| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/128 |
| Огноо | 2025-03-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Н.Д
Насанд хүрээгүй хохирогч Ө.М
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б
Хохирогчийн өмгөөлөгч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 2425005630053 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,, Ш ургийн овогт Л-ийн Б, /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн *-** тоотод 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчим насанд хүрээгүй хохирогч Ө.М-ыг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан чирж нүүр, толгой тус газар нь 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны урд хана, зүүн талын хацар яс, зүүн нүдний доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нудний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал. зүүн бугалганд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт
-шүүгдэгч Л.Б-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Ө.М-ыг таньдаггүй байсан. Хүнтэй андуурсан, найз охинтой нэг хүн чат бичээд байсан юм. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээнд нь 1 сая гаруй төгрөг төлсөн, бусад зардлыг төлнө гэх мэдүүлэг,
-насанд хүрээгүй хохирогч Ө.М-ын мэдүүлсэн: 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой тэр айлд Т-г хүлээгээд, нэг буланд утсаа ухаад сууж байхад нэг ах орж ирээд гэнэт хөл гар орж ирээд зодсон. Эмнэлэг орж 7 хоног хэвтсэн, хамар хугарсан, ухархай цөмөрсөн. Эмнэлгээс гараад дахин бие муудаж хүүхдийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Хараа тогтворгүй, хамар байнга битүүрдэг болсон, толгой өвддөг. Хамрын хагалгаанд 18 нас хүрч байж орно гэсэн. Улирал болгон эмчилгээ хийлгэнэ гэх мэдүүлэг,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б гийн мэдүүлсэн: Сэтгэл санааны хохирол, би ажлаас 7 хоногийн чөлөө авсан цалингийн зөрүү, өмгөөлөгчийн хөлс 12,263,400 төгрөг нэхэмжилнэ. Шүүгдэгч 793,700 төгрөг төлсөн. Ө.М спортод дуртай, гэтэл одоо гүйж харайж чадахгүй болсон. 18 нас хүрээд хамрын хагалгаанд орно гэсэн. Тухайн үед нь хагалгаа эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425005630053 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан:
-насанд хүрээгүй хохирогч Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд найз Т-ийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, **** багт /хаягыг нь мэдэхгүй байна/ Т-ийн эгч О, О нарын хамт байж байхад гаднаас зүс харж байсан Л.Б ах найзынхаа хамт орж ирсэн. Би найз Т-г хүлээнгээ өөрийнхөө гар утсаар фэйсбүүк ухаж байхад Л.Б ах ямар ч шалтгаангүйгээр шууд миний зүүн талын эрүү хэсэгт гараараа нэг удаа цохисон, үснээс зулгааж газар унагааж чирж байгаад зүүн нүд хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Л.Б ахыг О, О эгч нар салгасан. Тэр үед Л.Б ах намайг эмнэлэгт үзүүлсэн. Миний зүүн талын нүд тэр чигтээ хавдчихсан, толгой болон хамар хэсгээр өвдөж байна. Л.Б ах намайг яагаад цохиж, зодсон талаар хэлж мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна.“...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Л.Б нь шууд гаднаас орж ирээд намайг үгийн зөрүүгүй цохиж зодсон. Би Л.Б-той маргалдаагүй. Тэнд ямар нэгэн маргаан болоогүй. Сэтгэцийн хор уршиг тогтоолгоно. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/,
-гэрч Д.О-ийн “...2024 оны 10 дугаар сарын 26-ны орой ***** багийн *-** тоотод гэртээ найз О-ийн хамт байхад гаднаас Ө.М ганцаараа гэрт орж ирсэн. Тэгээд байж байхад гаднаас Л.Б нэг найзынхаа хамт манай гэрт орж ирээд үүдэнд гутлаа тайлаад үгийн зөрүүгүй Ө.М-ын нүүр рүү нэг удаа цохиод, үснээс нь зулгаагаад газарт унагааж байгаад нүүр болон гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд Л.Б-ыг О бид хоёр салгаад гэрээс түлхээд гаргасан. Тэгээд би шалан дээр байсан цусыг цэвэрлэсэн мөн Ө.М-ын хамраас цус гарсныг нь цэвэрлэж өгсөн. Л.Б гадаа байхдаа Ө.М руу залгаад гараад ир 2-уулаа эр хүн шиг ярилцъя гээд дуудахаар нь би гараад Л.Б-т хандаад чи яаж байгаа юм бэ? айлын хүүхэд гэмтээчихлээ гэсэн чинь миний буруу би сая гэнэт уурлаад өөрийгөө хянаж чадсангүй гэж байсан. Тэгээд бид нар Ө.М-ыг аваад хүлээн авах ороод эмчид үзүүлээд дараа нь толгой барьдаг хүн дээр очиж Ө.М-ын толгойг бариулаад дараа нь бид нар манай гэрт ирсэн. Тэгээд би Ө.М-ыг чи гэрийнхэндээ хэлээч гэсэн чинь бөөн юм болно гээд хэлээгүй манай гэрт хоносон. Ямар шалтгааны улмаас зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Гаднаас орж ирээд шууд Ө.М-ыг зодоод эхэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
-гэрч А.О-ийн “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр найз О-ийн гэрт хичээлээ хийгээд байж байхад Ө.М гаднаас орж ирээд танайд найзыгаа хүлээгээд түр байж болох уу? гээд байж байхад гаднаас Л.Б нэг найзынхаа хамт орж ирээд гутлаа үүдэнд тайлаад шууд Ө.М дээр очоод үгийн зөрүүгүй нүүр лүү цохиод үснээс нь зулгаагаад доош нь дараад, чирээд нүүр болон гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд О бид хоёр Л.Б-ыг салгаад гэрээс гаргасан. Би Ө.М-ын толгойг хамгаалаад дээрээс нь дарсан байсан. Ө.М-ын хамраас цус гарсан байсан. Тэгээд О, Л.Б бид нар Ө.М-ыг аваад эмнэлэг дээр очоод толгойн зураг авхуулаад...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №935 дугаартай “...Ө.М-ын биед зүүн хоншоор ясны урд хана, зүүн талын хацар яс, зүүн нүдний доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн хоншоор ясны урд хана, зүүн талын хацар ясны хугарал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн нүдний доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-25-р тал/,
-хохирогч Ө.М-ын тодосгогч бодисгүй толгойн компьютерт томографикийн толгойн зургийн дүгнэлт: ...хамар яс шинэ хугаралтай. Хамрыг таслагч зүүн тийш муруйлттай, хамрын хөндийн салстууд хавагнаж зузаарсан. Зүүн нүдний доод хана 0,2 см урттай шинэ хугаралтай, зүүн талын урд хана болон зүүн талын хацар яс шинэ хугаралтай, тархины эдэд хурц цус хуралт үгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №1922 дугаартай... Ө.М /РД:********/-ын сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ шаардлагатай байна... гэх дүгнэлт /хх-ийн 31-34-р тал/
-шүүгдэгч Л.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн: Яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/
-шүүгдэгч Л.Б-ын Хаан банкны ********** дугаартай дансны хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б гийн эзэмшлийн ********* дугаар Хаан банкны дансны хуулга/хх-ийн 133-143-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн *-** тоотод 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчим очоод тэнд байсан үл таних насанд хүрээгүй Ө.М-ыг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан чирж нүүр, толгой тус газар нь 2 удаа өшиглөж эрүүл мэндэд зүүн хоншоор ясны урд хана, зүүн талын хацар яс, зүүн нүдний доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нудний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал. зүүн бугалгад зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Л.Б-ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ө.М-ын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №935 дугаартай “...Ө.М-ын биед зүүн хоншоор ясны урд хана, зүүн талын хацар яс, зүүн нүдний доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй, өөрийн үйлдлийн улмаас Ө.М-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Л.Б өөрийн санаатай үйлдлээрээ бусдын эрүүл мэндэд,... зүүн хоншоор ясны урд хана, зүүн талын хацар ясны хугарал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...гэсэн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, эмнэлгийн үзлэг оношилгооны баримтуудаар тодорхойлогдсон хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болохыг нотолсон ба,
гэм буруугийн санаатай хэлбэрийн талаар Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай шинжтэй байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Л.Б-ыг, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Л.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн *-** тоотод 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчим насанд хүрээгүй хохирогч Ө.М-ыг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан чирж нүүр, толгой тус газар нь 2 удаа өшиглөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогч тал 12,263,400 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн төлснийг хасаж гаргуулах саналтай. Хууль ёсны төлөөлөгчийн цалин, өмгөөлөгчийн хөлсийг төлөх үүрэг хүлээхгүй. Насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардлыг нийгмийн даатгалын сан гаргасан, нэхэмжлээгүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1,597,400 төгрөг төлсөн, зөрүүг гаргахад татгалзахгүй. Хууль ёсны төлөөлөгчийн цалингийн нэхэмжлэл тодорхойгүй байна. 7 хоногийн чөлөө авсан гэсэн байна. 7 хоног эмнэлгээр явсан уу тодорхойгүй. Өмгөөлөгчийн хөлс нь зардалд орж тооцогдохгүй тул гаргуулах үндэслэлгүй. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлнө. Шүүгдэгч эцэг, эхийн хамт амьдардаг. Эцэг нь хүнд өвчний улмаас группт орсон, Л.Б ажил хийж гэр бүлээ тэжээж,*******ынхаа эмчилгээний зардлыг олдог. Энэ байдлыг харгалзан үзнэ үү гэж,
-хохирогчийн өмгөөлөгч Б.Д: Сэтгэцэд учирсан хохирлыг 2-р зэрэглэлээр тогтоосон тул дээд хувиар нь тогтоох, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, ах нь 7 хоногийн чөлөө ажлаасаа авч эмнэлгээр авч явсан тул цалингийн зөрүү 1,750,000 төгрөг зэргийг нэхэмжилж байгаа. Үзлэг шинжилгээ, оношилгоо, замын зардал зэрэг нэхэмжлэлээс татгалзаж байгаа гэж тус тус дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд эцсийн үг хэлэхдээ: гэм буруугаа хүлээж байна, хохирогчийн хохирлыг төлнө. Аавыг сар бүр эмчилгээнд авч явдаг тул харгалзан үзнэ үү гэжээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, хохирол төлбөр төлсөн баримтууд зэргийг шинжлэн судалж,
-шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, торгох ял оногдуулах нь хэргийн нийгмийн аюулын шинж, ял шийтгэлийн зорилго, хувийн байдалд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлаас 1,163,000 төгрөгийг төлсөн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй. 8 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлөөгүй гэж үзэх боломжгүй, хохирогчийн эмчилгээнд гаднаас шаардлагатай гэсэн бүх зардлыг төлсөн. Мөн хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Аав нь 7 удаа хагалгаанд орсон,*******ыгаа байнга ** руу эмчилгээнд авч явдаг, гэр бүлээ харж асардаг хүүхэд юм. Машин засварын газарт ажиллаж*******ынхаа эмчилгээний зардлыг олдог, орлоготой тул торгох ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгдэгчийн хувьд, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээсэн, хохирлоос төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба зорчих эрх хязгаарлах ял нь ялын төрлийн хувьд хүнд ял бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Л.Б-оос хохирогчийн үзлэг шинжилгээний зардал баримтаар 245,000 төгрөг, замын болон эмийн зардал баримтаар 578,700 төгрөг, хууль ёсны төлөөлөгч Ө.Б-ийн чөлөө авсан 7 хоногийн цалингийн зөрүү 1,750,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 8,573,400 төгрөг, нийт 13,147,100 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч 1,163,000 төгрөг дансаар шилжүүлэн төлсөн байна
Шүүх баримтуудыг шинжлэн судлаад, үзлэг шинжилгээний зардал 245,000 төгрөг, замын болон эмийн зардал баримтаар 507,200 төгрөг, шатахууны зардал 173,500 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн ба шатахууны баримтаас 143,000 төгрөгийн баримт үйл явдал болсон хугацаанд хамаарахгүй, сэтгэцийн хохирлыг тооцохдоо буруу аргачлалаар тооцсон байх тул зөрүүг хэрэгсэхгүй болгосон.
Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №1922 дугаартай...” Ө-ийн М /РД:*******/-ын сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ шаардлагатай байна... гэх дүгнэлтээр тогтоосон байна.
УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Хүснэгт 1-д “...Хоёрдугаар зэрэглэл-4-8%...”гэж тогтоосон.
Хохирогч Ө.М-ын сэтгэцэд учирсан хохирлыг 2-р зэрэглэлээр тогтоосон бөгөөд хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж байдал, хор уршиг арилаагүй, 18 насанд хүртэл хагалгаанд орох боломжгүй байдал зэргийг харгалзан 8 хувиар тогтоож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж 7,920,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогч тал өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба хүчинтөгөлдөр үйлчилж байна.
Энэ журмын 2.6-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараахь зардлыг дор дурдсанаар тооцно: ...2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гэж заасан тул насанд хүрээгүй хохирогч Ө.М-ын өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Л.Б нь хохирогчид, үзлэг шинжилгээний 245,000 төгрөг, эмчилгээ эмийн болон замын зардал 680,700 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 7,920,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 10,845,700 төгрөгийг хуулийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд 1,163,000 төгрөг төлсөн байна. Иймд 9,682,700 төгрөг гаргуулж хохирогчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,714,400 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, хууль ёсны төлөөлөгчийн цалингийн зөрүү нэхэмжилсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Шуудай ургийн овогт Л-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-оос нийт 9,682,700 /есөн сая зургаан зуун наян хоёр мянга долоон зуун/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг *-* тоотод оршин суух, /РД:********/-т олгуулж,
хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,714,400 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хууль ёсны төлөөлөгчийн цалингийн зөрүү нэхэмжилсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А