Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,     

Шүүгдэгч О.С, О.Э,    

Нарийн бичгийн дарга О.Баттүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,           

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн О-ийн С, Б овгийн О-ын Э нарт холбогдох 2528001480141 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

Биеийн байцаалт:        

Холбогдсон гэмт хэргийн талаар:      

Шүүгдэгч О.С, О.Э нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Далангийн голын автомашины зогсоолын хажууд хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Б.О-ийн бие эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь тархи доргилт, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.С, О.Э нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч О.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгчихсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлэг өгсөн гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цаг 27 минутын үед намайг орондоо орсон унтах гээд хэвтэж байх үед С нь өөрийн миний ойлгох аргагүй үсэг хэрэглэсэн гадаад нэршилтэй фэйсбүүк хаягнаас залгаад намайг гэрийнхээ гадаа гараад ир гэж хэлэхээр нь би маргааш уулзъя гэж хэлэхэд би маргааш найз УлаанБ хот руу явах гэж байгаа гэхээр нь би чи хэнтэй хамт явж байгаа юм, хэдүүлээ явж байгаа юм гэж асуухад манай найз залуу, Э-ын найз залуу би, Э бас нэг банди байна хэмээн хариулдаг. Аан заза тэгээд яах гэж байгаа юм гэж асуусан чинь тоогоо тэнцүүлье гээд инээхээр нь би хальт уулзъя гэж хэлээд хувцсаа өмсөөд гараад очсон. Намайг гараад очиход С нь машинаасаа Эын хамтаар бууж ирдэг. С нь тээврийн хэрэгсэл жолоодоод хөдлөх гэхээр нь би эндээ уулзъя дүү хүүхэдтэйгээ хоёулхнаа байгаа гэж хэлэхэд за найз хол зогсохгүй ээ ядаж хашааны чинь үүднээс холдоод зогсъё гээд намайг машиндаа суулгаад чигээрээ явсаар Далангийн голын авто машины зогсоол дээр зогссон. Зогсонгуутаа найз ийшээ яваад ханиндаа бие засаад ирье гэж Э надад хэлээд ардаас нь С бас хамт яваад бие засаад ирье гэж хэлээд 1 давхар шар барилгын урд талд хоёулаа бие засаад надаас тамхи асуухаар нь би тамхи өгсөн. Тамхиа татаад зогсож байхдаа намайг гар утас оролдоод доошоо хараад зогсож байхад нэг нь үсдээд шээсэн шээсэн дээрээ унагаж миний дээрээс хөлөөрөө Э, С нар нь өшиглөөд нүүр рүү гараараа цохиж, мөн алгадсан. Ингэж миний бие эрх чөлөөнд халдаж зодож байхдаа Э, Содоо гэх 2 охиныг олж өгсөнгүй, олж өгнө гэсэн яасан гээд асуугаад байсан. Би тухайн үед тэр хоёрыг олж өгнө гэж хэлээгүй, хаана байгааг нь би мэдэхгүй гэж хариулахад одоо тэгвэл машинд суугаад Э, Содоо нарыг олж өг уулзана гээд орилж хашхичаад байсан. Чи намайг Эд янхан гэж хэлээ биз дээ гээд Э нь хэлээд байсан. С нь ганцаараа байсан ч хоёулаа байсан ч дээрэлхүүлж үзээгүй шүү. Би өнөөдөржингөө уурлалаа чи намайг янхан гэж хэлсэн гээ биз дээ гээд Э надад тэгж хэлээд Э, С нар нь машин руугаа миний гадуур өмссөн цамцнаас чирээд миний нуруу руу араас С нь хөлөөрөө өшиглөөд байсан. Эхлээд Э машинд суугаад намайг Э машин дотроос татаад С нь араас түлхээд өшиглөөд намайг зодож машинд суулгаад С жолоо бариад хөдлөөд зогсоод Эын найз залуу гэх банди жолоо бариад Оюут гэр хорооллын ... тоот руу хөдлөөд гэрийнх нь наана нь зогсоод Э гэх охин руу залгахад Э нь гар утсаа авахад гараад ир гэж дуудсан. Э нь би Ханбогдод байна гэж хариулахад С нь наадах чинь худлаа хэлж байгаа юм аа наадах чинь гэртээ байгаа гээд хэлсэн. Би машинаас нь буугаад гэр рүү нь ороод Эг гаргаад ирье гэж хэлээд машинаас бууж хашааны хаалгыг нь татахад цоожтой байсан. Миний хойноос Э, С нар нь бууж ирээд чи худлаа ээжийг нь дуудаж гаргаж ирээд бид хоёрыг зодуулах гээд байгаа юм уу ээжийг нь дуудаж гаргаж ирвэл чи яахаа мэдэж байгаа гээд намайг машинд суухыг шаардахад нь би машинд нь сууж одоо хаашаа явах гээд байгаа юм бэ гээд асуухад одоо нэг залуу дээр очиж ууна. Чи бид хоёрыг дуудахаар гарч ирэхгүй байж тоогоо тэнцүүлж сууя гээд, нэг залуу байна гэхээр чи гарч ирээ биз дээ гээд гараараа Э, С нар нь нийлээд их цохиж ээлжлээд алгадаад байсан. Чамд аль өдөр ирж уулзаад төрсөн өдрийн чинь захиалгыг өгөө биз дээ гэж Э хэлсэн. Намайг зориулж торт авсан. Тэр тортоо бид 2 хоёулхнаа хувааж идсэн шүү дээ аймар өрөвдөлтэй гээд Э хэлсэн. Машинд суугаад цаашаа Ивээл худалдааны төвийн баруун талд ирж зогссон. Эын найз залуу буугаад би бие засъя гээд буусан дараа нь Э нь би нөхрөө тосож бие засуулчихаад ирье гээд машинаас буухад нь Эын гар утас нь машины шалан дээр унахаар нь би авч өгөөд Эын утас энд уначихлаа гээд Сд авч өгсөн. С утсыг нь хараад дэлгэц нь байхгүй болчихож гэж хэлсэн. Э машинд орж ирээд миний хажууд суухад нь С утсыг нь үзүүлэхэд нөгөө пиздагийн дугаарыг нь олоод утсаа төлүүлнэ гэж хэлсэн. Би та хоёрыг үнэхээр гомдоочихсон юм байна би гэрт ороод хувцсаа солиод картаа аваад гараад ирье би та хоёрыг дайлъя гэж хэлэхэд чамд 3 минут өгье гэж хэлсэн. С 3 минут ихдэнэ бараг 1 минут байхад хангалттай. Хэрвээ чи гарч ирэхгүй бол утасныхаа хэргийг чам дээр тохож болно шүү дээ гэж Э хэлээд манай гэр рүү хөдөлсөн. Явж байхдаа үедээ намайг мурих юм бол чамайг гэрт чинь ороод зодно, мөн гэрийг чинь гаднаас нь шатаана гэж хэлсэн. Би гэр рүүгээ ороод цагдаа руу дуудлага өгөхөд цагдаа нар ирэхгүй удсан. Би ахин 7053102 дугаар руу залгаад дуудлагад ирж байгаа цагдаагийнхаа дугаарыг өгөөч гэж хэлээд цагдаа руу залгахад бас дуудлага мэдээлэлтэй Төгөлд явж байна гэж хэлсэн. Би цагдаад ахаа та ирж байна уу гадаа нөгөө хүмүүс миний нэрийг хэлээд хашхираад гадаа хаазлаад байна гэж хэлэхэд цагдаа удахгүй одоо очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Чатаар над руу С залгаад байсан. Чатаар муриад байгаа юм уу би орж очих уу яах уу гээд чат бичсэн. Цагдааг ирэхэд тэд нар явчихсан байсан. Маргааш нь над руу С фейсбүүкийн чатаар залгаад байхаар нь би аваагүй. Чатаар муриад шаахын гээд бичсэн байсан... Б гэх охиноос болоод тэр нь О.Э, О.С нарын хуурай дүү нь байсан. Бг би хоёр удаа алгадсанаас болоод надад О.Э, О.С нар өс  санах болж миний бие эрх чөлөөнд халдаж зодох болсон... Миний нүүрний баруун талын хэсэг тэр чигтээ хавдаж миний баруун нүд хөхөрсөн. Толгой их өвдсөн. Зарим хэсэгтээ хавдсан. Зүүн нүдний дээд талд хөхөрч хавдсан. Уруулын дотор талд дээд доод хэсэгтээ язарч хавдсан. Буйл руугаа мөн хавдсан. Хоол унд идэхэд хэцүү соруулаар бантан ус ууж байсан. Миний өмссөн хувцас шээс болон миний амнаас гарсан цус болсон... Надад 200,000 гаруй мянган төгрөгийн эм тариа дусал авсан төлбөр хийсэн банкны хуулга байгаа. Мөн таксигаар явсан, бариачид толгойгоо бариулсан төлбөр төлсөн дансны хуулга байгаа. Дансны хуулга гаргаж өгмөөр байна. Нэхэмжлэх зүйл нь эм тариа, таксины төлбөр, сэтгэл санааны хохирол гээд нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... миний дансанд О.Э нь хохирол төлбөр гээд эхлээд 700,000 төгрөг өгсөн. Дараа нь удалгүй 300,000 төгрөгийг надад бэлэн авчирч өгөөд миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Мөн О.С нь надад 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн цаашдаа ажил хийгээд цувуулаад өгнө гээд надаас уучлал гуйсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 20-21, 27 дахь тал)     

Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын 09-ний орой цагийг нь мэдэхгүй байна манайд С, Э хоёр Ивээл худалдааны төвийн зүүн талд Асар төвийн хажууд байрлах Б бид хоёрын амьдардаг гэрт ирсэн. Би гэртээ дүү Б, манай үеэл М бид гурав том савтай 2 литрийн пиво уугаад сууж байсан. Э, С нар нь хамт архи пиво уусан. Уугаад байж байхдаа нэг хүнтэй уулзъя гээд манай гэрээс би Э, С, манай дүү Б бид дөрөв М-ын машиныг Б унаад ногоочдын тийшээ очоод О гэх эмэгтэйн гэрийн гадаа очоод О-ийг машинд суулгаад Б машин бариад Далангийн голын авто машины зогсоолын тэнд зогсоход Э, С, О 3 бие засъя гээд машинаас буугаад нэлээд удсан. Хэсэг хугацааны дараа Э, С нар нь О-ийг зодчихсон машин дээр дагуулаад ирсэн. Тухайн үед О-ийн хамраас нь цус гарчихсан байсан. Машинд Э, С нар нь О-ийг хүчээр суулгаад машинд О-ийг сууж байхад нь С нь эхлээд цохиод дараа нь Э нь гараараа цохисон. Манай дүү Б нь Э, С нарыг хорьсон. Машин Б унаад нэг эмэгтэй охиныг хайгаад гэрийнх нь гадаа очоод О нь би дуудъя гээд машинаас буугаад хашааных нь хаалган дээр очиход гэрт нь хүн байхгүй байсан. Өнөөх хайж байгаа охин руу Э, С нар нь залгахад хайж байгаа охин нь Ханбогдод байна гэж хэлсэн. Тэндээсээ шууд Ивээл худалдааны төвийн хажууд ирээд дүү Б машинаас бууж бие засахад араас нь Э буудаг. О нь миний буруу би Э, С та хоёрыг дайлъя гэрээс картаа авъя би хувцсаа сольё гэж хэлээд гэрийнх нь гадаа Б машин бариад очсон. Тэнд О гэр рүүгээ ороод тэр чигтээ гарч ирээгүй Э, С, Б бид 4 гэрийнх нь гадаа хүлээж байгаад Б машин бариад гэртээ ирээд манайд Э, С нар хоносон.” (хавтаст хэргийн 38-40 дэх тал)            

Шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын өглөө 10-11 цагийн үед би Этай худалдааны төвд уулзсан. Уулзаад Э бид хоёр Гурвансайхан гэр хороололд нэг айлд очоод хамтдаа гадуур түрээсийн орон сууц хайсан. Гурван сайханд очсон айлдаа буцаж очоод байж байгаад Э-тай хамт оройн 22 цагийн үед тэндээс гараад Ивээл худалдааны төвийн зүүн талд байрлах Б-ын гэрт очсон. Б-ын гэрт Э-тай хамт очиход М, Б, Мө гурав том савтай 2 литрийн пиво мөн 0.75 литрийн архи задалсан ууж байсан. Э бид хоёрт том савтай пивоноос Б хийж өгөхөөр нь Э бид хоёр нэг, нэг аягыг уусан. Э нь О-тэй уулзъя гээд Б, М, Э бид дөрөв Мө-гийн машиныг М унаад О-ийн гэрийн гадаа очоод О-ийн фейсбүүк рүү нь би залгаад гараад ир гэж чатаар залгасан. Оийг гараад ирэхээр нь машинд суулгаад би Мөгийн жижигхэн саарал өнгөтэй машиныг жолоодоод Далангийн голын хойд талын авто машины зогсоол дээр зогсоод Э бид хоёр Оийг хамтдаа бие засъя гээд дагуулаад явсан. Бие засчихаад Э О-ийн нүүр рүү нь гараараа эхлээд 1 алгадсан. Би Э-ыг боль гээд О-ийг гараараа нүүр рүү нь 2 удаа алгадсан. Мөн Э үсдээд О-ийг бид хоёрын бие зассан шээсэн дээр унагасан. О-ийг машинд суулгаад Б машин бариад Э гэх нэртэй охины гэрийн гадаа оччихоод О-ийг гэрийнх нь гадаа буулгаад Б машин бариад Бын гэрт эргээд очсон. Э бид Б, Б, Мө нартай хамт хоносон.” (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 11 цаг гэхэд хөдөө гэртээ тэмээгээ услаад аймгийн төв рүү ирсэн. Ирээд 12 цаг гэхэд С-тэй фейсбүүкийнхээ чатаар залгаад худалдааны төв дээр уулзсан. С-тэй уулзаад хамтдаа Гурвансайхан гэр хороололд С эгчийн таньдаг айлд хамтдаа очсон. С аниа тэнд хоол хийгээд хоол идсэн. Хоол идчихээд С-г тосохоор хамтдаа эргээд төв рүү ороод С-г аваад эргээд С эгчийн найз залуу гэх М-ынд хамтдаа ирсэн. Мын гэр нь Ивээл худалдааны төвийн халз урд талд байсан. Мын гэрт ороход Б, Мө гурав хамтдаа байсан. М-ын гэрт ороход 2 литрийн том савтай Сэнгүр пиво, 0.75 литрийн архи уугаад дуусах гэж байгаа архи байсан. С бид хоёр том савтай пивоноос уугаад Мын цагаан өнгийн кровн загварын машиныг Б унаад Б.О-ийн гэрийнх нь гадаа очоод фейсбүүк рүү нь С эгч залгаад гараад ирээ хальт уулзъя гэж ярьсан. Б.О за одоохон удахгүй гараад очъё гээд гэрээсээ шөнийн 00 цагийн үед гарч ирсэн. Б.О-ийг гараад ирэхээр нь машинд суучих гээд С эгч бид хоёр хамтдаа хэлээд С эгч М-ын машиныг бариад Далангийн голын авто машины зогсоол дээр зогссон. Тухайн зогсоолын хажууд 1 байр байсан. С эгч бие засъя гээд Б.О болон би хамтдаа байрны урд талд нь байрлах өргөн хананы хажууд очоод тамхи татаад бие зассан. Б.О-т С эгч чи яагаад манай дүүг Сг CU-д сууж байхад нь дээрэлхсэн юм бэ гэж хэлсэн. Би бас О-т манай найз Бг чи зодож байгаа бичлэг надад Содгэрэлээс ирсэн гэж хэлээд Б.О-ийн нүүрнийх нь хацар руу нь би эхлээд 1 удаа алгадсан. Миний дараа С эгч О-ийн нүүр рүү гараараа 1 алгадсан. С эгч Б.О-ийг үсдээд шээсэн шээсэн дээрээ унагаахаар нь би Б.Оийн нүүр рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. С эгч доошоо сууж байгаад Б.О-ийг ахин гараараа нүүр рүү нь алгадах болон цохих үйлдлийг 4-5 удаа хийсэн. Б.О бид хоёроос та 2 болиоч би ахиж тэр хүүхдүүдтэй чинь нийлэхгүй яах ч үгүй гэж хэлсэн. С эгч Б.Оийг газар унасан байхад нь татаж босгоод О-ийн гадуурх цамцнаас нь С эгч бид 2 татаад машинд О суухгүй байхаар нь араас С эгч хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Б.О-ийг хүчээр машинд суулгаад Б машинаа бариад явахад С эгч машин дотор Б.О-ийг ахин гараараа хацар руу нь 1 удаа алгадахаар нь одоо болио Э-гийнд очиж байгаад намайг О янхан гэж хэлсэн байна уу үнэнийг нь асуучихъя гээд Э гэх охины гадаа буюу ... гэр хорооллын нэг гудамд очсон...” (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.О-ийн биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Б.О-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

Б.О-ийн “Хаан” банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 82-84 дэх тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 100-101 дэх тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 50 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 102-103 дахь тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 50 дугаартай санал (хавтаст хэргийн 104-105 дахь тал)  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.С, О.Э нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.С, О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.С, О.Э нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Далангийн голын автомашины зогсоолын хажууд хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Б.Оийн бие эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь тархи доргилт, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.         

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, О.Э нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 27 дахь тал), гэрч Х.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                                     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                              

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.                

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Шүүгдэгч О.С, О.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-ийн биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)-ээр тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.С, О.Э нар нь бүлэглэн Б.О-ийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч О.С, О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.             

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Нэхэмжлэх зүйл нь эм тариа, таксины төлбөр, сэтгэл санааны хохирол гээд нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... миний дансанд О.Э нь хохирол төлбөр гээд эхлээд 700,000 төгрөг өгсөн. Дараа нь удалгүй 300,000 төгрөгийг надад бэлэн авчирч өгөөд миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Мөн О.С нь надад 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн цаашдаа ажил хийгээд цувуулаад өгнө гээд надаас уучлал гуйсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 20-21, 27 дахь тал) гэж мэдүүлж байх ба Б.О-ийн “Хаан” банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 82-84 дэх тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.      

Прокурорын шатанд хохирогч Б.О нь шүүгдэгч О.С-эс 1,000,000 төгрөг авсан талаар хүсэлт гаргасан хэдий ч баримтаар 300,000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч, шүүгдэгч нар хохирлын талаар эвлэрсэн байх тул баримтыг үндэслэн төлөгдсөн хохирлын хэмжээг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.          

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.             

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.С, О.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг шүүгдэгч нарт танилцуулахад зөвшөөрсөн тул тухайн саналыг батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,    

Шүүгдэгч О.Э нь гэмшиж байна гэх, шүүгдэгч О.С нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.      

Шүүгдэгч О.С, О.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.       

Шүүх шүүгдэгч О.С, О.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.   

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, О.Э нарт шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.    

Бусад асуудлаар.

Шүүгдэгч О.С, О.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Э нь 1,000,000 (нэг сая) төгрөг, шүүгдэгч О.С нь 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.От тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С, О.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Ш овгийн О-ийн С, Б овгийн О-ын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, О.Э нарт шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, О.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

5. Шүүгдэгч О.С, О.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Э нь 1,000,000 (нэг сая) төгрөг, шүүгдэгч О.С нь 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.От тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.                

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.С, О.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                                                                    

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ