| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0329/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/302 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0329/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б ,
улсын яллагч Э.У
шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч П.Б
хохирогч, шүүгдэгч Г.Х түүний өмгөөлөгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000422 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С овогт Ц ийн М, (РД:*******), 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ** дугаар *-* дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Б овогт Г-ын Х, (РД:*******), 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд, төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ** дүгээр баг **-*** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Оргил” худалдааны төвийн урд зогсоол дээр Г.Х-тэй маргалдан, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ** багт үйл ажиллагаа явуулах “Оргил” худалдааны төвийн урд Ц.М-йн жолоодож явсан иргэн Д.А-ийн эзэмшлийн **-** ДАХ улсын дугаартай Хьюндай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, капут, баруун хаалга зэргийг эд зүйлээр цохиж гэмтээн 700,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчим такси үйлчилгээ эрхэлж байхдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мелодия караокений урд зам дээр зогсож байсан Г.Х , Б.Г нарыг авсан. Тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Х нь Дархан сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулах “Оргил” худалдааны төвийн харалдаа явж байхдаа “хөгжмөө чангал” гэж дахин дахин хэлж жолоочтой маргалдсан байна.
Улмаар Ц.М “хөгжим чанга тавих гэлээ, машинаас буусангүй” гэх шалтгаанаар иргэн Г.Х-тэй маргалдаж, түүнийг татаж буулган нүүр хэсэгт 2 удаа цохиж, баруун дээд 1, зүүн дээд 2, зүүн доод 3-р шүдний булгарал, доод уруулын салстад язарсан шарх, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Х-т нь согтуурсан үедээ “намайг цохиж, зодлоо” гэх шалтгааны улмаас иргэн Ц.М-тэй маргалдаж, түүний жолоодож явсан иргэн Д.А-гийн эзэмшлийн **-** ДАХ улсын дугаартай Хьюндай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, капут, баруун хаалга зэргийг чулуугаар цохин эвдэж 700,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...90****** дугаарын гар утаснаас гаргасан “Дархан сумын *-р багт байрлах “Оргил” худалдааны төвийн харалдаа урд зам дээр хоёр согтуу хүн намайг зодох гээд байна.” гэх гэмт хэргийн талаарх ...харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан мэдээллийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05 цаг 21 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 10 дахь тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...уг тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун талд 30 см радиустай хэмжээтэй цууралт, зүүн талд 40 см радиус хэмжээтэй цууралт тус тус үүсэж дотогшоо хонхойж орсон, мөн капутны баруун гол хэсэгт 40см х 30см хэмжээтэй газарт цагаан өнгийн зурагдсан сэв тогтсон, баруун урд хаалганы гадна бариулны урд дээд хэсэгт 0.5 см хэмжээтэй хонхорхой үүссэн байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав. (хавтаст хэргийн 12-14 дэх тал),
Г.Х-ийн хохирогчоор өгсөн: “...Мелодия караоке бааранд хоёулаа ороод 8 шил сөжү, 8 шил пиво аваад хувааж уусан. Тэгээд караоке баарнаас шөнийн 01 цаг нэлээн өнгөрч гараад такси бариад гэр рүүгээ явсан. Тэгээд аюулгүйн тойрог өгсөөд явж байхад таксины жолоочийг хөгжмөө жаахан чангалчих гэж хэлэхэд жолооч хөгжмөө бага зэрэг чангалсан. Тэгэхээр нь би дахиад нэмээд чангалчих гэж хэлэхэд үүнээс илүү хөгжим чангалахгүй гэж хэлсэн. Тухайн үед би машины хойд талын суудлын баруун талд нь суугаад Г хойд суудал голлож суугаад жолоочтой юм яриад яваад байсан.
Тэгээд нэг мэдэхэд Г-ийг цохиод авах шиг болсон. Тухайн жолоочийн хажуугийн урд суудал дээр 20 орчим насны жаахан залуу суучихсан жолоочтой хамт явж байсан юм. Тэгээд Оргил худалдааны төвийн урд байрлах автобусны зогсоол руу ороод машинаа зогсоочхоод жолооч нь бууж ирээд баруун талын хойд талын хаалгыг онгойлгоод намайг машинаас татаж буулгаж ирээд нүүр рүү цохисон. Тэгэхэд нь би хойшоогоо саваад асфальтан зам дээр уначихсан. Тэгээд босоод ирэхэд миний амнаас цус гараад байсан. Үүдэн шүднүүдээ хэлээрээ мэдрэхэд уначихсан байсан ба юм ярихад эвгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би жолооч залууд хандан чи миний шүднүүдийг унагаачихлаа ш дээ гэж хэлэхэд тэр машинаа тойроод ирэхгүй зугтаагаад байсан. Би замын хажууд байсан чулуу аваад машиныхан урд салхины шилийг хоёр удаа цохиж хагалсан. Мөн копутан дээр нь чулуугаа шидсэн. ... Би жолооч болон хамт явсан залуугийн биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн таксины жолооч намайг хөгжим чанга тавь гэсэн шалтгаанаар намайг машинаасаа хөөж буулгах гэхэд нь би буухгүй эсэргүүцсэнээс болоод миний биед тухайн жолооч халдаж нүүр рүү цохиж миний баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 2 дугаар шүд, зүүн доод 3 дугаар шүдийг хуга цохиж гэмтээсэн. Тухайн үед миний доод уруул дотор талдаа язарсан. Би согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэчихсэн байсан болохоор зарим болсон дутуу санаад байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
Хохирогч Д.А-ийн өгсөн: “...Би тухайн шинжээчийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцсан.Тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээр гэм буруутай тооцогдсон этгээдээс тухайн мөнгөө нэхэмжилнэ. Би өөрийн эзэмшлийн **-** ДАХ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслээ өөрийн охин, хүргэн хүү хоёртоо унаж байгаарай гээд түр унуулж, хэрэглүүлж байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Гэрч Б.Ө-ын өгсөн: “...Оргил худалдааны төвийн урд байрлах авто машин зогсдог карманд орж зогсоод “чи яасан төвөгтэй залуу бэ, одоо буу” гэж хэлэхэд махлаг биетэй ах буугаад зүүн талын урд хаалгыг онгойлгоод ахыг татаж чангаагаад гараараа нүүр рүү нь цохиход ах машинаасаа буугаад нөгөө ахын хацар руу алгадсан. ...М ах нөгөө махлаг биетэй ахыг газар унагаагаад нүүр рүү нь хоёр удаа нэлээн хүчтэй зүүн гараараа цохиод салсан. Тэгээд махлаг биетэй ах үерийн суваг руу өөрөө явж орчхоод гарч ирэхгүй 2-3 минут байж байснаа миний шүд яасан бэ гэж хэлээд орилж гарч ирээд замын хажууд байсан том чулуу аваад М ахын машины урд салхины шилийг хоёр удаа цохиж хагалаад, капутан дээр чулуугаараа нэг удаа цохисон. Мөн ахын машины баруун урд хаалгыг гаднаас нь өшиглөсөн. Тэгэхэд М ах намайг ахын дүү замын нөгөө талд гарахгүй бол чамайг эд нар зодно шүү гэж хэлэхээр нь би замын нөгөө талд гараад байж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
Гэрч Б.Г-ийн өгсөн: “...Нэг мэдэхэд дүүжин гүүрний тэр хавьд ирээд машин зогсчихсон. Би гадаа өвдөглөөд бөөлжөөд сууж байхад Х андаа шүд байхгүй болчихлоо гээд орилоод байсан. Тэгээд Х миний шүд байхгүй болчихлоо гээд нэлээн орилж байснаа хаанаас юм чулуу олж ирээд машиныг цохиод байх шиг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 494 дугаартай : “...Г.Х-ийн биед баруун дээд 1, зүүн дээд 2, зүүн доод 3-р шүдний булгарал, доод уруулын дотор салстад язарсан шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 11.52.2-д зааснаар 10 хувь тогтонги алдагдуулна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 195 дугаартай : “...Ц.М биед зүүн сарвууны 4-р хурууны 3-р үенд язарсан шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
Шинжээч Г.Г-ийн өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр биед үзлэг хийсэн. Зүүн сарвууны 4-р хурууны 3-р үенд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн сарвууны 4-р хурууны 3-р үенд язарсан шарх гэмтэл нь цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),
Д.А -ийг хохирогчоор тогтоосон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/328 дугаартай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 208-209 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1206 дугаартай “...Д.А-ийн сэтгэцэд хор уршиг учраагүй байна, Д.А-гийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 235-237 дахь тал),
“А” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 913 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр шууд болон шууд бус зардлын дүн нийт 700,000 төгрөг.” гэх тайлан (хавтаст хэргийн 59-60 дахь тал),
Шүүгдэгч Г.Х -ийн яллагдагчаар өгсөн: “...Оргил худалдааны төвийн урд байрлах автобусны зогсоол руу ороод машинаа зогсоочхоод жолооч нь бууж ирээд баруун талын хойд талын хаалгыг онгойлгоод намайг машинаас татаж буулгаж ирээд миний нүүр рүү цохисон. Тэгэхэд нь би хойш саваад асфальт зам дээр уначихсан. Тэгээд босоод ирэхэд миний амнаас цус гараад байсан. Тэгээд үүдэн шүднүүдээ хэлээрээ мэдрэхэд уначихсан байсан ба юм ярихад эвгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би жолооч залууд хандан чи миний шүднүүдийг унагачихлаа шүү дээ гэж хэлэхэд жолооч залуу машинаа тойроод над дээр ирэхгүй зугтаад байсан. Тэгээд би замын хажууд байсан чулуу аваад машины урд салхины шилийг хоёр удаа цохиж хагалсан, мөн копутан дээр нь чулуугаа шидэж машиныг нь эвдэж гэмтээсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),
Шүүгдэгч Ц.М-ийн яллагдагчаар өгсөн: “...Х гэх залуу нь гартаа лаазтай пиво барьчихсан уугаад явж байсан. Машинд суухаасаа эхлээд хөгжмөө чангал гэхэд нь би хөгжмөө чангалсан. Тэгээд өшөө чангал хөөе гээд миний баруун мөрөн дээрээс хувцаснаас татсан. Би хөгжмөө хамгийн чанга дээрээ тавьсан байсан. Үүнээс илүү чангалах боломжгүй гэж хэлэхэд өшөө чангал гээд нэлээн зандрангуй хэлээд байсан. Тэгэхээр нь би Оргил худалдааны төвийн автобусны буудал руу машинаа оруулж зогсоогоод “та хоёр энд буугаад, өөр машинд суугаад явчхаарай” гэж хэлсэн. Гэтэл Х гэх залуу баруун хойд хаалгаар бууж ирээд жолоочийн хаалгыг гаднаас онгойлгоод миний нүүрэн тус газарт цохисон. Тэгээд би машинаас буухад миний өөдөөс Х ууж байсан лаазтай пиво оо цацаад, баруун гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиход нь би Х-ийн зүүн хацар руу алгадахад Х газар уначихсан. ...Х намайг барьж аваад надтай зууралдаад байхаар нь би зугтах гэж оролдоод Х өөрөө миний цамцнаас зууралдаад газар унаад өгсөн. Тэгэхээр нь би Х-ийг нэг удаа алгадчихсан. ...Х над руу чулуу шидэх гээд газраас хайж байхдаа үерийн ус зайлуулах жалга руу уначихсан. Тэгээд жалган дотроо хэсэг сууж байгаад босоод жалганаас гарч ирэхдээ миний шүднүүд байхгүй байна шүү дээ гээд орилж байснаа нэлээн том чулуу аваад машины урд салхины шил дээр хоёр удаа шидэж хагалаад, дараа нь копут дээр нэг удаа тухайн чулуугаа шидэхэд чулуу бутарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х болон түүний өмгөөлөгч Л.Ц нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч Ц.М түүний өмгөөлөгч П.Б гэм буруугүй учир, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэлүүлэг, дүгнэлт:
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байна. Г.Х нь тухайн үед үерийн ус зайлуулах шуудуу руу унаад гарч ирсэн. Г.Х нь “үерийн ус зайлуулах шуудууг зогсоолоос 40-50 метрийн зайтай байдаг” гэж хэлсэн. Гэвч ус зайлуулах шуудуу нь зогсоолоос 2-3 метрийн зайд байдаг. ... Би хамт явж байсан дүүгээ ажлаас нь очиж авсан. Тэгээд харьж явах замд 2 хүн байсан болохоор авч явсан. Шөнө байсан тул унаа олдохгүй байх гэж бодоод тухайн хүмүүсийг авсан гэв. ... Хээтэй хорооллын завсрын буудлаас эхлээд намайг хөгжмөө чангал гэж хэлээд дүүжин гүүр хүртэл тухайн яриаг ярьсаар байсан. Тухайн үед миний дуртай дуу явж байсан болохоор би хөгжмөө тултал нь чангалсан. Гэтэл дахиад чангал гээд машин барьж явж байхад хойноос 2-3 удаа татаж чангаасан учир би Оргил худалдааны төвийн зогсоолд зогссон. Тэгээд тэр хоёр хүнийг өөр машинд суучих гэж хэлсэн чинь машины хаалга онгойлгоод намайг цохисон. ... Би Г.Х-ийг баруун гараараа алгадсан. ... Би Г.Х-ийг алгадахад Г.Х хойш унасан. Тэгээд би машиндаа суух гэтэл Г гэх найз нь намайг явуулаагүй. Тэр хооронд Г.Х босож ирээд намайг зүүн гараараа цохиж, дараа нь пиво барьсан байсан баруун гараараа миний нүүрэн тус газар цохисон. Тэгээд Г.Х намайг заамдсан тул би тавиулах гээд зүүн гараараа 2 удаа алгадсан. ...Г.Х намайг пивотой гараараа цохиход нь би гараараа хаасан. Тэр үед гэмтсэн байх гэж бодож байна. Намайг тавингуут би зугтаасан. Гэтэл Г.Х чулуу хайж гүйгээд зогсоолоос 2-3 метрийн зайд байсан шуудуу руу гүйж ороод 2-3 минутын дараа гарч ирсэн гэв.
Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би баарнаас гарахдаа пиво барьж гарч ирээгүй. Ц.М-ийн машины дуу маш сул байсан тул хөгжмөө чангал гэж хэлсэн. Би Ц.М-ийн биед нэг ч гар хүрээгүй. Харин Ц.М манай найзыг хөөгөөд гүйж байсан бичлэг байгаа. Намайг ус зайлуулах даланруу унасан гэж Ц.М хэлээд байна. Тийм зүйл болоогүй. Хэрэв би ус зайлуулах даланруу унасан бол миний нүүр, арьс шалбарч, зулгарах байсан байх. Ц.М намайг нэг удаа цохиод би унагасан юм шиг байна лээ. Унасан хойно намайг 2 удаа цохисон. Ц.М миний шүдэнд гараа гэмтээсэн. ... Би Ц.М -ийг зугтчих байх гэж бодоод машиныг нь цохисон гэв. ...Би жолоочийн эсрэг талд арын суудал дээр сууж байсан, Г голд нь сууж байсан. Араас нь татаж чангаах юм болоогүй гэв. ...Намайг машинаас буу гээд байсан. Би нэгэнт машинд суусан тул хүргүүлнэ гээд суугаад байсан. Гэтэл Ц.М бууж ирээд намайг хүчээр буулгаад цохиход би хойш савж унасан. Тэгээд босоод ирэхэд миний амнаас цус гарсан байсан. Тэгээд би уурандаа чулуугаар машиныг нь цохисон” гэж мэдүүлэв.
Улсын яллагч Э.У : Шүүгдэгч Г.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна.
Шүүгдэгч Ц.М болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн тал дээр маргаж байгаа боловч шинжээчийн дүгнэлт болон хэргийн нөхцөл байдал, гэрч нарын мэдүүлэг зэргээс харахад Ц.М-ийн гэмт хэрэг үйлдсэн болохыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Г.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр, иргэний нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтаа цуглуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна.
Шүүгдэгч Г.Х нь бусдын эд хөргийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргадаггүй бөгөөд бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болохыг дурдаж байна. Шүүгдэгч Г.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч П.Б: Шүүгдэгч Ц.М-ийн үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь харилцан эсрэг мэдүүлэг өгдөг. Шүүгдэгч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэвч Ц.М-ийн мэдүүлэг давхар гэрч Ө-ын мэдүүлгээр нотлогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.М-ийн мэдүүлэг давхар тогтоогдож байгаа учир үнэлэх боломжтой. Мөн гэрч Ө-ын мэдүүлгийг ч дангаар нь үнэлэх боломжтой. Гэрч Ө нь хэргийн бодит нөхцөл байдлыг тухайн үйл явдал болсон шөнөдөө, тодорхой мэдүүлдэг. Түүний мэдүүлэгт: “2 согтуу хүн пиво бариад суусан, тэгээд жолоочийг хөгжим чангал гэхэд жолооч хөгжим чангалахад дахиад чангал гээд амандаа үглээд байсан. Хамт явсан хүн нь үглээд байсан хүнийг аргалаад дугуй болгоод байсан. Гэтэл жолооч “Оргил” худалдааны төвийн зогсоолд зогсоод “чи ямар төвөгтэй залуу вэ, өөр машинд суугаад яв” гэж хэлсэн” хэмээн мэдүүлсэн байдаг. Ц.М нь жолооч хүний хувьд зүй ёсны шаардлага тавьсан. Гэтэл Г.Х машинаас бууж Ц.М-ийг сууж байхад нь зууралдаад цохиж авсан буюу Г.Х-ийн зүгээс довтолгоо эхэлсэн. Тэгээд Ц.М машинаас бууж ирээд Г.Х-ийг алгадахад цаанаас нь Г нэмэгдэж орсон байдаг. Мөрдөн байцаалтын шатанд “Ц.М ахыг заамдаж бариад Г.Х нүүррүү нь гараараа цохиод байсан. Тэгтэл Ц.М ах махлаг биетэй ахыг газар унагаагаад нүүр рүү нь зүүн гараараа нэлээн хүчтэй цохиод салсан” гэж Өсөхбаяр тодорхой мэдүүлдэг. Довтолгоо Г.Х-ээс эхэлж Ганзориг нэмэгдсэн байдаг. Тухайн үед довтолгоо эхэлсэн байсан бөгөөд дуусаагүй, үргэлжилж байх хугацаанд Г.Х-ийг цохисон. Тэгэхээр Ц.М нь хоёр хүний эсрэг аргагүй хамгаалалт хийсэн учир түүнийг цагаатгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Г.Х-ийн хохирол төлбөрийн тухайд баримтаар тогтоогдоогүй. Баримтаар нотлогдсон хохирлыг Ц.М төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлын тухайд Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын дагуу хүснэгтээр тооцож ирүүлсэн. Гэвч энэ нь хохирогч Г.Х-д сэтгэл санааны хохирол учирсан эсэх, хэрэв учирсан бол ямар эмчилгээ шаардлагатай гэдгийг тогтоосон зүйл байхгүй учраас шинжээчээр тодорхойлуулж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.М-ийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч Л.Ц: “Шүүгдэгч Г.Х нь бусдын эд хөрөнгийг гэмтээсэн болохоо хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн. Гэм буруугийн тал дээр маргахгүй, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Шүүгдэгч Ц.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, Г.Х-ийн шүдийг гэмтээгээгүй гэж маргадаг боловч хэргийн нөхцөл байдлаас харахад Ц.М-ийн үйлдлээс болж Г.Х-д хохирол учирсан болох нь тодорхой байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр Г.Х-ийн 1 шүд унаж, 2 шүд хугарсан талаар дурдсан байдаг. Хэрвээ жалганд унасан бол арьсны гадна талд шалбарч, зулгарсан гэмтэл үүсэх ёстой. Гэтэл Г.Х-ийн арьсны гадна талд ямар ч гэмтэл тогтоогдоогүй. Мөн Ц.М гараараа цохисны улмаас Г.Х-ийн шүд унасны нотолгоо бол Ц.М-ийн гар гадна талдаа гэмтэл үүссэн тухай шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Хохирогчийн хувьд Г.Х нь хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд Ц.М 120,000 төгрөг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг тухайн үед мөрдөгч тодорхойлдог байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эргэн төлүүлэх, тооцох аргачлалд зааснаар тооцож 8,573,400 төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүгдэгч Г.Х бол бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэм буруутай, маргах зүйл байхгүй гэв.
1.4. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.5. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.М нь Г.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл, шүүгдэгч Г.Х нь Д.А-ийн эзэмшлийн **-** ДАХ улсын дугаартай Хьюндай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохисон үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, хүсч үйлдсэн, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийн эрхэд халдан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг тус тус санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэрч Г.Ө-ын мэдүүлэг, Ц.М-ийн мэдүүлэг хоорондоо таарч байна. Довтолгоо хохирогчоос эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинж байгаа учир хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч Г.Х нь Ц.М-ий амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар түрүүлж довтолсон гэх үйл баримт тогтоодохгүй байгаа тул шүүгдэгч Ц.М-ийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.
Шүүгдэгч Ц.М нь хохирогч Г.Х-ийг “машинаас түрүүлж бууж ирээд машины хаалга нээж намайг цохисон, би өөрийгөө хамгаалж түүнийг 2 удаа алгадсан, шүүдээ өөрөө унаад гэмтээсэн” гэх байдлаар мэдүүлж, өөрийн үйлдлээ нууж, гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Нөгөө талаар дээрх хуульд зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, худал мэдүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээх бөгөөд шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон болно.
Хавтаст хэрэгт Ц.М-ийн эрүүл мэндэд ... цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой, зүүн сарвууны 4-р хурууны 3-р үенд гадна язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэвч гэрч Г.Ө “Ц.М нь зүүн гараараа Г.Х-ийг нэлээн хүчтэй 2 удаа цохисон” талаар мэдүүлсэн. Ц.М-ийн дээрх гэмтэл нь зүүн гараараа Г.Х-ийн шүд рүү цохих үед үүссэн гэмтэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.М-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч Г.Х учруулсан гэж үндэслэлгүй ба өөрийн үйлдлийн улмаас биед нь гэмтэл учирсан гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.М -ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Г.Х-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Ц.М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Г.Х-ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Г.Х-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.А-ийн эд хөрөнгөд 700,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Ц.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.
Хохирогч Г.Х-ээс Харзтай эмнэлэгт үзүүлж, томографт харуулахад 120,000 төгрөг, 1 шүд хийлгэх төлбөр 2,800,000 төгрөг, нийт 3 шүд 8,400,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг тооцох аргачлалын 2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 12,99 дахин тооцож 8,573,400 төгрөг. Нийт 17,093,400 төгрөг нэхэмжилсэн.
Үүнээс шүдний рентгэн зураг авхуулсны төлбөр 100,000 төгрөг, үзлэгийн төлбөр 20.000 төгрөг, нийт 120.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн баримтаар нотлогдож байна.
Хохирогч Д.А нь 700,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.Х төлсөн болох нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус зааснаар хохирогч Г.Х нь хэдийгээр “...имплантад суурилсан 3 шүд хийлгэхэд 8,400,000 төгрөг болно” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан боловч дээрх эмчилгээг бодитоор хийлгээгүй байх тул шүүх урьдчилан тооцож дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэх нь учир дутагдалтай байна.
Мөн хохирогч Г.Х-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа тул түүний имплантад суурилсан 3 шүд хийлгэх 8,400,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.М-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Д.А нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын дүгнэлт
Улсын яллагч: ... Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй гэж үзэж байна гэх саналыг,
Шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч: Шүүгдэгч Г.Х нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч нь хувиараа бизнес эрхэлдэг, мөн хот хооронд явж унасан шүдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа учраас улсын яллагчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал зохимжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч: Хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн. Яллах болон өмгөөлөх талын дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэж дурдагдаж байна. Тэгэхээр энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Ц.М нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн цагдаад дуудлага өгсөн. Иймд Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтуудад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан. Ц.М нь замын ажил хийдэг тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал ажил хийх боломжгүй нөхцөл байдал бий болох тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх санал, тайлбарыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч Ц.М, Г.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Х-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79, 81-84 дэх тал), шүүгдэгч Ц.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88, 90-95 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар тэдний хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Г.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Г.Х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ц-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Г-ын Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ийг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ийг 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 225,000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөгөөр, шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус зааснаар хохирогч Г.Х нь 3 шүд хийлгэх 8,400,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээ гаргуулан холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.М-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ц.М, Г.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.М, Г.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН