| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/131 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/131
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Б.Т,
Нарийн бичгийн дарга А.Наранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт Т овгийн Б-ийн Т-т холбогдох 2528001530167 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.А-ийн хөл рүү нь хоёр удаа өшиглөх, гараараа нүүр, хацар хэсэг рүү нь алгадах зэргээр цохиж зодсон,
мөн 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр тухайн гэртээ Ч.А-ийн гуя руу нь 2 удаа өшиглөж зодсон,
2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө мөн дээрх гэртээ хардалтаас шалтгаалан хоёр гараараа Ч.А-ийн нуруу руу нь түлхэж, хоолойноос нь багалзуурдаж бие эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Т-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь ярьсан мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2025 оны 05 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнийн 03 цагийн үед Даланзадгад сум 6 дугаар багийн нутагт байрлах Баян булгийн 5-2 тоотод Т согтуу архи уучихсан байдал онгойлгоод намайг харснаа “гичий чинь гараад ир” гэж хэлсэн. Миний нуруу руу түлхэж аваад жижиг өрөөнд оруулаад гараараа миний хоолойноос багалзуурдаж ...хоёр гараараа ....намайг ална гээд боох гээд дайраад байсан. Өмнө нь манай нөхөр Т нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр өглөө 07 цагийн үед намайг буйдан дээр сууж байхад хөлөөрөө миний хоёр хөл рүү өшиглөж, хоёр гараараа миний хоёр хацар луу алгадаж аваад, гараа атгаж байгаад миний баруун нүдний дээд талд цохиж авсан. Тухайн үед мин миний баруун талын нүд хөхөрч хавдсан байсан. Тэгээд тэр шөнө 02 цагийн үед гэрээс гарч явчихаад удаагүй архи ууж ирчихээд намайг дахиад жижиг өрөөнд оруулж зодож миний баруун талын гар, хөлийг хөхрүүлсэн. ... Мөн 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр байх намайг гэртээ амарч байхад шөнийн 02-03 цагийн үед архи уусан согтуу гэртээ ирээд ирээд намайг дуудаж жижиг өрөөнд дагуулж оруулаад хөлийнхөө өсгийгөөр миний хоёр гуяа руу өшиглөж цохисон... Миний сэтгэл санаа тайван байна. Би сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгохгүй. Мөн ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн шүүх хуралд суухгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйсан...” (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн үед намайг аймгийн төвд байдаг гэртээ амарч байхад А-ийн охин Ц миний утас руу аав, ээжийг зодоод байх шиг байна, ээж уйлаад байна эгээ хүрээд ирээч гэж мессеж бичсэн байсан. Би тэгээд санаа зовоод шөнө нь гэрт нь очиход Т орон дээрээ суучихсан, А сандал дээр суусан байдалтай байсан. Тэгээд Т-т яаж байгаа юм чи яагаад алгын чинээ эхнэрээ зодож байгаа юм гэхэд Т миний өөдөөс би яаж зодсон юм, тэгвэл зодчихъё гэж хэлээд босож очоод эхнэрийнхээ хацар руу нэг удаа алгадаж авахаар нь би Т-ийн гарыг барьж аваад орон дээр түлхээд суулгасан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн...” (хавтаст хэргийн 17 дахь тал)
Хохирогч Ч.А-аас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа бичгээр илэрхийлсэн тайлбар (хавтаст хэргийн 13 дахь тал)
Шүүгдэгч Б.Т-ийг албадан саатуулсан, сулласан тэмдэглэл (хавтаст хэргийн 77-78 дахь тал)
Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 79-81 дэх тал)
Хохирогч Ч.А-ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 87 дахь тал)
Шүүгдэгч Б.Т-ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 88 дахь тал)
Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 48 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 89-90 дэх тал)
Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 48 дугаартай санал (хавтаст хэргийн 91-92 дахь тал) зэрэг холбогдох бусад баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагджээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нэгтгэн дараах хууль зүйн дүгнэлтийг хийж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Т нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.А-ийн хөл рүү нь хоёр удаа өшиглөх, гараараа нүүр, хацар хэсэг рүү нь алгадах зэргээр цохиж зодсон,
мөн 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр тухайн гэртээ Ч.А-ийн гуя руу нь 2 удаа өшиглөж зодсон,
2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө мөн дээрх гэртээ хардалтаас шалтгаалан хоёр гараараа Ч.А-ийн нуруу руу нь түлхэж, хоолойноос нь багалзуурдаж бие эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Ч.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч Ч.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), хохирогч Ч.А-аас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа бичгээр илэрхийлсэн тайлбар (хавтаст хэргийн 13 дахь тал), Б.Т-ийг албадан саатуулсан, сулласан тэмдэглэл (хавтаст хэргийн 77-78 дахь тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 79-81 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.
Шүүгдэгч Б.Т, хохирогч Ч.А нар гэрлэлтээ батлуулж, 14 жил хамт амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэхүү зүйлд заасан байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгох бөгөөд ингэхдээ хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрч болдог байна. Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.А-ийн хөл рүү нь хоёр удаа өшиглөх, гараараа нүүр, хацар хэсэг рүү нь алгадах зэргээр цохиж зодсон,
мөн 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр тухайн гэртээ Ч.А-ийн гуя руу нь 2 удаа өшиглөж зодсон,
2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө мөн дээрх гэртээ хардалтаас шалтгаалан хоёр гараараа Ч.А-ийн нуруу руу нь түлхэж, хоолойноос нь багалзуурдаж зодсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Т нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, дээрх байдлаар хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Т-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Ч.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Миний бие Б.Т-тэй 14 жил гэр бүл болж хамт амьдарч байна. Миний зүгээс ямар нэгэн сэтгэцийн гэм хорыг арилгуулах нэгэн гомдол, нэхэмжлэх санал, гомдол огт байхгүй.” (хавтаст хэргийн 13 дахь тал) гэж хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул дээрх ялын саналыг батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн хувьд одоо гэр бүлийн хүнтэйгээ эвлэрсэн. Гэм буруугаа сайн ойлгоод, ухаарсан тул улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Т-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 9 (ес) сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнсэгдсэн 9 (ес) сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 9 (ес) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Т-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнсэгдсэн 9 (ес) сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ