| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0947/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1568 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч М.Ханджав,
шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан эрүүгийн 2406034220484 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У овогт Б.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Н- нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Ц-ийн данс андуурч шилжүүлсэн, тохиолдлын шинжтэй алдаатай хийгдсэн гүйлгээг завших сэдэлтээр хувьдаа захиран зарцуулж, бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Ц-, “Хаан” банкны 2024 оны 6 дугаар сарын 20-ны 29/6810 дугаартай албан бичиг, дансны хуулга, шүүгдэгч Б.Н-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, тайлбараар Б.Н- нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Ц-ийн данс андуурч шилжүүлсэн, тохиолдлын шинжтэй алдаатай хийгдсэн гүйлгээг завших сэдэлтээр хувьдаа захиран зарцуулж, бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-ийн хохирогч Б.Ц-ид 1.500.000 төгрөгийн алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан үйл баримт нь:
Шүүгдэгч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр О- гэх найзтайгаа гадуур явж байтал нэг ахтайгаа уулзан М оръё гэж хэлээд бид хоёр тийшээ явсан. Тэгээд яваад очтол Б- гэх ах гарч ирээд манай найзтай буудал оръё архи согтууруулах ундааны зүйл хэрэглэнэ гэж ярьж байгаад О-ийг буудал аваад байж бай гэж хэлээд явуулчхаад Б- гэх ах ажил руугаа орчихсон. Тэгээд би О-ийг дагаад явтал алтан цайз нэртэй буудал ороод өрөө авахаар үнийн асуугаад Б- гэх ахдаа хэлээд мөнгө шилжүүлээрэй гэж хэлээд миний 5753****** тоот дансыг өгсөн удаагүй миний дансанд 200.000 төгрөг орж ирэхээр нь би О- руу шилжүүлсэн. Тэгээд би тэндээсээ салаад ганцаараа яваад өгсөн. Маргааш өглөө эрт сэрээд утсаа харсан чинь Hilux утгатай 4.000.000 төгрөгийг орлого орж ирсэн байхаар нь хувь хүнд өртэй байсан болохоор тэндээс нь өрөө өгөөд үлдсэн 2.500.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,
хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хүнд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөнгө өгөх ёстой байсан. Мөнгө авах хүн өглөө унтаж байх үед залгасан байсан тул 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед сэрээд, нэг дугаараас данс ирсэн байхаар нь тэр данс руу мөнгө шилжүүлсэн. Өдөр мөнгө авах хүн ахиад залгаад, хийсэн талаараа хэлтэл мөнгө ороогүй гэсэн. Дансаа шалгахад мөнгө шилжүүлсэн данс өөр Хаан банкны 5753****** тоот данс руу хийсэн байсан. Машин худалдаж авчхаад үлдэгдэл 4.000.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад ирсэн зурвас дотроос дансыг нь хайж байгаад, өмнө өөр хүний явуулсан утасны дугаар дансыг андуурч, эхнэр У-ийн Хаан банкны 5009****** тоот данснаас явуулсан. Би Б дүүргийн ** дугаар хороо 00 байрны 0 дүгээр орц 00 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн. Н- над руу 2.500.000 төгрөгийг шилжүүлээд, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нь шилжүүлээгүй. Буцааж өгнө гэж хэлээд алга болсон. Үлдэгдэл мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
“Хаан” банкны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 29/6810 дугаартай "...5753****** тоот дансыг УП98122420 регистрийн дугаартай Б.Н- эзэмшдэг. Хаяг Улаанбаатар хот, Б дүүрэг, 000 дугаар хороо, Э-*** дугаар гудамж *** тоот, утас-******...” гэх албан бичиг /хх-25/,
“Хаан” банкны 5753****** тоот дугаартай дансны Депозит дансны хуулга /хх-26/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Н- нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Ц-ийн данс андуурч шилжүүлсэн, тохиолдлын шинжтэй алдаатай хийгдсэн гүйлгээг завших сэдэлтээр хувьдаа захиран зарцуулж, бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Б.Н-ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-ид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрөөс төлж барагдуулсан зүйлгүй тул шүүгдэгч Б.Н-иас 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-ид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг Б.Н-д тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-иас 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-ид олгосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР