Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 712

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.22                                                 Дугаар 712                                      Улаанбаатар хот

 

 

 

“АО ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00536 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “АО ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.О-т холбогдох,

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,  

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: С.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь Барилгын Политехник коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх явцад бидэнд гипсэн блок шаардлагатай байсан тул бид иргэн С.О-гээс нийт 1000 ширхэг гипсэн блокыг нэг бүрийг нь 10 000 төгрөг, нийт            10 000 000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон. Тухайн үед манай компани бараа материалын үнийг төлснөөс хойш хариуцагч нь 14 хоногийн дотор бараа материалыг манай компанид бүрэн нийлүүлж дуусгасан байхаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн юм. Үүний дагуу бид хариуцагчийн эзэмшлийн 5024465850 тоот дансанд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 6 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэтэл бид барааны үнийг бүрэн шилжүүлснээс хойш хариуцагч нь харилцан тохиролцсон хугацаандаа бараагаа нийлүүлээгүй бөгөөд бидний зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдөр, маргааш гэж хойшлуулан бидний ажилд саад учруулсаар байна. Бид барилгын ажлын гэрээнд заасан хугацааны дотор барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байсан тул бидэнд хариуцагч С.О-ийг дахин хүлээн хугацаа байгаагүй. Иймээс өөр газраас яаралтай гипсэн блок худалдан авч барилгын ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд хариуцагчаас ямар ч бараа материал аваагүй болно. Иймд хариуцагч С.О-гээс гипсэн блокын үнэд шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч С.О-гээс 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “АО ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “АО ” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид 174 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АО ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч миний тус шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаад өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас тус өдрийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөхийг хүссэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар “итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзан шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох болсон тухай хүсэлтээ, эмнэлгийн магадлагааны хамтаар шүүхэд хүргүүлсэн. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу эрхийнхээ хүрээнд хүсэлтээ гаргасан боловч хүчингүйд тооцогдсон тушаалыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаагүй нь илтэд хууль бус гэж үзэж байна. Мөн энэхүү хэргийн бодит нөхцөл, үйл баримт нь нэхэмжлэлийн агуулгаас өөр, шүүх хуралдаанд оролцсон бол шүүхэд гаргаж өгөх нотлох баримтууд байсан болно.

Нэхэмжлэгч талын аман хэлэлцээрээр надтай тохиролцсон хэмээсэн нь худал тайлбар бөгөөд манай “БС ” ХХК, “АО ” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаан бөгөөд энэ хэрэгт намайг биш “БС ” ХХК-ийг хариуцагчаар татах ёстой байсан, гэрээтэй холбоотой маргаан өмнө нь 2017, 2018 онуудад шүүхээр хэлэлцэгдэж байсан нь энэ нэхэмжлэлтэй хэрэгт холбоотой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатанд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “АО ” ХХК нь С.О-т холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар гаргаагүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ “шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хариуцагч хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй, гэж үзжээ.

Хэргийн баримтаас үзвэл зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон дээрх шүүх хуралдааны товыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдэгдэж, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан байна.

Хариуцагч С.О тухайн өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн талаар маргаагүй, харин эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах, цаашид итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт гаргаж, нотлох баримтын хамт шүүхэд ирүүлжээ. /хх 42/

Харин шүүх түүний хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн үндэслэлээ “шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирэх боломжгүй байгаа талаарх хангалттай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэж дүгнэн шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангасан байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй бөгөөд тухайн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгааг бичгээр илэрхийлж, хүндэтгэх шалтгаанаар тухайн өдөр товлосон шүүх хуралдаанд оролцох боломжгүйг нотлох эмнэлэгийн магадлагааг ирүүлсэн байхад шүүх анхаарч үзээгүй нь буруу болжээ.

Түүнчлэн, хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “БС ” ХХК, “АО ” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаан бөгөөд “БС ” ХХК-ийг хариуцагчаар татах ёстой байсан” гэх агуулгатай байхаас үзвэл хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн маргаан эсвэл иргэд хоорондын маргаан мөн эсэх талаар тодруулах шаардлагатай байжээ.

Дээрх байдлаар шүүхийн өмнө тэгш байх талуудын эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00536 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

             ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ