Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

 

 

                                          2025/ШЦТ/192

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: М.Гансүх

Шүүгдэгч: Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Хт холбогдох 2512000000181 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймаг, …… сум, Х баг, …. хороолол тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б овогт Г-ийн Х /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.Х нь хохирогч Ө.Э-ны өөрийнх нь машинд гээсэн төрийн банкны ... дугаар бүхий данстай картыг олж авч 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн ….. суман дахь Х банкны салбарын зааланд байрлах бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд нийт 500,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Г.Х нь хохирогч Ө.Э өөрийнх нь машинд гээсэн төрийн банкны ... дугаар бүхий данстай картыг олж авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн ….. суман дахь Х банкны салбарын зааланд байрлах бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд нийт 500,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

               хохирогч Ө.Э мэдүүлсэн “...2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хөдөө байдаг ах, дүү нарынхаараа орно гэж бодоод дэлгүүр орж ганзага хийх юм авахаар явахдаа нутгийн зүс таньдаг дүү болох Х-г гуйгаад машинтай нь Эрдэнэмандал сумын төвд байдаг дэлгүүр орсон. Тэр дэлгүүрээс би 267,900 төгрөгийн худалдан авалт хийгээд өөрийн 106900477 дугаарын Төрийн банкны картаа уншуулж тооцоогоо хийгээд гарсан. Тэгээд дэлгүүрээс гараад зүүн зүгт хөдөлтөл Х намайг ахаа хоол аваад өгөөч гэж хэлсэн бөгөөд гуанз хаана байгаа юм гэхэд энд байдаг юм гээд нэг цайны газрын гадаа зогссон. Тэгээд бид хоёр ороод 10 ширхэг хуушуур авсан. Би тооцоог нь буюу 25,000 төгрөгийг өөрийн төрийн банкны картаа уншуулж хийсэн. Тухайн үед цайны газрын эрэгтэйд картын кодоо хэлтэл болохгүй байна гээд дахин асуусан. Би түүнд хандаж сая дэлгүүрт болж байсандаа гэж хэлээд дахин картын кодоо 8888 гэж хэлсэн. Карт уншигдаж тооцоогоо хийгээд хуушуураа аваад бид хоёр гарч машиндаа суугаад идсэн. Машин дотор түүний найз гэх нэг залуу бас цуг явсан. Хуушуураа идчихээд би найзындаа хүргүүлж авсан юмаа буулгуулсан. Тэгээд тэнд би найзтайгаа архи уугаад байж байтал хөдөөнөөс машин ирээд би ах, дүү нарынхаараа айл хэсэж яваад 2 хоноод 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Жаргалант сумын төвд гэртээ харьсан. Гэртээ ирээд виза картаа алдсан гэдгээ мэдсэн. Интернет байхгүй учраас зарлага гарснаа мэдэх боломжгүй байсан...Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сумынхаа Төрийн банк онгойнгуут өөрийн дансны хуулгаа авч үзтэл миний данснаас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х банкны АТМ-д картыг минь уншуулж 500.000 төгрөгийг бөөнд нь авсан байсан. ..... суманд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирээд би Х уулзахад эхлээд картыг чинь аваагүй гэж байсан. Тэгтэл орой нь над руу утсаар яриад надтай ирж уулзаад та цагдаад битгий хандаарай, би таны хохирлыг барагдуулж өгье гэж хэлсэн...алдсан 500.000 төгрөгөө бэлнээр авмаар байна. Мөн картыг устгаагүй бол буцааж авмаар байна. Мөн нааш, цааш явсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,

хохирогч Ө.Э мэдүүлсэн “...Би хохирлын баримтаа гаргаж өгсөн байгаа. Х миний хохирлыг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 хуу/,

гэрч Л.А мэдүүлсэн: “...найз Э Жаргалант сумаас ирлээ гээд манай гэрт орж ирсэн. Тэгээд тэр өдрөө манайд хоносон. Найзыг ирсэн гээд бид хоёр 2 шил архи уугаад хоносон. Өглөө нь босоод хоол унд идээд байж байтал манайд Х орж ирээд Э хамт гараад явсан. Хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд явлаа гээд малгай, утсаа аваад манайхаас гараад явсан. Ингэж явснаасаа 2 хоногийн дараа Э утсаар яриад надаас Төрийн банкны виза карт танайд байна уу, карт алга гэж хэлсэн. Би түүнд хандаж карт чинь манайд байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,

гэрч А.А мэдүүлсэн: “...Х-ын машинд Э, бид хоёр суугаад Двын дэлгүүр орсон. Э авдар архи, авдар ундаа аваад машинд хийсэн. Тэгээд хөдлөөд явтал Х Э-г ахаа хэдэн хуушуур авчих юм уу гэж хэлэхэд тэгье гээд “Солонго” цайны газрын гадаа зогссон. Цайны газар руу Х, Э хоёр ороод хэсэг хугацааны дараа хуушуур аваад гарч ирсэн. ...Х,  Э ахтай хамт дэлгүүр болон цайны газар луу хамт орсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24 хуу/,

гэрч Ц. мэдүүлсэн: “...Х ганцаараа орж ирээд 10 хуушуур авъя гэж захиалсан. Тэгээд байж байтал гаднаас нэг танихгүй биерхүү залуу орж ирээд Х захиалсан 10 хуушуурын тооцоог хийе гээд надад виза картаа өгөөд тооцоог нь хийсэн юм. Би тухайн үед тэр залуугаас картынх нь кодыг нь асуугаад утсандаа уншуултал болохгүй байсан. Би дахин тэр залуугаас кодыг нь асуухад 8888 гэж хэлсэн. Тэгээд дахиад уншуултал болсон. Тэр залуу картаа аваад, хуушуураа бариад манай цайны газраас Х-ын хамт гараад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 хуу/,

яллагдагч Г.Х- 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “...Би тогтоолтой танилцлаа санал хүсэлт байхгүй зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуу/,

шинжээч А.Б 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай “...Виза карт 1 ширхэг 8,000 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 32 хуу/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1374 дугаартай “...Ө.Э нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банкны картнаасаа 500.000 төгрөг алдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,

төрийн банкин дахь Ө.Э эзэмшлийн 106900477... дугаарын данснаас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг зарлагдсан дансны хуулга /хх-ийн 4 хуу/,

эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “...тус бичлэгт 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12:45 цагийг зааж байх бөгөөд Хаан банкны саарал өнгийн бэлэн мөнгөний машин дээр "Хар өнгийн дугуй малгайтай, саарал ногоон өнгийн юүдэнтэй цамцтай, хар хөх өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн урт түрийтэй гуталтай хүн үйлчлүүлж цэнхэр өнгөтэй харагдаж байгаа виза карт уншуулан бэлэн мөнгө авч байгаа нь харагдаж байна. Бэлэн мөнгө авч байгаа дээрх иргэнийг гадаад төрхөөр нь харахад дундаж өндөртэй, махлагдуу биетэй, хүзүүндээ нарийн хар өнгийн ямар нэгэн зүүлт зүүсэн байдалтай харагдаж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 хуу/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7 хуу/,

эд зүйлийг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8 хуу/,

2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 9 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Х нь хохирогч Ө.Э 500,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Х хохирогч Ө.Э “Х” банкны виза картыг хулгайлж түүнд 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Х бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид 500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Х нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд 500,000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Х энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.   

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Г.Х нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Г.Х нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух А аймгийн …… сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 7 сарын хугацаагаар хориглож, шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Х мэдэгдэж, шүүгдэгч Г.Х оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Архангай аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 7 /долоо/ сарын хугацаагаар хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Х мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг  тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР