| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0087/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/123 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С
Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-д холбогдох эрүүгийн 2425000000699 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-нд хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,*******,*******,*******,, Г овгийн Д-ын Ч, /РД,********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр **-** УБД улсын дугаартай Тоёото приус-51 загварын тээврийн хэрэгсэл жолоодон Орхон аймаг Баян-Өндөр сум ***** багийн нутаг дэвсгэрт *-** дугаар байрны урд талын зорчих хэсэг буюу хорооллын доторх замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”, 12.3-д “Жолооч аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 19.1-д” Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих..." гэсэн заалтуудыг зөрчиж, тоглоомын талбайн чиглэлээс зам хөндлөн гарч байсан 4 настай С.П-ыг мөргөж, баруун эгэмний хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичснээр/ холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.Ч-ын мэдүүлсэн: Такси үйлчилгээнд явж байсан. 20-30км/ цагаас хэтрээгүй хурдтай явсан. Хүүхэд гэнэт гарч ирээд тулаад л зогсоох арга хэмжээ авсан гэх мэдүүлэг,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С-ын мэдүүлсэн: Хүүхдээ машиндаа орхиод 4-5 минут болсон. Шүүгдэгч 2,600,000 төгрөг өгсөн. Хүүхдийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2425000000699 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11-р тал/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-16-р тал/
-Хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцаг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад бэхжүүлэн авсан 5 ширхэг үс мэт зүйл, хөвөнд шингээн авсан цус мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19-р тал/
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С-ын мэдүүлсэн:.. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед 4 настай хүү П-ын хамт хоёулаа гэрээсээ гараад ***** баг *-** дугаар байрны хажууд байх салонд вакс хийлгэхээр очсон. Би өөрийн машин **-** ОРО улсын дугаартай Тоёота приүс машинаа 3-17 дугаар байр талдаа буюу замынхаа зүүн талд байрлуулсан. Хүүгээ машиндаа үлдээгээд салон луу ороод 5 орчим минутын дараа миний 88778040 дугаар руу 99270746 дугаараас залгаад “хүүхэд дайрчихлаа” гэсэн. Би салоноос гараад очиход хүү Пүрэвдагва өөрийнхөө машиндаа суучихсан, хамраас нь цус гарсан, хувцас нь шороо болсон, нүүрний арьс нь зулгарсан байсан. Зам дээр Тоёота приүс 51 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба жолооч нь гэх******* сандарсан байдалтай, хажуу талаас гүйгээд гараад ирлээ, эмнэлэг явах уу, түргэн тусламж руу залгахад утсаа авахгүй байсан гэж хэлсэн. Хүү П-аас юу болсон талаар асуухад машинаас буугаад тоглоомын талбай орчихоод буцаад машин руугаа явж байхад нэг машин гарч ирээд мөргөчихсөн гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/
-гэрч Б.Г-ийн мэдүүлсэн:.. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 11 минутад би Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар микрийн тэнд охиноо дугуйлангаас нь авахаар байж байтал гар утас дуугараад Д.Ч эгч залгаад би хүүхэд мөргөчихлөө хүрээд ирээч гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
-гэрч Э-ын мэдүүлсэн: ... 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед байх би ээжийн гэрт байж байх үед эхнэр Д.Ч гар утсаар залгаад би машиныг бариад явж байтал хүүхэд урдуур ороод дайруулчихлаа гэж хэлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/
-гэрч Б.А-ийн мэдүүлсэн:... Би такси ирэхгүй байсан учир ******** дугаар луу залгаад ярьтал тухайн******* нь би хүүхэд мөргөчихлөө очиж чадахгүй гэж хэлсэн...." гэх мэдүүлэг / хх-ийн 31-р тал/
-гэрч М.Ц-ийн мэдүүлсэн:..2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр..Би гэртээ байж байтал 13 цагийн үед гар утас дуугарч******* С нь залгаад хүү П машины урдуур ороод дайруулчихлаа БОЭТ дээр хүрээд ир гэсэн би БОЭТ дээр очиход Пүрэвдагвын нүүр ам нь шалбарчихсан, мөрөө барьж уйлаад баруун гараа хөдөлгөж чадахгүй, хувцас нь шороо болчихсон байсан. Эмч үзээд П-ын баруун талын эгэм яс хугаралтай байна, эгэм ясыг хадна гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 872 дугаартай “...С.П-ын бие баруун эгэм ясны хугарал, нуруу, зулай, дагз, баруун чамархай, зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам т.ээврийн ослын үед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх эгэм ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 6594 дугаартай:.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг үс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Хөвөн бамбар болон цагаан өнгийн бинт дээрээс цус илэрсэн. Уг илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь С.П-ын ДНХ-ийн тогтоцтой тохирно...гэх дүгнэлт /хх-ийн 45-49-р тал/,
-Орхон аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 11-р сарын 06-ны өдрийн 18 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-63-р тал/,
-Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Б-ийн 2024 оны 11-р сарын 09-ний өдрийн:...Сэжигтэн Д.Ч нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
19.1 Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.
- Насанд хүрээгүй хохирогч С.П нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
5.8. Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртсон эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.
5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно:
а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэд үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.
27.2 А- 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх.
- Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь:
Сэжигтэн Д.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 13.5, 19.1 дүгээр заалтуудыг зөрчсөн нь насанд хүрээгүй хохирогч С.П-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна...гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 66-69-р тал/
-хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 75-р тал/,
-шүүгдэгч Д.Ч-ын яллагдагчаар мэдүүлсэн:.. Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус 51 маркийн тээврийн хэрэгслээрээ “UB Cab”-аар таксинд явж байсан юм. 13 цагийн үед гэж санаж байна, ***** багийн *-** дугаар байранд дуудлага ирээд дуудлагын дагуу *-** дугаар байран дунд тээврийн хэрэгсэлтэй явж байх үед урдуур гэнэт нэг эрэгтэй хүүхэд ороод ирсэн, би сандраад машиныхаа тоормоз дээр гишгээд машинаасаа буух гэтэл тээврийн хэрэгслээ парклаагүй “Р” дээрээ тавиагүй байсан, улмаар тээврийн хэрэгсэл урагш хөдөлсөн. Би тээврийн хэрэгслээр буугаад машиныхаа хойно очоод машин доогуур орж эрэгтэй хүүхдийг машин доороос гаргаж ирсэн. Хүүгийн хамраас цус гарч байсан. Хүү машин луугаа гүйгээд суучихсан, би машины урд талын салхины шилний доор байрлах гар утасны дугаар луу залгаад учир байдлыг хэлээд хүүхдийг аваад БОЭТ- рүү орсон. Хүүхдийн эгэм яс хугарсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гомдол, санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/
-**-** УБД улсын дугаартай Тоёота Приус XW50 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 92-р тал/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:..Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: **-* гэсэн бичигтэй саарал өнгийн 1 ширхэг сд байх бөгөөд компьютерт хийж уншуулахад нийт 43 секундийн бичлэг байх бөгөөд тээврийн хэрэгслүүдийг эгнүүлэн зогсоож байрлуулсан байх ба бичлэг дээр хойноос урагш чиглэлтэй приүс маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл явж байв. Бичлэгийн 00:09 секундэд тээврийн хэрэгслийн баруун талаас тээврийн хэрэгслүүд дундаас хүүхэд гарч ирэв. Тээврийн хэрэгсэл баруун урд талын хэсгээр хүүхдийг мөргөж зогсож үйлдэл хийхгүй цааш явж байв. Бичлэгийн 00:15 секундэд тээврийн хэрэгсэл зогсох үйлдэл хийж, жолооч тээврийн хэрэгслээс бууж ирээд тээврийн хэрэгслийн ард гүйн очиж, тээврийн хэрэгслийн доогуур тонгойж тээврийн хэрэгслийн хойноос хүүхэд гаргаж ирэв. Үзлэгээр өөр илэрсэн зүйл байхгүй гэснээр үзлэгийг 16 цаг 25 минутад дуусгав... гэх тэмдэглэл /хх-ийн 103-104-р тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №264 дугаартай:..С-ын П /РД:********/-ын сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас стресст үзүүлэх айдас түгшилтийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 110-112-р тал/,
-насанд хүрээгүй хохирогч С овогтой П-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 123-155-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр **-** УБД улсын дугаартай Тоёото приус-51 загварын тээврийн хэрэгсэл жолоодон Орхон аймаг Баян-Өндөр сум ***** багийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа 3-17 дугаар байрны урд талын зорчих хэсэг буюу хорооллын доторх замын хөдөлгөөнд оролцох үедээ тоглоомын талбайн чиглэлээс зам хөндлөн гарч байсан 4 настай С.П-ыг мөргөж, баруун эгэмний хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.4 настай С.П-ыг аав Л.С нь машиндаа үлдээгээд үсчний газарт орох хооронд С.П машинаас бууж тоглоомын талбай руу ороод буцаад машиндаа суухаар зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Д.Ч-ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.П-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С-ын мэдүүлэг,гэрчүүдийн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 872 дугаартай “...С.П-ын бие баруун эгэм ясны хугарал, нуруу, зулай, дагз, баруун чамархай, зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам т.ээврийн ослын үед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх эгэм ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Б-ийн 2024 оны 11-р сарын 09-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Д.Ч нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөн тухай... мөрдөгчийн магадалгаатай танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,
2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тогтоосон ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.
Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Д.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн үйлдлийн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч тухайн нөхцөл байдалд хайхрамжгүй хандсаны улмаас тоглоомын талбайн чиглэлээс зам хөндлөн гарч ирсэн насанд хүрээгүй хохирогч С.П-ыг мөргөж Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр **-** УБД улсын дугаартай Тоёото приус-51 загварын тээврийн хэрэгсэл жолоодон Орхон аймаг Баян-Өндөр сум ***** багийн нутаг дэвсгэрт *-** дугаар байрны урд талыг зорчих хэсэг буюу хорооллын доторх замын хөдөлгөөнд оролцож такси үйлчилгээнд явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, тоглоомын талбайн чиглэлээс зам хөндлөн гарч байсан 4 настай С.П-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч нь хохирогчид учирсан эрүүл мэндийн зардалд 2,600,000 төгрөг төлсөн, Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 1-р зэрэглэлийн хохирол учирсан гэж тогтоосон байгаа. Үүнийг хор уршиг тооцох аргачлалын дагуу тооцож, шүүгдэгчээс 990,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С-д олгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэж,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Бага насны хүүхэд учраас ослоос үүдэн цаашид гарах эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж,
-Шүүгдэгч: Би гэм буруутайгаа ойлгож байна. 2,600,000 төгрөг төлсөн. 990,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нөхцөл байдал,насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,эцэг Л.С-ын хэт болгоомжгүй үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж,тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч Д.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж,
-шүүгдэгч: Өөр саналгүй гэсэн.
3.Хохирол төлбөр,бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Ч нь насанд хүрээгүй хохирогч С.П-ын эрүүл мэндэд учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд нийт 2,600,000 төгрөгийг баримтгүйгээр төлсөн байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №264 дугаартай:..С-ын П /РД:********/-ын сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас стресст үзүүлэх айдас түгшилтийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна... гэх дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд хөнгөн зэргийн хор уршиг тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хор арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 230.2-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах...”гэж, 511-р зүйлийн 511.3-д “ Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан ба,
УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Хүснэгт 1-д “...Нэгдүгээр зэрэглэл-0-3%...”гэж тогтоосныг баримтлан, уг аргачлалд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс 3%-иар тооцож 990,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, биологийн дээж болох хатаасан цус, 1 ширхэг хөвөн бамбар, 1 ширхэг бинт, ууттай 5 ширхэг үс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Д.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянган /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ч-д шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянган /төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.1,230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Д.Ч-аас .................төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгуулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А