Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, хохирогч Э.Х, шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000148 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Нын Ц (РД: ...), 1986 оны 02 дугаар сарын 03-нд ... аймгийн ... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Н.Ц нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө согтуурсан үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 2007 тоотод хохирогч Э.Хтай “худал хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, гараараа цээж тус газарт нэг удаа, чирч гарган нүүр тус газар нь дөрвөн удаа цохиж зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, зүүн гарын 3 дугаар хурууны 3 дугаар үеийн ар хэсэгт шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-6 дугаар хуудас), шүүгдэгчийн согтуурлыг шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан багажийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), Н.Цын Хаан банк дахь харицлах дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас), хохирогч Э.Хын мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), гэрч Н.Нийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), гэрч Э.Сгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), гэрч Ж.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 189 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас), шүүгдэгч Н.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хохирогч Э.Хын “...2025 оны 05 дугаар сарын 16-ны орой, харанхуй болчихсон, 22 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа байтал миний эхнэрийн найз хүүхэн Э.Сгийн нөхөр Н.Ц гэх залуу хажуудаа нэг залуутай манай гэрт орж ирсэн. Тэр надаас “миний эхнэр хаана байна” гэж асуухаар нь би танай эхнэрийг хаана байгааг мэдэхгүй манай гэрт ирээгүй гэж хэлэхэд манай гэр, хашаа, амбаар саваар эхнэрээ найзаараа хайлгасан. Тэр залуу нь хайж байгаад орж ирээд “танай эхнэр чинь энд алга байна” гэж хэлэхэд Н.Ц найзтайгаа гараад явчихсан. 1 цаг орчмын дараа Н.Ц нөгөө найзтайгаа орж ирээд “чи 20’000 төгрөгийн буудал мэддэг гэж надад хэлсэн, миний эхнэр хаана байна” гээд намайг гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байтал шууд гараараа миний цээж тус газар 1 удаа цохиод, орон дээрээс хоёр хөлөөс чирч гаргаад гэрийн үүдэн дээр миний хамар руу 3-4 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан, мөн намайг зодож байх хугацаанд би Н.Цоос салах гэж тэмцэж байтал миний зүүн гарын дунд хурууны үен дээр байсан хуучин шархны 5 оёдол задарч цус гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас);

- Гэрч Н.Нийн “...Би ээжийнхээ гэрт гурван хүүхдийн хамт унтаж амарч байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирээд жижиг гэрэл тусгахаар нь би сэрсэн. Тэр залуу миний найз Э.Сг ирсэн эсэхийг, мөн энд байгаа эсэхийг асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу гарч яваад чимээгүй болсон. Хэсэг хугацааны дараа дахин манай гэрт хүмүүс ирэх шиг болсон ба гэнэт хүмүүс маргалдаад зодолдоод байх шиг байсан. Харин би гэрээс гарч хараагүй. Маргааш нь буюу 2025 оны 05 дугаар сарын 17-ны өглөө миний нөхрийн хамраас цус гарсан байдалтай хамар нь хавдсан байсан. Юу болсныг асуухад “Э.Сгийн нөхөр ирээд эхнэрээ хайж байгаад надтай маргалдаж миний хамар руу гараа цохисон” гэж хэлсэн ба гэрээс гаргаад гадаа зодсон талаар надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);

- Гэрч Э.Сгийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүүхдүүдтэйгээ айлд байсан. Тухайн үед би нөхөр Н.Цтой маргалдчихсан байсан бөгөөд миний нөхөр намайг хайж Э.Хын гэрт очсон байсан. Намайг хайж Э.Хын гэрт очихдоо түүнтэй маргалдаж хамрыг нь хугалсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас);

- Гэрч Ж.Бгийн “...Э.Хын гэрт очоод Н.Ц нь түүнд хандаж “чи яахаараа худлаа үнэн хэлээд байгаа юм” гэхэд Э.Х гал түлж байснаа “танай эхнэр ойрхон байх шиг байна над руу яриад гэрээ дулаацгаад байж бай гэсэн” гэж хэлсэн. Тэрнээс болоод Н.Ц Э.Х хоёр маргалдаад барьцалдаад авсан. Би боль гэж хэлчхээд дахин ээжийнхэн гэрт ороод Н.Цын эхнэр байна уу? үгүй юу гэдгийг шалгачхаад гараад иртэл нөгөө хоёр гэрийн гадна барьцалдсан, Н.Ц нь Э.Хын хамар руу гараараа цохиж байсныг би асаагуурын гэрэлд харсан. Би тэр хоёрыг салгахад Э.Хын хамраас цус гарч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);

- Шүүгдэгч Н.Цын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “....Тухайн үед надтай хамт явсан манай найз Ж.Бг Э.С байгаа эсэхийг харуулахаар ээжийнхэн гэр рүү оруулчихсан байсан. Би Э.Хын гэрээс гарах гэтэл тэр хэл амаар доромжлоод байхаар нь маргалдаж, барьцалдаж гэрээс гарсан. Ноцолдож байгаад баруун гараа зангидаж байгаад нэг удаа нүүрэн тус газар нь цохиход хамар руу нь цохигдоод Э.Хын хамраас цус гарч байтал Ж.Б ирээд бид хоёрыг салгаж, намайг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэргээр 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Н.Ц нь хохирогч Э.Хыг “худал хэлсэн” гэж үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нь олон удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч Э.Хын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 189 дугаартай “...Э.Хын биед хамар ясны хугарал, зүүн гарын 3 дугаар хурууны 3 дугаар үений ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хамар ясны хугарал, зүүн гарын 3 дугаар хурууны 3 дугаар үений ар хэсэгт шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна. Дээрх (2.1-т заасан) үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Н.Ц нь хохирогч Э.Хыг худал хэлсэн гэж үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нь олон удаа цохиж хамар ясны хугарал гэмтэл, мөн тухайн үед зүүн гарын 3 дугаар хурууны 3 дугаар үений ар хэсэгт шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг.

Шүүгдэгч Н.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

3.4. Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Цын үйлдлийн улмаас хохирогч Э.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.   

Шүүгдэгч Н.Ц нь хохирогч Э.Хт эмчилгээний төлбөрт 1’050’000 төгрөг төлсөн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримт, хохирогч Э.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “шүүгдэгч Н.Цоос эмчилгээний төлбөрт 1’050’000 төгрөг авсан” мэдүүлэг зэргээр  тогтоогдож байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 1’050’000 төгрөг авсан бөгөөд нэмж 300000 төгрөг нэхэмжилжээ. Гэвч хохирогч нь тухайн нэхэмжлэлээ нотолсон баримт ирүүлээгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр түүний нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй юм. Иймд шүүгдэгч нь хохирогчид 1’050’000 төгрөг төлснийг дурдаж, тухайн үнийн дүнгээс илүү хэмжээний зардал гарсан тохиолдолд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), шүүгдэгч Н.Цын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ц нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч Н.Цод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Н.Цод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 52 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг Ди Ви Ди дискт хохирогч Э.Хын компьютер томографын шинжилгээний хариуг хадгалсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

Энэхүү хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Н-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Ц-ыг энэ хэрэгт цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь хохирогчид 1’050’000 төгрөг төлснийг дурдаж, цаашид дээрх дүнгээс илүү гарсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн хохирогчийн компьютер томографын шинжилгээний хариу бүхий 1 ширхэг Ди Ви Ди дискийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Х-т буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА