Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02729

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02729

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ТБ ХХК

Хариуцагч: Б.У

Хариуцагч: Б.Д

Гэрээний үүргийн биелэлтэд 15,534,795 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Б.Д, Б.У нарт холбогдулуж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15,534,795 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч ТБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Б.У, Б.Д нар нь Өмнөговь аймаг ЦЦ тооцооны төвөөс 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 30 дугаартай зээлийн гэрээ барьцааны гэрээ байгуулан сарын 1,80 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай 10.000.000 төгрөгийг хоолны газар ажиллуулах ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бэлэн бусаар ... тоот дансанд шилжүүлэн авсан. Зээлийн барьцаанд Өмнөговь аймаг ... тоот хаягт байрлах .... гэрчилгээний дугаартай .... талбайтай газар хашааны хамт барьцаалсан. Өмнөговь аймагт 2015 оноос эхлэн уул уурхай зогссонтой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлийн гэрээний хавсралт эргэн төлөх график зөрчиж эхэлсэн ба 2016 онд Улаанбаатар хотод буцаж ирсэн. 2017 оноос барьцааны зүйл болох Өмнөговь аймаг ... тоот хаягт байрлах ... гэрчилгээний дугаартай ... талбайтай газар хашааг худалдаж зээлийн төлбөрийг барагдуулахаар харилцан тохирсон боловч худалдан авагч гараагүй. Иймд хариуцагч Б.У, Б.Д нараас зээл 5,315,268 төгрөг, хүү 8,824,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,395,058 төгрөг нийт 15,534,795 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Шүүх эрх мэдлийн хүрээнд хүүг 50 хувь хүртэл хасах боломжтой. Энэ тохиолдолд банкны зүгээс давж заалдах гомдол гаргахгүй гэв.

2. Хариуцагч Б.Д, Б.У нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлийн гэрээ байгуулагдаж 10,000,000 төгрөгний зээл авч эзэмшлийн .. талбайтай газрыг барьцаалсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч үндсэн зээл 5,315,268 төгрөгийг төлнө. Учир нь 2013 оноос хойш төлбөрийн чадваргүй маш их хугацаа өнгөрснөөс гадна ТБ ажилтаны ярьснаар үндсэн мөнгөө өгөөд асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх боломжтой гэж харсан. Мөн барьцаанд тавьсан хашааг 2017 онд ТБ ажилтанд шилжүүлж өгөөд үүгээр зээлийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож байсан. Гэтэл ТБ 2017-2018 онуудад өр зээлээ төл гэсэн шаардлага тавьсан. Хариуцагч барьцаа хөрөнгөө авч үлдээж үндсэн төлбөр 5,315,268 төгрөгийг график гарган төлөх хүсэлтэй байгаа гэв.

3. Нэхэмжлэгчээс 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ, төлбөрийн график, барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, зээл хүүний тооцоо, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэл гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлээс 10,425,032 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 5,109,763 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 15,534,795 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь 2013 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон, хугацаа өнгөрсөн тул үндсэн зээл 5,315,268 төгрөгийг төлнө гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1. Зохигчийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,80 хувь, жилийн 21,60 хувийн хүүтэйгээр зээлдэж, зээлийн барьцаанд Өмнөговь аймаг ... тоот хаягт байрлах ... гэрчилгээний дугаартай ... талбайтай газар хашааг барьцаалж, зээлийн мөнгийг шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ, төлбөр төлөх график, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож, энэ үйл баримтад маргаагүй.

4.2. Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч ТБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

4.3. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 09 дүгээр сар хүртэл төлж, үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний 3.2.3, 3.2.11-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 36 сарын хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсөн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх гэсэн үүргээ тус тус биелүүлээгүй буруутай байна.

Шүүх хуралдаанд хариуцагч үндсэн зээл 5,315,268 төгрөгийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй, барьцаа хөрөнгийг зээлдэгч авч үлдэх хүсэлтэй хэмээн тайлбарласан боловч зээлдэгч нар гэрээний 3.2.5 гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Хэдийгээр хариуцагч нь хууль буюу гэрээнд зааснаар хэтэрсэн хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 36 сарын хугацаа дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.11-д заасан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 заасны дагуу төлүүлэх, зээл зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөд чиглэсэн бүх арга хэмжээг авах, нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай тул шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн 50 хувь хүртэл хэмжээгээр хасаж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь хуулийг зөрчихгүй гэж дүгнэв.

5. Иймд хариуцагч Б.У, Б.Д нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 5,315,268 төгрөг, хүү 4,412,235, нэмэгдүүлсэн хүү 697,529 нийт 10,425,032 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Өмнөговь аймаг ... тоот хаягт байрлах .... гэрчилгээний дугаартай ... талбайтай газар хашаагаар хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,109,763 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Б.У, Б.Д нараас 10,425,032 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгож , үлдэх 5,109,763 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.У өмчлөлийн Өмнөговь аймаг ... тоот хаягт байрлах ... гэрчилгээний дугаартай ... талбайтай газар хашаагаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,824 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.У, Б.Д нараас 251,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА