Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 716

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.22                                                 Дугаар 716                                      Улаанбаатар хот

 

 

 

“МПЭИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00589 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “МПЭИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Т , Г.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21 977 593 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-201705310493 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн ба 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-201705310493-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-201705310493-2 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийн тус тус зээл олгож нийт 15 000 000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГБ- 201705310493 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлдэгч Б.Т ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 120 гудамж 01 тоот хаягт байршилтай 000494995 гэрчилгээний дугаартай,           Г-2201009487 улсын бүртгэлийн дугаартай, 672 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГБ-201705310493-1 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлдэгч Б.Т ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 120 гудамж 1 тоот хаягт байршилтай 000604314 гэрчилгээний дугаартай, Ү-2201051938 улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч Б.Т , Г.Э нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно. Зээлдэгч Б.Т , Г.Э нар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14 595 000 төгрөг, үндсэн хүү 6 718 574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644 019 төгрөг, авлага нотариат 20 000 төгрөг нийт 21 977 593 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Зээлийн төлбөрийг зээлдэгч Б.Т , Г.Э нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Б.Т  нь зээлийн бүрэн төлж барагдуулна гэсэн тул Г.Э-гээс татгалзсан болно. Иймд Б.Т оос зээлийн гэрээний төлбөрт 21 977 593 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа. Анхны зээлийн гэрээ болон түүний дараа байгуулсан гэрээнүүд 24 сарын хугацаатай байгуулагдсан. Нэхэмжлэгч нь шүүхэд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан ба шүүхэд зээлийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн гэрээний 4.2-т зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд шаардлага гаргана гэж заасан. Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнүүд болон гэрээнүүдээр хүлээн авсан зээлийн хэмжээ, зээлийн үлдэгдэл хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаан байхгүй. Хэдийгээр тооцооллын хувьд маргаан байхгүй боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээгээ зөрчиж байгаа ба гэрээ цуцлах талаар шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа нь үнэн. Г.Э нь энэ зээлийн гэрээн батлан даагчаар орсон. Энэ зээлийн төлбөрийг би хариуцан барагдуулна. Барьцааны үл хөдлөх хөрөнгө ганцхан миний нэр дээр байгаа. Энэ төлбөрт Г.Э ямар ч оролцоо байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Т оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 595 000 төгрөг, зээлийн хүү 6 718 574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644 019 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 21 977 593 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МПЭИ ” ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т  нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 120 гудамжны 01 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2201009487 дугаарт бүртгэлтэй, 672 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201051938 дугаарт бүртгэлтэй 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 595 000 төгрөг, зээлийн хүү 6 718 574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644 019 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 21 977 593 төгрөгийг хариуцагч Г.Э-гээс гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан “МПЭИ ББСБ” ХХК-ийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “МПЭИ ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т оос улсын тэмдэгтийн хураамжид 338 038 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “МПЭИ ” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлдэгч Б.Т од зээлээ графикийи дагуу төлөхийг шаардсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гэрээгээ хугацаанаас нь өмнө дангаар цуцалж байгаа талаар хариуцагчид хэлээгүй, мэдэгдээгүй гэдгээ зөвшөөрч байхад хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, эхлээд гэрээ цуцлагдах ёстой, дараа нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэхээр байхад анхан шатны шүүх гэрээ цуцлах шаардлага гаргах хэрэггүй мэтээр үнэлж дүгнэснийг хууль бус гэж үзэж байна. Гэрээнд зээлдүүлэгч талыг төлөөлж “МПЭИ ББСБ” ХХК-ийи эдийн засагч Б.Д гэдэг хүн гарын үсэг зуржээ. 5 дугаар хуудсанд авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээн дээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Л.Б байгаа бөгөөд 9 дүгээр хуудсан дээр гарын үсгээ зуран тамга дарж итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байгаа болно. Хавтаст хэрэгт эдийн засагч Б.Д-т компанийг төлөөлөн зээлийн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл авагдаагүй байгаа тул маргаж буй зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. Эдгээрийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “МПЭИ ББСБ” ХХК нь хариуцагч Б.Т , Г.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 977 593 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Б.Т  нь зээлийг төлөхийг зөвшөөрч, энэ гэрээний үүрэг Г.Э-т хамаарахгүй гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “МПЭИ ББСБ” ХХК нь Б.Т , Г.Э нартай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд улмаар 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 1 879 482 төгрөг дээр нэмж 6 000 000 төгрөгийн зээл олгож, нийт 7 879 482 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон байна. Мөн талууд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 7 704 070 төгрөг дээр нэмж 4 000 000 төгрөгийн зээл олгож, нийт 11 704 070 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгож улмаар дахин 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 11 500 000 төгрөг дээр нэмж 3 500 000 төгрөгийн зээл олгож, нийт 15 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож Б.Т  нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 120 гудамжны 01 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2201009487 дугаарт бүртгэлтэй, 672 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201051938 дугаарт бүртгэлтэй 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь зөв байна.

Зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, төлбөр төлөх хугацаа болсон талаарх нөхцөл байдлыг мэдэгдэж байсан талаарх тайлбар зэрэг нь талуудын тайлбараар тогтоогдсон тул зээлдүүлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Шүүх зээлдэгч Б.Т оос зээлийн гэрээний үүрэгт нийт 21 977 593 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Зээлдүүлэгч талыг төлөөлж “МПЭИ ББСБ” ХХК-ийн эдийн засагч Б.Д гэдэг хүн гарын үсэг зурсан нь төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан боловч зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа болон нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 338 038 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ