Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2018/02786

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2018/02786

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххх тоот, С ХХК-ийн /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххххххххх тоотод оршин суух, С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн, З-н Мт /РД: хххххххххххх/ холбогдох

16.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батсуурь,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

Хариуцагч З.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК нь 2014 оноос эхлэн С худалдаа үйлчилгээний төвийн дотор үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүмүүст талбай эзэмшин үйл ажиллагаа явуулсаны ашиглалтын зардлуудыг сар бүр урьдчилан урьд сард нь хураан авч уг барилга обьектод үйлчилгээ үзүүлсэн байгууллага, аж ахуй нэгжүүдэд үйлчилгээнийх нь хөлс төлбөрийг сар бүрд нь төлж, тооцоо нийлэн өр авлагагүй болж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоо ч энэ байдлаараа үйл ажиллагаагаа явуулж байна.

Гэтэл С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн З.М нь 2014 онд манай С ХХК-ийн ашиглалтын захиргааг Сандэй группээс шилжүүлэн авах үед төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс ашиглалтын захиргааг шилжүүлэн авахаар янз бүрийн дарамт шахалт үзүүлж ажиллахад маш хүндрэлтэй болгож байсан.

Иймд манай компани үйл ажиллагаагаа хэвийн тайван явуулахын тулд аргаа барахдаа ам тохиролцоогоор иргэн З.Мт сар бүр 1.000.000-1.500.000 төгрөгийг түүнд өгч, үүний улмаас С ХХК-ийг ашиглалтын захиргааны үйл ажиллагаа явуулахад нь С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь ямар нэгэн хүндрэл, дарамт шахалт үзүүлэхгүй байхаар тус төрийн бус байгууллагын тэргүүн З.Мтай манай компани амаар харилцан тохирсон.

Манай компани 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл сар бүр 1.000.000-1.500.000 төгрөг өгөх замаар нийт 16.500.000 төгрөгийг С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, иргэн З.Мт өгсөн.

Мөнгө өгөхөө больсноос хойш буюу 2015 оны 11 дүгээр сараас тус төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, З.М нь манай компанид дарамт шахалт үзүүлж эхэлсний улмаас 2016 оны 7 дугаар сард манай компани нь С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагад ашиглалтын захиргааны үйл ажиллагааг аргагүйн эрхэнд хүлээлгэн өгөхөөр болж 2016 оны 7 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд ашиглалтын захиргааны үйл ажиллагааг тус төрийн бус байгууллагад хүлээлгэн өгч акт үйлдсэн.

С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай З.М нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор манай компаниас 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нийт 16.500.000 төгрөгийг авсан.

Уг мөнгө захирлын зардалд гэсэн утгатайгаар манай компанийн данснаас гардаг байсан ба 2015 оны 5 дугаар сард З.Мт 1.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт маань олдохгүй байгаа.

Манай компанийн өмнөх захирал н.Энхбаяртай тохиролцож уг мөнгийг авч байсан гэдэг бөгөөд н.Энхбаяр нь 2015 оны 10 дугаар сараас компанийн хувьцаа эзэмшихээ больсон, компанид ажиллахаа больсон.

Нэхэмжлэлийн шаардлагаа 1.500.000 төгрөгөөр багасгаж, З.Маас 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч З.М шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С ХХК нь С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагатай харилцан тохирч тус худалдааны төвийн ашиглалтын захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр уг шаардлагыг биелүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн.

Ашиглалтын захиргааг хүлээлгэн өгөх актад ашиглалтын захиргааг хариуцан ажиллаж байсантай холбоотой аливаа асуудлаар гомдол санал гаргахгүй байхаар 2 тал тохиролцсон.

С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ба анхны хурлаараа намайг тэргүүнээрээ сонгосон бөгөөд манай байгууллага нь тус төвд худалдаа эрхэлж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой.

С ХХК-ийн захирал н.Энхбаяр нь надад санал тавьсан бөгөөд намайг иргэнийхээ хувиар С худалдааны төвийн дотоод зохион байгуулалт, харуул хамгаалалт, олон нийттэй харьцахад хамтарч ажиллая гэсэн. Би түүнд гэрээ хийе гэхэд гэрээ байгуулах хэрэггүй, хоёулаа амаараа л тохиролцоё, хязгаарлагдмал хариуцлагатай компани учраас захирлын зардал гэж байдаг. Үүнээс таньд сар сарын чинь мөнгийг өгөөд байя гэсэн.

Надад 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нийт 15.000.000 төгрөг өгсөн. Энэ бол тус төвийн дотоод зохион байгуулалт, харуул хамгаалалт, олон нийттэй харьцахад хамтарч ажилласан, үйл ажиллагааг нь хэвийн жигд, найдвартай явуулахад чиглэсэн миний хөдөлмөрийн хөлс. Уг мөнгө бол тус төрийн бус байгууллагын хөрөнгө биш.

Хэрэв би нуувраар мөнгө авч байсан бол дансаар мөнгө өгч авалцахгүй. Н.Энхбаяр захирал би өөрөө шийдвэр гаргаад захирлын зардлаасаа танд мөнгө өгч байгаа гэсэн.

2014 оны 10 дугаар сард тус худалдааны төвийн 1,2 дугаар давхрын урсдаг шат ажиллахаа больж мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагаа зогсооход би урсдаг шат янзалдаг компани болон мэргэжлийн хяналттай харьцаж байж үйл ажиллагааг нь хэвийн болгосон.

Жил болгоны 4, 10 дугаар саруудад зуны, өвлийн, баяр ёслолын үеэр ажиллах цагийн хуваарийг нь зохицуулж өгдөг байсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө В1 давхарт гал гарахад би галын голомтод 24 цаг ажилласан.

2015 оны хавар тус төвийн дээврээс дусаал гоожиж худалдаа эрхлэгч иргэд С ХХК-иас 70.000.000 төгрөгийн нөхөн олговор нэхэмжлэхэд би худалдаа эрхлэгч нар болон компанийг эвлэрүүлсэн.

Энэ мэтчилэн миний хийсэн ажлыг дурьдаад байвал маш их бий. 15.000.000 төгрөг бол миний хөдөлмөрийн хөлс учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд тус төвд 2009 оны 9 дүгээр сард 3078, 3083 тоот лангууг худалдан авч үйл ажиллагаа явуулж байгаа гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч З.Мт холбогдуулан 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгч С ХХК нь С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн З.М нь 2014.09-2015.10 сар хүртэл хугацаанд тус компаниас нийт 16.500.000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан гэж,

Хариуцагч З.М Уг мөнгө миний хөдөлмөрийн хөлс тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь тус худалдааны төвд худалдаа, наймаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний төлөвшил, боловсролд хувь нэмэр оруулах, сургалт зохион байгуулах зорилгоор 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдаж тэргүүнээрээ З.Мийг сонгон 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба талууд хэн аль нь энэ талаар маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 61-121 дүгээр тал/

 

С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь С ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 37 дугаар барилга буюу С худалдааны төвийн ашиглалтын захиргааны үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хариуцан ажиллаж байгаа болохыг тогтоолгох, тус худалдааны төвийн ашиглалтын захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

С ХХК нь тус төвийн ашиглалтын захиргааны үйл ажиллагааг С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагад 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон тул мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4570 тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

С ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тус төрийн бус байгууллагад худалдааны төвийн ашиглалтын захиргааг хүлээлгэн өгч акт үйлдэн баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 8-10, 28-31 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, иргэн З.Мт 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 1.500.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 1.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг хүлээлгэн өгчээ.

Хариуцагч З.М нь уг мөнгийг авсан талаараа маргаагүй, гагцхүү дээрхи мөнгө түүний хөдөлмөрийн хөлс байсан гэж маргаж байгаа болно.

/ХХ-ийн 17-21, 122-130 дугаар тал/

 

С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, иргэн З.М нь тус худалдааны төвийн дотоод зохион байгуулалт, харуул хамгаалалт, олон нийттэй харьцах үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой буюу тус төвийн үйл ажиллагааг хэвийн, жигд явуулахтай холбоотой С ХХК-тай гэрээ байгуулалгүй хамтран ажилласан гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь С худалдааны төвийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулах нэрийдлээр хариуцагч С худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, иргэн З.Мт хүлээлгэн өгсөн дээрхи 15.000.000 төгрөгөө хариуцагч З.Маас буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч З.Маас 15.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч З.Маас 15.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 241.000 төгрөгөөс илүү төлсөн 550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсэг 240.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Маас 232.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11006 дугаартай захирамжаар хариуцагч З.Мийн эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН