| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1396/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1617 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1617
2025 06 16 2025/ШЦТ/1617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
шүүгдэгч Ч.С- нарыг оролцуулан эрүүгийн 2506031201010 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ч.С
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.С- нь 2025 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ц” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.О-ын өмчлөлийн ширээн дээр байсан “IPhone 13 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.О-ад 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос Ч.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.О-ын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БЗД2-25-184 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч Ч.С-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар Ч.С- нь 2025 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ц” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.О-ын өмчлөлийн ширээн дээр байсан “IPhone 13 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.О-ад 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.С-ийн дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Ч.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ганцаараа ууж явж байгаад орсон цагаа санахгүй байна Сансарт байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд орсон. Гэнэт гэртээ ирсэн чинь миний халаасанд гар утас байсан. Хэний ямар утас авчхав даа гэж бодоод айгаад хадгалж байсан. Камер шүүгээд олоод ирэх байх эзэнд нь өгнө гэж бодоод хадгалж байсан. Харин авсан гар утасны кейсийг бол хаясан. Камер дээр гарч байгаа гар утас авч байгаа хүн бол би мөн байна. Гар утас авсан нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь үл мэдэх бааранд 01 цагийн орчимд найз Отгонсүхийн хамтаар орсон. Бааранд ороод 0.5 литрийн Ауруг нэрийн архийг найзтайгаа хамт хувааж уусан. Бид хоёрын сууж байсан ширээнд үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр сууж байсан бөгөөд манай найз Отгонсүх сар шинийн мэнд гээд архинаасаа хундагалж өгсөн. Би бүжиглэх гээд ширээнд дээр гар утсаа үлдээсэн, хэсэг хугацаанд бүжиглэж байгаад буцаад ирэхэд гар утас байхгүй болчихсон байсан. Ингээд би баарны ажилтнуудад хэлж байгаад тухайн баарны хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн ширээнд сууж байсан үл таних эмэгтэй авч байгаа нь харагдаж байсан. Тухайн үл таних эмэгтэй 30 орчим насны, цэнхэр өнгийн жинсэн өмд, дээгүүрээ хар өнгийн цамц өмссөн, хар бор өнгийн урт үстэй, үсээ задгай тавьчихсан үл таних эмэгтэй байсан. Тухайн эмэгтэйг өмнө нь харж байгаагүй, ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11/,
хөрөнгийн үнэлгээний “Д" ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БЗД2-25-184 дугаартай “...алдагдсан гар утасны үнэлгээ 1.575.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.С- нь 2025 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Ц" бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.О-ын өмчлөлийн ширээн дээр байсан "IPhone 13 pro тах" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.О-ад 1,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.С-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүх шүүгдэгч Ч.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.С-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.О-ад 1.575.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ч.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар Ч.С-д мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.С- нь тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, мөн хүлээлгэсэн үүргийг болон хязгаарлалтыг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ч.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР