Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                               Прокурор Ш.Баасандорж /цахимаар/

                               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б /цахимаар/

                               Шүүгдэгч Т.Ц-н өмгөөлөгч Д.Дашцэрэн, Ж.Яринпил /цахимаар/

                               Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч А.Адъяасүрэн /цахимаар/

                               Шүүгдэгч Т.Ц /цахимаар/

                               Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, шүүгч Н.Дулмаа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ц түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гомдлоор Т.Ц, Г.М нарт холбогдох эрүүгийн 1827000000014 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 00 цагаас 02 цаг 27 минут хүртэлх хугацаанд Г.М-тэй бүлэглэн иргэн Б.Ө-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө иргэн Б.Өыг зодож толгойд нь гавал тархины хүнд гэмтлийг учруулан амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэгт тус тус,

 

Г.М нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 00 цагаас 02 цаг 27 минут хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна Т.Цтэй бүлэглэж иргэн Б.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын ерөнхий прокуророос Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2.1, Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Г.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүнийг алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Цд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 /найман/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 /арван / жилийн хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Цд оногдуулсан 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Цийн цагдан хоригдсон 654 /зургаан зуун тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 3-т зааснаар хохирол нийт 9 733 922 /есөн сая долоон зуун гучин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг Т.Цээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бад олгож, үлдэх 1.500.000 /нэг сая таван зуун мянган/төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутлыг шүүгдэгч Т.Цд буцаан олгохоор, тамхины иш, тал тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч Т.Цийн өмчлөлийн гэрчилгээний 000274061, улсын бүртгэлийн Г-1017001805 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Луваанжалба 11 дүгээр гудамж 27 тоот 836 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 96-64 ӨВР улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шүүгдэгч Т.Цийг хохирлоо төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээхээр, бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Г.Мд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Цийн өмгөөлөгч Ж.Яринпил гаргасан давж заалдах гомдолдоо: Хохирогчийн тархиндаа авсан үхэлд хүргэсэн гэмтлийг хаанаас, яаж авав гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоож чадаагүй гэж анхан шатны шүүх үзсэн учир шүүхийн хэлэлцүүлгийг маш хянуур нямбаа хийж шүүх хуралдааныг явуулсан боловч амь хохирогч Өлзийбаяр нь үхэлд хүргэсэн тархины хүнд гэмтлийг хэзээ, хаанаас авав гэдгийг зоригтой тогтоож, хуулийг оновчтой хэрэглэж чадаагүй.

Шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтанд бүхэлд нь дүгнэлт хийхэд хохирогч тархиндаа авсан үхэлд хүргэсэн хүнд гэмтлийг хохирогч Өлзийбаяр Цийн гарнаас, постын гэрлүү явахгүй гэж гараа хүчтэй татаж авахдаа нилээд согтуу байсан учир тэнцвэрээ алдаж унахдаа, гэрийн хаалгыг ар дагазаараа савж унаснаас болж энэ үхэлд хүргэсэн гэмтлийг авсан нь хангалттай тогтоогддог. Энэ үхэлд хүргэсэн гэмтэл авмагц тэр дороо хүнд гэмтлийн шинж чанар тэр дороо илэрсэн байдаг. Тухайлбал: Тэр дороо орчинтойгоо харьцах чадваргүй болж алхах, гишгэх, явах гэх мэт хөдөлгөөн хийх чадваргүй нь бүрэн алдагдсан.

Шинжээч эмч Хүрэлсүх энэ хүнд гэмтлийн талаар тодорхойлж хэлэхдээ: Тархины энэ хүнд гэмтэл авсан дариудаа, орчинтойгоо харьцах чадвараа алдаж, алхах, явах, ярих үйлдлүүдийг хийх боломжгүй болдог гэжээ.

Мөн цаг хугацааны дарааллын хувьд хамгийн сүүлд үүссэн гэмтэл байх боломжтой гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон үхэлд хүргэсэн гэмтэл авмагц үүсэх шинжүүд нь шүүгдэгч Цийн босго мөргөсөний дараа Өлзийбаярт үүссэн шинж хоёр тохирч байдаг. Шүүгдэгч Цийн хэлснээр толгойныхоо ар дагазаар босго мөргөсөн гэх газар нь үнэхээр Өлзийбаярын толгойн ар талд хууханд нь гэмтэл үүссэн байдаг. Энэ бүх шинж, тэмдэгээрээ босго мөргөсөн нь тогтоогдож байдаг. Хохирогч Өлзийбаярын босго мөргөсөн гэх газраас цус гараагүй учраас Ц худлаа ярьж байна гэж үзэх үндэслэлгүй байдаг юм. Яагаад гэвэл цус гарах түвшинд ар талын хуйх гэмтээгүй. Ц хохирогч Өлзийбаярыг гэрт өшиглөснөөс болж үхэлд хүргэсэн гэмтэл аваагүй нь тогтоогдож байдаг. Яагаад гэвэл хохирогч орчинтой харьцах чадвараа алдаагүй нь үхэлд хүргэх гэмтэл аваагүйг нотлож байдаг. Энэ бүх байдлаас дүгнэлт хийхэд ялтан Цийн гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх магадлалтайг онцгой анхаарч үзнэ үү.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүх бүрэлдэхүүнээс хүсэхдээ энэ хэрэг нь 2 жил 7 сар гаруйн хугацаанд үргэлжилж байна. Миний хүү ямарч нөхцөлд буцаж ирэхгүй, ялын хувьд их ч бай бага ч бай хүний хүүхдүүдийг яланд хатаахыг хүсэхгүй байна. Миний хүү ганц хүнд зодуулах хүн биш. Шарх сорви, гэмтлүүдийг харахад ганц хүн яагаад ч ийм гэмтлүүд учруулахгүй. Ар гэрт нь 5 өнчин хүүхэд үлдсэн, амьдралын ямарч орлогогүй. Боловсролын салбарт 46 жил ажилласан. Та бүгд болсон үнэн байдлыг олж тогтоож өгнө үү. Би ял дээр хатуурхахгүй. Миний хуульд нийцүүлж нэхэмжилсэн мөнгө, төгрөгийг гаргаж өгөхийг хүснэ гэж монгол хүний ёсоор, сурган хүмүүжүүлэгч хүний ёсоор, бас эцэг хүний ёсоор тулахтай сайхан үгээр гомдол, харамсалаа хэлж илэрхийлсэн байдаг. Шинжээч эмч Э.Хүрэлсүх ... Талийгаач Б.Ө нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. Тархины энэ гэмтэл авсан даруйдаа орчинтойгоо харьцах чадваргүй болж алхах, ярих, явах боломжоо алдсан нь босго мөргөсөнөөс үхэлд хүрэх гэмтэл авсан байх магадлалтай гэдэг. Мөн гэмтэл авсан дарааллын хувьд хамгийн сүүлд үүссэн гэмтэл байх боломжтой гэж тогтвортой мэдүүлдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн тухайд анхан шатны шүүхээс буруутай нь тогтоогдож байна гэж хууль хэрэглэсэн нь үндэслэл муутай, хангалттай нотлогдоогүйг анхаарч үзнэ үү. Цийн Мөнх-Эрдэнийг буруутай гэж мэдүүлсэн мэдүүлгийг няцаасан ямарч нотлох баримт байхгүй. Хэрэв М хохирогч Б.Өыг зодоогүй юм бол яах гэж гэмт хэргийн ул мөрийг арилгах гэж явдаг билээ. Ийм илүү үйлдэл хийх шаардлагагүй. Мөнх-Эрдэнийн үйлдэл нь Мөнх-Эрдэнийг гэм буруутай болохыг хангалттай нотлож байдаг. Давж заалдах шатны шүүх Т.Цийн гэм бурууд хууль хэрэглэхдээ, хүнийг болгоомжгүй алсан зүйлчлэлээр зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг, хүнийг болгоомжгүй алсан зүйлчилд багтаан хууль хэрэглэж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Шүүгдэгч Т.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Өлзийтийн худаг гэх газар 4-р постны монгол гэрээс баруун хойд зүгт 300-400 метрийн цаана Онцгой байдлын ажилтан Г.М талийгаач Б.Өыг зодож нүүр хамраас нь цус асгаруулсан байдалтай байхад нь миний бие араас нь очиж салгаад Б.Өын нүүр хамраас гарч байсан цусыг арчиж цэвэрлэж өгөөд Б.Өын цээж өвдөөд байна дээлээ тайлъя гэхэд нь дээлийг нь тайлуулж талийгаач Б.Өыг дагуулан 4-р постны гэрт авч ирсэн.

Гэтэл Г.М өөрөө тэр үед талийгаачийг зодож түүнд гэмтлүүд учруулчихаад түүнийгээ нууж мэдүүлэг өгөхдөө Т.Ц талийгаач Б.Өыг зодож бүх гэмтлийг учруулсан гэсэн худал мэдүүлэг өгдөг.

Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлэгт талийгаач Б.Ө бид хоёр сууж байхад Т.Ц араас ирээд пост руугаа буцъя гэхэд талийгаач Б.Ө явахгүй гээд суугаад байхаар нь Т.Ц талийгаач Б.Өыг цасаар угааж газар хэвтүүлсэн. Хэвлий рүү нь нэг, хонго хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн ... Б.Ө руу гүйж очоод дээлийнх нь араас татаж унагаад хэвлий рүү нь 2-3 удаа өшиглөсөн ... Т.Ц талийгаач Б.Өын дээлийг нь тайлуулаад цамцнаас нь бариад түүнийг газраас чирсэн ... Талийгаачид учирсан тэр нүүрний олон шарх гэмтлийг Т.Ц түүний нүүрийг цасаар угааж байхдаа учруулсан байх. Бусад шарх гэмтлийг Т.Ц түүнийг газраар чирч байхдаа учруулсан байх гэж талийгаачид учирсан бүх гэмтлийг Т.Ц учруулж гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж мэдүүлэг өгсөн.

Г.М ямар ч үндэслэлгүй худал ярьж мэдүүлэг өгснийг дараах баримтууд тодорхой харуулна. Үүнд: Талийгаач Б.Өын нүүр хэсэгт үүссэн гэмтлүүдийг Г.М мэдүүлэхдээ Т.Ц 4-р постны гэрийн гадаа талийгаач Б.Өын нүүрийг цасаар үрж байхдаа тус гэмтлүүдийг нүүрэнд нь учруулсан гэжээ.

1-р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд талийгаач Б.Өын нүүрний хэсэгт үүссэн олон шарх гэмтлүүдийг харуулсан гэрэл зургаас харахад түүний нүүр, дух, хамар, эрүү, шанаа, хөмсөгний орчим язарсан, зулгарсан олон шарх байгаа нь цохилт уналтаас болж үүссэн гэж энгийн хүний нүдээр харахад ч ойлгомжтой байдаг.

4-р хавтаст хэргийн 140 дүгээр хуудсанд шинжээч эмч Э.Хүрэлсүх 4-р хавтаст хэргийн 136 дугаар хуудсанд байгаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ 31 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тайлбарлан мэдүүлэг өгөхдөө: Хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээд нь талийгаачийн нүүрийг нь цасаар угааж үрсэн гэдэг. Энэ үед талийгаачийн нүүрэнд үүссэн зулгаралт шарх, гэмтэл үүсэх боломжтой юу? гэж асуухад шинжээч эмч Э.Хүрэлсүх цасаар хүний нүүрийг угаахад энэ гэмтэл үүсэх боломжгүй юм. Энэ гэмтэл цохих, унах, чирэгдэх үед үүсэх боломжтой гэмтэл юм гэж шинжээч эмч Э.Хүрэлсүх шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг мөрдөгч комиссар Э.Ганбатад өгчээ.

Мөн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх дээр болсон эрүүгийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүхэд гаргасан дүгнэлтдээ 1-р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд авагдсан зургаас харахад амь хохирогчийн нүүрэнд үүссэн гэмтэл хатуу цасаар үрлээ гэж үзэхэд нарийн хялгасан зураас мэт зүсэгдсэн гэмтлүүд үүсэх байсан гэтэл тус гэмтлүүд цохиулснаас болж үүссэн нь хэнд ч тодорхой харагдаж байна. Тэгээд ч өвлийн 2 дугаар сарын цас гэдэг бол хайлж хатуураагүй байдгийг бид мэднэ гэх дээрх нотлох баримтууд хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Дээрх баримтууд Т.Ц талийгаачийн нүүрийг цасаар үрж, угааж нүүрэнд нь гэмтэл учруулсан гэх Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлгийг шууд үгүйсгэж байна.

Г.М мэдүүлэхдээ тухайн үед Т.Ц Б.Өын нүүрийг цасаар үрж газар унагааж хэвтүүлсэн гэж ноцолдож байсан мэт ярьдаг. Хэрвээ тухайн үед Т.Ц Б.Өын нүүрийг цасаар үрж ноцолдож байсан газар хэвтүүлж гэмтлүүдийг нүүрэнд үүсгэсэн бол /мэдээж ийм нөхцөлд талийгаач эсэргүүцнэ, хүн зүгээр сууж байгаад нүүрээ гэмтээлгэхгүй/ яг талийгаачийн нүүр гэмтсэн шиг Т.Ц миний гар бас гэмтэх байсан. Миний гар адилхан арьс мах болохоос төмөр биш. Ямар нэгэн байдлаар их бага хэмжээгээр гэмтээх байсан нь бичигдээгүй хууль. Мөн талийгаачийн өмсөж явсан ногоон дээл цус болсонтой адил миний хувцас цус болох байсан. Гэтэл тийм зүйл болоогүй, гар гэмтээгүй, хувцас цус болоогүй байгаа нь Г.М үндэслэлгүй худал гүтгэснийг нь гэрчилж байна.

Үүнийг дараах баримтууд нотолно. 4-р хавтаст хэргийн 242 дугаар хуудас Т.Цийн хувцаснаас А бүлгийн цус илрээгүй. 1-р хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас тухайн үед Т.Цийн бие болон хувцсанд үзлэг хийж тэмдэглэл үйлдэж зургаар бэхжүүлсэн баримтууд, 4-р хавтаст хэргийн 148-150 дугаар хуудас Т.Цийн биед шинжилгээ хийсэн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны №144 дугаартай шинжээчийн дүгнэлт, Т.Цийн биед тус хэрэгт холбогдолтой гэмтэл байхгүй гэсэн дүгнэлт тайлбар.

Дээрх баримтуудаас харахад цасаар түүний нүүрийг угааж гэмтээж болохгүй байгаа нь харагдаж байна. Т.М мэдүүлэхдээ Т.Ц талийгаачийг газраар чирсэн гэдэг бусад оролцогчид ч газраар чирч байгаад нүүрийг гэмтээсэн гэж сэжиглэдэг.

Тэгэхээр талийгаачийг газраар чирч түүний нүүрэнд олон шарх үүсгэсэн юм уу? гэдгийг нотлох баримтуудаас харахад ямар ч боломжгүй.

Г.М 1-р хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас, 4-р хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудсанд мэдүүлэг өгөхдөө тухайн үед Т.Ц талийгаачийг цасан дээгүүр чирсэн гэдэг боловч хэрхэн яаж чирсэн талаар заагаагүй.

Харин 4-р хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд Г.М мэдүүлэгтээ Т.Ц 4-р постны гэрийн гадаа талийгаач Б.Өын цамцны араас бариад бөгсөөр нь газар суулган цасан дээгүүр чирэхээр нэгдүгээрт нүүрэнд яаж гэмтэл үүсэх вэ? хоёрдугаарт дээлгүй байхад нь чирч байгаа юм бол 1-р хавтаст хэргийн 15-р хуудсанд байгаа цустай ногоон дээлтэй зураг дээр байгаа дээл хэзээ яаж цус болсон бэ? гэдэг асуулт гарч байна. Үүнээс гадна 7-р хавтас хэргийн 4-5 дугаар хуудсанд Г.Мөнх-Эрдэнийг нүүрэлдүүлэн байцаахад Т.Ц талийгаачийг чирэх гэж байхад нь болиулсан гэжээ. Энэ мэдүүлгээ өгөхдөө талийгаачийг газраар чирсэн зүйл болоогүй. 1-р хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд байгаа мөр бол тухайн үед Т.Цтэй хамт зохиомлоор үүсгэсэн мөрний зураг гэдгээ хүлээж байсан. Үүнээс гадна 7-р хавтаст хэргийн 190-230 дугаар хуудсанд Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Г.М мэдүүлэг өгөхдөө талуудын асуултанд Т.Ц талийгаачийг бөгс нуруу хэсгээр нь цасан дээгүүр чирсэн, чирч явахад нүүр нь тэнгэр рүү харж байсан, Т.Ц талийгаачийн нүүр хэсэгт цохиж зодоогүй гэж мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдээс харахад Т.Ц 4-р постны гэрийн гадаа талийгаачийн нүүрийг газраар чирч гэмтээгээгүйг цаашлаад түүнийг газраар чирсэн үйлдэл болоогүйг Г.Мөнх-Эрдэнийн өөрийнх нь мэдүүлгээр нотолж байна.

Тэгэхээр тухайн үед талийгаачийг газраар чирсэн асуудал ер нь болсон юм уу? гэвэл үгүй. Тухайн үед талийгаач Б.Өыг газраар чирсэн асуудал огт болоогүй юм. 1-р хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд талийгаачийг газраар чирсэн гэх мөрийг зургаар бэхжүүлэгдсэн мөр бол Г.М талийгаачийг зодсон энэ үйлдлээ нуухын тулд тухайн үед бий болгосон зохиомол мөр юм. Үүнийг дараах нотлох баримтууд нотолно.

Нэгдүгээрт 1-р хавтас хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан мөрний зургийг ажиглавал мөрний голоор хатуу ирмэгтэй зүйлээр татсан мэт үргэлжилсэн урт зураас байгаа. Хэрэг болох цаг хугацаанд талийгаач памбагар цагаан эсгий гуталтай байсан уу? гэхээр талийгаачийг бөгсөөр нь газар суулгаад цамцны араас чирэхэд мөрний голоор түүний уллаагүй памбагар цагаан эсгий гутал тус эрмэгтэй зүйлээр татсан мэт тод зураасыг үүсгэх боломжгүй байх. 1-р хавтаст хэргийн 30-32 дугаар хуудсанд талийгаач Б.Өын тухайн үед өмсөж явсан хувцасны зураг. Тэгэхээр Г.М өөрөө цасан дээр суугаад Т.Цээр чирүүлэхэд түүний өвлийн хатуу ултай цэргийн гутлын ул энэ зураасыг мөрний голоор үүсгэж гэдэг нь харагдан 1-р хавтаст хэрэгт Г.Мөнх-Эрдэнийн гутлыг зургаар бэхжүүлсэн.

Т.Ц миний бие 1-р хавтаст хэргийн 17-р хуудсанд авагдсан мөрний зургийг тусгай мэдлэгтэй мэргэжлийн байгууллагад өгч ямар гутал энэ зураасыг үүсгэх боломжтой вэ? гэдгийг тогтоолгож өгнө үү гэж мөрдөн байцаалтын үед хүсэлт гаргаж байсан.

Хоёрдугаарт хэрвээ талийгаачийг газраар чирсэн гэж үзэхэд 2 нотлох баримтад заавал дүгнэлт хийх ёстой эхнийх нь 1-р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд талийгаачийн нүүрэнд үүссэн шарх гэмтлийн зургууд, 1-р хавтаст хэргийн 15-р хуудсанд  тухайн үед талийгаачийн өмсөж явсан ногоон өнгийн үстэй дээлний цус болсон байдлыг харуулсан зураг, хоёр зургийг ажиглан харж дүгнэлт хийхэд тухайн үед дээрх нүүрний гэмтлүүдийг авч байхдаа түүнээс багагүй цус асгарч байжээ гэдэг нь хэнд ч тодорхой. Тэгэхээр тус гэмтлүүд үүссэн газар заавал цусны ул мөр үлдэнэ. 40-50 см зузаан цастай тал газар байсан 1-р хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд тухайн газрын байдал цасны зузааныг харуулсан зураг байгаа. 1 дусал цус ч гэсэн харагдахаар цав цагаан цастай газар. Тэгэхээр дараах баримтаас харахад Г.М мэдүүлэхдээ Т.Ц 4-р постны гадаа талийгаач Б.Өыг газраар чирч байхдаа бусад шарх гэмтлийг учруулсан байх гэдэг гэтэл 1-р хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд талийгаачийг газраар чирсэн гэх мөрний зурган дээр ямар ч цусны ул мөр байхгүй байдаг. Хэргийн газрын үзлэгээр шинжээч эмч Э.Хүрэлсүх талийгаачийн биед ерөнхий үзлэг хийгээд цогцост үүссэн гэмтэл үүссэн газрыг хайж олохоор цусны ул мөр 4-р постны гэрийн гадна ирсэн боловч олоогүй. Тухайн үед цасны зузаан 40-50 см цус асгарсан газар сайн харагдахаар цав цагаан цастай байсан талаар 2019 оны 05 сарын 29-ний өдөр эрүүгийн шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн. Тэгэхээр талийгаач Б.Өыг дээлгүй өмд цамцтай байхад нь газраар цасан дээр чирсэн гэдэг. Гэтэл дээл нь чирэхээс өмнө цус болчихсон байдаг. Мөн өмд цамцтай газраар чирлээ гэхэд гэмтлүүд чирэх үед үүсэхэд 1 дусал цус ч гэсэн чирсэн тэр мөрөнд гэмтэл үүсгэж байгаа газар үлдэнэ. Гэтэл ямар ч цусны толбо 1-р хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд байгаа чирсэн гэх мөрний зураг дээр байдаггүй өмд цамц цус болоогүй байгаа нь тухайн үед талийгаачийг газраар огт чирээгүй. Тэр чирсэн гэх мөрний зураг бол зохиомлоор бий болгосон мөр юм гэдэг нь харагдана.

4-р хавтаст хэргийн 140 дугаар хуудсанд шинжээч эмч Э.Хүрэлсүх 31 дугаартай шинжээчийн дүгнэлтэд холбогдуулан мэдүүлэг өгөхдөө талийгаачийн хавирганы гэмтсэн хэрэгт арьс болон зөөлөн эдэд цус хураагүй байгаа нь хувцас буюу үстэй дээл монгол дээлийн бүс зэрэг зузаан зүйлс байх боломжтой цус хуралтыг үүсгээгүй байж болно гэжээ. Энэ баримтаас харахад талийгаач Б.Ө ногоон өнгийн зузаан үстэй дээлтэй байхдаа зодуулж гэмтэл авсан гэдгийг гэрчилж байна.

Т.Ц миний бие талийгаач Б.Ө Г.Мд зодуулсан байхад нь цусыг нь тус газар арчиж дээлийг нь тайлуулаад 4-р пост хүртэл түүнийг дээлгүй дагуулж явсан.

Гэтэл Г.М Т.Ц талийгаачийг дээлтэй дагуулж яваад замдаа өшиглөж зодоод дээлийг нь тайлуулж газраар чирсэн гэдэг. Энэ нь үнэнд нийцээгүй нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Хэрвээ Т.Ц 4-р постны гэр рүү буцах замдаа хэвлий рүү өшиглөөд дараа нь дээлийг нь тайлуулж орхиод газраар талийгаачийг дээлгүй чирсэн гэж үзэхээр нөгөө ногоон өнгийн дээлэнд үлдсэн цусны толбо хэдийд яаж үүсэв. Энэ нь ойлгомжгүй. Нэг үгээр хэлэхэд дээлийг тайлуулчихаад өмд цамцтай байхад нь газраар чирч олон шарх нүүрэнд нь үүсгээд цусыг нь асгаруулахаар өмд цамц нь л цус болно уу л гэхээс биш тайлаад тавьсан дээл цус болно гэж байхгүй. Гэтэл өмд цамц биш дээл цустай байгаа. Тэгэхээр дээл ер нь хэдийд цус болсон бэ? гэдэг асуулт. Энэ л баримт талийгаач Б.Ө намайг очихоос өмнө Г.Мд зодуулаад олон тооны шарх гэмтлүүдийг авсан байсан бөгөөд тус шарх гэмтлүүдээс гарсан цус ногоон өнгийн дээлийг бохирдуулсан байсныг нотолж байгаа баримт мөнөөсөө мөн.

Үүнээс гадна 4-р постны гэрийн гадна талийгаач Б.Ө-г Г.М зодсон байхад нь би араас нь очиж салгаж талийгаачийн нүүрэнд үүссэн олон шарх, хамраас асгарч байсан цусыг арчиж цэвэрлэж цасаар угааж цусыг нь тогтоож өгснийг нотлох гол баримт бол 1-р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд талийгаачийн нүүрэнд үүссэн шарх гэмтлийг харуулсан зураг юм. Тус зургийг харж ажвал талийгаачийн нүүрэнд үүссэн гэмтлүүдээс гарсан цусыг арчиж цэвэрлэж цусыг тогтоосон байгаа нь харагдана. Хэрвээ Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлснээр тухайн үед талийгаачид хүч хэрэглэж түүний нүүрийг үрж зодож гэмтээсэн бөгөөд арчиж цэвэрлээгүй бол талийгаачийн нүүрэнд үүссэн олон шархнаас цус гарч түүний шанаа хацрыг даган урсаж нүүр цусаар бохирлогдон хатаж үлдэх байсан. Хэргийн газрын үзлэгийн баг талийгаачийн нүүрийг угааж цэвэрлээд дараа нь гэрэл зураг авна гэж байхгүй. Гэрч Пүрэвдорж 1-р хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэгт .....Талийгаачийн биеийн нүүр хэсэгт зулгарсан, толгой ар дагз хэсгээс цус гарсан байсан гэжээ. Тэгэхээр нүүр цусаар бохирлогдоогүй цэвэрлэсэн байсан болохоор дурдаагүй харин зулгарсан шархыг дурдаж.

1-р хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд гэрч Д.Э-н мэдүүлэгт ... Талийгаачийн нүүр хэсэгт духны хэсэгт болон хоёр шанаа хамар хэсэг зулгарсан шинэ шархтай байсан гэжээ. Мөн нүүр цусаар бохирлогдсон талаар хэлээгүй. Нүүр цусаар бохирлогдсон байсан бол хэлэх байсан байх. Бусад гэрчүүдийн мэдүүлэгт мөн улайсан байдалтай байсан, зулгарсан байдалтай байсан гэдэг харин цус гарсан нүүр бохирлогдсон гэж байдаггүй юм. Үүгээр юу хэлэх гээд байна вэ? гэхээр тухайн үед Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлснээр талийгаачид тус гэмтлүүдийг үүсгэх зорилгоор түүний нүүрийг гэмтээж үрэн цусыг нь урсгасан бол нүүр нь цусаар бохирлогдон хатаж үлдэх , өмд цамц нь ч мөн цус болох байсан тэгээд тэр нь зурган нотлох баримт болоод хавтаст хэрэгт байж байгаа.

Гэтэл 1-р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас болох зурагт нүүрийг угааж арчиж цэвэрлэн шархнаас гарах цус бүрэн тогтсон нүүрэнд хатаж урсаж үлдсэн гэж цус байхгүй цэвэрлэгдсэн байгаа нь тухайн үед миний бие талийгаачид тусалж цусыг арчиж цэвэрлэж тогтоож өгөөд дээлийг нь тайлуулаад 4-р постны гэрт авч ирсэн нь үнэн гэдгийг тус зурган баримт үггүй нотолж өгнө.

Хэрвээ түүнд туслаагүй цусыг тогтоож өгөөгүй бол урсаж байгаа цус дээлнээс гадна өмд цамц зэргийг бохирдуулах байсан. Ер нь Г.М талийгаачийг зодоогүй байсан л бол яах гэж Т.Цтэй хамт тэр хуурамч, зохиомол талийгаачийг чирсэн гэх мөрийг бий болгох юм бэ? Мөн тэр архины шил эд мөрийн баримтыг харанхуй шөнө 4-р постны гэрээс 100 гаруй метрийн цаана айлын эзгүй байшинд нуух юм бэ?

Г.М хэрэг гарснаас хойш мэдүүлгүүддээ би архины шил нуугаагүй гэж тас гүрийдэг байсан. Харин 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хурал дээр Т.Насанжаргал Г.М архины шил нуусан гэж хэрэг гарснаас хойш 1 жил гаруйн дараа илчилсэн. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүх дээр болсон шүүх хурал дээр би архины шил нуусан нь үнэн гэж хэрэг гарснаас хойш 2 жил 7 сарын дараа хүлээсэнд шүүх дүгнэлт хийсэнгүй.

Шүүхээс дүгнэлт гаргахдаа гэрч Т.Н-н мэдүүлэгт үндэслэн Т.Ц талийгаачийг зодож хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж тооцсон. Гэтэл Т.Н гэдэг хүн 4-р постны гэрийн гадаа байгаагүй. Тэгээд түүний анхны мэдүүлэгт хавирга хугарсан юм биш үү ахыгаа яагаад зодож байгаа юм бэ? гэж сонссон гэдэг ч хэнд хандаж хэлснийг нь өөрөө хараагүй байдаг. Таамгаар Т.Ц-д хандаж хэлсэн гэж тайлбарладаг. Хавирганы гэмтлийг Т.Ц-д тохож болдог байж. Тэгвэл шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж тогтоосон нүүрэнд нь үүссэн олон шарх гэмтлийг яах вэ? Үүнд дүгнэлт хийгээгүй. Хэн нь гэмтлийг учруулсан нь тогтоогдоогүй. Үүнээс гадна дээрх бичигдсэн нотлох баримтууд мөн улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын дүгнэлтдээ хэлсэн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт хэргийг шийдэхэд чухал ач холбогдолтой ногоон өнгийн үстэй дээл хэдийд цус болсон. Хөнгөн гэмтлийг хэн учруулсныг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзсэн дүгнэлтийг үгүйсгэн няцаасан үндэслэлээ шүүх тайлбарлаагүй. Т.Ц миний бие талийгаачийг 4-р постын гэрийн гадаа зодож нүүрэнд нь олон шарх гэмтэл учруулаагүй. Үүнийг дээрх нотлох баримтууд хөдөлшгүй нотолно. Тухайн үед гуравдагч этгээд гэж байгаагүй. Т.Ц Г.М бид хоёроос өөр хүн талийгаач дээр очоогүй гэтэл шүүхээс бүлэг гэмт хэрэг гэдгийг шалгаж тогтоогоогүй, нотлоогүй гэж үзээд талийгаач дээр түрүүлж очоод зодож цусыг нь асгаруулсан этгээдийг ямар ч үндэслэлгүй цагаатгасан шүүхийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т зааснаар Г.Мд холбогдох хэргийг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхээс Т.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээс 1-р хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд талийгаач Б.Өын толгойн хуйхыг нээж эргүүлэхэд хуйхны дотор гадаргуу дор гавлын ясны гадна тал буюу хуйх гавлын яс хоёрын завсраар толгойн ар дагзны төвгөрийн баруун хэсэгт цус хуралт байгааг харуулсан зураг, 7-р хавтаст хэргийн 180-240 дүгээр хуудсанд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хурал дээр шүүгдэгч Т.Цд холбогдох эрүүгийн шүүх хуралд мэдүүлэг өгөхдөө шинжээч эмч Э.Хүрэлсүх 1-р хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд байгаа зургийг шинжлэн судлуулж .... Бид нар хээрийн нөхцөлд ... задлан шинжилгээнд орсон хамгийн эхэнд бид нар тархины гэмтэл байж магадгүй гэж үзээд толгойг нь нээсэн. Манай туслах ажилтан нээж эхэлсэн. Тэгтэл толгойн баруун ар хэсэгт 1 см орчим шарх байсан. Тус шархтай хэсгийн хуйхны дотор гадаргуу хэсэг дор цус хурсан байсан. Энэ зурган дээрээс толгойн баруун ар хэсэгт хуйхны дотор гадаргуу дор цус хурсан байгааг та бүхэн харж байна. Толгойн баруун ар хэсэгт байгаа 1 см урттай шархны энэ хэсэгт гадны хүч үйлчилсний улмаас тус шарх үүсч тархи цалгиж тархины зүүн тал бөмбөлгийн дунд хажуу хэсэгт тархины эдийн ховил болон аалзан бүрхүүл дор үүссэн зузаан цус харвалт гэмтэл үүссэн байх боломжтой. Учир нь тархины цус хуралт тархины няцрал гэмтэл нь хүч үйлчилсэн цэгийнхээ эсрэг талд үүсдэг гэж мэдүүлсэн. 4-р хавтаст хэргийн 136-137 дугаар хуудсанд Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний алба 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц цогцосны гадна үзлэг ... Дагзны төвгөрийн баруун хэсэгт 1 см урттай шархтай ба тус шархнаас цусархаг зүйл гарна.....Дотор эрхтнүүдийн шинжилгээ толгойн хуйхыг нээж эргүүлэхэд хуйхны дотор гадаргуу дор баруун зулайн ар хэсэгт хар хүрэн өнгийн цус хуралттай байсан ... шүүх эмнэлгийн онош .... Тархины битүү гэмтэл аалзан бүрхүүл доорх цус харвалт ... дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд унах, цохигдох, хатуу биет мөргөх, дээрээс хатуу биет унахын аль ч үед үүсэх боломжтой. ... Талийгаачийн биед учирсан тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлийн үед ярих, явах зэрэг үйлдэл хийх боломжгүй ... талийгаач гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

4-р хавтаст хэргийн 141 дүгээр хуудсанд шинжээч эмч Э.Хүрэлсүхээс авсан мэдүүлэг талийгаачийн баруун зулайн ар хэсэгт үүссэн шингэн цус бүхий шарх гэмтэл нь ямар хүчин зүйлийн улмаас үүсэх боломжтой вэ? Тухайлбал хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээд цагдаагийн алба хаагчийн хатуу арзгар ултай гутлаар өшиглөх үед үүсэх боломжтой юу? гэж асуухад шинжээч эмчээс Э.Хүрэлсүхээс дээрх шарх гэмтэл мохоо хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. /Дагзны баруун хэсэг/ Тус үүссэн шархны эсрэг талд буюу зүүн тал бөмбөлгийн дунд хэсэгт аалзан бүрхүүл доорх хар хүрэн өнгийн зузаан цус харвалт гэмтэл тогтоогдсон байгаа нь тус шархнаас тухайн зүүн тал бөмбөлгийн дунд хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой. Учир нь тархины цус харвалт цус хуралт няцрал гэмтэл нь хүч үйлчилсэн цэгийнхээ эсрэг талд үүсдэг талаар, талийгаач тархины аалзан бүрхүүл доорх гэмтэл авсан хүн орчинтой харьцах үйл хөдөлгөөн хийх боломжтой юу? Энэ гэмтэл авсан хүн гэмтэл авснаас хойш хэр хугацаанд амьдар чадвартай вэ? гэж асуухад ийм гэмтэл авсан хүн орчинтойгоо харьцаж үйл хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй учир нь аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл нь хар хүрэн өнгийн зузаан тархины далан хувил руу гүн орсон цус хуралт байсан. Тийм учраас өөрөө өөртөө үйлчлэх хөдөлгөөн хийх, явах, ярих ямар ч боломжгүй амь насанд шууд аюул учруулна гэсэн. Мөн 8-р хавтаст хэргийн 151 дүгээр хуудас, 9 дүгээр хавтас хэргийн 146 дугаар хуудсанд шинжээч эмч Э.Хүрэлсүх дээрх асуултанд хариулахдаа тархины гэмтэл авсан дариудаа шууд газар ухаан алдаж унана өөртөө үйлчлэх хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй гэжээ. Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн өгсөн мэдүүлэг, түүний шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зэргээс харахад талийгаач Б.Ө гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. ...Гавал тархины хүнд гэмтэл авсан дариуд шууд газар ухаан алдаж унах бөгөөд өөртөө үйлчлэх, хөдөлгөөн хийх, үг хэлэх зэрэг үйлдэл хийх ямар ч боломжгүй шууд үхэлд хүрэх юм байна. Гэтэл Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Ц 4-р постны гэрт талийгаач Б.Өын нүүр хэсэгт өшиглөн гавал тархины хүнд гэмтэл учруулж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт буруутай гэж дүгнэн шийдвэр гаргажээ. Энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Т.Ц 4-р постны гэрт талийгаачийг өшиглөж алаагүй. Тэрээр өшиглөсний дараа амьд сэрүүн Т.Цтэй гэрээс гарсан байхад 4-р постны гэрт тархины хүнд гэмтэл авч амь нас нь хохирсон буюу Т.Ц түүнийг өшиглөж алсан гэж дүгнэсэн нь шинжлэн ухааны үндэслэлтэй шинжээчийн дүгнэлт гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн болсон байдалтай нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс баримтуудад дүгнэлт хийгээгүй. Үгүйсгэсэн болон няцаасан үндэслэлээ заагаагүй байна. Анхан шатны шүүхээс Ц талийгаач Өлзийбаярыг дагуулан гарч гадаа гэрийн үүдэнд алсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан бол ямар ч нотлох баримтгүйгээр намайг хэлмэгдүүлж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр шарх, гэмтлүүд нь үхэлд хүрэх гэмтэлтэй холбоотой, хэрэгт чухал ач холбогдолтой байхад түүнийг тогтоогоогүй. Миний өмгөөлөгч Дашцэрэнгийн санал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байсан. Гэтэл өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтэнд ач холбогдол өгсөнгүй. Шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргалаа. Мөн шийтгэх тогтоолд миний цагдан хоригдсон хоногийг буруу тооцож шийдвэрлэсэн гомдолтой байна. Иргэний хуулийн тусгай ангийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хохирлыг шийдвэрлэх байтал Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар 9.733.992 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна. Оршуулгын зардлыг миний ар гэр өрөнд орж байж төлсөн. Миний бие 2 жил цагдан хоригдсон. Энэ хугацаанд надад ямар ч орлого байгаагүй. Би дараа нь 9 сар батлан даалтанд байсан. Тэр хугацаанд хар бор ажил хийж бага ч гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгч байсан. Одоо надад шууд өгөх мөнгө байхгүй. Хэрвээ эрх чөлөөтэй болвол шударгаар явахаа илэрхийлсэн. Миний ар гэр дахин өр зээл тавиад тус хохирлыг нөхөн төлнө гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй ярьсан байдаг. Гэхдээ энэ гэмт хэрэгт миний ар гэр ямар ч буруугүй. Цагдаагийн байгууллагыг иргэний хариуцагчаар татсан байхад шүүхээс үүнийг анхаарч үзээгүй ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр шударга гарч чадсангүй. Гомдлуудыг дэмжиж байна. Яллах дүгнэлт буруу байхад шүүх шийдсэн нь хуульд нийцэхгүй. Улсын яллагч дүгнэлтдээ Ц талийгаачийг гэрээс дагуулж гараад зодож үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулсан гэж бичсэн нь байж болохгүй дүгнэлт Ц, талийгаач хоёрыг гадаа гарахад хэн ч хараагүй ямар ч гэрчгүй байхад улсын яллагч өөрөө дэргэд нь байсан юм шиг дүгнэлт гаргасан нь ноцтой алдаа. Ц, талийгаач хоёр гадаа гарч юу болсныг гэрчлэх ямар ч гэрч байгаагүй. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг маш тодорхой гарсан. Энэ нь гэрээс гарахаас өмнө шууд үхэлд хүргэх ямар ч үйлдэл халдлага болоогүйг тодорхой заасан. Цийн яриад байгаа гараа татаад гэдэргээ босго мөргөөд дагзаараа ойчсон гэх мэдүүлэг хамгийн үнэн байх магадлалтай. Шүүх ийм нөхцөлд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үүрэгтэй байсан. Мд холбогдох хэргийг цагаатгасан нь буруу тэр тодорхой хэмжээгээр эрх чөлөөнд нь халдсан нь 1-р хавтаст хэрэгт авагдсан цогцосны зураг, нүүрний гэмтэл, дээл нь дээрх цусны бохирдолт зэргээс гарцаагүй нотлогддог. Хүнд гэмтэл учруулсныг нотлох баримт байхгүй гэж үзсэн бол хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан нь гарцаагүй байна. Иймд Т.Цд шүүх ял шүүх ял оногдуулахдаа болгоомжгүй үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэл байсан гэж би үздэг гэж өмгөөлөгч, Ц хоёр гомдол гаргасан болохоор давхардуулж гомдол гаргаагүй гэжээ.

 

Прокурор Ш.Баасандорж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Цийн өмгөөлөгч Ж.Яринпил болон шүүгдэгч Т.Ц нараас гаргасан гомдлыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгдэгч Т.Цийн өмгөөлөгч Ж.Яринпил гаргасан гомдолдоо “...Хохирогчийн тархиндаа авсан үхэлд хүргэсэн гэмтлийг хаанаас, яаж авав гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоож чадаагүй, хуулийг оновчтой хэрэглэж чадаагүй болно. ...Ялтан Т.Цийн гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчилж ял оногдуулсан нь үндэслэлгүй ...Давж заалдах шатны шүүх Т.Цийн гэм бурууд хууль хэрэглэхдээ, хүнийг болгоомжгүй алсан зүйлчлэлээр зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ялыг, хүнийг болгоомжгүй алсан зүйлчилд багтаан хууль хэрэглэж өгөхийг хүсье” гэжээ. Шүүгдэгч Т.Ц тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Шүүхээс шүүгдэгч Т.Цийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцүүлэн, түүний хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хүрээнд үндэслэл бүхий ял шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч Т.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэрт нийцэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Цийн үйлдэл уг үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Т.Цийг уг хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Цийн санаатай үйлдлийн улмаас учирсан хор уршгийг арилгуулахаар түүнээс 9.733.922 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг хариуцан төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Хэдийгээр цагдаагийн байгууллагыг иргэний хариуцагчаар татсан хэдий ч өөрийн үйлдлийн хор уршийг ухамсарлан ойлгож байсан ч хор уршигт хүргэсэн, гэмт хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зардлыг шүүгдэгч Т.Цийг ажиллуулж байсан байгууллагад үүрүүлж төлүүлэх нь Эрүүгийн хуулийн үндсэн агуулга, зорилгод үл нийцнэ гэж үзээд шүүгдэгч Т.Ц өмгөөлөгч Ж.Яринпил нараас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Харин Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолын 7 дугаар заалт буюу цагдан хоригдсон хоногийг буруу тооцсоныг зөвтгөн бусад заалтыг хэвээр үлдээлгэхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Прокурор Ш.Баасандорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Т.Ц гэм буруутай нь тогтоогдож анхан шатны шүүхээс зохих шийтгэл буюу хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага тооцсон учир хохирол төлбөр нөхөн төлүүлэх зэрэгт шүүх нотлох баримтыг үндэслэн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Харин шийтгэх тогтоолд Т.Цийн цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон учир зөвтгөх саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, Г.Мөнх-Эрдэнийг гэм буруутай гэж үзэх саналыг гаргаж байна гэж ойлголоо. Нэгэнт анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд шийдвэрлэсэн учир Г.Мөнх-Эрдэнийг гэм буруутай гэж үзэх нь шаардлагагүй юм. Иймд давж заалдах шатны шүүхэд тайлбараа дэмжиж  дүгнэлт гаргаж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг гарснаас хойш 3 жил болж байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч анхнаасаа хэрэгтнүүдийг хорилгүй мэдүүлгийг дутуу, дулимаг мөрдөж хэрэгтнүүд хэргээ нууж олон янзаар мэдүүлэг өгч анхны худал мэдүүлгээ батлах гэж дахин давтан өгсөөр ирснийг хохирогч би дараах хэдэн зүйлтэй холбоотой гэж үздэг юм. Энэ хэрэгт холбогдсон Т.Ц үйлдсэн хэргээ үнэнээр нь хүлээж байгаа боловч анхнаасаа мэдүүлгийг олон янзаар өгч хэргийг бүдгэрүүлсэн үйлдлийг дахин давтан хэлсээр ирсэн. Үхсэн хүн босоод ирэхгүй. Үүнийг яаж ч шийдсэн яахав гэсэн байдлаар эцсийн эцэст миний хүү босгон дээр ойчоод нас барсан юм шиг мэдүүлэг өгч байна. Босгон дээр ойчсон байлаа гэж бодоход гэр дотор 4 хүн байсан. Онцгой байдлын 2, цагдаа 1, Бүрд сумын Захиргааны 1 ажилтан. Ингээд бүгд 8 нүд харж байсан. Гэтэл эдгээр хүмүүс босгон дээр ойчоод, ухаан алдаад оруулж ирсэн гэсэн нэг ч мэдүүлэг өгөөгүй. Т.Ц аваад гарсан 5-15 минутын дараа энэ пизда чинь ухаангүй болчихлоо гэж чирээд орж ирсэн гэсэн мэдүүлгүүд байдаг. Би хүүгээ онц харгис хэрцгийгээр алуулсанд маш их харамсаж байна. Миний хүүг даанч харгис хэрцгийгээр хөнөөсөн. Үүнд Г.М ч гэсэн хамаатай. Их, бага хэмжээний 24 тооны зулгаралт, хүнд гэмтэл учирсан гэдгийг шинжээч тогтоосон байгаа. Үүнээс харахад дээрх гэмтлүүдийг нэг хүн дахин дахин давтаж үйлдсэн гэдэгт эргэлзээтэй. Шинжээчийн дүгнэлтээр хатуу мохоо зүйлийн зүйлчлэлээр олон удаа цохиж, гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж гарсан. Үүгээр юу гэж хэлэх гэсэн бэ? гэхээр анх эхлээд хэрэг гарсан газар мөрдлөг хийж 42 см-ийн урттай, 8 см-ийн диаметртэй 11:12 хэмжээтэй тал бүдүүн улаан тоосго хэрэгт бүртгэгдэж хавтаст хэрэгт байгаа. Гэтэл энэ улаан тал тоосгыг хэн, яаж зэвсэг болгосныг огт дурдаагүй. Тэр тал тоосгыг, тамхины хамтаар байгаа гэж үзүүлж байсан ч явцын дунд байхгүй болчихсон. Тэгэхээр миний хувьд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаа цохьсноос болж гавал тархинд хүнд гэмтэл үүссэний улмаас их, бага, дунд, завсрын тархинд цус хуралтууд,  бөөр, хэвлийд үүссэн гэмтлүүд зодолтоос болсон. Хүүг минь алсан байх магадлалтай нотлох баримт буюу тал улаан тоосго байсан нь гарцаагүй. Би 61 хоногийн дараа хэргийн газар дээр очсон. Гэрээс баруун хойшоо 10-12 метрийн зайтай их хэмжээний цус гоожсон байсан. 61 хоногийн дараа очиход цас нь хайлчихсан, дизелийн түлш асгарсан мэт харласан байсан. Хүний цус арилдаггүй юм байна лээ. Задлан шинжилгээ хийсэн цусыг зүүн урагш нь асгасан. Тэр ул мөр байсан. Энэ талаар шинжээчтэй хамт байсан туслахаас ямар ч мэдүүлэг аваагүй байсан. Тэр баруун хойно гарсан их хэмжээний цус яасан бэ? Тухайн үед цастай байсан мөртлөө цасаар булаад ул мөргүй болгосон байсан. Нөгөө талаар Т.Ц хэргээ хүлээж нааштай байдлаар хандсан. Би эцэг хүн, ахмад хүн, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд наанатай, цаанатай бодсон. Би ханиа алдсан, бас хүүгээ алдсан. Одоо ганц бие гозон толгой явж байна. За юу гэхэв дээ түмний үрийг би ялд унуулж, хууль зохих ёсоор шийдэж өгнө биз гэж бодсон. Заавал ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх тал дээр ямар нэгэн зүйл бодохгүй байна. Миний хүү босоод ирэх биш гэсэн утга бүхий үг хэлсэн. Гэтэл даварсаар даварсаар даргын толгой дээр гэгчээр миний зөөлөн сэтгэл дээр дөрөөлж, хүүг минь өөрөө ойчиж үхсэн мэтээр худал мэдүүлэг өгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаад хохирогч би алуурчдыг үзэн ядаж үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл тэмцэх болно гэдгийг хэлье.

Г.Мтэй холбоотой дараах зүйлийг хэлье. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон гээд байгаа Г.М хүүг минь хээр үхсэн болгож өөрийгөө цасан дээгүүр 65 см-ийн өргөнтэй өөрөө чирсэн. Тэр онцгой байдлын ажилтан Сүхбат би нэг арга оллоо, та нар зөвшөөрвөл энэ үйлдлийг хийе гээд бүгдээрээ ярилцаад нэгийгээ чирэх болсон. Тэгэхээр Г.М би чирэгдье гээд чирэгдсэн байгаа юм. Энэ нь үйлдсэн хэргээ баталгаажуулах гэсэн арга юм. Мөн архины шилнүүдийг 500 орчим метрийн цаана айлын саравчинд нуусан. Тэгээд дахиад буцаж 2-3 шилийг уусан архиа цөөлөхийн тулд дахиж авчирсан. Г.М хүүтэй минь доошоо зам руу яваад 200-250 метрийн цаана хэрэлдэж, ноцолдсон байгаа юм. Миний хүү арай ч нэг хүнд ингэж зодуулаад олон шарх, сорви авч алуулчих хүн биш. Т.Цийг наанаас нь явахад хүн аллаа, туслаарай, амь авраарай гэж дуу тавьж байсан байгаа юм. Үүнийг Т.Ц сонссон талаар хавтаст хэрэгт байгаа.  Энэ бүгдийг дүгнэж хэлэхэд Г.М хүүгийн минь амь насыг бүрэлгэхэд гарцаагүй оролцсон алуурчин мөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтын дагуу хохирогч миний хохирол болох 9.733.000 төгрөгийг Г.Мэр төлүүлэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж анхан шатны шүүхэд хэргийг буцааж шийдвэрлэх хүсэлт гаргаж байна. Хэрэг гарах үед тангараг өргөсөн 4 ажилтан байсан. Эдгээр хүмүүс хүүгийн минь амь насыг хамгаалж болох байсан боловч ямар ч туслалцаа үзүүлээгүй. Харсаар байгаад кино үзэж байгаа юм шиг миний хүүгийн амь насыг бүрэлгүүлсэн. Мөн өмнө нь давж заалдах шатны шүүхээс Хархорин сумын Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Бүрд сумын Засаг даргын тамгын газар зэргийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол гарсан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй байхад харгалзаж үзээгүй. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд хэргийг анхан шатны шүүх рүү буцаалгуулах саналтай байна. Г.М бол гэмт хэрэгтэн. Гэмт хэрэгтэн гадуур явж болохгүй байх. Би энэ хэргийг олон удаа шалгаж өгөөч Г.Мөнх-Эрдэнийг хэрэгт татаж өгөөч гэж байсан. Энэ хэрэг яаж ч шийдэгдсэн хамаагүй Г.Мөнх-Эрдэнийг дахин яллагдагчаар татуулах гомдол гаргана. Мөн Цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газарт Баасандорж прокурорыг шалгуулахаар гомдол гаргана. Г.М нь Т.Ц талийгаач Б.Өын толгойны ар хэсэг рүү өшиглөөд алчихсан гэсэн мэдүүлэг өгснөөр би 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн мөн хохирлыг надаас гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Мөн миний цагдан хоригдсон хугацааг буруу тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв

Шүүгдэгч Т.Цийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулаад дараах зүйлүүдийг хэлье. Прокурор болон А.Адъяасүрэн өмгөөлөгч нар Т.Цийн анхны мэдүүлэг нь зөв гэдэг. Ер нь бол анхны мэдүүлэг үнэн зөв байх тохиолдол байдаг. Гэтэл тэр анхны мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгддэг. Шинжээчийн дүгнэлт маш тодорхой байдаг. Хүн тархины хүнд гэмтэл авсан дариудаа өөрийгөө хариуцах чадваргүй, орчинтойгоо харьцах боломжгүй, шууд газар дээрээ унана гэсэн дүгнэлт байгаа юм. Үүнийг хэзээ, хаана үүссэн гэдгийг нарийн тогтоогоогүй байж шүүх Т.Цд ял оногдуулсан нь буруу. Хэргийн газрын үзлэг эхнээсээ муу хийгдсэн. Үхэлд хүргэсэн шалтгаан нь тодорхой байгаа. Т.Цийг хохирогчийн амь насанд хүрсэн гэсэн гарцаагүй, хөдөлшгүй нотолсон баримт алга... цагдаагийн байгууллагыг иргэний хариуцагчаар татах нь зөв юм... Т.Ц хохирогчийн амь насыг хохироогоогүй гэдэг нь нотлогдож байгаа. ...Иймд Т.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.3 дугаар зүйлд зааснаар зүйлчилж хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.      

Шүүгдэгч Т.Цийн өмгөөлөгч Ж.Яринпил шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч Б.Өыг үхэлд хүргэсэн гэмтлийг хаанаас яаж авсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр тодорхой тогтоож чадаагүй. Анхан шатны шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хохирогч үхэлд хүргэсэн гэмтлийг хаанаас авсан гэдгийг олж тогтоохын тулд анхан шатны шүүх тухайн хэргийг боломжоороо хянасан. Гэвч хавтаст хэрэгт тархийг нь хагалсан, ийм үндэслэлээр талийгаач үхэлд хүрэх гэмтэл авсан гэдгийг хөтөлбөргүй нотлох ямар ч нотлох баримт байхгүй байсан. Т.Цийг өшиглөснөөс болж талийгаач үхэлд хүрсэн гэмтлийг аваагүй гэдэг нь маш энгийн ойлгомжтой байгаа.  Хэрэв талийгаач Т.Цийг өшиглөснөөс болж үхэлд хүрсэн гэмтлийг авч нас барсан бол яг газар дээрээ хөдлөхгүй, гүзээний хий гарсан юм шиг газар дээрээ ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийх боломжгүй унах ёстой. Ингэж унаагүйг юугаар нотолж байна вэ? гэхээр талийгаач Т.Цийг хаалгаар гарах явцад өөрөө дагаж явж байсан. Тэгээд постын гэр рүү явахгүй гэж гараа хүчтэй татаж авсан. Энэ явцад шүүгдэгч Т.Ц гарыг нь унагахгүй, барьж, тогтоож чадаагүй. Энэ дээр хайхрамжгүй хандсан нь гарч ирж байгаа. Тэгээд талийгаач дагзаараа маш хүчтэй савж унасны улмаас босгоны доод тотго мөргөж унаснаас болж гэмтэл авсан нь хангалттай нотлогдож байгаа. Тэгж мөргөж унамагц талийгаач идэвхтэй үйлдэл хийх чадвараа бүрэн алдсан. Орчинтойгоо харьцах боломжгүй, явж, гишгэж чадахгүй болсон бөгөөд шүүгдэгч талийгаачийг гэрт оруулж зуухны ойролцоо тавьсан. Энэ тохиолдолд талийгаач үхэлд хүрэх гэмтэл авсан байна уу? эсхүл тотго руу савж араараа унаснаас болж үхэлд хүрсэн гэмтэл авсан байна уу? гэдэг дээр эргэлзээ огт байхгүй. Яагаад эргэлзээ байхгүй гэж өмгөөлөгч миний бие итгэлтэй хэлж байна вэ? гэхээр шинжээч эмчийн энэ гэмтэл авмагц ийм ийм хөдөлгөөн, үйлдэл хийх боломжгүй гэсэнтэй таарч байгаа. Шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Т.Ц нарын мэдүүлэг зэрэг нь бие биенээ харилцан нотолж байгаа. Т.Цийн гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хууль хэрэглэсэн нь буруу. Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилж өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэсэн үндэслэлээр Т.Цийг гэм буруутайд тооцож анхан шатны шүүх ял оногдуулсан нь маш алдаатай дүгнэлт юм. Т.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж маш тодорхой заасан. Энэ заалтыг зөрчиж энэ зүйл ангиар зүйлчлэгдэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад 2 жилийн ял оноож ялыг нэгтгэсэн нь үндэслэлгүй учир дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналтай байна... гэв.

  Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч А.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудтай санал нийлэхгүй байгаа. Уг хэрэг нь 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө үйлдэгдсэн. Тухайн үед хамт байсан бүх хүмүүсийг тусгаарлаж мэдүүлэг авч, ажиллагаа хийсэн байдаг. Энэ нотлох баримтууд нь хавтаст хэрэгт байгаа. Т.Цийн ярьж байгаа зүйлүүд нь эргэлзээтэй, олон удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг... Г.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүх гэм буруугүй байна гэж үзэн хэргийг нь цагаатгасан. Үүнийг өмгөөлөгчийн хувьд үндэслэлтэй гэж үздэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.                        

ТОДОРХОЙЛОХ нь:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Т.Ц болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ц, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол бүлэглэн санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг мөрдөн байцаалтанд шалгаж тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

 

          Мөн Иргэний хуулийн тусгай ангийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад хохирол учруулсан бол хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр заасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэжээ.       

         Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Цийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байгааг мөн анхаарах шаардлагатай байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.