Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                           Прокурор А.Амарсанаа

                                                        Шүүгдэгч Д.Б

                                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор

                                                        Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын       09-ний өдрийн 2020/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Бт холбогдох эрүүгийн 2026000000182 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж Т.Ү-н цээжин тус газар нь хутгалсны улмаас биед нь цээжний зүүн хэсэгт цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Дашдорж овогт Д.Б-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хохирогч Т.Үын өмсөж явсан гэх цагаан шаргал өнгийн футволка 1 ширхгийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Д.Б-г Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс намайг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Би нөхөр Т.Үыг хутгалж хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр харамсаж гэмшиж байна. Нөхрийгөө хутгалах санаа надад байгаагүй. Нөхөр маань архи уусан үедээ маш хорон үгтэй, агсам зантай. Энэ байдлаас нь болоод байнга хэрүүл маргаан болж, хэвтэрт ортлоо зодуулж, агсам тавьж байсан ч би нөхрийгөө нэгч удаа Цагдаагийн байгууллагад хандан дуудлага гомдол өгч байгаагүй. Тухайн өдөр Т.Ү Цагдаагийн газар очиж миний том охин болох Номин-Эрдэнэтэй холбоотой эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлэг өгч, халамцуу гэртээ ирсэн. Тухайн өдөр мөн Т.Ү-г Цагдаагийн газраас дуудахад элдэв янзаар доромжлоод байхаар нь би сэтгэл санаагаар унаад ганцаараа архи уусан. Тэгээд Т.Ү гэртээ ирж бид хоёр хамт архи уусан. Архи уугаад Т.Ү би чиний охиныг хүчиндээд байхдаа яахав дээ ингэж байхаар алчихаач гэх мэтээр уурлаж элдэв үгээр доромжилж хэрүүл гуйсан тэгээд бид хоёр бие биедээ уурлаж Т.Ү гэртээ агсам тавьсан. Бид хэрүүл хийж байх үед Т.Ү намайг зайл яв аавындаа оч гэсэн. Тэгээд бид хэрэлдэж Т.Ү намайг үснээс зулгааж хөөсөн. Үснээс зулгаах үед миний уур маш ихээр хүрч Т.Ү-г хутгалсан. Би Т.Ү-д маш ихээр гомдолтой амьдарч байсан. Том охинтой маань холбоотой хэрэгт холбогдож, мөн том охиныг маань айлын болж явахад гэрээсээ гаргаж өгөхгүйгээр тухайн өдөр согтуугаар агсам тавьж охиноо аавынхаасаа хадамд гаргасан. Мөн охинтой маань холбоотой хэрэгт өдөр алгасахгүй намайг буруутгаж элдвээр доромжилж дарамталж байснаас би маш их хямарч сэтгэл санаагаар унадаг байсан. Тэгээд тэр өдөр миний үснээс зулгааж аавынх руугаа зайл гэж элдэв муухай үгээр хараасан үс зулгаах үед миний уур маш их хүрч хажууд байсан тогооны савнаас хутга авч хутгалсан байсан. Тэр үедээ юу болоод байгааг ойлгоогүй, уур маш ихээр хүрч цагдаа нар ирэхэд нөхрөө хутгалсан гэдгээ хэлсэн. Миний охин одоо 1 нас 7 сартай хөхнөөсөө гараагүй, хүүхдээ маш ихээр санаж, санаа зовж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Б-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Үыг хутгалж хүнд гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшдэг. Шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Ү-г хутгалахаас өмнө шүүгдэгчийг хэл амаар доромжилж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа Номин-Эрдэнэ гэх охиных нь асуудлаас болж байнга маргалддаг тухай асуудал байдаг. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны асуудал буюу архи согтууруулах ундааны зүйл болон эрүүл үедээ хохирогч нь Номин-Эрдэнийг би хүчиндээд байхдаа яахав дээ... ингэж байхаар намайг алчихаач гэх мэтээр хэл амаар доромжилсон. Мөн шүүгдэгчийг аавындаа очиж унт гэх мэтээр хөөсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад гэр доторх сандал, хувин унасан ундуй сундуй байдалтай байсан ба шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогч агсан тавьсан гэж мэдүүлдэг. Хэргийн газар шүүгдэгчийн туг үс халзарсан байдаг. Үсийг зулгаасны дараа хохирогчийг хутгалсан гэж шүүгдэгч мэдүүлдэг. Шүүгдэгч, хохирогч нар нь бага насны буюу 1 ой 7 сартай хөхнөөсөө гараагүй охинтой, хохирогч нь гомдол саналгүй, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн миний ч буруутай үйлдэл байгаа гэсэн мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор А.Амарсанаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн үйлдэл өмгөөлөгчийн гаргаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжгүй. Шүүгдэгч Д.Б нь хүндээр доромжлогдсон цочрон давчидсан үндэслэл хавтаст хэрэгт байхгүй. Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарч байгаа. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэн харгалзах боломжгүй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Т.Ү намайг их дарамталж, удаа дараа зодож байсан. Тухайн үед Т.Ү намайг элдвээр доромжилж, үснээс зулгаагаад охин бид хоёрыг хөөсөн. Тэгэхээр нь би чи дандаа яахаараа намайг ингэж хөөж байдаг юм бэ? гэсэн чинь миний үснээс зулгаагаад доош нь дарсан. Тэгэхээр нь би дээшээ өндийгөөд манай хоолны шүүгээ ойрхон байдаг тэрнээсээ нэг юм аваад цохьсон. Тэгээд цагдаа ирэхэд би нөхрөө хутгалснаа мэдсэн. Тэр үед миний сэтгэл санаа маш хүнд байсан. Үнэхээр гомдолтой байсан. Миний охиныг айлын хүн болоод явах гэж байхад би охиноо гэрээсээ гаргаж өгөөгүй.  Би тэрэнд маш их харамсаж гомддог. Миний охиныг бас дандаа доромжилж элдвээр хэлдэг байсан. Би нөхөртөө их гомдож явдаг. Т.Ү эрүүлдээ юм хэлдэггүй, гар хүрдэггүй. Согтохоороо дандаа доромжилж намайг сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тухайн үед би нөхрөө хутгалъя гэж хутгалаагүй. Дандаа намайг элдвээр хэлж доромжилж нас барсан ахын минь ясыг хүртэл өндөлзүүлдэг.

Би ой долоон сартай охиноо маш их санаж байна. Би орой болгон хөхөө сааж байгаа. Сэтгэл санаа их тогтворгүй хэцүү байгаа. Саатуулах байранд орсноосоо хойш их юм ухаарлаа. Миний сэтгэл санаа тэр үед үнэхээр тогтворгүй байсан. Нөхрөө хутгалсандаа маш их харамсаж гэмшиж байна. Миний буруу гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь энэ гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны байдал тухайн үед хоромхон зуур болон маш удаан хугацааны туршид сэтгэцийн байдалд нь хэвийн бус байдал үүсгэсэн үү? гэдэг нь хэрэг дээр тодорхой харагддаг. Энэ хэргийг үйлдэхээс өмнө хохирогч нь шүүгдэгчийн үснээс зулгаасан байдаг. Хохирогчийн мэдүүлгээр бол өөрийг нь хутгалж байх үед нь зулгаасан гэдэг. Шүүгдэгч нь болохоор миний үснээс зулгаахад нь би хутгалсан зэрэг мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тиймээс шүүгдэгч нь хохирогчид хүндээр доромжлуулсны улмаас гэнэт хүчтэй цочирдон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Дашдорж овгийн Дашням овогтой Б нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 03 дугаар баг 02-01 тоотод зэвсгийн чанартай эд зүйл буюу хутга хэрэглэж Т.Үын цээжин тус газар нь хутгалсны улмаас биед нь цээжний зүүн хэсэгт цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Ү, гэрч П.Баярсайхан, Б.Энхчимэг, шүүгдэгч Д.Б нарын мэдүүлгүүд болон Өвөрхангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 339 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Бийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор болон шүүгдэгч Д.Б нарын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан, хохирогч нь шүүгдэгчид хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтандаа оруулсан зүй бус үйлдэл гаргасан байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан гэм буруугаа хүлээж байгаа байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар уг гэмт хэргийн ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Д.Бийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Б-н 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.