| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0173/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1533 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Цэрэнханд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Ш.Цэрэнханд,
шинжээч С.Ч/цахимаар/,
гэрч Д.С,
хохирогч Ш.А, Ж.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг,
шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан эрүүгийн 2409000002*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр С дүүргийн ** дугаар хороо Б-ийн 00-00 тоотод хохирогч Ш.А, Ж.Б нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Ш.А-ийн дух болон хамар хэсэгт цохиж нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан мөн Ж.Б-ийн толгой руу нэг удаа цохиж, газарт унагааж толгой руу нь 2 удаа дэвсэж тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлүүдийг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Н.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ш.А, Ж.Б, гэрч Д.С, Н.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13706 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Д-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Д нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр С дүүргийн ** дугаар хороо Б-ийн 00-00 тоотод хохирогч Ш.А, Ж.Б нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Ш.А-ийн дух болон хамар хэсэгт цохиж нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан мөн Ж.Б-ийн толгой руу нэг удаа цохиж, газарт унагааж толгой руу нь 2 удаа дэвсэж тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлүүдийг тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Дэ-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн үйл баримт нь:
Шүүгдэгч Н.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хэд тухайн үед өмнөх өдөр нь буудалд хоночхоод манайд очсон. Би гэр лүүгээ явж байх замдаа гар утсаа ломбардад тавиад 2 шил архи аваад харьсан. А, Б нар нь А-ийн хүүтэй маргалдсан очих газар байхгүй гэсэн учир манайх руу хамт явсан. Гэртээ очоод архиа хувааж уучхаад би эхнэртэйгээ маргалдаад эргээд хартал А нэг шилтэй архийг асгаад зогсож байсан. Тэгээд би өвддөг нүд рүү нь цохисон. Уучлалт гуйж эвлэрээд хамт хоносон...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд С дүүргийн 00 дугаар хороо Б-ийн 00-00 тоотод манай найз Б болон түүний эхнэр А, манай эхнэр С нарын хамтаар дэлгүүрээс 0,75л хэмжээтэй “Хараа” нэртэй архи 2ш худалдаж аваад нэг шилтэйг нь бид гурав хувааж уусан. А тухайн архинаас уугаагүй эрүүл байсан, Би тухайн архинаас уугаад нэлээд согтоод хоёр дах архиа задлаад уух гэтэл манай найз Б унтаад өгөхөөр нь өөртөө хийгээд уух гэтэл манай С “Архиа одоо боль” гээд бид хоёр хоорондоо маргалдаж байтал А задалсан байсан архины үлдэгдлийг аваад угаалтаар луу асгачихсан. Тэгэхээр нь би уурлаад “Чамд С бид хоёрын асуудал хамаагүй шүү. Яахаараа чи архи асгадаг юм” гэсэн чинь нэг юм яриад байсан /Сайн санахгүй байна/ .Тэгэхээр нь би баруун гараа саваад нүүр лүү /Аль хэсэгт гэдгийг тодорхой санахгүй байна гэх/ гарын алганы ар хэсгээр нэг удаа алгадсан чинь Ариунаа “Чи миний муу нүд рүү цохичихлоо шүү дээ” гээд нүүрээ дараад доошоо суухаар нь сандраад тэвэрч аваад нүүр лүү нь хартал нүд нь улайчихсан байсан. Тэгэхээр нь уучлалт гуйгаад “Найз нь эхнэртэйгээ хэрэлдээд бас чамайг архи асгачихаар нь бухимдаад алгадчихлаа. Уучлаарай” гэсэн чинь “Чамайг арай ч намайг цохино гэж бодсонгүй” гэхээр нь “Би ч өөрөө цохино гэж бодсонгүй” гээд бид хоёр эвлэрээд байж байтал найз Б сэрээд босож ирээд согтуу байсан болохоор гайхаад зогсоод байсан чинь гаднаас манай хашаанд хамт амьдардаг хадам ах М түүний эхнэр Х нар нь ороод ирчихсэн зогсож байгаад Х эгч “Та хэд архи ууж чадахгүй байж яагаад ингээд хэрэлдэж, зодолдоод байдаг юм” гэж байгаад гарч яваад гэр лүүгээ орчихсон. Бид дөрөв хоорондоо эвлэрээд манай эхнэр С Б, А хоёр газраар ор засаж өгөөд бид дөрөв унтаад, өглөө А, Б хоёр харилаа гээд 08 цагийн үед манайхаас явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
хохирогч Ш.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид нар урд өдөр нь архи уусан байсан. Хоёр шил архины нэг шилийг нь Б, Д, С нар уусан. Тэгээд Д, С нар нэг шил архийг ууж байгаад зодолдоод эхэлсэн. Би боль гэж хэлсэн. Архийг нь асгачихвал зодолдохоо больчих байх гэж бодоод асгасан. Гэтэл Д чи миний архийг асгадаг хэн бэ писдаа минь гэж хэлсэн. Би Д-той найзууд учир арай ч намайг цохиод авахгүй байх гэж бодсон. Гэтэл намайг нэг удаа цохиод больчих байх гэсэн ахин цохиод багалзуурдаад авсан. Тэгээд би болиоч гэж хэлсэн. Хадам эгчийг нь орж ирэхэд хамраас цус гарсан байдалтай нүүр ам хавдсан байсан. Би тэр шөнө явлаа гэсэн чинь үүр цайхаар яв гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө үүр цайлгаад явсан. Гомдолтой байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед өөрийн найз болох Д гэх залуугийн хамтран амьдрагч С-ийн С дүүргийн ** дугаар хороо Т-ны эцэс рүү гэрт өөрийн нөхөр Ж.Б-гийн хамтаар очиж 2 шил 0.75л хэмжээтэй Хараа гэх манай нөхөр болон тухайн хоёр гэрийн эзэн хувааж уусан. Би тухайн архинаас огт уугаагүй. Тэгээд 23 цагийн орчимд гэрийн эзэд болох С болон Д нар согтоод хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын маргааныг таслах санаатай тухайн үлдсэн байсан 0.75л хэмжээтэй Хараа нэртэй архины үлдсэн байсан хэсгийг нь асгачихсан чинь манай найз болох Д над руу уурлаад "Чи миний архийг асгалаа муу пиздаа минь" гэж хэлээд баруун гараараа миний дух болон хамар хэсэгт цохиод цус гараад эхэлсэн. Тухайн үед манай нөхөр унтаж байсан бөгөөд сэрээд Д руу "Болиоч, яагаад байгаа юм" гэтэл манай нөхөр Б-ийг мөн заамдаж аваад толгой руу нь гараараа цохиод агсан, хэл амаар доромжилсон...” /хх-ийн 20-21/,
хохирогч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг унтаж байхад А сэрээгээд босоорой намайг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд би босож ирээд Д-той заамдалцаж аваад пийшин давхралдаж унасан. Сандал шидсэн чинь хадам эгч нь орж ирээд зурагт хагалчихна гээд аваад гарсан. Манай эхнэр А цагдаа дуудъя гэхээр нь хэн хэн нь согтуу байна хэрэггүй гэж хэлсэн. Би Д-д ямар нэг гомдол санал байхгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд өөрийн найз Д-ын, хамтран амьдрагч С-ийн гэр болох С дүүргийн ** дугаар хороо Т-ны эцэс рүү гэрт эхнэр Ш.А-ийн хамтаар очиж 2 шил 0.75л хэмжээтэй Хараа найз Д болон түүний эхнэр С-тэй хувааж ууж байгаад би 22 цагийн үед унтаад өгсөн байсан. Тэгтэл 23 цагийн орчимд манай эхнэр уйлаад байхаар нь сэртэл манай эхнэрийг Д нь зодчихсон. Хамраас нь цус гарчихсан, дух хэсэг нь хавдчихсан байхаар нь би Д-ыг бариад автал намайг заамдаж аваад толгой руу гараараа цохиод, газарт унагааж толгой руу хөлөөрөө хоёр удаа дэвсэж, хэл амаар доромжилсон... Д нь намайг унтаж байхад хөлөөрөө дэвсэж, мөн гараараа толгой руу цохисны улмаас тархи доргисон байх. Мөн намайг гэрийн голд байсан пийшэн рүү түлхсэн. Тэр дээр унахад гуя, гараараа дарж унасан. Зүүн хацар луу баруун гараараа 2 удаа цохисон. Тухайн өдөр Дэлгэрцогтоос өөр хүн намайг цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27, 30-31/,
гэрч Д.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай нөхөр Ж.Б-ийг зодоогүй. Ш.А руу нэг далайх шиг болсон. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Болсон зүйлийг санаж байна. Н.Д-ыг Ш.А-г зодсон гэх үед би ахынх руугаа орсон байсан. Орж ирэхэд А нүүрээ дарсан байдалтай байсан. Д А руу далайхад нь А уйлсан. Тэгээд би ахыгаа дуудах гээд гарсан юм. Тэгээд Д далайсан болохоор би А-г зодсон юм байх гэж бодсон. Гаднаас орж ирэхэд Б унтаж байсан. Б-ийг сэрээж орон дээр тавьсан. Энэ талаар манай бэр Г мэдэж байгаа...” гэв.
Түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...төрсөн ах М-ын гэр лүү орчхоод гараад иртэл нөхөр Д болон А нарын хооронд маргаан болоод А нь уйлаад нүдээ дарчихсан зогсож байхаар нь Д нь А-г зодчихлоо гэж бодоод гарч яваад төрсөн ах М болон түүний эхнэр Х нарыг дуудаж оруулж ирээд "Энэ хоёр хоорондоо хэрэлдээ байна" гэж хэлээд би нойл орохоор гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нөхөр М бид хоёр гэртээ ороод унтаад байж байтал шөнө дунд /цагийг нь сайн санахгүй байна/ байшингийн хаалга нүдэхээр нь тайлтал А ирчихсэн “Д агсам тавиад байна" гэхээр нь би ганцаараа Д-ын гэр лүү ортол гэр орон нь агсам тавьсан байдалтай, гэр орон нь замбараагүй, хөнжил гудас нь замбараагүй байсан. Би ороод Д-д хандаж “Яах гээд агсам тавиад байгаа юм. Унтаж амарцгаа. Ууж идэж чадахгүй байж” гэж хэлээд гараад явах гэтэл унтаж байсан А-гийн нөхөр Батхуяг босож ирээд "Юу болоод байгаа юм” гэж босож иртэл А нь "Д миний муу нүд рүү цохичихлоо” гэтэл Б нь эхнэр А-гаа өмрөөд Д-той барьцалдаж аваад тэр хоёр хоорондоо зодолдоод, дээр, доороо ороод эхлэхээр нь би дундуур нь орж салгатал Д нь гэнэт ухаан орж байгаа юм шиг намайг харснаа “Хүүе та юу хийж яваа юм” гэхээр нь би гайхаад "Чи одоо юу яриад байгаа юм. Унтаж амар гээд тэр гэрт байсан Саранцэцэг, Д, А, Б нарыг унтуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
шинжээч эмч С.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Ш.А-ийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой . хохирогч Ж.Б-ийн биед учирсан гэмтлийн зэргийн дүгнэлтийг гаргахдаа түүний биед үзлэг хийсэн. Хохирогч нь хэрэг болсноос 3 хоногийн дараа үзүүлсэн. Тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой гэмтэл гэж үзсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журамд дээр хэрэг болсон үеийн цаг хугацааг тухайн гэмтэлтэй уялдаж байгаа эсэхийг тусгаж өгсөн байдаг. Тухайн гэмтлийн цаг хугацаагаар нь авч үзвэл 3 хоногийн өмнө үүсэх боломжтой. Хуучин гэмтэл байвал өмнө нь үүсэн гэмтэл гэдгийг тусгаж өгнө...” гэв.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13706 дугаартай: “...Ш.А-гийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13708 дугаар хүний биед хийсэн: “... Ж.Б-ийн биед тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/,
хохирогч Ж.Б-ийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа /хх-ийн 92/,
Хохирогч Ш.А-гийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа /хх-ийн 93/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр С дүүргийн ** дугаар хороо Б-ийн 00-00 тоотод хохирогч Ш.А, Ж.Б нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Ш.А-ийн дух болон хамар хэсэгт цохиж нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан мөн Ж.Б-ийн толгой руу нэг удаа цохиж, газарт унагааж толгой руу нь 2 удаа дэвсэж тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлүүдийг тус тус учруулсан мөн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж;” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Н.Д-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.000 /нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Н.Д-ын үйлдлийн улмаас хохирогч Ш.А, Ж.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогч Ш.А нь эмчилгээний зардалд баримтаар 93.700 төгрөг нэхэмжилсэн.
Харин хохирогч Ж.Б нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас 18.960 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд шүүгдэгчээс өөр нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Шүүгдэгч Н.Д нь шүүхийн шатанд хохирогч Ш.А-д 93.700 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 18.960 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хохирогч Ш.А нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 9.900.000 төгрөг нэхэмжилсэн боловч сэтгэцэд учирсан гэм хороо эмчлүүлсэн талаарх ямар нэгэн баримтгүй, мөн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шүүх энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин хохирогч Ш.А нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж;” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тус ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Н.Д-ыг 1.000 /нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар Н.Д нь тогтоосон хугацаанд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.
5.Шүүгдэгч Н.Д нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Ш.А нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР