| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/134 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/134
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Б.Н,
Нарийн бичгийн дарга О.Баттүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Н-ад холбогдох 2528000570142 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнө... аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...”-д тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Б.А-ын бие эрх чөлөөнд халдан зодож, биед нь баруун зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр бугалганы цус хуралт, дух, дээд уруулын зулгаралт, зүүн чих хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Н-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаас камерын бичлэгээ үзээгүй. Би хэргийн дараа камерын бичлэгийг үзэхэд би нэг цаг зодуулаад 6 цагийн хугацаанд ухаангүй хэвтэж байгаа дүрс бичлэг байдаг. Уг дүрс бичлэгт намайг ухаангүй байхад намайг зодсон Н гэх хүн миний гадна талын байгууллагын куртикийг тайлаад чирч яваад машиныхаа ард талд хийж байгаа бичлэг байдаг. Мөн нэг эмэгтэй хүн ирээд миний хажуугаар байгаа бутарсан хогыг цуглуулаад гялгар торонд хийж байгаа дүрс бичлэг байдаг. Тухайн эмэгтэй тусламж дуудаагүй. Мөн ... буудлын гадаа 2-3 залуу ирээд гадна шороог хөлөөрөө үрээд байгаа дүрс бичлэгүүд байсан. Мөн би өглөө 09 цаг өнгөрөөгөөд өөрөө мөлхөөд жолооч Бгийн өрөөний хаалгыг тогшоод цагдаа эмнэлэг дуудаарай гэж баруун талын орон дээрээ хэвтсэн байдаг. Ингээд цагдаа болон эмнэлгийг манай жолооч дуудаад би эмнэлэг дээр ирээд эмнэлгийн тусламж авсан. Би буудлаас эмнэлэг явах гээд түшүүлээд гарахад миний баруун гар талд манай жолооч түшээд явж байсан. Зүүн гар талаар нэг хүн түшээд явж байсан хэн гэдгийг тухайн үед мэдээгүй дараа нь жолооч Бгаас асуухад таныг зодсон хүн байсан гэж хэлж байсан. Би Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Хагалгааны дараа эмч зүүн нүдний хагалгааны дараах эдгэх хугацаа 1 сар болно. ...Мөн уг хэргийн улмаас болж би сэтгэл санаагаар хямралд орсон. Би ажлаа хийхдээ 1-2 цаг болоод ядарч амрах шаардлагатай болж байгаа. Сэтгэл санааны тогтворгүй байдалд орж 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх гэж байгаа. Ийм учраас сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байна. Мөн би уг хэргээс болоод 1 сарын хугацаанд гэртээ хариагүй 21 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд эмнэлгээс гараад дөнгөж ажилдаа орж байна. Би одоогоор уртасгасан цагаар ажиллахгүй 1-2 цаг ажиллаад явдаг. Энэ хугацаанд мөн манай эхнэр болон үр хүүхдүүд аав ээж тусдаа надад санаа зовоод сэтгэл санааны хямрал цочролд орсон. Би эмчилгээний зардалд гарсан хохирлоо баримтаар гаргаж өгнө. Н гэх хүн надад эмчилгээний зардалдаа хэрэглээрэй гэж 10 сая төгрөг өгсөн. ....” (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед Цогтцэций сумаас Өмнө... аймгийн төвд ирээд “... хотел” зочид буудалд буугаад .. давхарт ... тоот өрөөнд захирал болох Б.А-ын хамт орсон. Тэр зочид буудлын доод талд ресторанд нь хүмүүстэй хоолонд орсон. Тэнд байж байгаад би маргааш нь буцаад хот явах байсан болохоор орой 21 цагийн үед тэр улсуудыг орхиод өрөөндөө орж амарсан. Би захирал руу 202 тоот өрөөнд орсон гэдгээ утсаар мессеж бичиж орхичихоод утсаараа оролдож байгаад 1-2 цагийн дараа амарсан. Өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 18-ны 09 цагийн үед өрөөний хаалга балбах чимээгээр орноосоо босоод хаалга онгойлгож өгөхөд нүүр ам нь бочихсон нүүрэн хэсэг нь хавдсан хүн зогсож байсан. Тэгээд өмсөж явсан хувцсаар нь би Б.А байна гэж таньсан. Тэгээд өрөөний орон дээр хэвтүүлэхэд Б.А цагдаа, эмнэлэг дууд гэхээр нь би цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгсөн. ...Би Б.А-ыг өрөөний орон дээр хэвтүүлчихээд доошоо буугаад түргэн тусламжийн машиныг тосож авах гээд гадаа машины зогсоол дээр зогсож байхад Б.Н миний араас буудлаас гарч ирсэн. Тэгэхээр нь би өчигдөр цуг байсан хүн чинь зодуулчихсан байна шүү дээ гэж хэлэхэд Б.Н нь хаана юу болсон юм бэ? хэн бэ? би тасарчихсан байна мэдэх юм алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Н-ыг дагуулаад дээшээ өрөө рүүгээ орсон тэр үед буудлын хүн хүлээн авах үйлчлэгч ажилтай ах араас орж ирсэн. Тэгээд байж байтал Б.А цагдаа дуудсан уу? “...” цамхагт ажилладаг залуу намайг зодсон гэж хэлж байсан. Тэгээд түргэн тусламж ирээд бид хэд Б.А-ыг аваад эмнэлэг дээр очсон. Тухайн үед Б.Н-ын гутал, өмд нь цус болчихсон хатсан байсан. Тэгээд би энэ залуу зодсон юм байна даа сэжигтэй байна даа, ядаж зодолдох үед нь энэ залуу хамт байсан юм байна даа гэж бодож байсан.” (хавтаст хэргийн 23 дахь тал)
Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнө... аймаг Даланзадгад сум 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд хүн хүлээн авагчаар ажиллаж байсан. Тэр өдөр манай буудлын лоунжид орой 22 цагийн үед хүлээн авалт болсон. Тэгээд хүлээн авалт нь 00 цаг өнгөрч байхад дуусаад дотор байсан хүмүүс бүгд гараад явсан байсан. Тэнд байсан хүмүүс шөнийн 02 цагийн үед эргэж ирээд буудлын гадаа байцгааж байгаад машин тэргээ унаад хөдлөөд явцгаасан. Тэгэхэд Б.А, Б.Н нар тэр хүмүүсээс салаад буудалд орж ирээд буудлын хүлээн авахын сандал дээр сууж байхад Б.Н гартаа нэг шилтэй архи барьчихсан Б.А хоёр сууж байсан. Тэгээд би 02 цаг 45 минутад тэр хоёрт унтаж амар гэж хэлчихээд 2 давхарт гараад мухрын өрөөнд цагаан хэрэглэл индүүдэж байгаад тэр өрөөндөө унтаад өгсөн. Тэгээд 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай ажлын хүн над руу залгахаар нь би сэрээд индүүдсэн цагаан хэрэглэлээ хураачихаад доошоо бууж очсон. Тэгээд намайг доошоо бууж очиход Б.А, Б.Н нар нь буудлын хүлээн авах өрөөний сандал дээр нэг нь түрүүлгээ хараад хэвтчихсэн, нөгөө нь сандлын хажууд суугаагаараа унтаж байсан. Тэгээд Б.А-ын жолооч нь түргэн, цагдаа руу дуудлага өгчихсөн гээд өрөөнөөсөө буугаад ирчихсэн тэр хоёрын хажууд зогсож байсан. Тэгээд би А-ын жолоочтой хамт байж байгаад түргэний машин ирэхээр нь Б.А-ыг түргэний машинд өргөж оруулчихаад эмнэлэг явсан.” (хавтаст хэргийн 26 дахь тал)
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой 17 цагт Б.Аын найз болох Батмөнх нь над руу утсаар ярихдаа Өмнө... аймаг Даланзадгад сум 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “... хотел” зочид буудал 19 цагт хүрээд ирээ ойрд уулзаагүй юм чинь уулзъя гэж хэлсэн. Тэгээд би 19 цагтаа очиж чадаагүй 21 цагийн үед “... хотел” зочид буудалд очсон. Тэнд намайг очиход Б.А, Б.Н, Б-тэй нийлээд нэлээн хэдэн хүмүүс буудлын лоунжины вип өрөөнд байцгааж байсан. Тэнд хоол унд идэж ууцгаачхаад тэнд байсан хүмүүсээс Б.А-ын жолооч буудлын өрөөндөө ороод амарсан бусад хүмүүс нь 00 цагийн үед Өмнө... аймаг Даланзадгад сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “...” караоке орсон. Тэгээд караокед ороод 1 цаг ч болоогүй байх караокеноос гараад буцаад ... хотел буудалд очсон. Намайг буудлын гадаа очиход хүмүүс хөдөө явах гээд машинд хуваагдаад суух гээд бужигнаж байсан. Тэгэхээр нь би сайн яваарай гэж хэлчихээд түрүүлээд буудал ороод 2 давхарт 204 тоот өрөөнд ороод унтаад өгсөн. Би өглөө эрт 06 цагт хүүхдээ бэлтгэлд явуулдаг учир өглөө 05 цаг өнгөрч байхад сэрсэн. Буудлаас гарах гээд доошоо нэг давхар руу буугаад очиход Б.Н хүлээн авахын сандал дээр суучихсан, Б.А нь сандлын хажууд хажуу талаараа хэвтээ байдалтай хэвтэж байсан. Би хоёр давхраас буугаад ирэхэд Н нь мань хоёр нь хоорондоо маргалдаад зодолдчихлоо гэж надад хэлсэн...” (хавтаст хэргийн 29 дэх тал)
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ хүүхдүүдийн хамтаар амарч байхад шөнө манай бэр дүү Алтантуяа над руу утсаар залгаж Н огт утсаа авахгүй байна та залгаад хаана байгааг нь мэдээд холбогдоод хариу хэлээч би нялх биетэй болохоор гэрээс гарч чадахгүй байна гэж хэлсэн. Би тэгээд Н-ын утас руу залгахад утсаа авахаар нь чи хаана байна эхнэр чинь санаа нь зовоод надаас асуугаад байна гэж хэлэхэд ... зочид буудалд байна гээд согтуу яриад байхаар нь очиж авах гээд буудлыг нь хайж явсаар аймгийн төвд байрлах ... буудал очиход. Тухайн буудлын нэг давхарт зодоон болсон байдалтай газар цус бөөлжис болсон том том махаар нь бөөлжсөн байдалтай нэг хүн газар хэвтчихсэн шатан дээр Н суучихсан байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн юм уу гээд би 103 утсаар дуудлага өгсөн чинь ерөнхийдөө очих боломжгүй байна биеийн байдлыг харж байгаад сэргэхээр нь аваад ир гэж хэлсэн. Би тэгээд газар хэвтэж байсан хүний цустай бөөлжис болсон хэсгийн алчуураар цэвэрлэж бөөлжис болсон муухай үнэртэй хувцсыг нь гаргаад хогийн саванд хаячихсан. Тэгээд тэнд байхад манай дүү Н за за та одоо гэртээ харьж амраа би сэргэхээр нь эмнэлэгт хүргэж үзүүлнэ гээд тэндээ үлдсэн би буцаад гэртээ харьж амарсан тийм л зүйл болсон.” (хавтаст хэргийн 37 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.А-ын биед баруун, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд болоон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун бугалганы цус хуралт, дух, дээд уруулын зулгаралт, зүүн чих, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас дүгнэхэд Б.А-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 заалтаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 46-48 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 935 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.А-ын сэтгэцэд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх уу байнгынх уу гэдэг нь хувь хүний сэтгэлзүйн онцлог, гэр бүл нийгэм хамт олны дэмжлэг, сэтгэлзүйн зөвлөгөөнд хамрагдах эсэхээс хамаарна...” (хавтаст хэргийн 67-69 дэх тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хохирогч Б.А-оос бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 118 дахь тал)
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 119 дэх тал)
Хохирлын мөнгө шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 120, 134 дэх тал)
Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 49 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 135-136 дахь тал)
Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 49 дугаартай санал (хавтаст хэргийн 137-138 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н-ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнө... аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...”-д тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Б.А-ын бие эрх чөлөөнд халдан зодож, биед нь баруун зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр бугалганы цус хуралт, дух, дээд уруулын зулгаралт, зүүн чих хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), гэрч С.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрч О.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), гэрч Н.А-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрч Б.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), Өмнө... аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 935 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 67-69 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Н, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хангаж, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын биед баруун, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд болоон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун бугалганы цус хуралт, дух, дээд уруулын зулгаралт, зүүн чих, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнө... аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А нь шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Өмнө... аймгийн Цагдаагийн газарт “...Б.Н нь хохирогч Б.А надтай биечлэн уулзаж уучлалт гуйсан ба 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр надад эмчилгээний төлбөр болон миний сэтгэцэд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Цаашид Б.А миний бие Б.Над гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон...” (хавтаст хэргийн 118 дахь тал) гэх хүсэлтийг гаргасан байна. Мөн шүүгдэгч Б.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Аод 60,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан болох нь хохирлын мөнгө шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 120, 134 дэх тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Б.Н-ад 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөртөө дүгнэлт хийж цаашдаа анхаарах тул улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Н-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад шүүхээс оногдуулсан 1,200,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD-R 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-од 60,000,000 (жаран сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад шүүхээс оногдуулсан 1,200,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD-R 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-од 60,000,000 (жаран сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ