Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч З.А,    

Нарийн бичгийн дарга А.Наранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн З-ийн А-т холбогдох 2528000540068 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Биеийн байцаалт:               

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч З.А нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн .. дүгээр байрны .. тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Бо-тай гэр бүлийн асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар зүүн гуяны дотор хэсгийг гараараа базаж эрх чөлөөнд нь халдаж, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Элсэн тасархай гэх газарт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан эхнэр Ө.Бо-тай маргаж, аяны сандлаар нуруу хэсэгт нь, гараараа нүүр хэсэгт, аягаар толгойн тус газарт нь тус тус цохиж зодсон,

2024 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ... тоотод байх гэртээ хардалтаас шалтгаалан эхнэр Ө.Бо-гийн үснээс зулгааж, хөл рүү нь өшиглөж зодсон,

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13-14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ... тоотод байх гэртээ эхнэр Ө.Бо-тай маргалдаж улмаар хоолойноос нь боож, цүнхтэй хувцсаар толгой руу нь цохиж бие эрх чөлөөнд нь тус тус халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

            ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч З.А-т яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч З.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед үл ойлголцсоноос болсон. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр маргалдсан. Одоо ойлголцоод хамтдаа амьдарч байгаа гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Бо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 07 дугаар сард гэр бүлийн аяллаар Хангайн аймагт аль аймгийн нутаг дэвсгэр гэдгийг нь мэдэхгүй байна. Элсэн тасархай гэх аялал жуулчлалын газарт орой очиж амраад өглөө нь явах гэж байх үедээ манай нөхөр А-тай маргалдсан. Тухайн үед юунаас болж маргалдсан гэдгээ би санахгүй байна. Би А-тай маргалдаж байхад А миний биед халдаж аяны сандлаар нуруу хэсэгт цохиод гараараа нүүр хэсэгт цохисон. Тэгээд над руу аяга авч шидсэн бөгөөд уг аяга нь миний толгой хэсэгт оносон. Тухайн үед бид хоёр маргалдаж байгаад цааш аяллаа үргэлжлүүлсэн. Тухайн үед А бид хоёр бага насны хоёр хүүхдийн хамт явж байсан. Манай хоёр хүүхэд тухайн үед 2-4 насны хүүхдүүд байсан. Тухайн үед миний биед гэмтэл учирсан зүйл байгаагүй. Мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг ... тоотод байх гэртээ байх үедээ буюу А ажилдаа явах гэж байгаад маргаан үүссэн. Тухайн үед А намайг хардаж уг хардалтаас болж маргаан болсон бөгөөд маргалдаж байх үедээ А миний үснээс зулгаасан мөн хөл хэсэгт өшиглөсөн. Тэгээд А ажилдаа яваад өгсөн, тухайн үед манай хоёр хүүхэд байсан. Өөр гаднаас хүн байгаагүй. А-ын үйлдлийн улмаас болж миний зүүн хөлийн гуяны гадна доод хэсэгт хөхөрсөн байсан бөгөөд хөндүүр ихтэй хэд хоног хөндүүрлэж өвдсөн. Би тухайн үед үүссэн хөхрөлтийн зургийг нь авсан байсан бөгөөд цагдаагийн байгууллагад уг зургийг гаргаж өгсөн. Мөн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр эзгүй явж байгаад шөнийн 02 цагийн үед ... тоот хаягт байх гэртээ ирсэн. Тухайн үед би гэр бүлээ цуцлуулах тухай хүсэлтийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байсан. Ингээд уг өргөдөл гаргаснаас болж А ирээд уурлаад хэрүүл маргаан үүссэн. Ингээд би цагдаа дуудах гээд гар утсаа авахад миний гар утсыг булааж аваад гараараа хугалж гэмтээсэн, тухайн үед цагдаа дуудаж чадаагүй. Ингээд маргалдаж байх үедээ А миний өмсөж байсан шорт майк зэргийг ураад миний зүүн хөлийн гуяны дотор хэсэгт гараараа хэд хэдэн удаа базаад хөхрүүлсэн. Тухайн үед бид хоёр байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Миний зүүн хөлийн гуяны дотор талын хэсэгт хөхөрчихсөн байсан бөгөөд зургийг нь өөрийнхөө гар утсанд дарчихсан байсан. Уг гэрэл зургийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13-14 цагийн үед шүүхээс 2 цагдаа манай гэрт буюу ... тоот хаягт ирж захирамж гардуулсан. Тухайн үед А уурлаад маргалдаж эхэлсэн бөгөөд маргалдаж байгаад А миний хоолойноос боож газарт унагаад цүнхтэй хувцсаараа миний толгой хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед миний хоолой бага зэрэг улайсан байсан өөр гэмтэл учраагүй. Тухайн үед мөн А бид хоёр гэртээ байхдаа уг үйл явдал болсон... Би уг хэрэгтэй холбоотой сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Мөн А бид хоёр эвлэрээд одоо хэрүүл маргаангүй хамт амьдарч байгаа болохоор өөр бусад нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 21-23 дэх тал)      

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ө.Бо-гийн биед 2024 оны 10 дугаар сарын 01-н гэж хаягласан зурагт баруун гуя, зүүн шилбэ, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба энэ нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 19-н гэж хаягласан зурагт зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба энэ нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь гэрэл зургийн үзүүлэлтэд заагдсан гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ө.Бо-гийн биед 2024 оны 10 дугаар сарын 01-нд үүссэн гэх гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Харин 2024 оны 12 дугаар сарын 19-нд үүсгэгдсэн гэх гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 30-31 дэх тал)  

Эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 54-55 дахь тал)

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 58 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.А-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.    

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг,    

Шүүгдэгч З.А нь гэр бүлтэйгээ сайхан харилцаатай болно гэх тайлбарыг тус тус гаргав.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч З.А нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн  ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Бо-тай гэр бүлийн асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар зүүн гуяны дотор хэсгийг гараараа базаж эрх чөлөөнд нь халдаж, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Элсэн тасархай гэх газарт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан эхнэр Ө.Ботай маргаж, аяны сандлаар нуруу хэсэгт нь, гараараа нүүр хэсэгт, аягаар толгойн тус газарт нь тус тус цохиж зодсон,

2024 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ... тоотод байх гэртээ хардалтаас шалтгаалан эхнэр Ө.Бо-гийн үснээс зулгааж, хөл рүү нь өшиглөж зодсон,

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13-14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ... тоотод байх гэртээ эхнэр Ө.Бо-тай маргалдаж улмаар хоолойноос нь боож, цүнхтэй хувцсаар толгой руу нь цохиж бие эрх чөлөөнд нь тус тус халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Бо-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо. 

Хууль зүйн хувьд шүүгдэгч З.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Бо-гийн биед байнга халдаж зодсон, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.      

Мөн шүүгдэгч З.А нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч З.А-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна. 

 Шүүгдэгч З.А, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Бо нар нь 2018 оноос хойш хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.  

 Учир нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан 3 хэлбэрээр байнгын шинжтэй үйлдэгдэж, уг үйлдлийн улмаас хохирол, гэмтэл учирсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд тооцож хүндрүүлэн зүйлчлэхээр байх бөгөөд шүүгдэгч З.А-ын хувьд эхнэр Ө.Бо-г 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас анх удаа бус, харин байнга зодох явцад хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Энэхүү зүйлд заасан байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгох бөгөөд ингэхдээ хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрч болдог байна. Шүүгдэгч З.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Бо-г 2024 оны 07 дугаар сард аяны сандлаар нуруу хэсэгт нь, гараараа нүүр хэсэгт, аягаар толгойн тус газарт нь цохиж зодсон, 2024 оны 10 дугаар сард үснээс зулгааж, хөл рүү нь өшиглөж зодсон, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13-14 цагийн үед хоолойноос нь боож, цүнхтэй хувцсаар толгой руу нь цохиж зодсон болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хууль сануулсан мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч З.А нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, дээрх байдлаар хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.   

Иймд шүүгдэгч З.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.     

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч З.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Бо-гийн биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүйн зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Би уг хэрэгтэй холбоотой сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Мөн А бид хоёр эвлэрээд одоо хэрүүл маргаангүй хамт амьдарч байгаа болохоор өөр бусад нэхэмжлэх зүйл байхгүй....” (хавтаст хэргийн 21-23 дэх тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.           

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хязгаарлалтын бүсийг түүний оршин суугаа газар болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг нутаг дэвсгэрийг харгалзан үзэж Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Ханхонгор сум, Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс тогтоолгох саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,    

Шүүгдэгч нь зорчих эрхийг аймгийн хэмжээнд байж болох уу, Манлай сум руу наадамд явах гэж байгаа гэх тайлбарыг тус тус гаргав.             

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч З.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

Шүүхээс шүүгдэгч З.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал болон хохирогчийн “...Би уг хэрэгтэй холбоотой сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Мөн А бид хоёр эвлэрээд одоо хэрүүл маргаангүй хамт амьдарч байгаа болохоор өөр бусад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч З.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-т шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Түүнчлэн шүүгдэгч З.А-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүний Өмнөговь аймгийн Даланзадгад суманд оршин суудаг, Цогтцэций суманд ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг нь харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялын зорчих бүсийг Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций сумын нутаг дэвсгэрээр тогтоож, улмаар уг бүсээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.  

Шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Бо хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.       

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овгийн З-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.          

2. Шүүгдэгч З.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.        

4. Шүүгдэгч З.А-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-т шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр даалгасугай.       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

7. Шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Бо хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ