| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0456/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1549 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1549
2025 06 09 2025/ШЦТ/1549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шинжээч И.Б-,
гэрч Д.Гантогтох,
хохирогч Ц.Д-,
шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан эрүүгийн 2403003780572 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Д.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Д.М- нь Б дүүргийн **дугаар хорооны нутаг, А худалдааны төвийн урд замд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Тоёота приус-20 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10. "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэх заалтыг зөрчсөний улмаас Kayo маркийн 00-01 улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар мотоциклийн жолооч Ц.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Д.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Д, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.А-, С.С-, шинжээч Ч.Э- нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7767 дугаар дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1084 дугаар дүгнэлт, жижүүрхийн шуурхай дуудлагын 102 дугаарын утсанд ирсэн дуудлага лавлагааны хуудас, Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Ц.Б-оос ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №431 дугаартай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн тайлан, мөрдөгчийн 2024 оны 7 дугаар сарын 27-ны 1298 дугаартай магадлагаа, техникийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 08/20 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.М-гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар Д.М- нь Б дүүргийн **дугаар хорооны нутаг, А худалдааны төвийн урд замд 2024 оны 06 дугаар сарын 08- ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Тоёота приус-20 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10. "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэх заалтыг зөрчсөний улмаас Kayo маркийн 00-01 улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар мотоциклийн жолооч Ц.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-гийн дээрх Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Ц.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-гийн мэдүүлсэн: “...Тухайн өдөр “А” худалдааны төвийн давхар зураастай замаар зүүн гар тийшээ эргэсэн. Намайг эргэхэд миний ойр орчим машин байхгүй, эргэх боломжтой байсан. Би ах эгч хоёртой явж байсан учраас эгчээсээ машин эргэх боломжтой байгаа эсэхийг асуухад эгч ойр орчмыг харж байгаад машин эргэх боломжтой байна гэж хэлсний дагуу эргэсэн. Намайг машинаа эргүүлээд замынхаа голд ирэхэд гэнэт нэг мотоцикл хурдтай гарч ирсэн. Тухайн мотоцикл машиныг тойроод гарч болох боломжтой байсан. Миний зүгээс хохирогчийг арай л хурдан явж байсан гэж бодож байна. Осол гардаг зам 6 эгнээтэй зам байсан нэг талдаа 3 эгнээтэй эсрэг талдаа мөн 3 эгнээтэй зам байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч камерын бичлэгийг шалгаж үзээгүй. Тухайн газар битүү камертай байхад камерын бичлэгийг огт шүүгээгүй мөн мотоциклийн хурдыг хэмжээгүй. Хохирогчийн унаж явсан мотоцикл нь улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, хохирогч өөрөө ямар нэгэн хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Миний зүгээс осол гарахад хэн алныхан буруу байгаа гэж харж байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би 2024 оны 06 дугаар сарын 08-ны Х дүүргийн гэрээсээ 15 цаг орчим гэрээсээ гараад А төвийн хажуухан талаас хүнээс юм авах гээд явсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай төрсөн эгч /А-/-гийн тээврийн хэрэгсэл эгч хот дотор машин сайн барьж чадахгүй гээд надаар өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслийг бариулсан. Тэгээд би тээврийн хэрэгслийг нь бариад 16 цаг орчим А захын харалдаа явж байгаад буцаж эргэх ёстой болсон нөгөө урсгалаас тээврийн хэрэгсэл ирж байна уу гүй юу гээд хартал тээврийн хэрэгсэл байхгүй хол байсан тэгээд эргэтэл гэнэт мотоциклтэй хүн хурдтай гарж ирээд миний унаж тээврийн хэрэгслийн зүүн тал руу мөргөсөн Тухайн тээврийн хэрэгсэл нь манай төрсөн эгч /А-/-гийн эзэмшлийн машин...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
хохирогч Ц.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр гэрийнхээ ойролцоо байх захаас хүнс цуглуулчхаад гэрлэн дохиотой уулзвараар эргээд гэрийнхээ зүг явж байхдаа осолд орсон. Би тухайн замаар байнга явдаг. Автобусны буудлын наана явган хүний гарц байдаг учраас би гэнэт хүн гарч ирж магадгүй гэсэн бодолтой хурдаа хассан байдалтай явж байсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг байсан. Тэгсэн урдаас хар машин дохио өгөлгүй эргэж орж ирээд мөргөсөн. Энэ ослын улмаас миний өвдөгний шөрмөс тасарсан, эрүүндээ оёдол тавиулсан, шагай цуурсан байгаа. Хохирол төлбөрийн тухайд эмчилгээ үйлчилгээний зардал, мотоциклийн эвдрэлийн зардал нийлээд нийт 7.000.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирол нь ослын улмаас учирсан бодит хохирол. Дээрх хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн Кауо гэх нэршилтэй мотоциклийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр худалдаж авсан. Би 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг орчим гэрээсээ гараад 16-р хороололд байрлалтай Баянзүрх худалдааны төв дээ очоод шорлог хийх гээд шорлогны мах авчаад тэндээсээ гараад гэр лүүгээ хөдөлсөн. Тэгээд Цайз захын 4 замын уулзвараар ногоон гэрлээр гараад А худалдааны зах орчим ирж эсрэг талын урсгалаас хар өнгийн Toyota Prius-20 маркийн автомашин гэнэт буцаж эргэж гараад ирсэн. Тухайн машиныг хараад тоормос гишгэсэн тулаад ирэхээр нь урд тоормосоо атгасан боловч зогсоогүй очоод мөргөсөн. Тэгээд би ухаан санаа балмагдсан тухайн машины хүмүүс гарч ирээд намайг суулгасан. Тэгээд түргэн тусламж ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн15/,
гэрч Д.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орон нутгаас Улаанбаатар хотод орж ирсэн байсан юм. Хотод машин барих гэхээр зам сайн мэдэхгүй учраас дүү Д.М-гаар машинаа бариулаад Хан-Уул дүүргээс Баянзүрх дүүргийн “А” худалдааны төвд дээр хүнтэй уулзах ажилтай явж байхад дээрх осол гарсан. Манай дүүг “а” худалдааны төвийн урд талын замын тасархай цагаан шугамаар эргэх үйлдэл хийх үед гэнэт мотоцикл гарч ирсэн. Эргэх үйлдэл хийх үед эсрэг урсгалын ямар ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн байгаагүй би болон манай нөхөр дүү маань харж байгаад эргэсэн. Манай машин 3 эгнээ замын 3 дугаар эгнээд явж байсан. 1,2 дугаар эгнээ зогсчихсон. Манай эгнээний хөдөлгөөнтэй байсан тэр үед нь эргэсэн. Манай дүү аягүй удаан тайвнаар эргэсэн тэгсэн гэнэт л мотоцикл гараад ирсэн. Манай машиныг мотоцикл ирж мөргөж осол гаргасан тухайн осол 2 дугаар эгнээд болсон...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие өөрийн нөхрийн хамт 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод орж ирээд Баянзүрх дүүрэгт байрлах А худалдааны төвийн орчмоос хүнээс юм авахаар болоод нөхөр Шинэбат хот дотор машин сайн барьж чадахгүй зам сайн мэдэхгүй учир бид 2 манай төрсөн дүү болох М-гийн гэрт очоод манай дүү хот дотор зам сайн мэддэг машин сайн барьдаг учраас М-гаар өөрсдийн С аймгаас жолоодож ирсэн манай төрсөн эгч А-гийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийг 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулаад би урд суудалд жолоочийн хажууд суугаад манай нөхөр Ш арын суудалд суугаад бид 3 Х дүүргийн Т хотхоноос хөдлөөд сансрын тойргоор ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад манай нөхөр замдаа утсаар нөгөө юм авах хүнтэйгээ ярьж байгаад хэтрээд явчихсан байна гээд буцаж эргэхээр болоод А худалдааны төвийн урд талын эсрэг урсгалтай 6 эгнээ зорчих хэсгийн баруунаас зүүн тийн чиглэлийн 3-р эгнээнээс тасархай шугамтай хэсэг дээр эсрэг урсгалаас ямар ч машин байхгүй болохоор нь би машин байхгүй юу ч алгаа эргэчих гэж хэлэхэд М- буцаж эргээд зүүнээс баруун чиглэлийн эсрэг урсгалын 2 дугаар эгнээн дээр хөндлөн байдалтай явж байтал бидний баруун гар талаас буюу жолоочийн талаас мотоциклтой зорчигч орж ирээд хүүе мотоцикл гэхийн завдалгүй л жолооч талын хаалга болон урд кирло хэсэгт мөргөөд унасан. Тэгээд манай дүү М- машинаа байрнаас нь огт хөдөлгөлгүй зогсоод бид 3 машинаас буугаад хартал мотоциклтой жолооч газар зам дээр нэг талынх нь өвдөг шалбарчихсан байдалтай хэвтчихсэн байхаар нь би цагдаа боон түргэн тусламж дуудаад хүлээж байтал түргэн тусламж ирээд нөгөө мотоциклтой жолоочийг үзээд хөл гар нь хугарсан зүйл байхгүй байна гэхдээ гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай гээд аваад явсан бөгөөд араас нь замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж байсан бөгөөд би тэр үед зөрөөд нөгөө бэртсэн жолоочийн араас эмнэлэг рүү явсан. Анх эргэх үйлдэл хийхэд мотоциклтой жолооч байгаагүй бөгөөд М- эргэх үйлдэл хийж байх үед тэр жолооч гэнэт гарч ирсэн бөгөөд би тэр үед нь түүнийг хараад л хүүе мотоцикл гээд орилтол М- маш аажуухан хөдөлж байсан тул тэр дороо зогстол мотоцикл орж ирээд мөргөсөн. Манай машин эсрэг урсгалын 2-р эгнээнд хөндлөн байдалтай байхад хажуугаас орж ирээд мөргөсөн. Яг аль эгнээгээр зорчиж яваад орж ирснийг мэдэхгүй, хараагүй. Эсрэг урсгалд ямар ч тээврийн хэрэгсэл байгаагүй. Осол болох үед үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар нартай тогтуун байсан.Замын хөдөлгөөн бидний зорчиж байсан баруунаас зүүн чиглэлт ачаалал ихтэй, харин эсрэг урсгалд хөдөлгөөн сийрэг байсан. Зорчих хэсгийн 3-р эгнээнээс эргэх үйлдэл хийсэн. Нэлээн зөөлөн явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131/,
иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б дүүргийн **дугаар хороо А худалдааны төвийн урд замд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Toyota Prius-20 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Кауо маркийн 00-01 улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч Ц-ын Д- /РД:, 32 настай эрэгтэй/-ын эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д- нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.322.760 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга долоон зуун жар/ төгрөг гарсныг яллагдагч Д.М-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарсан зам тээврийн ослын талаар дүү болох М-гаас мэдсэн яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Toyota Prius-20 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшилд байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн дүү болох М-д жолоодуулах зөвшөөрөл би олгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 32/,
шинжээч И.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Замын хөдөлгөөнд оролцоход хамгийн аюултай зүйлүүд нэг нь хөдөлгөөн огтлолцох гэх зүйл байдаг. Хөдөлгөөн огтлолцох гэдэг нь явж байгаа тээврийн хэрэгслүүд бие биеэ мөргөхгүйгээр явж болохгүй, зөрөөд явж болохгүй нэгнээ мөргөхүйц байдалд орохыг хэлнэ. Үүнийг зохицуулдаг гол зүйл нь “дараалан явах” гэх зохицуулалт байдаг. Дараалан явуулахын тулд зүүн гар тийшээ болон буцаж эргэнэ. Буцаж эргэж байгаа тохиолдолд их удаан хөдөлгөөн хийж болохгүй энэ нь замын хөдөлгөөнд аюул үүсгэдэг. Энэ ослын тухайд шүүгдэгч нь эргэх үйлдэл хийхдээ удаан эргэсэн гэж гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүллээ энэ нь осол гаргахад нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад тээврийн хэрэгсэлд садаа болдог. Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад садаа болохоос зайлсхийхийн тулд чигээрээ хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа буюу баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгсэл эхэлж тухайн цэгийг нэвтэрдэг. Дараа нь зүүн гар тийшээ болон буцаж эргэж байгаа тээврийн хэрэгслүүд явах ёстой байдаг. Дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд зам тавьж өгөх гэх зохицуулалт яригдана. Зам тавьж өгөх гэдэг нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хурд болон хөдөлгөөний чигийг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөний үргэлжлүүлэхгүй байх үйлдэл хийх ёстой. Энэ ослын тухайд осол гарах болсон үндсэн шалтгаан нь зам тавьж өгөх үйлдэл хийгээгүйн улмаас осол гарсан байдаг. Мөн осол гарахад нөлөөлдөг зүйлүүдийн нэг нь жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд байдаг. Тэгэхдээ энэ ослын тухайд эрхгүй этгээд мотоцикл жолоодсон үйлдэл нь хамаарахгүй...” гэв.
шинжээч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг гэмтлийн зэрэг нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Манай байгууллагад хохирлын зэрэг тогтоох журам нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг дүгнэлтийг гаргахад Ц.Д- гэх хүнийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үзэж үзлэг хийсэн учраас өмнө нь мөрдөгдөж байсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлан гаргасан болно...” гэх мэдүүлэг, /хх-ийн 134/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт:"... уг зам асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаггүй уулзвар дээр, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-10/,
Жолоочийг согтуурлыг шалгасан “...Жолооч Д.М-г драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй...” гэх тэмдэглэл /хх-ийн 11/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Ч.Э-ын гаргасан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7767 дугаартай: "...Ц.Д-ын баруун өвдөгний үений шөрмөсний урагдал, өвдөг, эрүүнд шарх, баруун гарын хуруу, зүүн өвдөг, шагайд цус хуралт, цохонд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Ч.Э-ын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1084 дугаартай: “...Ц.Д-ын баруун өвдөгний үений шөрмөсний урагдал, өвдөг, эрүүнд шарх, баруун гарын хуруу, зүүн өвдөг, шагайд цус хуралт, цохонд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-ийн 140-141/,
Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Ц.Бямбацогтоос ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №431 дугаартай албан бичиг /хх-ийн 50/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №48152 “...Kayo K2 Enduro YH 61-11 улсын дугаартай мотоциклийн үнэлгээ 2,265,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 57-59/,
Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1298 дугаартай магадлагаа, /хх-ийн 87/,
Техникийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08/20 дугаартай ... Гэм бурууг шүүх тогтооно......Харин Toyota Prius-20 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М- нь МУ-ын ЗХД-ийн 15.10-р заалт, Кауо маркийн 00-01 улсын дугаартай мотоциклийн жолооч Ц.Д- нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна... гэх дүгнэлт /хх-ийн 144-145/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.М- нь Б дүүргийн **дугаар хорооны нутаг, А худалдааны төвийн урд замд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Тоёота приус-20 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас Kayo маркийн 00-01 улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар мотоциклийн жолооч Ц.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Д.М-гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.322.760 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан, мөн эмчилгээний зардалд 2.692.600 төгрөг, мотоциклийн хохирол 2.265.000 төгрөг, мотоциклийн үнэлгээний төлбөр болон ачилт, журмын хашааны төлбөрт төлсөн 554.000 төгрөг, нийт 4.957.600 төгрөг нэхэмжилсэн байна.
Иймд шүүгдэгч Д.М-аас нийт 7.280.360 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Д-т 4.957.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 2.322.760 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч Ц.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д.М-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- нь энэ тогтоолоор оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар
Д.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг түүнд тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.М-гаас 7.280.360 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Д-т 4.957.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 2.322.760 төгрөгийг тус тус олгосугай.
7.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР