Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 711

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.22                                                 Дугаар 711                                      Улаанбаатар хот

 

 

 

“МБ И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00464 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МБ И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “АТ ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 40 000 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “АТ ” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/36 тоот “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр “МБ И ” ХХК-иас Беларусь улсад үйлдвэрлэсэн 85 000 ам.долларын үнэтэй үр тарианы комбайн “Палессе КЗС-575” маркийн техникийг худалдан авч эцсийн төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний дотор хийхээр тохиролцсон байсан. Худалдсан эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдэг үндэслэлээр гэрээнд өөрчлөлт оруулах санал ирүүлсэн байдаг ба саналыг хүлээн авах боломжгүй тохиолдолд гэрээнээс татгалзах тухайгаа албан бичгээр ирүүлсэн. Бидний зүгээс саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж талууд дээрх гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлсээ харилцан буцаасан. Манай компанийн хувьд дээрх эд хөрөнгийг Беларусь улсын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэгч талд үнийг төлсөн байдаг ба дараагийн худалдан авагчтай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан тухайн эд хөрөнгийг өмнө нь ашиглаж байсан хуучин техник гэдэг шалтгааны улмаас       70 000 ам.доллароор худалдан борлуулсан. Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон шалтгаан нь гэрээний үүргийн зөрчил болох ба үүнээс болж манай тал тухайн эд зүйлийг 15 000 ам.долларын зөрүүгээр бусдад худалдсан. Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасанчлан Монгол банкны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ханшаар нэгж үнэ 2 666.72 төгрөгөөр тооцож 40 000 800 төгрөгийг хариуцагч болох “АТ ” ХХК-иас гаргуулан “МБ И ” ХХК-д олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/36 тоот гэрээний дагуу 2017 оны 09 дүгээр сарын   19-ний өдөр, гэрээний 5 хувь болох 4 250 ам.доллар буюу 10 535 750 төгрөгийн урьдчилгаа төлөн “Палессе-КЗС-575” үр тарианы комбайн зээлээр худалдан авсан. 2017 оны зун, манай орны хэмжээнд ган болж, газар тариалангийнхан тэр намартаа ургац алдаж, мэргэжлийн байгууллагууд энэхүү байдлыг, байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн тодорхойлсон. Манай компани ч мөн бусдын адил ганд өртөж, ургацынхаа 89 хувийг алдаж ихээхэн хохирол хүлээсэн. Ийнхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан 2017 оны намар, дээрх гэрээний хувиарт төлбөрөө төлөх боломжгүй болсон тул манай компаний зүгээс, гэрээний төлбөр төлөх хуваарыг 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор болгон хойшлуулж өгнө үү. Мөн энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй бол 2017/36 тоот гэрээний 2.3.2-т заасны дагуу техникийг буцаахаас өөр аргагүй байдалд хүрч байна гэсэн 2017/031 албан тоотыг хүргүүлсэн. Албан тоотод Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргын ургац алдсан тухай албан тодорхойлолтыг хавсаргасан. Албан тоотыг “АТ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Э , менежер Ц.М нар хүргэж, тэд, “МБ И ” ХХК-ийн захирал А.Б-той уулзахад, 2017 онд гантай байсны улмаас танайхаас өөр олон компаниуд төлбөрийн чадамжгүй болж ийм хүсэлт гаргаад байгаа ба нааштайгаар шийднэ, гэсний зэрэгцээ, 2017/36 тоот гэрээг, шинэчлэж хийхгүйгээр гэрээний төлбөр төлөх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор болгон хойшлуулахаар тохиролцсон билээ. Гэвч “МБ И ” ХХК-ийн менежер Л.Г нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах, “АТ ” ХХК -ийн үтрэмийн талбай дээр ирж, “АТ ” ХХК нь 2017/36 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй учир уг гэрээний 2.3.2-т “Гэрээнд заасан хуваарьт хугацаанд зохих төлбөрийг төлөөгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаахгүйгээр, үл маргах журмаар техникийг худалдан авагч талаас хураан авна” гэж заасан хэмээн 2017 оны үр тариа хураалтын үед ажиллаж багахан талбайд 200 га хураалт хийсэн шинэ “Палессе-КЗС-575” үр тарианы комбайныг хураан авсан. “АТ ” ХХК бид, “МБ И ” ХХК-тай хийсэн 2017/36 тоот гэрээний 2.3.2 заалтыг, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон гэдгээ, гэрээний 8.3-д заасны дагуу мэдэгдэж, тэднээс, нөхцөл байдлыг ойлгосон тухай аман хариу авч, төлбөр төлөх хугацаа маань 2018 оны 12 дугаар сарын 15 хүртэл хойшлогдсон, хэмээн ойлгож, ажлаа төлөвлөн ажиллаж байтал, комбайныг хураан авсан нь, “МБ И ” ХХК нь гэрээний 8.3 дахь заалтыг зөрчсөнөөр барахгүй, бидэнд амаар найрсаг хариу өгчхөөд хэрэг дээрээ өөр үйлдэл хийсэн нь хууран мэхэлж, дараа нь ийнхүү төлбөр нэхэмжлэх гэсэн арга мэт билээ. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “АТ ” ХХК-иас 15 000 ам.доллар буюу 40 000 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МБ И ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АТ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 357 955 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МБ И ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь гэрээний 8.3-д заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагч “АТ ”     ХХК-иас давагдашгүй хүчин зүйлийн улмаас асуудал үүссэн тухайгаа мэдэгдэж байхад тодорхой шийдвэр гаргаж, хариу ирүүлээгүй, “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.1-д “Гэрээний биелэлтэнд нөлөөлөх гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэний улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хугацааг 1 сар хүртэл хугацаагаар сунгах...” “Давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд Байгалийн гамшиг...” гэсэн ажиллагааг хийгээгүй байхад анхан шатны шүүхээс “... гэрээнээс татгалзсан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. “АТ ” ХХК-иас албан бичгээр хандаж, 3 асуудлыг шийдвэрлэхийг хүсэж, төлбөр төлөх хуваарийг 1 жилээр хойшлуулах, долларын гэрээг төгрөг болгох дээрх 2 хүсэлтийг хүлээн авах боломжгүй бол гэрээний 2.3.2-т заасан техникийг буцаахаас аргагүй байдалд хүрэх тухай байсан. Албан бичгийг “МБ И ” ХХК-д гүйцэтгэх захирал Н.Э , менежер Ц.М нар хүргэж, “МБ И ” ХХК-ийн захирал А.Б-той уулзахад захирал А.Б нь “... 2017 оны гантай байсны улмаас танайхаас өөр олон компаниуд төлбөрийн чадамжгүй болж, ийм хүсэлт гаргаад байгаа ба нааштайгаар шийднэ...” гэрээг шинэчилж хийхгүйгээр, гэрээний төлбөр төлөх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болгон хойшлуулна" гэж амаар тохиролцсон нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг амаар хийсэн гэж үзэх боломжтой. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 264.2 дахь хэсэгт “худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэжээ. Талуудын хэн аль нь гэрээнээс таталзах санал гаргаагүй байхад хохирлын асуудал хөндөгдөхгүй нь дээр комбайныг бусдад худалдсан үнийн зөрүү болох 15 000 ам.долларыг манай компани “МБ И ” ХХК-д төлөх үүрэг хүлээхгүй юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “МБ И ” ХХК нь “АТ ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 40 000 800 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Палессе КЗС-575” маркийн үр тарианы комбайныг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа 5 хувь буюу 4 250 ам.долларыг 2017 оны 09 дүгээр сарын      20-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл 25 хувь буюу 21 250 ам.долларыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 40 хувь буюу 34 000 ам.долларыг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэх 30 хувь 25 500 ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариуцагч байгууллага нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна. /хх 9/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдүүлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Зээлдэгч давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаандаа гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх боловч тохиролцоог зөвшөөрч гарын үсэг зурж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болно. Мөн хариуцагч дээрх татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөх хугацааг сунгахаар амаар тохирсон байхад “Палессе КЗС-575” маркийн үр тарианы комбайныг нэхэмжлэгч байгууллага нь буцаан авч, үнийг бууруулан бусдад 70 000 ам.доллараар худалдаж зөрүү төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх боловч хэрэгт авагдсан баримтаар хугацааг сунгасан байх эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзаж, гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн дагуу нэхэмжлэгч тал хариуцагчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 4 250 ам.долларыг буцаан өгөх үүрэгтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00464 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...“АТ ” ХХК-иас 15 000 ам.доллар буюу 40 000 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МБ И ” ХХК-д олгосугай” гэснийг “...“АТ ” ХХК-иас 10 750 ам.доллар буюу 28 667 240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МБ И ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 333 560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “357 955” гэснийг “301 286” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

            М.НАРАНЦЭЦЭГ