Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/104

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Иргэдийн төлөөлөгч: *******

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* ******* нь согтуурлын байдалд байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын “Өргөн” 5 дугаар багийн нутагт оршин суух иргэн *******ы гэрт нь шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайран хохирогч С.Бадамсанжаагийн зүүн хацар тус газар нь хутгалж бие махбодид нь “Хөнгөн” гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Яллах нотлох баримт:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-13/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 28-30/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 31/, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 79-80/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаа /1-р хх-ийн 81-83/,шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 84-88, 107-174/,

Хохирогч С.Бадамсанжаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Түвшинбат гэх айлд Түвшинбат, Т.Даш-Ориг бид гурав тоглож өнжсөн. Өдөр эрт шинэ жилийн юм гэж Түвшинбатынх 0.5 литрийн нэг шил архи гаргаж, түүнийг Түвшинбат, Т.Даш-Ориг бид гурав хувааж уусан. Түвшинбатын гэрээс Т.Даш-Ориг бид хоёр 19 цагийн орчим гарч найз *******ы гэрт очсон. Тэдний гэрийн гадаа очоод би түрүүлээд араас Т.Даш-Ориг явж байсан ба би хаалгаар дөнгөж оронгуут гэнэт миний нүүрний зүүн хацар хэсэгт хутгалсан ба цус гарсан. Би хэн хутгалчихваа гээд хартал манай сумын ******* байсан ба би түүнд “чи намайг хутгалчихлаа” гэхэд ******* “би чамайг харин ч алах байсан юм" гэхээр нь гэрээс гарч шууд хажуу талынх нь айл болох Ганбатынд орох гэхэд хаалга нь цоожтой байсан. Би хаалгыг цохиод "намайг хутгалчихлаа" гэхэд хаалгаа онгойлгож өгсөн. Тэднийд Ганбат, эхнэр нь, Энхбаатар, Энхтайван, түүний эхнэр нар байсан. Бид хоёрын дунд урд өмнө нь өс хонзон өр авлагын асуудал огт байгаагүй. Бид хоёр урд өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдож байгаагүй. Би түүнийг аймгийн арслан цолтой бөх хүн гэдгээр нь дотроо хүндэлж явдаг. ******* ганцаараа байсан. Тэднийхэн *******өөс айгаад хажуу айл болох Ганбатынд орцгоосон гэсэн. Өдөр нь ганц шил архи уусан. Тоглонгоо уусан болохоор согтоогүй бага зэрэг халсан байсан. Би *******ийг согтуу байсан эсэхийг мэдээгүй. Тухайн үед миний зүүн хацарт хутгалсан. Т.Даш-Ориг миний ард явсан ба өөр хэн нэгэн хүн байгаагүй. Одоо миний биеийн байдал зүгээр. Тухайн үед хацар нэвт хутгалж, хэлний үзүүр хэсгийг зүссэн. Өөрөөр миний биед гэмтэл шарх учраагүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байх гэх мэдүүлэг./1-р хх-ийн 34-36/,

...Би *******тэй хэрүүл маргаан үүсгэж, түүнтэй зодолдоогүй, Энхтайваныд ортол над руу давшилж миний зүүн хацарт хутгалсан.

Би болсон явдлыг сайн санаж байна. Надад гомдол санал байхгүй. *******ийн үйлдлийн улмаас 300000 төгрөгийн хохирол учирсан. Одоогоор төлөгдсөн зүйлгүй... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 54-55/,

Намайг урьд өмнө нь ******* огт алгадаж гар хүрч байгаагүй. Тийм асуудал байхгүй. Би түүнд нэг ч удаа өс хонзон санаж байсан удаа байхгүй. ******* намайг гэрт ороход урдаас хутгалсан. Түүнтэй юм яриагүй. Тухайн үед миний нүүрэнд ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй. ******* миний хацарт хутгалж, хэлний үзүүрийг зүссэн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 72-73/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...С.Бадамсанжаа нь 2017 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр 21 цагийн үед ирж үзүүлсэн. С.Бадамсанжаагийн биеийн байдал гайгүй, орчиндоо харьцаатай, өөрөө алхаж явах бүрэн боломжтой байсан ба түүний зүүн талын завжны хэсэгт нэвт дүрэгдсэн шарх байсан. Тэр шархыг нь цэвэрлээд өвчин намдаах тариа хийгээд гурван оёдол тавьсан. Шарх нь бохирдож идээлж магадгүй гээд өвчин намдаах, үрэвсэл дарах ибупрофен, ципрофлаксазин өгч явуулсан.

...Надад хэлэхдээ ******* шууд урдаас хутгаар дүрсэн гэж ярьж байсан. С.Бадамсанжаад оёдол тавьж өгсөн, түүнийг үзсэн бүртгэл байхгүй, тухайн үед бичиж тэмдэглэж аваагүй, өөр шарх, гэмтэл байхгүй байсан... гэх мэдүүлэг./1-р хх-ийн 42 хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой гэртээ нөхөр, хоёр хүүхдийн хамт байж байхад гаднаас ******* ганцаараа орж ирсэн. Тэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, харагдах байдал нь тийм байсан. Түүнийг архи уусан эсэхийг хараад мэднэ. ******* гэрт орж ирээд манай нөхрөөс тамхи байна уу гэсэн. Ганбат тамхи байхгүй гэж хариу хэлсэн, манай нөхөр тамхи татдаггүй. *******ийг гарч явахаас өмнө манай бага хүүхэд хажуу айлд орсон байсан. Түүний дараагаар удаагүй ******* манай гэрээс гарсан. *******ийг гарч явснаас хойш нэг их удалгүй гаднаас манай хажуу айлын *******, түүний эхнэр , хүүхэдтэйгээ, мөн манай бага хүүхдийн хамт орж ирсэн. Нэг нь хаалга түгжсэн, хэнийг цоожилсныг би үнэндээ хараагүй. ******* галзуурсан байна хаалгаа түгж гэсээр ******* орж ирсэн, түүний дараа орж ирсэн. Хамгийн сүүлд орж ирсэн тэр хаалга цоожилсон байж магадгүй юм. манайд орж ирээд *******ийн ах С.Энх-Амгалан руу утсаар ярьж байгаа бололтой, *******ийг ирж ав, хутга барьчихсан байна гэж ярьж сонсогдсон. Түүнээс хойш удалгүй С.Бадамсанжаа манай гэрийн хаалгыг цохисон. Яах гээд байгаа юм гэхэд ******* намайг хутгалчихлаа гэсэн. Гаднаас С.Бадамсанжаа орж ирсэн, тэр зүүн завжныхаа орчимд дарсан, дарсан гарынх нь салаагаар цус урсаж харагдсан. Тэгээд түүнийг хутгалуулсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 44 хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би тухайн өдрийн орой ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс авчхаад 18 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Гэрт очиход хүнгүй байсан ба миний араас манай нөхөр Энхтайван ганцаараа ирсэн. Би гэртээ оччихоод оройн хоолоо хийчихээд идээд байж байтал гаднаас ******* гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр суусан. Манай нөхөртэй ******* мэндэлж байх шиг байсан. ******* орон дээр сууж байгаад гараа зангидаж босож ирээд эхнэрийг чинь шаачих уу гэсэн. Тэгэхээр нь би юу солиороод байгаа юм гэсэн. ******* тэр үед согтуу байгаа бололтой харагдсан, манай нөхөр *******ийг янз бүрийн юм яриад байхаар нь хоёр хүүхдийг алив гаръя гээд үүдэнд очоод дуудсан, би хоёр хүүхдийг бас гар гээд нөхөр ч хоёр хүүхдийг дагуулаад гэрээс гарсан, би мөн араас нь гарсан. Гэрээс гарахдаа ******* рүү хартал түүний баруун гарт санагдаж байна нэг хар иштэй жижиг хутга барьчихсан харагдсан. Бид дөрөв шууд хажуугийн айлдаа ороод гэрийн хаалга цоожилсон. ******* араас гэр дотроос зоригтой нь орж ирээрэй гээд орилоод үлдсэн. Манай хажууд айлд гэрийн эзэн Ганбат, түүний эхнэр Энхтуяа, охин нь Мөнхнасан нар байсан. Би тэднийд ороод хамт ажилладаг *******ийн ах Энх-Амгалан руу утсаар яриад ******* хутга бариад манай гэрт байгаад байна, бид нар айлд байна, хүрч ирээд ав гэж хэлсэн. С.Бадамсанжаа намайг ажлаа тараад хүүхдээ аваад гэртээ очсон байхад гаднаас манай гэрт Т.Даш-Ориг гэх эрэгтэй хүнтэй хамт орж ирсэн. С.Бадамсанжаа бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн, нөгөө хамт яваа хүн нь гайгүй юм шиг байсан. С.Бадамсанжааг би гэртээ эртхэн харь гэж хэлээд гэрээсээ гаргаж явуулсан. Би нөхөр, хүүхэдтэйгээ айлд байж байтал айлын хаалгыг цохиод байхаар нь хэн бэ гэтэл С.Бадамсанжаа байна гэсэн. Яах гээд байгаа юм гэхэд би *******өд хутгалуулсан гэхээр нь хаалга онгойлгоод хартал гараараа хацар хэсгээ дарсан, гарын салаагаар нь цус урсаж байсан. С.Бадамсанжаа хэлэхдээ танайд ортол ******* мэндийн зөрүүгүй хутгалсан гэж хэлсэн. С.Бадамсанжаа миний утсаар дүүдээ “ах нь хутгалуулсан” гэж байсан. Дүү нь удаагүй ирсэн. Түүнээс хойш удалгүй цагдаа нар ирсэн. ******* манай гэрийн хаалгыг цоожилчихсон гэр дотор байгаад байсан. Хаалгаа онгойлохгүй байж байтал *******ийн ах Энх-Амгалан ирсэн. Тэр ирээд ах нь байна гэхэд ******* хаалгаа онгойлсон. ******* манайд ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр орж ирсэн. Тэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг харагдсан. Түүний биед хутга байсан. Хар иштэй, жижиг хутга харагдсан. С.Бадамсанжаагийн зүүн талын завж орчимд зүссэн юм шиг шарх байснаас цус гоожсон байсан. Тэр шарх, гэмтэл нь шинэ байсан. Би эхлээд хаалгыг цоожилсон, *******ийг хутгатай ороод ирж магадгүй гэж бодоод хаалгыг цоожилсон юм...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 46-47 хуудас/

Гэрч Ц.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .

...Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой гэртээ байж байтал сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн ажилтан эгчийн дугаараас манай ах С.Бадамсанжаа залгаж яриад ахыг нь ******* хутгалчихлаа ахыгаа ирээд аваадах гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч яваад хэрэг явдал болсон гэх газарт очсон. Ах Ганбат гэх айлд сууж байсан. Ах суучихсан, цусаа цэвэрлэж байсан. Түүний зүүн завж орчимд хутгалсан байсан. Би ахыг тэндээс авч яваад багийн эмч Чимэддорж эгчээр оёдол тавиулж эм авсан...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 51 хуудас/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой 19 цагийн үед гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байж байтал гаднаас ******* манайд ганцаараа орж ирсэн. Манайд ******* удаагүй, надаас тамхи асууж байсан би байхгүй гэдгээ хэлсэн. Би тамхи татдаггүй юм. *******ийг манайхаас гарахаас өмнө манай хүүхэд хажуу айл *******ых руу орсон. ******* гэрээс гараад манай хажуу айлд орсон. ******* өмд, цамцтай явж байсан. *******ийг гарч явснаас хойш удаагүй ******* өөрийнхөө хүүхэд болон манай хүүхдийг хамт дагуулаад эхнэртэйгээ орж ирсэн. ******* ******* согтчихсон хутга гаргаад байна гэж хэлсэн. Гэрт тэр хэд орж ирээд манай гэрийн хаалга цоожилсон. манайд орж ирээд *******ийн ах руу утсаар яриад дүүгээ ав, хутга бариад гэх шиг болсон. Тэгж ярьснаас хойш удаагүй байж байтал манай гэрийн хаалгыг хүн цохисон хэн бэ гэхэд С.Бадамсанжаа би байна, хаалгаа онгойлго ******* намайг хутгалчихлаа гэсэн, тэгэхээр нь хаалгаа онгойлготол С.Бадамсанжаа зүүн хацар, амны хэсгээ дарчихсан орж ирсэн, түүний дарсан гарын сарвууны завсраар цус урсаж байсан. С.Бадамсанжаа манай гэрт цусаа тогтоогоод түүнийг дүү Баттулга нь авч явсан. ******* эхнэр, хүүхэдтэйгээ манайд орж ирээд ******* хутга шөвөг бариад гэж байсан. Тэгээд манайд орж ирээд хаалга түгжсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 хуудас/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн үед эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байж байтал гаднаас ******* ганцаараа орж ирсэн. Тэрийг би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж бодсон ******* гадуураа хувцасгүй, өмд, цамцтай явсан. ******* манай гэрийн баруун талын орон дээр сууж байгаад танай эхнэрийг дүрчих үү энэ тэр гээд янз бүрийн юм яриад байсан. Эхнэр юу солиороод байгаа юм гээд загнаж байсан.Түүнийг янз бүрийн юм яриад байхаар нь айлын хүүхэдтэй, өөрийн хүүхдээ дагуулаад гаръя гэж хэлээд, мөн эхнэрийг гаръя гэж хэлээд гэрээс бид нар гарч яваад хажуу айл Ганбатынд орсон. Тэдний Ганбат гэрийнхэнтэйгээ байсан. Тэдний ороод хаалгыг нь манай эхнэр цоожилсон, *******ийг согтчихсон байна, хутга бариад байна гэж би хэлсэн. Тэгээд байж байтал удаагүй гаднаас хүн хаалга цохисон хэн бэ гэхэд С.Бадамсанжаа би байна, хаалгаа гэсэн. Хаалга тайлж өгөхөд С.Бадамсанжаа үгийн зөрүүгүй ******* хутгалсан гэж хэлсэн. Тэр гараараа зүүн завж орчим дарсан, гарын дарсан сарвууны завсраар цус гарч байгаа харагдсан. *******ийг ирж ав гэж манай эхнэр ах Энх-Амгаланд нь хэлсэн... Би *******ийн гартаа хутга барьсан байсан. Хар иштэй хутга харагдах шиг болсон. Сайн анзаарч хараагүй. С.Бадамсанжаагийн зүүн завж хэсэгт хутгалуулсан шинэ шарх гэмтэл байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-62 хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 5- дугаар багт байх гэртээ 0,5 литрийн багтаамжтай хоёр шил архи “Ерөөл” архи ганцаараа уусан.

“...2017 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө хүргэн ах Энхбатын гэрт сэрсэн. Би тэднийхээс гараад гудамжинд явж байтал хэсгийн төлөөлөгч надтай уулзаадах уу гээд хэсгийн байранд дээр ирээд миний өмдний халааснаас хар өнгийн иштэй жижиг хутга гаргаж ирсэн. Түүнийг хэсгийн төлөөлөгч түр хураан авсан. С.Бадамсанжаа дараа өдөр нь хэлэхдээ “Чи намайг хутгалсан” гэж хэлсэн.

Би С.Бадамсанжааг нэг сум гэдгээр нь таньдаг. Бид хоёрын дунд өс хонзон өр авлага, бусад ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Гэмгүй сайхан нэг нутгийн хүмүүс байгаа юм. Мэндтэй устай явдаг хүмүүс гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 хуудас/

...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, хутга барьж танхайраагүй. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******ы гэрт 18-19 цагийн орчимд С.Бадамсанжаа, Т.Даш-Ориг нар согтуу орж ирсэн. Би шартсан байсан тул архи уугаагүй. С.Бадамсанжаа орж ирэхдээ “Мотоциклиос унасан” гээд зүүн хацар орчим халцарсан гэмээр байдалтай завж хэсгээс цус гарсан байсан. Тэд согтуурхаж надаас үг нэхэж байгаад гараад явсан. Би хэвтээд үлдсэн бөгөөд манай эгч н.Баярцэцэг намайг ирж авсан.

...2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн орчимд *******ыд эхнэр , хүүхдийн хамт байсан. ******* өөрөө байгаагүй. С.Бадамсанжаа, Т.Даш-Ориг нарыг тэднийд орж ирэхэд тэднийхэн хажуу айл Ганбаагийнд хоол идэхээр орсон байсан. Би эрүүл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

...Миний халааснаас хутга гарч ирээгүй, хэсгийн төлөөлөгч худал бичсэн байна.Би болсон явдлыг бүрэн санаж байна.

...Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр архи уугаагүй, харин урд өдөр нь хоёр шил архи уусан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 112-115/,

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Цагаатгах болон хөнгөрүүлэх нотлох баримт:

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-14/, гэрч ын тайлбар /хх-ийн 16/, гэрч гийн тайлбар /хх-ийн 17-18/, гэрч гийн тайлбар /19-20/, гэрч *******ийн тайлбар /хх-ийн 21/, гэрч гийн тайлбар /хх-ийн 22-23/, таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-27/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-30/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 31/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 32-36/, шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 109-110/ болон шүүгдэгч хувийн байдлын талаарх нотлох баримт зэрэг баримтууд болон:

Гэрч Б.Доржсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний дүү ******* нь “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Бага наснаасаа үндэсний бөхөд сонирхолтой барилддаг хүүхэд байсан. ******* нь архи дарс уугаагүй эрүүл үедээ энгийн ааштай. Сүүлийн үед архи уугаад түүнээсээ болоод унтаж чадахгүй, янз бүрийн зүйл яриад байх болсон. Улаанбаатар хотод шар хадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Садан төрлийнхөө дунд нэр хүнд гайгүй. Сүүлийн гурван жилийн хугацаанд барьсан тавьсан зүйлээ мартаад орон гаран болсон гэх мэдүүлэг. 1-р хх-ийн 64-65/,

Гэрч Д.Азбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

*******ийг аймгийн арслан цолтой гэдэг үүднээс танина. Би 2006 оноос бөхөөр хичээллэж байгаа. ******* нь сайн барилддаг, аймагт түрүүлж аймгийн арслан цол авч байсан. Сүүлийн үед архинд их орж, бөхөөр хичээллэхээ больсон. Огт барилдахгүй байгаа. Даруухан харьцаа сайтай гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 66-67/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* нь даруухан, сайхан ааштай хүүхэд байгаа юм. Сүүлийн үед архинд ороод ааш зан нь хувираад байгаа. Уухгүй байхаараа 2-3 сар болдог. ******* нэр хүнд сайтай, аймгийн арслан цолтой бөх. Тэрээр согтуу үедээ зүгээр яриад байдаг. Агсам согтуу тавиад байдаггүй ба байж байгаад унтаад өгдөг гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 69-70/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 сарын 06-ны өдрийн 39 дүгээр шинжээчийн:

“1. С.Бадамсанжаагийн биед завж, хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 76/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч эмч нарын магадлагаанд:

“1.******* нь сэтгэцийн хувьд Архины шалтгаант зан үйлийн эмгэгтэй.

Цаашид СЭМҮТөвд онош тодруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай.

2.******* нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөвийг тайлбарлах мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 82-83/,

Шинжээч эмч Ц.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

******* нь архины шалтгаант зан үйлийн эмгэгтэйн улмаас 2016 онд сэтгэцийн эмчийн хяналтад ороогүй байсан. 2017 оны Баянхонгор аймгийн Баянговь сумын эмч архины шалтгаант холбоотой зан үйлийн эмгэгтэй гэж хяналтад ирсэн. Одоо манай сэтгэцийн эмчийн хяналтад байгаа. 2016 оны 02 дугаар сард манай сэтгэцийн эмчийн хяналтад байгаагүй тул эрүүл гэсэн.

Одоо *******өд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай.. гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 84-88/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 301 дүгээр шинжээчийн:

“1.******* нь Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

2. ******* нь сэтгэцийн хувьд “ Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг”-тэй байна. Уг эмгэг нь архины шалтгаант олдмол эмгэг болно.

3. ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. *******өд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч М.Эрдэнэчимэг Ц.Цэцэгмаа, О.Батаа нарын *******ийн сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 226-228/,

Шинжээч эмч О.Батаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

******* нь үзлэгт биеийн байдал дунд зэрэг, болсон хэргийн талаар тодорхой ярьж байсан ба орон зай, цаг хугацааны баримжаа алдагдаагүй байсан. ******* нь согтууруулах ундааны зүйл нэг хэрэглэхээрээ олон хоног шунаж хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ авир муутай гэр ярьж байсан. Үзлэг хийж байхад ямар шалтгааны улмаас ******* гэрт очсон юм гэхэд архи горьдож очсон гэж ярьж байсан. Урьд өмнө нь архины хамааралтай сэтгэцийн хямралд орж сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилгээ хийлгэж байсан гэж ярьсан. Тэгэхээр ******* нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн. ******* нь архины шалтгаантай зан үйлийн эмгэгтэй гэж дүгнэсэн.

******* нь цаашид согтууруулах ундааны үйл хэрэглэсэн үедээ зан авирт нь өөрчлөлт гарч дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 170-172/,

Шинжээч эмч М.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

******* нь урьд өмнө нь мэдрэлийн тасагт архинаас шалтгаалан хэвтэж эмчлүүлж байсан. Шөнө унтахгүй дэмийрч байсан. Тухайн үед эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хотруу эмчилгээ хийлгэхээр явсан. ******* нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ба энэ түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж байгаа үг. ******* нь согтууруулах ундаа хэрэглэхдээ олон хоногоор донтон ууж, дэмийрэх зан авир гаргаж давтан гэмт хэрэг үйлдэх магадлалтай. Цаашид сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд архины эсрэг эмчилгээ хийх шаардлагатай гэж үзээд дүгнэлтэд тусгасан гэх мэдүүлэг./1-р хх-ийн 173-175/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын “Өргөн” 5 дугаар багийн нутагт оршин суух иргэн *******ы гэрт нь шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайран хохирогч С.Бадамсанжаагийн зүүн хацар тус газар нь хутгалж бие махбодид нь “Хөнгөн” гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 05-09/, хүний бие үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-13/, хохирогч С.Бадамсанжаагийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 14-15, 33-36, 54-55, 73/, гэрч ын тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 16, 56-57/, гэрч гийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 17-18, 45-47, 206-207/, гэрч гийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 19-20, 43-44/, гэрч *******ийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 21, 41-42/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 25-27/ , хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 28-30/, гэрч С.Энх-Амгалангийн мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/, гэрч Ц.Баттулгын мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/, гэрч Т.Даш-Оригийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53, 72/, гэрч *******ы мэдүүлэг /1-р хх-ийн 60-62/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 39 дүгээр шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 76/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаа /1-р хх-ийн 81-83/, гэрч Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 84-88/, шүүгдэгч *******ийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-115/, гэрч О.Батаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 171-172/,гэрч М.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 173-175/, гэрч Х.Энхбатын мэдүүлэг /1-р хх-ийн 208-211/, гэрч Н.Одончимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 212-215/, шүүх сэтгэц эмгэг судлалын 301 дүгээр дүгнэлт /1-р хх-ийн 226-228/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******өд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг согтуурлын байдалд байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын “Өргөн” 5 дугаар багийн нутагт оршин суух иргэн *******ы гэрт нь шалтгаангүйгээр бусдыг илтэд хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайран хохирогч С.Бадамсанжаагийн зүүн хацар тус газар нь хутгалж бие махбодид нь “Хөнгөн” гэмтэл учруулсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргалдахгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүхээс түүнд шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйлийг хэрэглэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ .

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Н.Нямаас: Миний үйлчлүүлэгчийн үйлдлийг хуучин Эрүүгийн хуулиар ял шийтгэж, хохирогч яллагдагчтай эвлэрсэн тул хуучин Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг тавьсан нь хуульзүйн үндэслэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж саналыг хүлээж авахаас татгалзав.

Харин шүүгдэгч *******өд шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэнэ...ялыг хүндрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” заалтыг хэрэглэж, түүний үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч С.Бадамсанжаа нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний таван ханатай иж бүрэн гэрийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19 см урттай хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нэг зуун хорин зургаан /126/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир нэг зуун хорин зургаан хоног /126/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******өд хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд зааснаар бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан байсан бөгөөд уг арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг долоон зуун хорин / 720 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун хорин зургаан / 126 / хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нэг зуун хорин зургаан / 126 / хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хассугай.    

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс чөлөөлсүгэй. 

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 19 см урттай хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ийн иж бүрэн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх таван ханатай гэрийг эзэмшигч *******өд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1, 14.2 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч *******өд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                  ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                     Д.БАТЦЭНГЭЛ