Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                            Прокурор А.Амарсанаа

                                         Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ууганцэцэг

                                        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа

                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

                                        Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Бат-Оюунд холбогдох эрүүгийн 2026000000210 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4 нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хэрээжоов овгийн Д.Б

 

Доржжанцангийн Бат-Оюун нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг “Ханхөгшин” түүхий эдийн төвийн хашаанд байрлах өөрийн гэртээ бага насны хүүхэд болох Ш.Шүүдэрцэцэгийг зодсоны улмаас биед нь тархи доргилт гэмтэл үүсгэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Хэрээжоов овгийн Доржжанцангийн Бат-Оюуныг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 82400 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс болох 420000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч Д.Бат-Оюун нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол төлсөн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ууганцэцэгийн нэхэмжилсэн цалин болох 7.800.000 төгрөг, эмчилгээний болон бусад зардалд 147.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ууганцэцэг нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Оюунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ууганцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Бат-Оюун нь миний бага насны хүүхдийг зодож гэмтээчихээд юу ч болоогүй юм шиг ярих зүйлгүй гээд хэнэг ч үгүй зогсож өмгөөлөгч нь өмнөөс нь гэм буруугаа ойлгож байна гээд хэл гэж хэлүүлээд байгаа нь миний хүүхдийг зодох ёстой, миний нүүрний гоо сайханы будаг чухал гэсэн байдалтай хандаж байгаад гомдолтой байна. Би Д.Бат-Оюуныг албан ёсоор ядаж шүүх хурал дээр уучлалт гуйх байх гэж бодсон ч харин ч мөнгөтэй хүн ядуу хүнийг дийлнэ, ядуу хүнийг дээрэлхэх ёстой гэсэн янзтай байгаад нь эх хүний хувьд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоод яах бол гэхээс гомдож байна. Өмгөөлөгч нь хойшид гарах зардлын нэхэмжлэх эрхийг нээж, үлдээж болохгүй. Учир нь хөнгөн гэмтэл 14 хоногт эдгэдэг дараа нь гарах зардал байхгүй гэсэнд гомдолтой байна.  Би өвдсөн хүүхдээ гэртээ харж, асарч сувилаж цалингүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилсэн өөр илүү зүйл нэхэмжлээгүй. Хохирол төлөх боломжгүй гээд байгаа мөртлөө торгууль төлье, төлбөрийн чадвартай гээд хөнгөн ял оногдуулах, ялаас зайлсхийх аль болох өөрийгөө буруугүй юм шиг биднийг дээрэлхэж хөнгөн ял авсанд нь гомдолтой байна. Д.Бат-Оюун нь хийсэн хэрэгтээ тохирсон ял аваагүй, хөнгөн ял авсан буюу хэдэн ч төгрөгөөр торгосон төлж чадна. Ийм болохоор айлын нялх хүүхдийг зодож болдоггүй, баян ч бай, ядуу ч бай бүгд хүн гэдгийг мэдрүүлэхийн тулд буруутай үйлдэлд нь биечлэн ялыг мэдрүүлэх ёстой. Иймд Д.Бат-Оюунд үнэ төлбөргүй, хөлсгүй ажил буюу нийтэд тустай ажил хийлгэж гэм бурууг нь мэдрүүлэх ёстой гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн ял хөнгөдсөн гэж гомдож байна. Д.Бат-Оюунд биеэр хийхээр ял оногдуулж өгнө үү гэжээ.

Прокурор А.Амарсанаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх болон прокуророос шүүгдэгчийн цалин, хөрөнгө, бусад орлогыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулсан байгаа. Хавтаст хэргийн хүрээнд торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн учраас уг ялыг анхан шатны шүүхээс оногдуулсан. Мөн нэхэмжилсэн цалин, хөлсийг нотлох баримтын үндсэн дээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охиныг зодчихоод 82.000 төгрөг өгчихөөд юу ч болоогүй юм шиг байгаад нь би гомдолтой байна. Гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна. Хөнгөн гэмтлийг эдгэсэн байхыг шаардаж, хохирол дээр маргаантай асуудал яригддаг. Гэвч бага насны буюу 5 настай хүүхдийг санаатай байдлаар зодож гэмтээсэн нь гэм буруутай. Хохирлоо гаргаж өгөх болохоор орлогогүй болоод байдаг, торгуулийн ял төлөх болохоор төлөх боломжтой гээд байдаг. Үүн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой байдаг. Мөн бага насны хүүхэд хөнгөн гэмтэл аваад, хохирлыг нөхөн төлөх боломжтой байсан ч энийг заавал 10-14 хоногийн хооронд эдгэсэн байхыг шаардах зүй бус хандлага гаргаж байгаад нь гомдолтой байдаг. Хохирлын асуудал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тодорхой хэмжээний орлогоо дансны хуулгаараа гаргаж өгсөн ч гэсэн цалин өгч байгаа байгууллагын хувьд өгч тухайн цалинг нь нотолж өгөх тал нь шүүгдэгчийн тал байгаа болохоор тодорхойлолт гаргах боломжгүй байсан. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин орлогыг гаргах боломжтой байдаг. Хохирсон дээр нь хохироож давхар ар гэр, гэр бүлийг нь хохиролтой болгосон шүүгдэгчийн хандаж байгаа хандлагад нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой байгаа учир торгуулийн ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж өгнө үү гэсэн саналыг нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үздэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь би Д.Бат-Оюун гэдэг хүний бойны газар ажилладаг. Энэ хүн хэдэн төгрөгөөр ч торгууль төлөх төлбөрийн чадвартай гээд байдаг. Хохирогчийн өмгөөлөгч нь энэ хүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар төлбөр төлөх боломжгүй гээд байдаг. Хэрэгт авагдсан баримтаар торгуулийн ялыг биелүүлэх боломжтой байдаг. Тухайн шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол 83.000 төгрөгийг төлсөн. Бусад цалин орлогын зардлаа нэхэмжилж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нийгмийн даатгал төлдөггүй, ямар нэгэн цалин, орлого олдог гэх нотолсон баримт байхгүй байхад цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь 7-14 хоногийн хугацаанд эдгэх боломжтой. Энэ нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр болон шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан байдаг. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргах боломжгүй гэсэн байр суурьтай оролцож, энэ байр сууриа дэмжиж оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрээжоов овгийн Доржжанцангийн Бат-Оюун нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг “Ханхөгшин” түүхий эдийн төвийн хашаанд байрлах өөрийн гэртээ бага насны хүүхэд болох 5 настай Ш.Шүүдэрцэцэгийг зодсоны улмаас биед нь тархи доргилт гэмтэл үүсгэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь õàâòàñò õýðýãò àâàãäñàí насанд хүрээгүй хохирогч Ш.Шүүдэрцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ууганцэцэг, насанд хүрээгүй гэрч У.Уужуутөмөр нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Бат-Оюуны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 419 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Бат-Оюуныг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ууганцэцэгийн шүүгдэгч Д.Бат-Оюунд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ууганцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ууганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.