Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000146 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ө ургийн овогт Л-гийн С (РД: ...), 1984 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй шүүгдэгч Л.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.С нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр  багийн нутаг дэвсгэрт “Zongshen” загварын, 92-36 УВЗ улсын дугаартай мотоциклыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ жолоодсон нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), шүүгдэгчийн жолоодож явсан гэх мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас), Цагдаагийн ерөнхий газрын цахим сангаас 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авсан жолоочийн мэдээлэл, лавлагаа (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), “шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж 2.56 промиль” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6, 8 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/875 дугаартай шийтгэврийн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ГХЗ/33 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас), гэрч Х.Ренчиннямбуугийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), гэрч М.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), гэрч Г.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас), гэрч Б.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Л.Сийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.С нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 2’800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө ургийн овогт Л-гийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн  хугацаагаар хасах, 2’800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА