Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 679

 

МАГАДЛАЛ

 

2019.04.15                                                 Дугаар 679                                      Улаанбаатар хот

 

 

 

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00508 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЗБДС холбогдох,

 

29 615 586 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЗБДС нь ХБ наас олгож буй зарим зээлд баталгаа гарган оролцдог. ОӨ ХХК нь “ХБ ” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/201442241634 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлж авсан ба уг зээлийн 42,9 хувьд ЗБДС нь батлан даалт гаргасан. Тодруулбал, ОӨ ХХК-ийн “ХБ ” ХХК-иас зээлсэн 70 000 000 төгрөгийн зээл эргэн төлөгдөхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд уг зээлийн 42,9 хувьтай тэнцэх хэмжээг ЗБДС “ХБ ” ХХК-д төлөх юм. “ХБ ” ХХК, ОӨ ХХК, ЗБДС нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулагдсан. ОӨ ХХК нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээлийг төлөхгүй байгаа тул банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж үлдэгдэл төлбөрөө бүхэлд нь шаардсан. Улмаар зээлийн гэрээ цуцлагдаж зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэнээр ЗБДС гэрээгээр хүлээсэн зээлийн 42,9 хувьтай тэнцэх хэмжээний баталгааны үүргээ хүлээж төлбөрийг банкинд шилжүүлэх ёстой байтал хууль зүйн үндэслэлгүйгээр эс зөвшөөрч төлөхгүй гэсэн хариу өгөөд байна. ОӨ ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн 69 034 000 үлдэгдэлтэй байгаагаас 42,9 хувийг тооцож 29 615 586 төгрөг нэхэмжилж байгаа. “ХБ ” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээний 1.6, 3.1.2, 3.4.1-т заасныг үндэслэн батлан даагчаас үүргээ гүйцэтгэхыг шаардсан ч ЗБДС нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын үүрэг гүйцэтгэх тухай хүсэлтээ дахин гаргаж ирүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсэн юм. Гэтэл батлан даалтын гэрээний 1.6-д Батлан даагч нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. 3.1.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан нөхцөлд батлан даасан хувиар уг үүргийн биелэлтийг батлан даагчаас шаардах, 3.4.1-д Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, банк энэхүү гэрээний 1.6-т заасан арга хэмжээг авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийн энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар /42,9/ өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх гэж тохиролцсон. Талуудын дээрх тохиролцоо нь зээлдэгч хугацаа хэтэрч 90 хоног өнгөрсөн, банк зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх болон шаардах хуудас хүргүүлсэн бол урьдчилсан нөхцөл биелсэн гэж үзэж банк нь батлан даагчаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байхаар зохицуулсан ба барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны дараа батлан даалтын үүргээ биелүүлнэ гэсэн агуулга гэрээнд байхгүй. Батлан даалтын гэрээний агуулга нь банк уг төслийн зээлийг олгохдоо барьцаа хөрөнгө хангалттай хүрэлцээгүй зээлдэгч нарт барьцаа хөрөнгийн хүрэлцэхгүй хэсэгт нь ЗБДС батлан даахаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл зээлийн 42,9 хувьд батлан даалт, үлдэх хэсэгт барьцааны аргыг хэрэглэхээр зохицуулсан юм. Иймд, аль нэг аргыг нь эхлээд хэрэглэнэ, нөгөөхийг нь заавал дараа нь хэрэглэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Зээлийн гэрээний үлдэгдлээс 42,9 хувиар тооцохоор              29 615 586 төгрөг болж байгаа. Иймд, ЗБДС-гаас 29 615 586 төгрөг гаргуулж “ХБ ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ЗБДС нь “ХБ ” ХХК болон “ОӨ ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр БДГ/201442241637 тоот Батлан даалтын гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийн зээлийн 42,9 хувьд батлан даалт гаргасан. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч буюу “ХБ ” ХХК нь тодорхой нөхцөл байдлуудыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцөлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд, 1.6. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ., 3.2.3-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, 3.2.4-т энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлэх, 3.4.1-т Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд Зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх. Зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул ЗБДС-гаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж, талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл үнийн дүнгийн 42,9 хувь байна гэж заасан. “ХБ ” ХХК болон ОӨ ХХК-ийн асуудал шийдвэр гүйцэтгэлийн шатанд яваа гэж ойлгож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж ямар нэг шийдвэр гаргаагүй. Тиймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үндсэн зээлийн үлдэгдэл өөрчлөгдөнө. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд ЗБДС-гийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗБДС-гаас 29 615 586 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 028 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 22 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ОӨ ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд төлөхгүй удаа дараа үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар “ХБ ”   ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 519 дүгээр захирамжаар хэргийг шийдвэрлэсэн. Ийнхүү зээлдэгч зээл төлөх үүргээ зөрчсөн нөхцөл байдал маш тодорхой болж, маргаан шүүхээр шийдвэрлэгдэж дууссан байхад ЗБДС нь батлан даалтын гэрээний 1.6, 3.4.1-т заасан үүргээ гүйцэтгэхээс хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж, батлан даасан хувь хэмжээгээр хариуцлага хүлээхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Хавтаст хэрэгт шүүхийн тодорхойгүй гэж дүгнээд байгаа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг тодорхойлсон “Зээлийн дансны хуулга” авагдсан байгаа. Мөн хэрэгт авагдсан “Зээлийн бүртгэлийн карт”-аас ОӨ ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тусад нь тооцоолсон байгаа. Мөн ОӨ ХХК-иас шүүхийи журмаар зээлийн төлбөр гаргуулах үед нэхэмжлэлийн шаардлагад үндсэн зээлд 70 000 000 төгрөг, хүү 1 260 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147 төгрөг, нийт 71 260 813 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаас тодорхой харагдана. Тэгэхээр тухайн үед үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийлээд 1 260 814 төгрөг болж байна. Зээлдэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш дээрх 71 260 813 төгрөгөөс эхлээд хүүгээ бүхэлд нь, дараа нь үндсэн зээлийн тодорхой хэсгийг телсөн учраас үндсэн зээлд 69 034 000 төгрөг үлдэж байгаа. Гэтэл уг дүнгээс батлан даалтын гэрээний дагуу 42.9 хувиар тооцож 29 615 586 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүх хэрэв шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу өөрийн санаачилгаар хэрэгтэй нотлох баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хэргийн тодорхойгүй гэж үзээд байгаа үйл баримтыг тодруулж болох байсан. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК нь хариуцагч ЗБДС-гаас гэрээний 42.9 хувь буюу 29 615 586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч ХБ  ХХК нь ОӨ ХХК, иргэн Г.Ж нартай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/201442241634 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр БГҮ/201442241634 дугаартай барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, мөн өдөр “ХБ ” ХХК, “О ” ХХК, ЗБДС-гийн хооронд №БДГ/201442241637 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Булаг Өлзийт 11 гудамж, 07 тоотод байрлах, 264 м.кв үнээний фермийн зориулалттай объект, 144 м.кв тахианы аж ахуйн зориулалттай объект, 1350 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, 1100 ширхэг өндөглөгч тахиа, Nissan X-Trail маркийн суудлын автомашин тус тус барьцаалсан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БГҮ/201442241634 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.                

/хх-10-14/

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болоогүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Зээлдүүлэгч “ХБ ” ХХК, зээлдэгч ОӨ ХХК, батлан даагч ЗБДС-гийн хооронд хийгдсэн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр БДГ/201442241637 дугаартай Батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзсэн нь зөв байна. /хх-15-17/ Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “ХБ ” ХХК нь ОӨ ХХК, иргэн Г.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээнийн үүргийн гүйцэтгэлд 71 274 813 төгрөгийг гаргуулахаар Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 519 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон байна.  

/хх-58-59, 62-98/

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн үүргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 69 034 000 төгрөг гэж тодорхойлж, батлан даалтын гэрээний дагуу уг мөнгөний 42.9 хувь буюу 29 615 586 төгрөгийг ЗБДС-гаас гаргуулахаар шаардсан бөгөөд “ХБ ” ХХК, “О ” ХХК, ЗБДС-гийн хооронд №БДГ/201442241637 тоот батлан даалтын гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр зохицуулжээ.

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээнд батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг зааж, уг заасан хэмжээгээр хариуцлага хүлээлгэх журамтай.

Зээлдэгч ОӨ ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч удаа дараа шаардсан, зээл төлөгдөөгүйгээс зээлдүүлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэсэн ба 69 034 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагч нь хуулийн дээрх заалтын дагуу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй.

Батлан даалтын гэрээний 1.4-д батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 42.9 хувь байна гэж заасан тул хариуцагч ЗБДС-гаас 29 615 586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д олгох үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдлийг 65 000 000 төгрөгөөр тооцоход татгалзах зүйлгүй гэсэн тул энэ дүнгээс гэрээнд заасан хувиар бодож 27 885 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 458 дүгээр зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗБДС-гаас 27 885 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д олгож, үлдэх 1 730 586 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...гаргуулан” гэсний дараа “хариуцагч ЗБДС-гаас 306 028 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБ ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 028 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                  ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

        М.НАРАНЦЭЦЭГ