| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2022/03612/И |
| Дугаар | 101/ШШ2022/03000 |
| Огноо | 2022-06-24 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2022/03000
2022 06 24 101/ШШ2022/03000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххх аймаг, хххххххххх сум, хххх баг, ххххххх хэсэг, ххххх тоотод оршин суух О.Н /000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххх дүүрэг, хххххххххх хороо, ххххххххххх тоотод оршин суух П.Г /0000000000 /-д холбогдох,
Эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 12 дугаар сард хариуцагч манай бэр болж ирж танилцсан. Түүнээс хойш хамт амьдарсан. 2013 онд бэр жирэмсэн болсон. Би хүүд дургүй гэж хэлэхэд нь дагуулж ирсэн хөөрхөн хүү байсан. Тэр хүүг эгч нь өсгөдөг гэсэн. Охин гарвал хаяна, хүү гарвал авна гэхэд нь би уурласан. Төрөөд маргааш нь гарч ирээд П.Г би явлаа гэсэн. Нялх биетэй хүн тэгж хэлэхээр хүү бид хоёр хоёулаа нам дуугүй болсон. Нөхөр нь хариуцагчид манай ээж байдгаараа байхад чи яагаад байгаа юм бэ, ээж бүх юмыг авч өгч байна гэж тайван зөөлөн хэлсэн. Тайлбар нь хүү гарвал хаяна гэж хэлсэн, гүйцээ, өөр юм байхгүй гэсэн. Дараа нь би цагдаад зөндөө мэдэгдсэн. Би П.Г-г тайван бай, чамайг орилохоор миний зүрх өвдөөд байна, миний охин ядаж 15 хоног хүүхдээ хөхүүлчих гэж хэлсэн. Гэрчээр асуулгахаар болдог миний охин тухайн үед 2 сартай хүүхэдтэй сүү сайтай байсан тул “Нэгэнт чи хүүхдээ голж байгаа бол н.О-ийг бараадуулаад өгчих, чи тэгээд л орхиод яв” гээд бид тохирсон. Хариуцагч сүү байхгүй гээд хүүхдээ хөхүүлэхээс татгалздаг байсан. Хүүхэд хатгаа аваад П.Г тай ххххххх аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Хариуцагч их ууртай. Тэгэхээр нь би шүүхээр явж байгаад шийдүүлнэ гэж хэлж байсан. Гэнэт нөхөр нь хот явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуцагчийг хүүхдээ хаях гэж байна гэж хүүдээ хэлсэн. Би 6 сарын 1 бүрт хотод ирж Сүхбаатарын талбайд тоглолт хийдэг. Хүү намайг гэнэт дуудсан. Яасан бэ гэхэд хариуцагч хүүгээ хөхүүлэхгүй хаяад явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход хөнжил гудас ч байхгүй модон шалан дээр хүүхдийг минь угжсан байдалтай байсан. П.Г яасан юм бэ гэхэд ажилтай гэсэн, тэгээд чи наад хүүхдээ яагаад угжих гээд байгаа юм, эхэд нь өгч хөхүүлээч гэхэд хөхнөөс гаргачихсан гэж хэлсэн. Хариуцагч их шоуддаг. Хүүхдээ хаяна барина гээд явсан. Тэгээд би ач хүүгээ аавтай нь Улаанбаатар хотоосС аймаг руу аваад явсан. Одоо хүүхэд ухаан суусан, их ухаантай хүүхэд. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхээр орсон боловч одоог хүртэл хүүхэдтэйгээ ярьдаггүй. 3 дахь хүүгээ төрүүлээд нилээд орой шөнө согтуу яанаа уучлаарай та сайн уу гэсэн. Би сайн, чи уучихаа юу гэхэд уучлаарай ээжээ, хүсээгүй байхад надаас дахиад хүү гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд энэ удаад чи өөрөө өсгө, би чадахгүй гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шууд таксидаад гэрийнх нь гадаа хүргүүлсэн. Тэгэхэд хүүхдүүд нь аймар ханиадтай байсан. Тэгээд би гарч эм авч өгөөд уулгаад хоносон. Маргааш нь болоход П.Г өөрөө надаас уучлаарай, миний цунами дууссан гэж хэлсэн. Би эмчид хүүхдээ үзүүлэхэд хоолой нь гайгүй байна гээд тариа бичиж өгсөн. Би гол нь хүүхдээ аав, ээжтэй нь уулзуулж, сэтгэлийг нь дэвтээх гэж л ирсэн. Огт хүүхдээ асуудаггүй, хариуцлагагүй. 2020 оны 03 дугаар сард хариуцагч нөхрөөсөө салсан. Тэгэхэд хүү яриад П.Г хүүхдүүдээ хаяад явчихлаа ээжээ мөнгө байна уу гэхэд нь би 50.000 төгрөг шилжүүлсэн. Би хүүхдийг над уруу явуул гэж хэлээд над руу ирсэн. Тэгээд ирэхэд нь эмнэлэгт үзүүлэхэд гарыг нь гипстсэн. П.Г араас амар заяа үзүүлэхгүй, 108-д дуудлага өгөөд байхад хүүхдээ усанд оруулж байхад цагдаагийнхан орж ирээд ямар тарган хүүхэд вэ гэсэн. Би хүүхдийг ингэж л өсгөсөн. Над дээр хүүхдүүд нь байхад их сайхан байдаг. Ээж нь над дээр байхад цэцэг шиг гоё болсон байна гэж хэлдэг. н.А-ийн үсэнд бөөс шигдсэн байсан. Ямар ч аргагүй болохоор нь хүүхдийн үсийг хусахаар болсон. Тэр үед хариуцагч залгасан н.А-ийн үс нь бөөстсөн, үсийг нь хусах гэж байна гэж хэлэхэд битгий хуц, хусаад үзээрэй гэж орилсон. Ххххххх-ийн 108-аас олон ч удаа нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Аав нь шинээр эхнэр авсан байсан. н.А аавыгаа санаад байна гээд 2 хоног уйлахаар нь аав руу нь явуулсан. Намайг залгахад аав нь болон хойд эх нь архидаад алга болсон байсан. Тэр талаар хариуцагчид хэлсэн. Хүүхдээ олж авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би 108 руу яриад ээж нь байгаа бол ээжид нь өг гэж хэлсэн. Хүүхдийн сурлага маш мундаг, би мундаг ч болгоно. Багш нь та мундаг эмээ шүү гэж хэлдэг гэв.
Хариуцагч П.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ айлд 2012 оны 12 дугаар сард бэрээр очиж байсан. Намайг буцааж байсан. 2013 онд би хүүгээ гаргасан. Хүний ганц алдаж хэлсэн үгнээс болж нэхэмжлэгч телевиз, радиогоор гутаан доромжлох бүгдийг хийдэг. Тэр болгонд нь би насыг нь хүндэлдэг. Учир нь миний ээж насалж чадаагүй тул настай хөгшин хүнтэй хэрүүл хийх боломж байхгүй. Өөрийн хийсэн үйлдлийг намайг хийсэн гэж дүрсэлж ярьж байна. Хэрэг би архины хамааралтай бол над дээр хүүхдүүд байхгүй байсан. Хүүтэй нь суусан эхнэр нь хххххх дүүрэгт бүртгэлтэй архины хамааралтай хүн байдаг. Ийм хүнийг сайн гээд ажлаа хийгээд явж байгаа хүнийг элдвээр хэлээд байдаг. Би тухайн үед сүрьеэтэй, судасны бүдүүрэлтэй төрж чадахгүй гэхэд нь би гомдолгүй гэж хэлээд хүүхдийг гаргаж байсан. Хүүхдэд дургүй, өөрийгөө бодсон бол төрүүлэхгүй байх л байсан. Би том хүүгээ 4 нас хүртэл нь хөхүүлж байсан, сүү сайтай байсан. Сэтгэл санаанаас болоод сүү татарсан. Байнгын дарамтанд байдаг, амиа хорлох тухай хүртэл бодож байсан. Намайг ийм хадамтай хүн, хэзээ ч өөрчлөхгүй гэдгийг тэр хавийнхан хэлдэг байсан. Би ххххх-д ямар ч хүн танихгүй тул ганц чаддаг ажил болох машин угаалгын ажлыг хийхээр болсон. Би өөрөө энэ айлд амьдарч чадахгүй байна. Намайг хүүхдээ хөхүүлье гэж байхад нэхэмжлэгч угж бариад дайраад байдаг. О гэх охин нь сүүлдээ нууцаар намайг хүүхэдтэй маань уулзуулж өгдөг байсан. 2021 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч тоглолт хийж байгаа зураг нь байдаг. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тэр бузар хүүхэнтэй яагаад уулзуулаад байгаа юм гэж эхийг нь хүүхдэд нь муулж байсан. Энэ хүүхдүүдийн сэтгэхүйд юу суух вэ. Би төрөөд 7 хоногтой байхдаа машин угааж байсан, хүүхэд нь болохоор ажил хийдэггүй. Би ажил хийхгүй зогсох л юм бол манайх хоосон хононо. гэж хэлсэн. Би машин угаахгүй 1 өдөр болоход манайх хоосон хононо. Надад хүүхдүүдээ эрхлүүлэх зав байхгүй. Нэг л өдөр ажил алдах юм бол манайх хоосон хононо. Архины хамааралтай гэх хүн сард хэдэн удаа архи уух вэ. Би 1-2 удаа л уусан. Би дотор байгаа зүйлээ найзуудтайгаа уулзаад л ганц удаа гаргая л даа. Уугаад би чимээгүй л унтчихдаг. Би залуу хүн. Тэгж байхад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны цагдаад байнга дуудлага өгчихдөг. Бид таарч тохирохгүй болоод салсан. Энд 3 хүүхдийн эрх, ашиг ярьж байна. Аав нь надаас салаад 10 ч хоноогүй байхдаа өөр хүнтэй суугаад хүүхдийн гарыг хугалсан байсан нь цагдаагийн байгууллагаар нотлогдсон. Нэхэмжлэгч бурхан болохын цагт хүүхдийг аав нь тоохгүй, аавтай нь уулзуулна гээд нэхэмжлэгч аваад очиход нь аав нь гэртээ байсан хэр нь хаалгаа тайлахгүй байхад нь дүү н.О нь онгойлгуулж өгсөн байсан. Би архины хамааралтай бол үр хүүхэд гаргаад яах юм бэ, өөрийгөө л бодоод явж байна. 8-9 жил хүүхэдтэй нь амьдрахдаа би 3 хүүхдийг нь төрүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхээс эвлэрэх үү гэхэд эвлэрсэн. 2021 оны 11 дүгээр сард шүүх хуралдаан цахимаар болох гээд хойшлогдсон. Тэгэхэд нэхэмжлэгч намайг баярлалаа гээд шүүх хуралдаанд хэлчих гэж хэлсэн. Намайг баярлуулах юу хийсэн юм. Аав нь ажилтай анхиатай, нэхэмжлэгч амьдралд оролцдоггүй байсан бол хүүхдүүд өнөөдөр элэг бүтэн байх байсан. Яагаад өөрийн хүүхдэд буруу өгөхгүй байна вэ? Хүүхэд хариуцагчийнд очиход л ханиад хүрчихлээ гээд байна. Тийм бол өвчтэй байгаа хүүхдүүд бүгд ээжийнх нь л буруу юм уу? Миний 8 настай хүүг нэхэмжлэгч усан борооноор хог шүүрдсэнгүй гэж хөөгөөд гаргасан байсан. Тэр хүүхэд яаж байгаа бол гэж санаа зовохгүй, би асуухад уурлаад л гараад явсан шд, чам шиг тэнэг л юм байна гэж хэлсэн. Би ажил хийхгүй бол миний хүүхдүүд хоосон хононо. Би эгчээрээ хүүхдүүдээ 10.000 төгрөгөөр харуулдаг, сард 300,000 төгрөг өгдөг. Хоолыг нь бэлдэж өгдөг. Эгч маань мөнгөтэй бол оймс, гутал хүүхдэд минь аваад л өгдөг. Хүүхдийг өөрийн асрамжид авмаар байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Н , хариуцагч П.Г д холбогдуулан эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэгч нь ач хүү Н.Г-ын төрсөн эх П.Г гийн эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлийн үндэслэлээ, хүүхдийн өсч бойжих, эрүүл мэндэд анхаарч байгаагүй, орхиод явдаг, анхаарал тавиагүйгээс хүүхэд гэмтэж, бөөстөж байсан, ханиад хүрч эмнэлэгт хэвтэж байсан, гэрээсээ хөөж байсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Хүүхдийн эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т заасан агуулгаар бус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчтай эрх зүйн маргаантайн улмаас хариуцагчаар П.Г г тодорхойлон нэхэмжлэл гаргажээ.
Хүү Н.Г нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн байх бөгөөд хүүхдийн төрсөн эцэг нь нэхэмжлэгч Нарантуяагийн хүү буюу Н.Н, төрсөн эх нь хариуцагч П.Г байна. Хүү Н.Г нь нэхэмжлэгчийн асрамжид өсч хүмүүжин хамт амьдардаг, нэхэмжлэгч нь зохих шатны засаг даргын шийдвэрээр хүү Н.Г хууль ёсны асран хамгаалагч болсон талаар шүүхэд тайлбарласан ба энэ талаар зохигч маргаагүй байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч П.Г г хүү Н.Г эх байх эрхийг хасах үндэслэл тогтоогдсонгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31.1-т “Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно” гэж хуульчилжээ.
Хариуцагч П.Г гийн хүү Н.Г-оос тусдаа амьдардаг байдал нь түүнийг эх байх эрхээс хасах үндэслэл болохгүй юм. Иймд дээрх хуулийн зохицуулалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул П.Г гийн эх байх эрхийг хасах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхэд нэгэн адил хамаарах тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу хүү Н.Г нэхэмжлэгчийн асрамжид байдаг нь эх П.Г гийн эх байх эрхийг хязгаарласан явдал болохгүй бөгөөд түүнийг хүү Н.Г-той уулзах, өөр дээрээ авч байх эрх, үүргээ гүйцэтгэхэд нэхэмжлэгч О.Н саад болох, уулзуулахгүй байх үндэслэлгүй болно.
Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзэхэд хүүхдийн эрх, ашиг сонирхлоос илүүтэй томчуудын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол нь хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэж үзэхээр байна. Зохигчийн энэхүү үл ойлголцлоос шалтгаалан хүү Н.Г төрсөн эхтэйгээ уулзах, тодорхой хугацаанд хамт байх боломжоор хязгаарлагдсан, түүнчлэн төрсөн дүү Н.Э, Н.А нартай уулзаж, хамт байх эрх нь хязгаарлагдмал байдаг гэж үзэхээр байна. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь санаачилга гаргадаггүй, тодорхой алхам хийх боловч хэн алины хувийн байдал, таарамжгүй харилцаанаас болж хүүхдүүдийг хооронд нь уулзуулах, хамт байх боломж, эрхээр хангадаггүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Н , хариуцагч П.Г нарын хоорондын зөрчлөөс шалтгаалан Н.Г, Н.Э, Н.А нарын эрх ашиг зөрчигдөж байгааг дурдаж, зохигч энэ асуудалд онцгой анхаарч Н.Г , Н.Э, Н.А нарыг уулзуулж, хамт байх боломжоор хангаж байхыг анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч П.Г гийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэгч О.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ