| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1311/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1618 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа
улсын яллагч С.Болорзул,
шүүгдэгч А.У- нарыг оролцуулан эрүүгийн 2509005990495 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт А.У
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.У- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 цагийн үед согтуурсан үедээ С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 32-ын тойргийн орчимд хохирогч Б.Г-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хөлөөрөө хохирогчийн хөлийг өшиглөж газарт унагаасны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын хоёр хажуу хана, таславчийн зөрүүтэй хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос А.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Г-, гэрч О.Э-, шинжээч эмч Б.А- нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1611 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.У-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар зэргээр шүүгдэгч А.У- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 цагийн үед согтуурсан үедээ С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 32-ын тойргийн орчимд хохирогч Б.Г-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хөлөөрөө хохирогчийн хөлийг өшиглөж газарт унагаасны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын хоёр хажуу хана, таславчийн зөрүүтэй хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.У-ын хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч А.У-ын нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дүгээр сарын 30-ны орой би 19 цагийн үед гэрээсээ гараад өөрийн найз болох Ам-, Б- нартай уулзсан. Тэгээд бид 3 Хангай хотхоны хажуугийн гудамжинд 2,5 литрийн Нийслэл нэртэй пивоноос 3 савыг хувааж уусан. Сүүлд манай найз А- хүрч ирэхээр нь би А-тай хамт Хангай хотхоны урд талын түц рүү яваад тамхи авах гээд орсон. Түц ороод түцний хүнээс тамхи асуугаад байж байтал үл таних залуу хажуугаас орж ирээд пизда би юм авч байхад хажуугаас орж ирээд юм авлаа гэж над руу дайраад байсан. Тэгээд бас А- луу бас дайраад малгайтай цамцнаас нь бариад булан руу шахаад байхаар нь би А- тэр хоёрын голоор ороод салгаад үл таних залууг гадагш аваад гарсан. Гарах явцад намайг тохойгоороо хацар луу хоёр удаа тохойлдсон. Тэгэхээр нь би уурлаад нөгөө залууг хөл рүү нь нэг удаа өшиглөсөн чинь цаашаагаа яваад өгсөн. Тэгтэл нөгөө залуу замын бордюр луу хөл алдаад унасан. Тэгсэн чинь нөгөө залуугийн дүү гэх хүн ирээд цагдаа дуудсан. Удалгүй хоёр цагдаа ирсэн. Өөр бусдаар тэр залуутай зодоон цохион хийгээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 57/,
хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 сарын 30-ны орой гэр лүгээ орчхоод манай дүү Э- байсан тэгээд гэр лүү нь хүргэж өгөх гээд хамт явж байгаад гэрийн гадаа байдаг Түц орсон тэгээд би тамхи авах гээд зогсож байхад араас орж ирсэн нэг залуу манай дүүг мөрлөөд хэл амаар доромжлоод байсан /эргэлзэв/ тэгээд би түцнээс гарахад тухайн хоёр залуу намайг Янхан гичий гэж доромжлоод байсан тэхээр нь чи юу гээд байгаа юм бэ дээрэмдэх гээд байгаа юм уу би тавхан ширхэг тамхины мөнгөтэй гарч ирсэн байна гээд муудалцаад хаяад явах гэхэд тухайн том биетэй залуу миний куртикний ханцуйнаас бариад авсан тэгээд дэгээдсэн би унах даа тухайн нэгдүгээр эгнээнд зогсож байсан машиныг нүүрээрээ мөргөөд унасан тэгээд жоохон байж байгаад босоод ирэхэд Э- ахаа таны хамар хугарсан байна гэсэн тэгээд манай дүү цагдаа дуудъя гээд хүлээж байхад 2 цагдаа хүрээд ирсэн. Би түц дотор байж байхад манай дүү гадаа байсан тэгээд харахад тухайн хоёр залуу манай дүүг дээрэлхээд байх шиг байсан тэгээд маргаан гарсан тухайн хоёр залуу нэлээн согтуу байсан. Сайн санахгүй байна санаж байгаагаас дэгээдэж унагаасан талаар л санаад байна манай дүү Э- хэлэх дээ таныг цохиод байсан л гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
гэрч О.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би том ахтайгаа цуг түц орж тамхи авах гээд гэрээсээ гараад хангай хотхоны 501 дүгээр байрны урд байдаг түц рүү ахтай хамт ороод зогсож байх даа би бага ахтай утсаар хүрээд ирээч гээд ярьж байхад гаднаас хоёр хүн орж ирсэн ирэх дээ хаалга савж орж ирсэн тэгсэн манай ах саарал цамцтай эрэгтэй хоёр муудалцаж байсан тэгээд би утсаар ярьж дуусаад харахад манай ах тэр хоёр хүн заамдалцаад авсан бие биеэ тэгээд жоохон муудалцаад тэгээд тэр саарал өнгийн цамцтай хүн ахыг нуруугаар нь унагааж байсан тэгээд ах босож ирээд дахиж муудалцаад тэгээд больё явъя гээд явж байхад хойноос хараал хэлээд байсан тэгээд тэр үед би ахтай муудалцаад байсан саарал өнгийн цамцтай эрэгтэйг барьж байхад ах эргээд ирсэн тэгсэн ахтай муудалцсан залуу намайг түлхээд ахыг хавиараад унагасан ах унах даа нүүрээрээ машин мөргөж унасан тэгээд босож ирээд харахад ахын дух нь хавдаад хамар мурийсан хамрын дээд талд нь цус гарч байсан тэгээд бага ах ирээд тэр саарал цамцтай залууг загнаад би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр ажлаа тараад байж байтал манай ажлын залуу У- над руу залгаад бид хоёр уулзахаар болсон. Тухайн үед У- “Х” хотхоны тэнд хүрээд ирнэ гэж хэлсэн. Тэгээд би “Х” хотхоны тэнд очоод У-тай уулзахад ганцаараа өөрийнхөө машин дотор сууж байсан. Тэгээд бид хоёр 2.5 литрийн пиво нэгийг хувааж уугаад тамхи дуусахаар нь Хангай хотхоны урд талд байрлах ТҮЦ орж тамхи авахаар явсан. Тэгээд бид хоёр ТҮЦ орсон чинь нэг халамцуу эрэгтэй хүн У-тай маргалдаад тэр хоёр гараад явсан. Тэгээд би тооцоо хийчхээд гараад ирсэн чинь У- тухайн хүнтэй маргалдаад заамдалдсан байхаар нь салгасан чинь У- тухайн эрэгтэйн бөгс хэсэг рүү нэг өшиглөсөн. Тэгээд байж байтал цагдаа ирээд У-ыг аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,
шинжээч эмч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Г-ын биед тогтоогдсон зүүн ухархайн дотор хана, хамрын хоёр хажуу хана, таславчийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, унах, цохих, цохигдох үед учирсан байх боломжтой. Хатуу тэгш гадаргуутай зүйл дээр унах үед учирсан байх боломжтой. Дух хамарт зулгарсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоогдохгүй, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1611 дугаартай дүгнэлтээр “...1. 2. Б.Г-ын биед зүүн ухархайн дотор хана, хамрын хоёр хажуу хана, таславчийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын хоёр хажуу хана, таславчийн зөрүүтэй хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Дух хамрын зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36/,
Камерын бичлэг үзлэг хийсэн мөрдөгчийн “...Бичлэгийн эхэнд 2024.12.30 23:48:29 гэсэн бичиглэл байх Монос эмийн сан гадан талын хяналтын камерт хар бараан өнгийн куртиктэй саарал өнгийн малгайтай цамц өмссөн 35 орчим насны эрэгтэй, Цагаан өнгийн куртиктэй, хар өнгийн үүргэвч үүрсэн, хар бараан өнгийн өмд өмссөн 25 орчим насны эрэгтэй зам гарч байгааг харуулав. Бичлэгийн 2024.12.30 23:50:10 гэсэн бичиглэл байх саарал өнгийн малгайтай цамц өмссөн 35 орчин насны эрэгтэй, улбар шар, цэнхэр өнгийн ажлын хувцас өмссөн 40 орчин насны хоёр эрэгтэй зам гарч байгааг харуулав. Бичлэгийн 23:58:05 секундэд хар бараан өнгийн гарын шуу хэсэгтээ цагаан өнгийн цамц өмссөн эрэгтэй, хар бараан өнгийн куртиктэй саарал өнгийн цамц өмссөн насны эрэгтэй зогсож байгааг харуулав. Бичлэгийн 00:01:30 секундэд хар бараан өнгийн куртиктэй саарал өнгийн цамц өмссөн насны эрэгтэй түлхэгдэн унаж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 41-43/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.У- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 цагийн үед согтуурсан үедээ С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 32-ын тойргийн орчимд хохирогч Б.Г-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хөлөөрөө хохирогчийн хөлийг өшиглөж газарт унагаасны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын хоёр хажуу хана, таславчийн зөрүүтэй хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч А.У-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч А.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.У-т 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч А.У- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 124.762 төгрөгийг тусламж, үйлчилгээ авсан тул шүүгдэгч А.У-аас 124.762 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Харин хохирогч нь хохирол төлбөрийн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хотонт овогт Ариунзулын У-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ариунзулын У-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У- нь энэ тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.У- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т зааснаар шүүгдэгч А.У-аас 124.762 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
8.Шүүгдэгч А.У- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР