| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1218/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1512 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 25.4.1., 25.5.1., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Х.Билгүүн,
шүүгдэгч Б.М-,
шүүгдэгч Д.О-,
шүүгдэгч Д.Б-,
шүүгдэгч Д.Э-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2311019550*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
2.Монгол Улсын иргэн, Д.О
3.Монгол Улсын иргэн, Д.Э
4.Монгол Улсын иргэн, Д.Б
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:
Шүүгдэгч Д.Э-, Д.Б-, Д.О- нар нь санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 10 дугаар сард Ө аймаг Б сумын “М ” гэх газарт хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн.
шүүгдэгч Б.М-, Д.Э- нар нь нийт 912 ширхэг соёлын биет өвийг худалдахаар санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 11-р сарын 20-ны өдөр Ч дүүргийн ** дүгээр хороо, “Ү” нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрт голдоо дөрвөлжин нүхтэй дугуй зоос 130 ширхэг, сумны зэв мэт дүрслэл бүхий эдлэл 770 ширхэг, ойролцоогоор 15 см орчим урттай голдоо нүхтэй металл эд зүйл 1 ширхэг, хадаас мэт металл эд зүйл 1 ширхэг, төмөр мэт металл 2 ширхэг, ойролцоогоор 5 см орчим урттай голдоо нүхтэй металл эд зүйл 1 ширхэг, хэлбэр дүрс тодорхойгүй хар өнгийн металл эдлэл 5 ширхэг, шар өнгийн төмөр мэт металл эдлэл 1 ширхэг, амьтны хэлбэртэй металл эдлэл 1 ширхэг, нийт 912 ширхэг соёлын биет өвийг худалдахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокуророос Д.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Д.Б-, Д.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-, гэрч Д.О-, Ц.Д-, Г.О- нарын нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар Д.Э-, Д.Б-, Д.О- нар нь санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 10 дугаар сард Ө аймаг Б сумын “М ” гэх газарт хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн.
шүүгдэгч Б.М-, Д.Э- нар нь нийт 912 ширхэг соёлын биет өвийг худалдахаар санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 11-р сарын 20-ны өдөр Ч дүүргийн 1 дүгээр хороо, “Ү” нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрт голдоо дөрвөлжин нүхтэй дугуй зоос 130 ширхэг, сумны зэв мэт дүрслэл бүхий эдлэл 770 ширхэг, ойролцоогоор 15 см орчим урттай голдоо нүхтэй металл эд зүйл 1 ширхэг, хадаас мэт металл эд зүйл 1 ширхэг, төмөр мэт металл 2 ширхэг, ойролцоогоор 5 см орчим урттай голдоо нүхтэй металл эд зүйл 1 ширхэг, хэлбэр дүрс тодорхойгүй хар өнгийн металл эдлэл 5 ширхэг, шар өнгийн төмөр мэт металл эдлэл 1 ширхэг, амьтны хэлбэртэй металл эдлэл 1 ширхэг, нийт 912 ширхэг соёлын биет өвийг худалдахаар завдсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Д.Б-, Д.О-, Д.Э- нарын хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн, шүүгдэгч Б.М-, Д.Э- нарын соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулахаар завдсан үйл баримт нь:
Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Миний 9811**** дугаар руу Э- ах 8824**** дугаараас 2 хоногийн өмнө буюу 2024 оны 11-р сарын 18-ны өдөр залгаж, ахдаа тус болооч энэ сумны зэв, зооснуудыг хүнд хүргэж өгөөд бэлэн мөнгө өгөхөөр нь аваад ах руугаа шилжүүлээч гэж гуйсан. Тэгээд би ахад тус болох зорилгоор зөвшөөрсөн. Тэгсэн 2024 оны 11-р сарын 19-ний өдөр Э- ах 8824**** дугаараас дахин залгаж, Н-д өгөөд явууллаа. У хотод очоод чам руу залгана гэж хэлсэн. Утсаар ярьж дууссаны дараа Э- ах 8824**** дугаараас зоос 130 ширхэг, 1,300,000, зэв 777 ширхэг 3,885,000 гэх утга бүхий мессежийг явуулсан. Тэр өдрийн орой Н- 8843 дугаараас залгаж, Э ах чинь юм өгч явуулсан. Энийг хэзээ ирж авах уу гэж ярьсан. Би орой очиж амжихгүй. Өглөө эрт очиж авъя гэж хэлсэн. Тэгээд Н-гаас 2024 оны 11-р сарын 20-ны өдрийн өглөө 8 цагийн орчимд Н зах дээр Ө аймаг руу хүн тээвэрт явдаг машины зогсоолд, хар өнгийн приус 41 загварын машинаас боож багласан уутыг очиж авсан. Би Н-гаас эд зүйлийг нь аваад Э- ахын 8824**** дугаар руу залгаж, өгч явуулсан юмыг чинь авчихлаа ямар хүнд аваачиж өгөх вэ? гэж асуусан. Э- ах 9812**** дугаарыг мессежээр явуулсан. Би тэр дугаар руу залгаад Э- ах юм өгч явуулсан, хаана хүргэж өгөх вэ? гэж асуусан. Тэр залуу надад хэлэхдээ Т-ийн урд хүрээд ир гэж хэлсэн. Үүний дагyy Т pүү 9-10 цагийн үед очсон. Би Т дээр ирээд 9812**** дугаар руу залгаж, би ирлээ, хаана байна гэж хэлэхэд би одоо очиж байна. "Ү дээр уулзъя, тэнд ороод эд зүйлээ тоолж, хүлээж авна, наашаа аваад ороод ир нэг сахалтай хүн байгаа гэсэн. Би "Ү" гэдэг газрыг хаана байдгийг мэдэхгүй болохоор замд тааралдсан хүнээс асуухад тэр булан дээр байдаг гэж зааж өгсөн. Тэр хүний заасны дагуу очиход "Ү" нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр байсан. Тэр дэлгүүрт ороод 9812**** дугаар руу залгахад, нөгөө залуу одоо бууж байна түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэр залуутай уулзаж, Э- ахын өгч явуулсан зэв, зооснуудыг өгөхөөр "Ү” нэртэй дэлгүүр дотор хүлээж байсан. Тэр залууг хүлээж байхад цагдаа нар гаднаас орж ирэн өөрсдийгөө танилцуулж, намайг баривчилсан... Э- бол манай аав Б-гийн төрсөн дүү. Э- ах юнителийн 8824**** дугаартай... Би Н-тай эртний танилууд, олон жил уулзаагүй байж байгаад өнөөдөр уулзсан. Н- гэх хүн Ө аймгаас У хот хооронд хүн тээвэрт явдаг. Тэр юнителийн 8843 дугаарыг барьдаг... Би Жимобайлын 9812**** дугаарын эзэмшигчийг танихгүй. Урьд нь харж байгаагүй... Э- ахын сумны зэв, зоос байгаа юм... Би 2024 оны 11-р сарын 19-ний өдөр Э- ахаас явуулан мессежийг хараад сумны зэв, зоос байгаа талаар мэдсэн... Э- ахаас ирүүлсэн мэссэжнээс зоос 130 ширхэг, 1,300,000 төгрөг, зэв 777 ширхэг, 3,885,000 төгрөг, нийт 5,185,000 төгрөгөөр бэлэн мөнгөнд худалдан борлуулах гэж байгааг мэдсэн. Мөн Э- ах өөрийн 8824**** дугаараас залгаж, 9812**** дугаартай хүнд сумны зэв, зооснуудыг хүргэж өгөөд бэлэн мөнгө өгөхөөр нь аваад над руу явуулаарай гэж хэлж байсан... Би Э- ахаас хааяа өвлийн идэш гэж адууны мах худалдаж авдаг. Тэгээд хамаатны ах гуйсан болохоор нь үгүй гэж хэлж чадаагүй. Би сумны зэв, зоосыг хүргэж өгсний хариуд мөнгө төгрөг авна гэж тохироогүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 147-149/,
Шүүгдэгч Д.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Надад металл хайгч байгаа. Түүнийг одоогоос арав гаран жилийн өмнө хувь хүнээс дөрвөн зуу орчим мянган төгрөгөөр худалдан авч байсан. Металл хайгчийг сонирхлын дагуу ашигладаг... Одоо өндөр настай болсон тул метал хайгчийг ашиглаж чадахгүй болсон... Одоогоос хоёр жилийн өмнө металл хайгчтайгаа Ө аймаг Б сумын нутаг “Х” гэх газарт очиж сумны зэв олсон. Уг олсон сумны зэвийг ундааны саванд хийж хадгалж байгаад өнөөдрөөс 4-5 хоногийн өмнө дүү Э-д өгсөн... Гэрт ундааны савтай байсан сумны зэвийг миний төрсөн дүү Э- зарчих уу гэж хэлээд надаас аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 161-162/,
Шүүгдэгч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Тухайн үед би 10 орчим тооны зоос мөн 10 орчим тооны зэв олсон. Манай хөдөө гэр, хамаатнууд маань тэр хавьд байдаг юм. Хөдөө гэртээ байхдаа би дээрх газрууд руу явж хуучны зоос, зэв түүж цуглуулах болсон. Миний цуглуулсан хуучны зэв, зоос нийт 200 гаруй болсон. Би нутгаасаа хуучны зэв, зоос түүж цуглуулдаг тухайгаа өөрийн дүү Д.Э-д хэлж байсан. Нэг өдөр манай дүү Э- У хотод хуучны эд зүйл авдаг хүн байдаг юм байна гээд миний цуглуулсан зэв, зоосыг авч У хот руу худалдсан... Ямар хүнээр өгч явуулсан хэн гэдэг хүнд зарсан талаар би мэдэхгүй. Тухайн үед миний түүсэн хуучны зэв, зоос 200 гаруй мянган төгрөг болж ирж байсан санагдаж байна. Үүнээс хойш би өөрийн төрсөн дүү Д.Э-, Д.О- нартай хамт явж зэв зоос түүх болсон. Бид гурав өөрсдийн түүсэн зэв зоосоо нийлүүлээд У хот руу худалдуулахаар замын хүнээр дайж явуулдаг байсан. Бид нар энэ удаагийн явалтаас өмнө 2,3 удаа түүсэн зэв, зоосоо худалдахаар У хот руу явуулж байсан. Миний одоо санаж байгаагаар өөрийн түүсэн 100 гаруй тооны зэв, зоос мөн нэг удаа 200 гаруй тооны түүсэн зэв зоосыг худалдуулахаар дүү Э-д өгч байсан. Бид нар өөрсдийн түүсэн зэв, зоосыг нэгтгээд явуулдаг байсан. Яг хэд, хэдээр явуулж байсныг би сайн мэдэхгүй байна. Манай дүү Э- сайн мэдэж байгаа. Сүүлд би өөрийн түүсэн 30 ширхэг зэв, 50 ширхэг зоосыг худалдуулахаар Э-д өгсөн. Э-, О- бид гурвын түүсэн зэв 700 гаруй, зоос нь 100 гаруй болсон гэж байсан. Уг зоос, зэвийг худалдуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Э- У хот руу явуулсан. Манай хүү М- уг зоос, зэвийг тосож авсан юм. Өөр надад хэлэх зүйл одоохондоо байхгүй... Анх одоогоос 2 жилийн өмнө байх 200 гаруй зэв, зоос түүгээд Э-д өгч бусдад худалдуулж 230,000 төгрөг авч байсан, дараа нь тухайн жилдээ дахин түүж 200 гаруй тооны зэв, зоос түүж мөн хоёр зуу гаран мянган төгрөг авч байсан. Тэгээд сая хэдэн ширхэг зэв, зоос байсныг Э- бид нар нийлүүлээд У хот руу худалдахаар явуулсан байсан юм... Э- цаад хүнээсээ яаж авдаг байсан талаар мэдэхгүй байна. Э- У хот руу хүнтэй холбогдоод зэв, зоосыг явуулж худалддаг байсан. Би өөрийн түүсэн зэв, зоосны мөнгийг Э-өөс дансаар авч байсан мөн бэлнээр бас авч байсан... Э-, О- бид гурав тус тусдаа металл хайгчтай. Уг металл хайгчийг ашиглаж газрын ил хөрснөөс болон газрын доорх хөрснөөс малтаж зоос, зэвийг олж авдаг байсан... Хуучны зэв, зоос олоход ашиглах зорилгоор бид гурав металл хайгч худалдаж авч байсан... Бид нар мотоциклтой явдаг байсан. Мөн газар малтаж ухах зээтүү ашигладаг байсан... Хуучны зэв, зоосноос өөр эд зүйл олж байгаагүй. Гэхдээ нэг хөнгөн цагаан металл бөгж олдож байсан уг бөгжийг хаячихсан байж магадгүй. Хаяагүй бол манай гэрт байгаа болов уу гэж бодож байна.... М- гэж миний том хүү байгаа. У хотод ажил хийж амьдардаг... Миний хүү М- огт зэв, зоос түүж байгаагүй... Э- сая М-аар тосож авхуулсан байсан. Би мэдээгүй байж байгаад сая мэдсэн... Э- явуулдаг байсан. Миний ойлгосноор замын унаагаар явуулаад байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 158-159/,
шүүгдэгч Д.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сард над руу огт танихгүй дугаар залгаад дөрөө, зоос олоод өгөөч мөнгөөр нь авъя гээд залгаад байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Т" гэх нэртэй фейсбүүк хаягтай хүн над руу чат бичээд зоос авъя, зоос олоод өгөөч гээд чат бичиж бас өөрийн 9812**** утасны дугаараас залгаад над руу яриад л байсан юм. Тэгээд би уг хүнтэй нэг ширхэг зоосыг 5,000 төгрөгөөр, нэг ширхэг зэвийг 3,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцоод 2024 оны 10 дугаар сард Ө аймаг Б сумын М гэх газар луу өөрийн төрсөн ах Д.Б-гийн хамт явж уг газраас 50 ширхэг зоос, 100 ширхэг гаруй зэвийг түүж авсан. Тэгээд би Д сумын төвд ирээд өөрийн төрсөн ах нар Д.Б- болон Д.О- нарт байсан зэв, зооснуудыг авч өөрийнхөө түүсэн зэв, зоостой нийлүүлээд нийт 777 ширхэг зэв, 130 ширхэг зоосыг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Т" rэх нэртэй фейсбүүк хаягтай хүнд өгөхөөр У хот руу замын унаанд тавиад явуулчихсан. Тэгээд У хотод байгаа Д.Б- ахын хүү М-ыг тосож аваад 9812**** дугаар луу холбогдоод аваачаад өгчих гэж хэлсэн. Өөр ямар нэг болсон зүйл байхгүй... Ямар ч байсан би тухайн эд зүйлсийг Ө аймаг Б сумын нутагт байх Б сумын төвөөс зүүн тийш 50 орчим километрт байх М , Ц гэх газруудаас түүж авч байсан. Шороо шуурсны дараа уг эд зүйлүүд ил гараад ирчихсэн байж байдаг юм... Би "Т" гэх нэртэй фейсбүүк хаягтай хүн рүү фейсбүүк чатаар зургийг нь явуулж харуулж байсан... Би нэг ширхэг зоосыг 5,000 төгрөгөөр, нэг ширхэг зэвийг 3,000 төгрөгөөр зарах гэж байсан... Би уг эд зүйлсийг 2024 оны 10 дугаар сард Ө аймаг Б сумын нутагт байх Б сумын төвөөс зүүн тийш 50 орчим километрт байх М , Ц гэх газруудаас түүж авч байсан... Би яг хэзээ, хэнд гэдгээ одоо санахгүй байна. Ямар ч байсан 7 ширхэг зоос, 20 орчим ширхэг зэвийг фейсбүүк зарын дагуу холбогдож У хот руу явуулж зарж байсан... Манай төрсөн ах Д.Б-, Д.О- нарын хамтаар явж байсан... Би өөрийн 00-00 улсын дугаартай цэнхэр өнгийн Субару маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан... Манай ах Д.Б- нь металл хайгч ашигладаг...Миний өөрийн гаргасан санаа байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155-156/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тус яаманд С газрын түүх соёлын дурсгалт зүйл, музейн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг... Би шинжилгээний дүгнэлттэй танилцлаа... соёлын биет өвд хамаарах эд зүйлийг таньж тогтоосон шинжээчийн зөвлөлийн дүгнэлттэй санал зөрөх асуудал байхгүй... Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж худалдахыг хориглосон байдаг. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийд байгаа эд зүйлс нь хувь хүний өмч биш, улсын өмч байдаг... Археологийн олдворын хувьд худалдах боломжгүй. Хэрэв түүх, угсаатны зүйн эд өлгийн зүйл бол өмчлөх бүртгэлийг үүсгэж Монгол Улсын иргэд хоорондоо худалдах боломжтой байдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 143-144/,
гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2003 оноос эхлэн хөөрөг, мөнгөн аяга, авдар, сав зэргээр дагнан эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулж байна... Би археологийн эд зүйлийг нүдээр хараад ялгаж чадахгүй... Би 9812**** дугаарыг ашигладаггүй... 9812**** дугаарыг ашигладаг хүнийг мэдэхгүй... Би М-, Э-, Б- нарыг танихгүй... Би 8843****, 9811****, 8824**** утасны дугааруудын эзэмшигчдийн талаар мэдэхгүй юм байна... ... Манай Ү нэртэй эртний эдлэлийн дэлгүүр Ч дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг... Би иргэдээс эртний эдлэл худалдаж авахдаа хурууны хээ, регистрийн дугаар, худалдан борлуулах гэж байгаа хүний тайлбарын хамт бүртгэж худалдан авдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 152-153/,
гэрч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би М-ыг танина. Төрөл, садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Нэг нутгийн хүмүүс. Ө аймаг Б сумын Дал бригад гэх газарт нутагладаг байсан... Би Э-ийг мөн танина... М- нь Э-ийн төрсөн ах Б-гийн хүүхэд... Би 00-00 улсын дугаартай хар өнгийн Приус-41 маркийн автомашиныг 2024 оны 2 дугаар сараас эхлэн унаж хэрэглэж байна. Би хаа нэг хот хооронд өөрийнхөө хар өнгийн 00-00 улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслээр хүн болон ачаа, дайвар авч явдаг... 2024 оны намар намайг У хот руу явахаар “Эрдэнийн гүн” үйлчилгээний төвийн гадна зогсоол дээр автомашинтайгаа зогсож байхад Э- ирж надад хар өнгийн гялгар уутаар битүү боочихсон зүйл өгсөн. Түүнийг авч Д сумаас У хот руу тээвэрлэн явсан... У хот, Н худалдааны төвийн зүүн талын автомашины зогсоолд байж байхад Б-гийн хүү М- ирж надаас уг Э-ийн өгсөн хар өнгийн ууттай зүйлийг авсан. Би нутгийн таньж мэдэх хүмүүс байсан учир ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй... Уг нь бол тиймэрхүү эд зүйлийг “дайвар” таван мянган төгрөгөөр авч явдаг юм... задалж үзээгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 165-166/,
Соёлын өвийн үндэсний төвийн 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 07/71 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн “... Дээрх 912 ширхэг эд зүйлсийн зориулалт, холбогдох он цаг, хадгалалтын байдал зэрэг хэв шинжид тулгуурлан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасан булш оршуулгын дурсгал, 5.1.6-т заасан эртний хот суурингийн үлдэгдэл, 5.1.8-т заасан эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл эрхэлж байсан үйлдвэрлэлийн ул мөр бүхий дурсгалаас илэрч олдох боломжтой, археологийн олдвор байна. Археологийн олдворийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтад түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна хэмээн хэмээн зүйлчилж заасан байдаг... Монгол Улсын нутаг дэвсгэрээс энэ төрлийн эд зүйлстэй (сумны зэв, У-шу зоос, хүрэл эдлэл, чимэглэлүүд) адил төстэй, түүхийн олон үед холбогдох олдвор, эд өлөг археологийн малтлага, хайгуул судалгааны үр дүнд илэрч олддог болно... Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь Ө аймгийн нутаг дэвсгэрээс олдох бүрэн боломжтой болно. Ө аймгийн Н сумын нутагт орших Б-ийн туурьд археологич Х.П 1950-иад оны үед малтлага судалгаа хийж, шинжилгээнд ирүүлсэн дээрх эд зүйлстэй адил төстэй төмөр шилбэтэй хүрэл зэв, ваар сав, төмрийн баас зэрэг эд өлгийн зүйлүүдийг илүүлсэн, 1976 онд археологич Д.Н Б-ийн туурьд малтлага, судалгаа хийж у-шу зоос, хүрэл эдлэлийн хэсэг, ваар савны хагархай зэргийг олж он цагийн хувьд Хүннү болон НТ XIII-XIV зууны үед холбогдуулан авч үзсэн, 1990 онд Монгол-Оросын археологичид Б-ийн туурьд богино хугацаагаар ажиллаж уг туурийн хэмжээ бүтцийг дахин нягтлан тодорхойлолт үйлдэн, малтлага, судалгаа явуулж сумны 24 төрлийн зэв, хүрэл толь, 50 орчим янзын хэлбэр төрхийн ваар савны хагархай, мутрын хүрэл тамга, барилгын дээврийн ваар, У-шу зоос зэргийг илрүүлсэн, 2009 онд Монгол-Оросын хамтарсан "Төв Азийн археологи" төслийн багийн явуулсан малтлага судалгаагаар Б-ийн суурингаас Хань улсын У-шу зоос, холхивч нумны (арбалитны) оньс их хэмжээгээр олсон тухай судалгааны тайлан, ном бүтээлд тус тус дурдагдсан байдаг. Ө аймгийн нутаг дэвсгэрт энэ төрлийн эд зүйлс олдох боломжтой Баянбулгийн туурь, Сайрын балгас, Мангасын хүрээ, Хээрийн булгийн хэрэм зэрэг эртний хот суурины үлдэгдэл бий... 912 ширхэг эд зүйлсийг ... ангилж мэдээллийг Хүснэгт 1-д үзүүлэв... Манай улсын мэргэжлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, төрийн болон орон нутгийн өмчийн музейн цуглуулгад шинжилгээнд ирүүлсэн энэхүү олдвор, эд зүйлстэй ижил төстэй, энэ төрөлд хамаатах үзмэр, эд өлгийн зүйлс нь цөөнгүй хадгалагддаг ба СӨУНБМСангийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэлд адил нэр, төрлийн үзмэр бүртгэлтэй байдаг хэдий ч дээрх эд зүйлс нь хувь хүн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэгдэж дугаар аваагүй байна. Тус Шинжээчийн зөвлөлийн бүрэлдэхүүн энэхүү эд зүйлсийг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн судлаач холбогдох зөвшөөрлийн дагуу тодорхой төлөвлөгөө, аргачлалын дагуу судалгааны эргэлтэд оруулах зорилгоор хийгдсэн археологийн малтлага, хайгуул судалгааны үр дүнд илрүүлсэн олдвор, дурсгалт зүйл гэж үзэхгүй байна... Учир нь Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан (СӨУНБМС)-Д хадгалагдаж буй Монгол нутагт явуулсан мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаас явуулсан “Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа”-ны тайланд шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс тусгагдаагүй болно. Иймд дээрх эд зүйлийг хууль бус малтлагаар эсвэл түүвэрлэн олсон байх магадлалтай юм... Дээрх шинжилгээнд ирүүлсэн 912 ширхэг эд зүйлс нь газрын хөрсөн доор хадгалагдаж байхдаа зэвэрсэн, хугарсан, хэлбэрээ алдсан зэрэг гэмтлүүд үүссэн мөн эд зүйлсийн гадаргууд шорооны бохирдол бүхий саарал өнгийн давхарга үүссэн байна... Шинжилгээнд ирүүлсэн 912 ширхэг эд зүйлүүдэд хүрэл, төмөр олдворуудад түгээмэл тохиолддог зэврэл үүссэн, сумны зэвүүдийн төмөр шилбэ зэврэлд идэгдэж нарийссан, хугарсан, тахийсан, зэрэг гэмтлүүдтэй байна...” гэсэн Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлийн дүгнэлт /1хх-ийн 173-198/,
Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/675 дугаартай “... Д.Э-, Д.Б- нарын нэр дээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл... бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэсэн албан бичиг /2хх-ийн 191/,
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.А-ийн “Хэрэг бүртгэлтийн 231101955 дугаартай хэрэгт гэрч Б.М-, Д.О-, Д.Э- Д.Б- нараас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үзлэгийн тэмдэглэлээр хурааж авсан голдоо дөрвөлжин нүхтэй дугуй зоос 130 ширхэг, сумны зэв мэт дүрслэл бүхий эдлэл 770 ширхэг, ойролцоогоор 15 см орчим урттай голдоо нүхтэй металл эд зүйл 1 ширхэг, хадаас мэт металл эд зүйл 1 ширхэг, төмөр мэт металл 2 ширхэг, ойролцоогоор 5 см орчим урттай голдоо нүхтэй металл эд зүйл 1 ширхэг, хэлбэр дүрс тодорхойгүй хар өнгийн металл эдлэл 5 ширхэг, шар өнгийн төмөр мэт металл эдлэл 1 ширхэг, амьтны хэлбэртэй металл эдлэл 1 ширхэг, 3 ширхэг металл хайгч багаж зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 199/, Мөрдөгч, цагдаагийн ахмад Б.А-ийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “... Г.Ц-ийн нас барсны гэрчилгээний хуулбарыг” хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /1хх-ийн 103-105/,
Жи мобайлын 9812****-Г.Ц, 9811****-Б.М- эзэмшлийн дугааруудад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 106-129/,
“Т” гэсэн нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн цахим хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 130-135/, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай” тэмдэглэл /1хх-ийн 2/,
Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4/1043 дугаартай “Гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон прокурорын хяналтын харьяалал тогтоох тухай” прокурорын тогтоол (1-хх-ийн 21-22-р хуу),
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл (1-хх-ийн 26-34-р хуу),
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 109 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (1-хх-ийн 36-37-р хуу),
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б.М-ын Самсунг С22 ультра маркийн гар утсанд үзлэг хийсэн “...Мөн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зоос 130 ширхэг, 1,300,000, зэв 777 ширхэг, 3,885,000 гэсэн зурвас, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 28 минутад 9812**** гэсэн утасны дугаарыг тус тус илгээсэн байсныг гэрэл зургаар бэхжүүлж, тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл (1-хх-ийн 38-54-р хуу),
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 112 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (1-хх-ийн 56-57-р хуу),
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (1-хх-ийн 61-62-р хуу),
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Д.Э-ийн Самсунг А52 маркийн гар утсанд” үзлэг хийсэн тэмдэглэл (1-хх-ийн 63-70-р хуу),
Яллагдагч Д.О-, Д.Б-, Д.Э- нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд (1-хх-ийн 90-95-р хуу) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Э-, Д.Б-, Д.О- нар нь санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 10 дугаар сард Ө аймаг Б сумын “М ” гэх газарт хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Б.М-, Д.Э- нар нь санаатай нэгдэж нийт 912 ширхэг соёлын биет өвийг худалдахаар санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 11-р сарын 20-ны өдөр Ч дүүргийн 1 дүгээр хороо, “Ү” нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрт голдоо дөрвөлжин нүхтэй дугуй зоос 130 ширхэг, сумны зэв мэт дүрслэл бүхий эдлэл 770 ширхэг, ойролцоогоор 15 см орчим урттай голдоо нүхтэй металл эд зүйл 1 ширхэг, хадаас мэт металл эд зүйл 1 ширхэг, төмөр мэт металл 2 ширхэг, ойролцоогоор 5 см орчим урттай голдоо нүхтэй металл эд зүйл 1 ширхэг, хэлбэр дүрс тодорхойгүй хар өнгийн металл эдлэл 5 ширхэг, шар өнгийн төмөр мэт металл эдлэл 1 ширхэг, амьтны хэлбэртэй металл эдлэл 1 ширхэг, нийт 912 ширхэг соёлын биет өвийг худалдахаар завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Соёлын биет өвийг худалдааг хууль бусаар явуулахыг завдсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Э-, Д.Б-, Д.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Э-, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.М-, Д.Э-, Д.О-, Д.Б- нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.М-, Д.Э-, Д.О-, Д.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдгээрт дараах байдлаар ял оногдуулав.
Шүүгдэгч Б.М-, Д.Э- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Д.Э-, Д.О-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 8.100 /найман мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.100.000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах газарт хадгалж байгаа 3 ширхэг металл илрүүлэгчийг Улсын орлого болгож, эд мөрийн баримт болох нийт 912 ширхэг соёлын биет өвийг зохих байгууллагад шилжүүлэхийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Э-, Д.Б-, Д.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Э-, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Соёлын биет өвийг худалдааг хууль бусаар явуулахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.М-, Д.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Д.Э-, Д.О-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 8.100 /найман мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.100.000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-, Д.О-, Д.Б-, Б.М- нар нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-, Д.О-, Д.Б-, Б.М- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах газарт хадгалж байгаа 3 ширхэг металл илрүүлэгчийг Улсын орлого болгож, эд мөрийн баримт болох нийт 912 ширхэг соёлын биет өвийг зохих байгууллагад шилжүүлэхийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст даалгасугай.
7.Шүүгдэгч Д.Э-, Д.О-, Д.Б-, Б.М- нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-, Д.О-, Д.Б-, Б.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР