2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1548

 

  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Чингүүн /томилолтоор/,

гэрч Б.Д-,

хохирогч П.О-,

шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан эрүүгийн 2406044641983 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д.Т

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Т- нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” хүнсний дэлгүүрийн подвалд П.О-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь нэг удаа цохих, түлхэх зэргээр биед нь халдан П.О-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацар, доод уруулын зулгаралт, баруун бугалгын цус хуралт, баруун шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Д.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч П.О-, гэрч Г.Ою-, Б.Д-, Б.Баттулга нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0525/189 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны ний өдрийн 9225 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Д.Т- нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” хүнсний дэлгүүрийн подвалд П.О-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь нэг удаа цохих, түлхэх зэргээр биед нь халдан П.О-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацар, доод уруулын зулгаралт, баруун бугалгын цус хуралт, баруун шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Т-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “...О- манайхаас байнга гурил авдаг. 7 дугаар сарын 08-ны өдөр манайхаас гурил аваад өөрөө эсгэж авч ирчхээд “муудсан гурил өгсөн байна” гэж хэлхээр нь би “наад гурилаа шалан дээрээ хаячих” гэж хэлээд гар тостой, бэлэн мөнгө байхгүй байсан учир “Мөнгийг чинь ардаас чинь шилжүүлье” гэж хэлсэн. Нийт 17.000 төгрөгийн гурил байсан. Тэгсэн одоо мөнгө аваад ир гээд самнаад байсан. Тэгээд “хүмүүс ажил хийж байна гар” гэж хэлсэн. Би огт зодоогүй, цохиогүй. Тухайн үед ажиллаж байсан 6, 7 хүүхэд гэрчилнэ. Тэр гэрч нараас 2 нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг О-ыг зодсон гэж байгаад би гомдолтой байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тэр эмэгтэй 7 гурил авъя гээд ороод ирэхээр нь манайд байхгүй байсан. Тэрийг өгөөд явуулсан. Тэгтэл маргааш нь орж ирээд манай өгсөн гурилыг муудсан гурил өгсөн байна гээд 5 гурил бариад ороод ирсэн. Тэгэхээр нь би муудсан гурилаа шалан дээр тавьчих. Тэгээд дансаа өгчих гэж хэлэхэд тэр эмэгтэй ял одоо мөнгө өг гээд байсан. Тэгээд бид 2 үл ялих зүйлээс маргаан үүсээд байсан. Тэгээд би тэр эмэгтэйг гар гээд үүдээрээ гаргаад хаалгаа хаасан. Тэгэхэд үүдний хаалгыг чанга дохиод нүдээд байсан. Манай гадаах шат харанхуй байсан учраас тэр эмэгтэй өгсөж явахдаа бүдэрч унасан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 80/,

 

хохирогч П.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 07-нд манай нөхөр гурил авч ирсэн чинь гурил нь эсчихсэн тул буцаах гэж очиход хаачихсан байсан. Маргааш өглөө онгойсон даруйд нь очоод “танайхаас дандаа гурил авдаг. Энэ гурил чинь муудсан байна, солиод өгчих эсвэл мөнгийг нь өгчих” гэж хэлсэн. Гэтэл Т- “би чамд ямар гурил өгөхөө өөрөө мэднэ” гэж хэлсэн. Тухайн үед намайг цохиж, зайл гэж түлхсэн. Энэ үед үүдэнд байсан тул ажилчид нь харах боломжгүй байсан. Тухай намайг гурил авах гэж очих болгонд надтай болон ажилчидтайгаа зүй бусаар харьдаг, мөнгө аваад сурчихсан хүн байдаг. Намайг “чиний хаа хүрэхийг чинь харна яваад заргалдаарай” гэж элдвээр доромжилсон. Энэ хүнийг надаас уучлалт гуйгаад мөнгөө өгсөн бол асуудал гарахгүй байсан...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 7-р хороо 114 байрын подвалд байрлах хэрчсэн гурилын үйлдвэрт гурил солиулах шалтгаанаар очсон ба гурилаа солиод өгөөч гэтэл захирал Т- гэх эмэгтэй би өөрөө мэдье гээд уурлаад маргаан болоод худлаа хэлж мөнгө авах гэлээ гээд уурлаад намайг нүүр хэсэгт нэг удаа цохиод түлхсэн ба түлхэх явцад шатанд тээглээд хөл хөхрөөд миний утас унаад шилэн наалт нь хагарсан юм тэгээд миний нүүр хэсэгт маажсан юм... Тухайн хэрэг болдог өдөр хэрчсэн гурилын үйлдвэрийн дотор талын үүдний хэсэгт Т- нь намайг хөөгөөд миний нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон ба би гар утсаа гартаа барьсан байсан ба нүүрээ хамгаалах зорилгоор нүүрээ хамгаалтал миний гарыг цохиод миний гарт байсан гар утас шидэгдсэн. Тэгээд очоод утсаа автал нүүрэн хэсэг хагарч цуурсан байсан. Өөр миний биед учирсан гэмтлүүдийг тухайн үед Т- гэх эмэгтэй нь учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24/,

 

гэрч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу 7 дугаар сарын 08-ны өдөр би ажлаа хийж байхдаа болсон үйл явдлыг харсан. Хэрүүл, маргаан болсон боловч гар хүрч харагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн. Яг хаалганы хажууд захирал О-ыг түлхээд гаргасан. Харин энэ үед унасан эсэхийг мэдэхгүй байна. Би тус газарт 2 жил орчим ажиллаж байгаа. Манай захирал хэвийн, найрсаг харилцаатай, бид хоорондоо мууддаггүй...” гэв.

 

түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал нэг эгч орж ирснээ гурилаа буцаая гээд байсан ба уг эгч өчигдөр манайхаас Гурил авсан эгч байсан ба мөнгийг нь араас чинь шилжүүлнэ гэсэн ба уг эгч уурлаад гарсан ба гарахдаа хаалга өшиглөөд захирал хаалга эвдлээ гэтэл буцаж орж ирж уурлаад манай захирал түлхээд гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Б  дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал нэг эгч орж ирснээ гурилаа буцаая гээд байсан ба манай захирал болох Т- гурилаа наанаа тавьчих мөнгийг чинь дансаар шилжүүлье гэтэл одоо авна гээд маргалдсан юм маргалдаад манай захирал цаашаа гар гээд түлхээд гаргасан ба гаргаад хаалгаа цоожилтол хаалга нүдээд байсан удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

 

гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр жижүүрийн ээлжтэй байсан ба 15 цаг 57 минутад Манай эхнэрийг цехийн эзэн гэх хүн цохиж зодсон байна гэх дуудлага мэдээллийн дагуу Б-ийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх цех рүү очсон. Очиход О- гэх хүн нь гурилын цехийн гадна талд гараад зогсож байсан ба очоод юу болсон талаар нь асуухад О- нь өмнөх өдөр нь манай нөхөр эднийхээс гурил авсан ба очоод гэртээ үзэхэд муудчихсан байсан. Тэгээд би ирээд мөнгөө авахаар хэлтэл мөнгө өгөхгүй гээд хэл амаар доромжлоод миний толгой хэсэг рүү гараараа цохиж зодсон гэж хэлж байсан Очсоны дараа ч Т- болон О- нар нь хоорондоо хэрэлдээд байсан Намайг очсоны дараа Т- нь О-ын биед халдаж цохисон асуудал байхгүй Тэгээд О- гэх эмэгтэйг хэлтэс дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9225 дугаартай “...1.П.О-ын биед тархи доргилт, баруун хацар, доод уруулын зулгаралт, баруун бугалгын цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0525/189 дугаартай “П.О-ын биед тархи доргилт, баруун хацар, доод уруулын зулгаралт, баруун бугалгын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Т- нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” хүнсний дэлгүүрийн подвалд П.О-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь нэг удаа цохих, түлхэх зэргээр биед нь халдан П.О-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацар, доод уруулын зулгаралт, баруун бугалгын цус хуралт, баруун шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Т-гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т-д 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.Т- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.О-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардалд 150.000 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилсэн байна.

Үүнээс эмчилгээний зардалд нэхэмжилсэн 150.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, сэтгэцэд учирсан гэм хороо эмчлүүлсэн талаарх ямар нэгэн баримтгүй, мөн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад гаргуулах боломжгүй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Д.Т-гаас 150.000 төгрөг гаргуулж, хохирогч П.О-д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч П.О- нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б  ургийн овогт Д.Т-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Т-г дотор 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь энэ тогтоолоор оногдуулсан дотор 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Д.Т-гаас 150.000 төгрөг гаргуулж хохирогч П.О-д олгосугай.

 

6.Хохирогч П.О- нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

8.Шүүгдэгч Д.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР