29/5050 дугаар албан бичгээр “ .. туршилтын хугацаагаар энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилсон байдлаар нөхөн гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд цагдаагийн байгууллага нь өмнө нь гарсан тушаал дээр нөхөн тушаал гаргах боломжгүй. ..” гэх хариу хүргүүлжээ. /хх-ийн 5/

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна

9. Түүнчлэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, уг эрхээ хамгаалуулах талаар захиргааны байгууллагаас шаардах эрх нь нээлттэй байна.

 

10. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнчлэн  ямар захиргааны акт, ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч Д.Оийн эрхийг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн болохыг тодруулахаар  2022 оны 11 дүгээр  сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хянаад, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 109/ШЗ2022/0414 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан.

 

11. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, зөрчигдсөн эрх, түүнчлэн  ямар захиргааны акт, ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тодруулсан бөгөөд  2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ тодруулж ирүүлжээ. 

12. Улмаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ирүүлсэн тул тус шүүх нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 109/ШЗ/2022/0420 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн болно.

13. Түүнчлэн нэхэмжлэгч нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/5050 дугаар албан бичгээр  хариу авсан  нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол.” гэж заасан хуулийн заалтад нийцсэн байна.

14. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Д.О нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.

            15. Хууль зүйн үндэслэлийн тухайд: Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. дэх хэсэгт “Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно.”, 70.2. дахь хэсэгт “Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.” 70 дугаар зүйлийн 70.7. дахь хэсэгт “Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.” гэж,

            16. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр  “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.4.-т “Төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайлан зохицуулсан бусад хууль тогтоомжид туршилтын хугацаагаар ажиллуулах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй бол энэхүү журмыг баримтална.”, 7.1.-т “Туршилтаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.” гэж тус тус хууль, журамд заасан байна.

            17. Архангай аймаг дахь Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2004 оны  “Цалингийн карт”-ийн  44 дэх хэсэгт замын цагдаагийн тасгийн тоо бүртгэгч, томилолт ба цалингийн бүртгэлд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 70 дугаартай тушаалаар 55000 төгрөгөөр үндсэн цалинг тогтоосон байна. /хх-ийн 36-39/

            18. Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2406/1105 дугаар албан бичигт: “Дгийн О /****************/ нь Архангай аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 71 дүгээр тушаалаар 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Архангай аймгийн Замын цагдаагийн тасагт тоо бүртгэгчээр, Архангай аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар тушаалаар 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс тус газарт цагдаагаар томилж, цагдаагийн дэд ахлагч  цол олгосон.” гэх, /хх-ийн 9/

            19. Гэрч Р.Э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Би нэхэмжлэгч Д.Отэй 2004 оны 4 дүгээр сарын 7,8-ны үед офицер бүрэлдэхүүнд ороод нэхэмжлэгч Д.Од ажлаа хүлээлгэн өгсөн.  2004 оноос 2009 оныг хүртэл ажилласан. .. Замын цагдаагийн тасагт тоо бүртгэгчээр томилогдон ажилласан. .. Тухайн үед Д.О нь тус цагдаагийн хэлтэст дадлагажих ажилтнаар томилогдон ажиллаж байсан.”  гэх, мэдүүлэг зэргээр иргэн Д.О нь Архангай аймаг  дахь Цагдаагийн газарт 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан нь   тогтоогдож байна. /хх-ийн 42-43/

            20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... иргэн Д.Оийг Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тоо бүртгэгчээр томилсон 71 дугаартай тушаалыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасан Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулж болно. Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэг, нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг орхигдуулж гаргасан болохыг хүлээн зөвшөөрч байна. ... Иймд цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасныг үндэслэн Д.Оийг цагдаагийн дадлагажих ажилтан гэж үзэх боломжтой юм.” гэжээ.

21.  Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 28 дугаар зүйлийн 28.2.2.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.  

22. Иймд хариуцагч Архангай аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь иргэн Д.Оийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

23.Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2., 70.7. дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Архангай аймаг дахь Цагдаагийн газар нь “Архангай аймгийн Цагдаагийн газарт 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газар нь 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Оийг нэхэмжлэлтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Архангай аймаг дахь Цагдаагийн газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгосугай. 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОДОНТУЯА