| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-07-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга А.Анужин,
улсын яллагч М.Сэлэнгэ,
хохирогч Б.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2407004900117 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы 01 дүгээр сарын 07-ны өдөр *******од төрсөн, *******тай, *******, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт дүүргийн , ын од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: аа манай орны хажууд хөлөө өвдөглөөд, нэг хөлөө сөхрөөд суусан байж байхад ******* орж ирээд хөл рүү нь 2-3 удаа өшиглөөд чи намайг хаяад гараад явлаа, алга боллоо гэхэд аа зөрөөд гараад явсан. Би *******г сандал дээр суу гэхэд би айлын ширээн дээр суудаггүй, чи яагаад намайг ширээн дээрээ суулгах гээд байгаа юм гэсэн. Би ширээ биш сандал гэтэл над руу орилоод дайрахад нь манай хүү босоод суусан. Би хүүхэд айгаад байна, согтуу ирээд хүүхэд айлгалаа, гар гээд угзраад нэг алгадаад гараад өг яасан хэцүү юм бэ гээд зулгаахад намайг зөрүүлээд үснээс дараад авсан. Би арай гэж гэрээсээ чирч гаргаад хашаан дотор зууралдаад хоёулаа ноцолдсон. Хашаанаас гаргахаар *******г түлхэхэд хойшоо савж унасан. Би хашааныхаа хаалгыг арай гэж онгойлгоод гаргаад явуулсан. ******* чи муу янхан минь гараад ир, пизда минь, чи яахаараа намайг гэр орноосоо хөөж гаргадаг юм гээд элдвээр хэлээд хашааны хаалга орилоод нүдээд байхаар нь нэг модоор цохиж унагаагаад хэдэн удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрөө очоогүй, намайг манайд хүрээд ир гээд өөрөө залгасан. Би унтах гээд орондоо ороод хэвтсэн байсан. Би нэг найзтайгаа 0.5 литрийн 1 шил архи уусан байсан. Би нэлээн халамцуу байсан нь үнэн. Намайг тосож аваад би гэрт нь ороход тэр залуу сууж байсан. Би 2-3 өшиглөсөн нь үнэн. Гэхдээ би тэгтлээ ухаанаа алдаагүй байсан. Тэгээд хоёулаа маргалдаад чи яахаараа миний найзыг өшиглөдөг юм гээд над руу дайрсан. Намайг гэрт нь ороход ******* согтуу, 0,75 литрийн архи тал болтол нь уусан байсан. Би гараад 2-3 алхаж байтал араас цохиод унагаасан. Хашаан дотор газарт хэвтэж байхад нэмж цохиод байсан. Би одоо болно ш дээ гэсэн. Би өөрөө цагдаа дуудсан. Эмчилгээний зардалд баримтаар 450 800 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө дүүргийн , ын өөрийн гэртээ Б.*******тэй “Чи надад агсам тавилаа, миний найзтай ярилаа” гэх шалтгаанаар харилцан хэрүүл маргаан үүсгэж, түүнийг түлхэж хашааны хаалга мөргүүлэх, түлээний модоор удаа дараа цохин зодож биед нь зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, мөр, бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, зүүн талын хоёр хавирганы хугарал, зүүн талын ухархайн доод ханын хугарал, зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 06 цагийн үед ******* над руу залгаад манай гэрт хүрээд ир гэхээр нь гэрт нь очтол ******* нь нэг эрэгтэй хүнтэй хамт байж байсан. Би гэрт ороод сууж байтал ******* нэг шил архи гаргаж ирээд тэр эрэгтэй нь надад архинаас нь хийж өгөхөөр нь тэрийг уугаад сууж байтал ******* чи надад агсам тавилаа, чи миний найзтай ярилаа, энэ чинь миний багын найз гэх мэт зүйлсийг хэлж над руу дайраад намайг алгадаад авахаар нь би гэрээс гараад явах гэтэл миний толгой руу нэг юмаар цохиход би газар унасан. ******* нь үргэлжлүүлэн намайг зодсон. Миний толгой хагарч 9 оёдол тавьж, зүүн талын шагай хугарсан, зүүн гарын шуу, зүүн талын гуя, зүүн талын хавирга өвчтэй байна.
Би хохирлын тооцоо нарийн гаргаагүй ер нь бол 300 000 төгрөг орчим эмчилгээний зардал гарсан. Миний сэтгэцэд гэм хор учраагүй тул би сэтгэцийн дүгнэлт гаргуулахаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Би *******тэй эвлэрсэн, надад эмчилгээний зардал өгнө гэсэн учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 20, 22-23 хуудас/,
- Гэрч З.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 03 цагийн үед манай эхнэр ******* чатаар залгахад халамцуу *******ийн гэрт ирсэн байна гэсэн. Яг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй. Манай эхнэрийг орон дээр ******* зодоод байхаар нь би *******ийг чи болиоч гэхэд болихгүй, эхнэрийг гэрээс нь гарах гэхэд гаргахгүй түлхэж оруулж ирээд зодсон. Эхнэр гэрээс нь гараад явсан чинь нэг юмаар цохиод ухаан алдуулсан. Эхнэрийн гар утсыг ******* аваад өгөхгүй байж байгаад салгасан. Би 2-3 хоногийн дараа гэртээ ирээд эхнэрээ эмнэлэгт хэвтүүлсэн. Би эхнэрээс юу болсон талаар асуухад ******* яг юунаас болж намайг зодсоныг бол мэдэхгүй, урт модоор намайг зодож ухаан алдуулсан гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/,
- Гэрч Р.ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний утас дуугарч байхаар нь аваад ярихад манай урд гудамжны ******* найзаа чи сэрүүн байгаа бол сүхээ аваад хүрээд ирээч би гал түлэх гэсэн түлээгүй болоод байна гэхээр нь би сүхгүй яваад очсон. Би гэрт нь очоод хэдэн мод байсныг нь хөлөөрөө хугалж өгөөд гэрт нь ороод галыг нь түлж өгөөд сууж байтал ******* бага зэрэг халамцуу бололтой тал шил архинаас надад хийж өгөхөөр нь би нэг татсан. *******ийн утас дуугараад ярихад ******* найзаа би танайх руу орох гэсэн чинь хаалгыг чинь олохгүй байна гэхэд нь ******* нь өөдөөс нь гараад удалгүй дагуулаад хамт орж ирсэн. ******* нэлээн их согтуу байсан бөгөөд гэрт орж ирээд суухгүй зогсоод байхад нь ******* суугаач гээд сандал тавьж өгсөн. ******* суугаад утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд нөхөр лүүгээ явуулна гэхэд ******* чи айлд орж ирээд битгий бичлэг хийгээд бай гэхэд тэр за гээд үгэнд нь ороод утсаа далд хийсэн. Би гал чинь асчихлаа найз нь явлаа гээд гэр лүүгээ харьсан. Намайг байхад бол муудалцаагүй эвтэй байсан. Маргааш нь *******тэй тааралдахад чи яагаад яваад өгсөн юм бэ, чамайг явсны чинь дараа бид 2 муудалцаад би *******г түлээний модоор хэд хэдэн удаа цохиж зодсон байна гэсэн. ******* нь нэлээн их согтолттой, ******* нь арай гайгүй байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/,
- Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “аатай хамт архи уусан гэх миний танил ******* нэлээн согтуу орж ирээд ы гуя руу нь өшиглөөд чи намайг ганцааранг минь орхиод гараад явчихлаа гэхэд аа юу ч хэлж чадахгүй байсан. Манай гэрт нөхрийн ажилдаа явахаас өмнө ууж байсан архины үлдэгдэл байсныг тэр хоёрт хийж өгөхөд нэг нэг татсан. аа *******г манайд орхиод гараад явсан. Манай 5 дугаар ангийн хүүхэд сэрээд айгаад босоод суучихаар нь би *******г хүүхэд айгаад байна, чи их согтуу байна гараарай гэхэд тэр өөдөөс янхан минь чи дуугай бай чам шиг авгайгаар гарч орохоо заалгахгүй гэж хэл амаар доромжлоод байхаар нь би нэг удаа хацар луу нь алгадхад миний үснээс зулгаагаад сандал дээр дараад дийлдэхгүй арай гэж салгаад гэрээсээ чирээд авч гарахад тэр эргэж надтай барьцалдаж аваад байхаар нь би хойш нь түлхэхэд толгойны ар хэсгээрээ хашаа руу цохигдож унаад босож ирээд дахиад дайраад байхаар нь би түлхэж хашаанаасаа гаргаад хашааныхаа хаалгыг түгжихэд хашааны гаднаас төмөр хаалга өшиглөөд гараараа нүдээд муу янхан минь гараад ир гээд орилж хашгираад болохгүй болохоор нь би жижиг түлээний нэг мод аваад хаалгаа онгойлгоод чи яах гээд байгаа юм бэ гэхэд өөдөөс дайраад цохих гэхээр нь би түлхэж унагаагаад түлээний модоор гуя, нуруу, цээж хэсэгт 4 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хүн цохисондоо гэмшиж байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 56-58 хуудас/,
- Шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 546 дугаартай: “ийн гийн биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, мөр, бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, зүүн талын хоёр хавирганы хугарал, зүүн талын ухархайн доод ханын хугарал, зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 39-40 хуудас/,
- Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, яаралтай тусламжийн хуудас, түүнд хавсаргасан шинжилгээний баримтууд, хохирогч Б.*******гийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /х.х-ийн 11, 34-38, 74/ зэрэг болно.
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, АСАП сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл /х.х-ийн 59, 64-65, 67-68, 71 хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.*******гийн эрх чөлөөнд халдаж хүндэвтэр зэргийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө дүүргийн , ын өөрийн гэртээ Б.*******тэй “Чи надад агсам тавилаа, миний найзтай ярилаа” гэх шалтгаанаар харилцан хэрүүл маргаан үүсгэж, түүнийг түлхэж хашааны хаалга мөргүүлэх, түлээний модоор удаа дараа цохин зодож биед нь зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, мөр, бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, зүүн талын хоёр хавирганы хугарал, зүүн талын ухархайн доод ханын хугарал, зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.*******, хохирогч Б.******* нарын архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд 450 800 төгрөгийг эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн 150 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 300 800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор, мөн хохирогч Б.*******гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 659 136 төгрөг зарцуулсныг шүүгдэгч Б.******* нь төлж барагдуулаагүй тул түүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор тус тус шийдвэрлэв.
Харин хохирогч Б.******* нь ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогоо нэхэмжилсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
ХОЁР. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн шинж, арга хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Би өөрөө ажил хийгээд цалингаараа хохирлоо төлнө гэжээ.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 1 500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ээс 300 800 /гурван зуун мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгож, хохирогч нь ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ээс 1 659 136 /нэг сая зургаан зуун тавин есөн мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА