Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2022/0813/З |
Дугаар | 128/ШШ2022/0972 |
Огноо | 2022-12-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2022/0972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц****** ****** ***** ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өрийн А/*** дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгох
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай Ц****** ****** ***** ХХК нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Залаатын аманд байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/*** дугаар тушаалаар 42.13 га талбай бүхий газрыг Аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашигладаг билээ.
Бид өнгөрсөн хугацаанд дээрх газрыг зориулалтын дагуу ашигласаар ирсэн бөгөөд газрын төлбөрөө хоцрогдолгүй бүрэн, илүү төлөлттэйгөөр төлж, Богдхан уулсын Даргах н цаазат газраас хашаа татах зөвшөөрөл аван зориулалтын хашаа татаж, үйл ажиллагааг өргөжүүлэн явуулах зорилгоор бичиг баримтын бүрдүүлэлт хийж эскиз зургийг Хот байгуулалт хөгжлийн Газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид дараах ажлуудыг хийсэн.
1. Газрын бичиг баримтын бүрдлийг хангаж Богдхан уулсын ДЦГ-ын Хамгаалалтын Захиргаанд бүртгүүлэн нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг гаргуулж авсан. /Хэвлэсэн огноо: 2020.12.07, боловсруулсан мэргэжилтэн Б.М******, Хянаж баталсан: Хамгаалалтын Захиргааны дарга Н.П*******/,
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулж нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгэж бэлэн болгосон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар хурлаар орохоор хүлээгдэж байсан. /Богдхан уулсын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №1507 тоот албан санал/,
3. Богдхан уулсын ДЦГ-ын Хамгаалалтын Захиргаанаас 2021/12/01 тоот Хашаа барих зөвшөөрлийг авч зориулалтын дагуу хашаа барьсан /Хашаа барих зөвшөөрөл №2021/12/01, огноо:2021.12.02, Баталсан: Богдхан уулсын ДЦГ-ын Хамгаалалтын Захиргааны дарга Н.П*******, эргэлтийн цэг тэмдэг шалгасан мэргэжилтэн Ж.Өсөхбаяр, байгаль хамгаалагч Г.Б*******/,
4. Нийт 7**,0**,*** төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь хоцрогдолгүй төлсөн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1**,***,*** төгрөгийн илүү төлөлттэйгөөр Нийслэлийн Газрын албатай акт үйлдэж баталгаажуулсан. /Газрын төлбөрийн тооцоо үйлдсэн акт №01110-202/11***, огноо:2020-07-04, тооцоо нийлсэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлбөрийн мэргэжилтэн С.О********, Хянасан: газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн дарга Д.Д*******/,
5. Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХБНУГ-аар аялал жуулчлалын цогцолборын эскиз зургийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн удаа дараа хандаж хэд хэдэн удаа зөвшилцсөний дагуу Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр авч, эскиз зургаа 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлуулсан. /Баталсан нийслэлийн Ерөнхий Архитектур Н.Н********, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХБНУГ-ын дарга Д.Б******, онгоо:2022.07.07/
Бид газар ашиглахтай холбоотойгоор дээрх бичиг баримтыг холбогдох төрийн байгууллагуудад хандан шийдвэрлүүлж ажилласаар ирсэн бөгөөд дээрх бүх хугацаанд Богдхан уулсын ДЦГ-т албан хүсэлтүүдийг бичгээр гаргаж холбогдох мэргэжилтнүүдтэй шууд харьцаж ажиллаж байсан тул манай компанийн газар ашиглаж буй нөхцөл байдлыг Богдхан уулсын ДЦГ-ын Хамгаалалтын Захиргааны холбогдох мэргэжилтнүүд маш тодорхой мэдэж байгаа болно.
Өнгөрсөн хугацаанд бүхэлдээ дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн тааламжгүй байдалд бид газраа ашиглаж, холбоогдох бичиг баримтыг бүрдүүлэх, газрын төлбөрийг төлөх, төрийн байгууллагуудад удаа дараа хандаж дээрх бичиг баримтуудыг бүрдүүлсэн бөгөөд дээрх бичиг баримтууд нь цаг хугацаа ихээр авсан процесс ихтэй ажиллагаа байдаг.
Бид одоогоор газар дээрээ үйл ажиллагаа явуулах зорилгоор 132м2 талбай бүхий жуулчин хүлээн авах төв болон дормууд байрлуулсан байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулахаар Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын Захиргаанд албан бичгээр 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хандан манай газар дээр байгаа зэрлэг амьтад, тарвага, зурмыг холбогдох зөвшөөрөл бүхий байгууллагаар нүүлгэн шилжүүлж өгөхийг хүсэн албан хүсэлтийг явуулсан боловч өнөөдрийг хүртэл Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын Захиргаанаас хариу өгөөгүй байдаг.
Иймд тус хүсэлтийн хариуг тодруулахаар 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын Захиргаанд очиж мэргэжилтэн Г.Б*******тай уулзахад манай компанийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлснээ хэлсэн. Ийнхүү санал хүргүүлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бидэнд албан шуудан болон бичгээр газар ашиглалтын нөхцөл байдал, газар ашиглах эрхийг цуцлах тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг ирүүлээгүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдээгүй тул бидний зүгээс Богдхан уулсын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 905 тоот албан бичгийг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж 2022 оны 08 дугаар сарын 17, 25-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Б**-****** болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Б******-д гомдол гаргасан байдаг.
Гэтэл бидний гомдолд огт хариу өгөхгүй байсаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/*** дугаар тушаалаар манай газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасан байна.
Манай компани нь дээр дурдсанчлан газрыг хуулийн дагуу ашиглаж, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг аливаа хэлбэрээр зөрчөөгүй байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчиж байна.
Иймд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/*** дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц****** ****** ***** ХХК анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Залаатын амны Зүүн амны богино яргайтын хязгаарлалтын бүсэд 42.13 га талбай бүхий газрын аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрхийг авсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасны дагуу анх газар ашиглах эрхийг хуульд заасан төсөл журмын дагуу авсан.
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/*** дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2 дах хэсэгт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.4, 40.1.6 дэх заалтыг тус тус удирдлага болгоод нэхэмжлэгч компани өөрийн ашиглах эрх бүхий газартаа газрыг зориулалтын дагуу 2 ажил ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.6 дах хэсэг байгаа юм. Энэ тушаал яагаад хууль зүйн үндэслэлгүй вэ гэдгийг дараах 3 үндэслэлээр тайлбарлая. Эхний үндэслэл нь Монгол Улсын Дээд шүүхээс Газрын тухай хуулийн 40.1.6 дах хэсэгт хууль зүйн тайлбар гаргасан. 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10 дах хэсэгт энэ хуулийн зүйл заалтыг тайлбарлахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг газар эзэмшигчээс хамаарах ямар нэгэн шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан.
Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан болзол зориулалтын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй гэдгийг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх үүссэнээс хойш маргаан бүхий тушаал гарсан өдөр хүртэлх энэ хоорондох хугацааг бид хангалттай тайлбарлаад нотлох баримт хүргүүлсэн гэж үзэж байна. Энэ 2 жилийн хугацаанд бид хамтран ажиллах гэрээ байгуулж, энэ гэрээгээр тухайн газарт төсөл хэрэгжүүлэхээр талууд хамтран ажиллана гэдэг агуулга тусгасан байсан. Энэ гэрээг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Үүний дараа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Кадастрын зургаа анх гаргуулсан. Хавтаст хэрэгт хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авагдсан байгаа. Энэ гэрчилгээ нь ковид-19 цар тахлын улмаас гарсан гэрчилгээ байдаг. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас нийтдээ 2020 оны 12 дугаар сараас эхлээд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 9 удаагийн хүнд нөхцөл байдал буюу бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ хугацаанд бүх зүйл хаалттай, төрийн байгууллага албан бичиг хүлээж аваад шийдвэрлэх процесс хангалттай биш байсан. Үүний дараа 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн. Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээний аудитын хэлтэст тухайн үнэлгээг хүргүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Залаатын амны тухайн газарт геодези зураг зүйн дэвсгэр зургийг боловсруулах гэрээг Г**-*********** ХХК-тай байгуулаад, тухайн дэвсгэр зураг нь өөрөө 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эх загвар зураг нь батлагдсан.
2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хашаа барих зөвшөөрөл авах хүсэлтийг Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлээд, хавтаст хэрэгт байгаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хашаа барих зөвшөөрөл батлагдаж гарсан. Газар ашиглах гуравласан гэрээг батлуулахаар Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Үүний дагуу Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.П******* 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталгаажуулсан тайлбар, он сартайгаа хэрэгт авагдсан байгаа. Газар ашиглах гуравласан гэрээг батлуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус 3 удаа хүсэлт гаргасан. Нотлох баримт шаардсаны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаас баримт ирсэн. Энэ баримтын дагуу бидний зүгээс хамгийн сүүлд гаргасан хүсэлтийг шийдвэрлээд гуравласан гэрээг баталгаажуулсан.
Манайхаас маргаан бүхий газарт эх загвар зураг боловсруулах гэрээг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М**** ХХК-тай байгуулаад төлбөр төлсөн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Шүүхээс үзлэг хийсэн, тус үзлэгт эдэлбэр газрын зам дагуу говьлын төмөр хашааг анх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр С***** х****** *********** ХХК-тай гэрээ байгуулж барьсан. Энэ гэрээний дагуу төлбөр төлсөн баримт нь бас байгаа. Барилга, хот байгуулалтын яам, Хот байгуулалт хөгжийн газарт 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүсэлтээ өгөөд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Говьлын хашаанаас бусад хэсэгтээ төмөр хашаа суурилуулах гэрээг Л*** А** к********* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулаад төлбөр төлсөн баримт мөн адил хавтаст хэрэгт авагдсан.
Газрын үзлэгээр хашааг тойруулаад төмөр торон хашаа хийсэн фото зураг хавсаргагдсан. Үүний дараа 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тухайн газарт
загвар байрны суурины нүх гаргах, суурь цутгах блокон хана өрөх, терасс хийх гэрээг Ө*** х***** ХХК-тай байгуулсан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Э** х*** ХХК-тай модон хана хийцтэй барилга барих, өсгөгч суурилуулах гэрээг байгуулсан. Дахиад 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр доум угсрах гэрээг О** г** ХХК-тай байгуулсан. Одоо маргаан бүхий газар 132м.кв бүхий зөөврийн жуулчин хүлээн авах доум баригдсан байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дараа загвар зургийг батлуулахаар Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн хот байгуулалтын хэлтэс хариуцсан мэргэжилтнээр гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Үүний дагуу скиз зураг батлагдсан. Энэ баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа.
Нийт хийсэн ажлууд маань газраа зориулалтын дагуу ашигласан, бүх зөвшөөрлийг шат дараатай авч байсан гэдгийг нотолно. Монгол Улсын Дээд шүүхийн зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн тайлбарын хүрээнд бид зам талбай гаргасан, хашаа барьсан, мөн барилга байгууламж барьсан. Скиз зургаа баталгаажуулаад, архитектур төлөвлөлтийн даалгавраа хийсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37.1 дэх хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан. Манай газар ашиглах гэрээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр баталгаажаад, гуравласан гэрээ байгуулсан.
Холбогдох гарын үсгээ зуруулаад хамгийн сүүлд яамд гарын үсэг зуруулаад хүсэлтээ өгөөд явж байсан боловч манай газрыг цуцалсан. Газрын тухай хуулийн 40.1.6 дах хэсэгт заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг нь он сарын хувьд хэзээнээс эхэлж тоологдож байна вэ. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор бол газар ашиглах гэрээ байгуулагдсанаар энэ 2 жилийг тоолно гэж заасан учраас манай гэрээний огноогоор газар ашиглах хугацаа тоологдоно. Маргаан бүхий актад Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн саналыг үндэслэн гэж дурдсан байдаг. Тухайн 905 дугаартай саналд хяналт, шалгалт хийгээд Газрын тухай хуулийн 40.1.6 дах хэсэг тогтоогдлоо, үүний дагуу сонсох ажиллагаа хийгээд тайлбар ирүүлээгүй учраас цуцлах саналыг хүргүүлж байна гэсэн байдаг. Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа руу хяналт, шалгалт хийсэнтэй холбоотой бичиг баримтыг шаардаж шүүхээс албан бичиг явуулахад ямар нэгэн хяналт, шалгалт хийсэнтэй холбоотой баримт бичиг байхгүй, хяналт шалгалт хийгээгүй гэдэг.
Энэнээс өмнө нэхэмжлэгчид ямар нэгэн тайлбар санал гаргах, сонсох ажиллагаа хийгээгүй. Мөн шүүхээс сонсох ажиллагаа хийсэнтэй холбоотой баримт бичиг гаргуулъя гэж 2 удаа албан бичиг явуулахад алинд нь ч сонсох ажиллагаатай холбоотой баримт ирүүлээгүй. Сүүлд Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан тоотонд бүртгэлийн хуудас ирүүлсэн байсан. Тус бүртгэлийн хуудсанд сонсох ажиллагааг хүргүүлсэн гэх нотлох баримт байгаагүй. Энэ баримтыг харахад дээр нь засвар орсон байсан. Шүүхээс албан бичиг шаардахдаа сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн бол яаж хүргүүлсэн, шууданд хийсэн талаарх баримт, хэрхэн гардуулсан талаар баримтыг шаардахад үүнтэй холбоотой баримт ирээгүй. Маргаан бүхий актыг үндэслээд байгаа Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 905 дугаар санал нь бүхий л агуулгаараа хуульд нийцээгүй байсан.
Энэ саналыг явуулахаас өмнө нэхэмжлэгч компаниас газартай холбоотой хүсэлтээ бариад хэд хэдэн удаа уулзаж байхад энэ нөхцөл байдлыг тайлбарлаагүй. Яамнаас 905 дугаар саналыг аваад хууль журмын дагуу сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн эсэхийг шалгах үүрэгтэй байсан. Гэтэл шалгалгүйгээр цуцалсан. Маргаан бүхий газар дээр очиж яг юу хийснийг нэг ч удаа хараагүй, нөхцөл байдалтай танилцаагүй. Захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цуцалсан тушаал нь Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслээд цуцалсан байгаа. Тухайн тушаал нь сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, газар дээр очиход газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байна гэсэн байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар авлаа гэж бодоход яг маргааш нь очоод газраа шууд ашиглах ямар ч боломж байдаггүй. Гэрчилгээ үзүүлэхэд бичиг баримт дутуу гээд маш олон бичиг баримт шаарддаг. Тухайн газар аль дүүрэгт байгаагаас хамаараад тухайн дүүргийн Засаг дарга газрын албатай тооцоо нийлдэг. Газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай скиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах гээд маш чухал баримт шаардлагатай болдог. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг үл хамааран бид бичиг баримтаа бүрдүүлсэн. Газар ашиглагч иргэний зүгээс хамгийн гол асуудал нь газрын төлбөрөө хугацаа хожимдуулалгүй, бүрэн бүтэн болон илүү төлсөн. Тэрийгээ тооцоо нийлсэн акттай хамт нотлох баримтаар хүргүүлсэн байгаа. Скиз зураг батлуулъя А даалгавар авъя гэхэд гуравласан гэрээ, үнэлгээ гэх мэт бүх бичиг баримтыг шаарддаг болсон. Гуравласан гэрээнд ямар төлбөрийг ямар үнэлгээгээр тухайн газрын хэдэн жилийн төлбөрийг төрийн сангийн ямар тоот дансанд ямар хугацаа графикаар төлөх тухайг гуравласан гэрээнд баталгаажуулж өгч байгаа. Гэтэл гуравласан гэрээг байгуулах гээд хүсэлт өгөхөд газрын албанд төлбөрөө төлөөд тооцоо нийлсэн актаа аваад ир гэдэг. Гуравласан гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөр төлөх ёстой. Гэтэл гуравласан гэрээ байгуулахад төлбөрөө төлж тооцоо нийлсэн акт байх ёстой, скиз зураг байх ёстой гээд төрийн байгууллагуудын уялдаа холбоо гээд хэцүү зүйл их гарч байсан. Хамгийн гол нь бид төлбөрөө бүрэн төлөөд, 2023 оны төлбөрөө илүү төлөөд явж байгаа. Сонсох ажиллагаа явуулаад түүнийгээ тэмдэглэл үйлдээд баталгаажуулж яам руу санал хүргүүлэх ёстой байгаа. Тухайн үед ямар процесс болсон бэ гэхээр н.Б****** гээд мэргэжилтэн залууг би зүс танина. Хуучин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. 2018, 2019 оноос дэвшээд мэргэжилтэн болж иргэн, аж ахуй нэгжүүдтэй бичиг баримтын бүрдэл дээр ажилладаг болсон. Тухайн үед над руу өөрөө утсаар ярьсан. Ярихдаа танай газрын бичиг баримт гэж яг юу юу байна, та нэг аваад ирээч гэж хэлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдэл гаргалаа, цуцлах санал гаргах гэж байгаа тухай тодорхой юм хэлээгүй. Би байгаа бүх бичиг баримтаа бүрдүүлээд очиход н.Б****** байгаагүй буюу ажлаасаа гарсан, та бичиг баримтаа энд үлдээчих, орлож байгаа хүн нь байгаа гэсэн болохоор бичиг баримтаа үлдээсэн. Сүүлд сонсоход н.Б****** дээр ажил үүргийн зөрчил гараад албан тушаал буурсан гэсэн аман мэдээлэл байдаг. гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас БХУДЦГ-т газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж, Ц****** ****** ***** ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн тул цуцлуулах саналыг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар албан бичгээр ирүүлсэн байдаг.
Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/*** дүгээр тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх... 35.3.4-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 10 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх хологдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу захиргааны байгууллага сонсох ажиллагааг явуулах үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.
Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өрийн А/*** дугаар Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/*** дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байдаг. Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус яамд саналаа ирүүлэхдээ иргэн хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийгээд нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.4, мөн 40.1.6-д заасныг зөрчсөн учраас газар ашиглах эрхийг цуцлуулах саналтай байна гэсэн санал ирүүлсэн. Газрын тухай хуулийн 35.3.1-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглах үүргийг газар эзэмшигч хүлээх ёстой. Мөн 35.3.4-д заасны дагуу газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, байгаль орчны үнэлгээ зэргийг хийлгэх үүрэгтэй байдаг. Эдгээр үүргийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээгээгүй гэж үзсэн учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд нийцэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн тухайн газрын газар ашиглалтын байдалд яам хяналт тавихгүй. Байгаль орчны байцаагч буюу тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа өөрсдөө тухайн газарт хяналт, шалгалт хийгээд тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлдэг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц****** ****** ***** ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/*** дугаар тушаалаар Ц****** ****** ***** ХХК-д Богд хан уулын дархан цаазат газрын Залаатын амны зүүн амны богинод байрлах 42.13 га газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/*** дүгээр тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн байх ба газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/*** дүгээр тушаалд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:
Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
1. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн МЗХ2022/18-017 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан. /Газраа зориулалтын дагуу ашиглахын тулд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалт бүхий Аялал жуулчлалын цогцолборын Архитектур төлөвлөлтийн даалгавар[1]/,
2. Ц****** ****** ***** ХХК-ийн Аялал жуулчлалын цогцолборын Загвар зургийг[2] 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлуулсан,
3. Аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулахын тулд О** г** ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулсан /2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ/[3],
4. Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ЗТ/21/0019 дугаар гэрээг Г** к********* ХХК-тай байгуулсан.
5. Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЗТ/22/0021 дугаар гэрээг М**** ХХК-тай байгуулсан.
6. Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн TSTT-22-0077 дугаар гэрээг С***** х****** к********* ХХК-тай байгуулсан.
7. Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн NC-22-0145 дугаар гэрээг Л*** А** К********* ХХК-тай байгуулсан,
8. Ажил гүйцэтгэх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн D-TSTT-22-0144 дугаар гэрээг Ө*** х***** ХХК-тай байгуулсан,
9. Залаатын аманд байрлах захиалагчийн ашиглах эрх бүхий газарт 120 м2 модон араг бүтээцтэй барилга нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн TSTT-22-0334 дугаар гэрээг И****** ХХК-тай байгуулсан,
10. Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн TSTT-22-0326 дугаар гэрээг О** г** ХХК-тай байгуулсан.
11. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 12 сарын 02-ны өдөр №2021/12/01 тоот Хашаа барих зөвшөөрөл[4] олгосон.
12. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай, №2021/224 дугаар гурван талт гэрээг Баянзүрх дүүргийн Засаг дарга 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баталгаажуулсан болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/**** тоот албан бичгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд маргаан бүхий газарт хашаа барих зөвшөөрөл авах, газар ашиглах тухай гурван талт гэрээг байгуулах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлуулах, техникийн нөхцөл авах зэрэг хүсэлтүүдийг төрийн байгууллагуудад удаа дараа гаргасан, эдгээр нь цаг хугацаа шаардсан, хүндрэлтэй ажил байдаг гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч Ц****** ****** ***** ХХК нь газрын төлбөрт 7**,***,*** /өгрөг төлсөн болох нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[5] тогтоогдож байна.
Мөн газар дээр нь очиж бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт жуулчин хүлээж авах төвийн барилга барьсан болон доумууд байрлуулсан, хашаа барьсан болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийг маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Өнгөрсөн хугацаанд бүхэлдээ дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн тааламжгүй байдалд бид газраа ашиглаж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, газрын төлбөрийг төлөх, төрийн байгууллагуудад удаа дараа хандаж дээрх бичиг баримтуудыг бүрдүүлсэн бөгөөд дээрх бичиг баримтууд нь цаг хугацаа ихээр авсан процесс ихтэй ажиллагаа байдаг. Манай компанид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJURE/-ийн №02/*** дүгээр гэрчилгээ олгосон гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Учир нь манай улс нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалан эрх бүхий байгууллагын шийдвэрээр гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс шалтгаалан олон иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нийтэд илэрхий үйл баримтыг нэхэмжлэгч компанид хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээрх тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2022 оны А/*** дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, шалгасны үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц****** ****** ***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц****** ****** ***** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ