| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2022/00384/И |
| Дугаар | 181/ШШ2022/00787 |
| Огноо | 2022-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2022/00787
| 2022 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 181/ШШ2022/00787 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Г.Орхонтуул -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 130.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов. Хариуцагч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь Г.Орхонтуулаас зээлийн гэрээний үүрэгт 130.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Г.Орхонтуулын хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулж, 53.950.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 16 сарын хугацаагаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлийн гэрээний 2-т заасны дагуу хариуцагч зээлийн хүүг сар бүрийн 05-ны дотор төлөх, зээлийн үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөхөөр тохирсон болно. ******* 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн хүсэлтийн дагуу Гэрэлтжин ХХК-ийн Хаан банк дахь төгрөгийн 5038206633 тоот данс руу 53.950.000 төгрөг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болно. Хариуцагч зээл авснаас хойш нэг ч удаа зээлийн хүү төлөөгүй бөгөөд эхнэртэйгээ таарамж муу байгаагаас болоод ажил явахгүй, орлого ашиггүй учраас зээл төлж чадахгүй байна, удахгүй төлнө гэсээр яваад зээл төлөх хугацаа дууссан. Зээлийн хугацаа дуусахад хариуцагч зээл төлөх хугацааг дахин сунгах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч энэ саналыг хүлээж аваагүй, зээл, зээлийн хүүг даруй төлөхийг шаардсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр огт төлөөгүй. Зээлийн гэрээний 3-т зээлийг хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Зээл төлөх хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 125 хоног өнгөрсөн бөгөөд алдангийг тооцоолбол 60.693.750 төгрөг болж байх тул Иргэний хуульд нийцүүлэн алданги 48.555.000 төгрөг болно. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 53.950.000 төгрөг, хүү 43.160.000 төгрөг, алданги 48.555.000 төгрөг нийт 145.665.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс алдангиа 32.890.000 төгрөг болгон багасгаж нийт 130.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн барьцаа болгох үүднээс орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр түр шилжүүлсэн байгаа болно гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг ирүүлсэн. Үүнд: Миний бие *******тэй 2020 оны 5 дугаар сарын 05-нд 53.950.000 төгрөгийг 16 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Ажил амьдралын боломж тааруу байсан учир төлөх боломжгүй явсаар өндийг хүрлээ. Үндсэн мөнгийг хүүтэй нь төлж алдангийг нь тохиролцох хүсэлтэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга, Г.Орхонтуулын гараар бичсэн хүсэлт, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Г.Орхонтуулаас зээлийн гэрээний үүрэгт 145.665.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч шаардлагаа үндсэн зээл 53.950.000 төгрөг, хүү 43.160.000 төгрөг, алданги 32.890.000 төгрөг нийт 130.000.000 төгрөг болгон багасгаж байх тул шүүх багасгасан шаардлагын хүрээгээр тооцон шийдвэрлэх нь зүйтэй.
1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул зээл, хүү, алданги гаргуулна гэж тайлбарласан.
2.Хариуцагч дараах тайлбарыг ирүүлсэн. Үүнд: мөнгөн хөрөнгийг авсанд маргаагүй ч төлөх боломжгүй байснаас төлж чадаагүй гэж тайлбарласан.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэг талаас *******, нөгөө талаас*******нар нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч нь 53.950.000 төгрөгийг 16 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 5 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр тохиролцож Зээлийн гэрээ-г байгуулжээ.
3.2.Гэрээний 5-д мөнгөн хөрөнгийг Гэрэлтжин ХХК-ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэх-ээр тухайлан заасан, зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг гэрээнд тусгасан уг данс руу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөө шилжүүлсэн, хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй болно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох-оор заасан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч зээлийг буцаан шаардах эрхтэй байна.
4. Гэрээнд нэг сарын хүү 5 хувь байхаар, түүнчлэн алданги 0,5 хувь байхаар тус тус заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэгч үндсэн зээл 53.950.000 төгрөг, хүү 43.160.000 төгрөг, алданги 32.890.000 төгрөг нийт 130.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Гэвч Монгол Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар 141 дүгээр зүйл.Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ гэсэн дэд зүйлийг нэмсэн, үүнээс 141 дүгээр зүйлийн 141.1-д зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0,2 хувиар хэтрүүлэхгүй тооцно гэж, мөн зүйлийн 141.4-д Зээлдэгч энэ хуулийн 141.1, 141.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй гэж заасан, түүнчлэн хуульд оруулсан дээрх нэмэлт 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр тус тус заажээ.
Иймд хэдийгээр талууд гэрээгээр тохиролцсон ч шүүх хуулийн дээрх зохицуулалтын дагуу 16 сараас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойшхи сүүлийн 9 сард нэг сарын хүүг 3 хувь болгон бууруулж тооцох нь зүйтэй. Ийнхүү тооцвол хариуцагчийн төлбөл зохих хүү нийтдээ 34.449.000 төгрөг байх тул энэ хэсгээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
/53.950.000 төгрөг *5%=нэг сард 2.697.500* эхний 7 сар = 18.882.500 төгрөг, 53.950.000 төгрөг*3% = нэг сард 1.618.500* сүүлийн 9 сар = 14.566.500 төгрөг/
5.Нэхэмжлэгч алдангийг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх 125 хоногт 0,5 хувиар тооцон нэхэмжилсэн гэж тайлбарласан.
Шүүх хуулийн дээрх зохицуулалтын дагуу алдангийн хэмжээг хоногийн 0,2 хувиар бууруулж тооцвол 22.099.750 төгрөг байна. /төлбөл зохих 53.950.000+34.449.000=88.399.000 *0,2%=176.798 төгрөг*125 хоног/
Хариуцагч бичгээр ирүүлсэн тайлбартаа ажил амьдрал тааруу байснаас төлж чадаагүй, алдангийг тохиролцох хэмээн алдангийг эс зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас алдангийг багасгах боломжтой талаар тайлбарласан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул шүүх талуудын тайлбар болоод хэргийн нөхцлийг харгалзан үзэж хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг 15 хувь болгож бууруулан тооцож 3.314.963 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас нийт 91.713.963 төгрөг /үндсэн зээл 53.950.000+ хүү 34.449.000 + алданги 3.314.963/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэж баримтаар баталгаажуулсан боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг шүүхээс хангаж 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж байсан тул нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан Г.Орхонтуулаас 91.713.963 /ерэн нэгэн сая долоон зуун арван гурван мянга есөн зуун жаран гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 38.286.037 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 886.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 616.520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ