Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                Прокурор Н.Өнөрбаяр /цахимаар/

                                Хохирогчийн өмгөөлөгч И.Чимэдбадам /цахимаар/

                                Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч П.Адьяасүрэн, Г.Гандөш /цахимаар/,  

                                Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Б.Хандмаа, А.Ганбат /цахимаар/,

                                Шүүгдэгч Г.О, Б.Н /цахимаар/

                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Г.Гандөш, П.Адьяасүрэн, шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч А.Ганбат, Б.Хандмаа нарын гомдлоор Г.О, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1912003650076 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

 

Г.О нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэр “Баянзүрх Уул” гэх газарт байрлах хохирогч Ц.Бийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Б.Нтай бүлэглэн хулгайлж 7200000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Н нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэр “Баянзүрх Уул” гэх газарт байрлах хохирогч Ц.Бийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Г.Отай бүлэглэн хулгайлж 7200000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутагт байрлах Ц.Б-н эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 5000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын хяналтын прокуророос Г.О, Б.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.   

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Өөх овогт Г.О, Лувсангомбо овогт Б.Н нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг
үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Оыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Ныг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Оаас 3600000 төгрөгийг, Б.Наас 8600000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Б-д олгохоор, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах, зээрд зүсмийн адууны ширний 1 ширхэг хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль
ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Г.Гандөш гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дурсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно. Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно. Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй. Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйл нотолбол зохих байдал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн гэж тус тус заажээ. Дээрх заалтуудтай холбогдуулан хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах нөхцөл байдлуудыг анхаарч үзээсэй гэж хүсч байна.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй буюу бүрэн нотлогдоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх тухай дараах асуудлууд байна гэж үзэж байна. Б.Н, Г.О нарын 4 тооны үхэр хулгайлсан гэх хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарыг 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 сарын 21-нд шилжих шөнө гэртээ байсан болохыг гэрчүүд нотолдог. Гэрч П, Ичинхорлоо, Оюунгэрэл, Аптангэрэл нар мэдүүлэг өгсөн ба 2019 оны 05 сарын 21-ний өглөө үүрээр 4 цагт Г.О, Б.Н нар нь Г.Оын 2 тооны үхэр, Г.Оын аав Г 2 тооны үхрийг /нийт 4 үхэр/ Архангай аймгийн Хотонт сумын малын ченж Г гэх хүнд зарж ачуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг / П, Ичинхорлоо, Оюунгэрэл, А, Б, Г, Г.О, Б.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд / баримтуудаар нотлогддог.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үед тухайн гэмт хэрэг гарсан гэх газрын орон зай цаг хугацааны асуудлуудыг нарийвчлан шалгаагүй бөгөөд хэргийн газрын үзлэг нөхөн хийхдээ дутуу хийсэн байдаг. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Баянзүрх уулын “Балхын хоолой” гэх газраас үхэр ачсан гэх Г.О-н гэр байх “Цагаан эрэг” гэх газар хоорондоо 20-30 км зайтай болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг хэргийн газрын үзлэгийн баримтаар тогтоогддог. Мөн гэрч хохирогч нар энэ газруудын хооронд асга хад ихтэй, автомашин явах боломжгүй, мал тууж явахад цаг хугацаа их орохоор газар, мөн хохирогч Б 1 хүн мал тууж явах ямар ч боломжгүй гэж мэдүүлдэг. Гэтэл 2019 оны 05 сарын 21-ний шөнө 2 цагт Г.О нь Хотонт сумын эмнэлэг рүү дуудлага өгч /Алтангэрэлийн эхнэрийн бие муудсан/, мөн Г гэгчийг өглөө эрт ирж үхрээ ачаарай гэж хэлсэн байдаг бөгөөд тухайн үед Алтангэрэлийнд байсан болох нь нотлогддог. Мөн эмнэлгийн дуудлага хүлээн авсан цаг, дуудлага дууссан цагийн бүртгэл үүнийг нотолдог. Тэгэхээр энэ үед тухайн үхрийг хэн тууж Цагаан эрэг гэх газар хүргэж байсан болохыг тогтоогоогүй.

Б.Н нь тухайн үед морьтой эсхүл мотоцикльтой явсан эсэхийг тогтоосон асуудал эргэлзээтэй байдаг. Гэрч П, О, И нар тухайн үед Б.Н-г малдаа мотоцикльтой явдаг байсан гэж мэдүүлдэг бөгөөд гэрч Ц нь бараан морьтой, ногоон дээлтэй хүн үхрийн хажуугаар туугаад яваад байсан гэж мэдүүлдэг. Гэтэл тухайн үед Б.Н-н уналганд бараан зүсмийн морь байгаагүй болох нь нотлогддог.

Гэрч П шүүх хуралдааны явцад манайх тэр өдөр /2019.05.20/ нүүдэл хийсэн, Н манайхыг нүүлгэлцээд орой дууссан, орой сүүгээ хөөрүүлж байхад гэрийн хажуугаар 20 гаран тооны бараан адуу яваад ус руу орж байсан, энэ мэдүүлгийг өгсөн цагдаа миний мэдүүлгийг бичээгүй өөр зүйл бичсэн байна лээ. Энэ тухай хэлэхэд дуугүй энэ дээр гарын үсгээ зурчихаад зайл гэж хөөсөн, Н гэртээ байсан, өглөө эрт адуундаа явсан байх гэж мэдүүлэг өгдөг. Энэ асуудлыг нарийвчлан тодруулах зорилгоор гэрч П-г шүүх хуралдаанд оролцуулж асуултуудыг асуусан боловч ач холбогдол бүхий мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, хавтаст хэрэгт авагдсан үгүйсгэж байгаа мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Г.О, Г нар ганзага имтэй үхэр гэж, хохирогч Б цуулбар имтэй, цуулбар ганзага 2 адилхан гэж зөрүүтэй байсан бөгөөд ганзага цуулбар им нь 2 өөр төрлийн малын тэмдэглэгээ болох нь тогтоогддог. Хохирогч Б нийт 10 үхэр хулгайд алдсан гэдэг боловч 4 үхрийг Б.Н, Г.О нар хулгайлсан гэж үзэж байгаа бол үлдсэн 6 үхрийг хэн хулгайлсан, хулгайд алдсан нь үнэн эсэх, үүнийг шалгаж тогтоогоогүй. Гэрч Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ ...Баянзүрх хайрхан дээрээс дурандахад бараан морьтой, ногоон дээлтэй хүн манай үхрийг туугаад байсан гэж мэдүүлдэг боловч хохирогч Б ...Баянзүрх хайрхан мод ихтэй учраас дурандах боломжгүй гэж мэдүүлэг өгдөг. Эдгээр байдлуудыг хянан үзэлгүйгээр шийдвэрлэсэн. 2019 оны 12 сарын 26-ны өдөр 2 тооны адууг Б.Н хулгайлсан гэх асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад саравчин дээр очсон гэрчүүд /Б, Д, Ц, Ц/ Б.Н-д очихоосоо өмнө модон дунд тааралдсан гэж мэдүүлдэг боловч гэрч П мөн тухайн үед малдаа явж байгаад тэднийг бөөндөө Б-с явж байхтай тааралдсан бөгөөд хаа хүрэх гэж байгааг асуухад Ц ... бид нар бөөндөө гөрөөнд явж байна... гэж хэлж байсан бөгөөд урьдчилан Нын саравчинд адууны шир байсныг мэдэж байсан мэтээр очиж бичлэг хийж, Н-г гэрийнх нь гадаа зодож дүрс бичлэг хийж баримтжуулан цагдаагийн байгууллагад нотлох баримтаар өгсөн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн ... нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно. Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй... гэсэн заалтыг зөрчсөн байтал шүүхээс нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн, тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох баримтыг шинжлэн судалж дүгнээгүй гэж үзэж байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх Ц-н хийсэн дээрх дүрс бичлэгийг гол нотлох баримт гэж үзэж саравчны өвсөн дундаас гарч ирсэн гэх адууны ширэнд тамга тэмдэг таарч байгаа эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргаж энэхүү дүгнэлтийг яллах талын нотлох баримт болгон хэрэгт хавсаргасан байдаг.

Эдгээр нь нотлох баримтын хувьд маш их эргэлзээтэй нөхцөл байдлуудыг харуулж байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэж шүүхээс Б.Ныг гэм буруутайд тооцсон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч А.Ганбат гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Г.Оыг уг гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хангалттай байхгүй ба мөрдөн шалгах ажиллагаа нь урьдаас төлөвлөгдсөн чиглүүлэх өнгө аястай хийгдэж хэрэгт хавсаргагдсан байгаа нь Г.О уг гэмт хэргийг үйлдсэн гэдэгт эргэлзээ төрүүлээд байгаа юм. 4 үхэр алдагддаг шөнө Г.Оын утас руу төрсөн ах Г.Алтангэрэл нь шөнийн 02 цагийн үед залгаад ...Жаргаа эгчийн чинь бие муу байна амьсгал нь тасалдаад байна гэж ярьсан байдаг. Энэ үед Г.О эмч дуудах гээд утас мэдэхгүй болохоор Г-н эхнэр эмнэлэгт тогооч хийдэг болохоор утсыг нь асуух зорилгоор Г-н утас руу олон дахин залгасан байдаг. Тэгээд ч утсыг нь авч түргэн дуудаж түргэн тусламж 03 цаг өнгөрөөгөөд ирсэн талаар Г.Алтангэрэлийн мэдүүлэг, түргэн тусламжийн дуудлагын лавлагаа зэргээр нотлогддог. Гэтэл ямар заваараа Г.О 30-40-н км зайтай Хархорин сумын Орхон баг Баянзүрх уул Балхын хоолой гэдэг газарт байгаа 4 үхрийг хулгайлан авчирч Нтай хамтарч Гийн портерт ачсан гэдэг нь эргэлээтэй байгаа юм. Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нар гэрчүүдээс байцаалт авахдаа хэлэх ярих зүйлийг нь урьдаас зааж өгч мэдүүлэг авснаар барахгүй Хархорины цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч Бат-Эрдэнэ гэгч гэрч Поос мэдүүлэг авахдаа өөрийн дураар бичиж уншуулан танилцуулалгүйгээр гарын үсэг зүруулсанаас гадна уг гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхдээ тэмдэглэлийг уншуулан танилцуулалгүйгээр гарын үсгээ зурчихаад зайл пизда минь гэх зэргээр бүдүүлэг авар гарган хуулийг ноцтой байдлаар зөрчсөн байдаг. Энэхүү дээр дурьдагдаад байгаа гэрч Пийг шүүх хуралдаанд оролцуулан өөрийн биеэр нь уг мөрдөн шалгах ажиллагааны хууль зөрчиж хийсэн талаар нотлуулаад байхад шүүх уг асуудалд ач холбогдол өгөлгүй, ач холбогдол өгөхийг ч хүсэлгүй муйхарлан Г.Оыг ялласан явдал туйлын хачирхалтай санагдаад байгаа юм. Г.Оын аав Ж.Г өөрийн 2 үхрийг өгч заруулсан байдаг. Энэ талаар Ж.Г Г.От өгсөн 2 үхэрний нас хүйс өнгө зүсний талаар гэрчийн мэдүүлэгт тодорхой дурьдаад байхад Ж.Ггийн үхэр сүрэгт чухам уг дурьдагдаад байгаа үхэр байсан эсэх талаар холбогдох шалгалт хийж нягтлалгүй орхигдуулсан байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад 2019.05.20-ноос 21-нд шилжих шөнө Хархорин сумын Орхон баг Баянзүрх уул Балхын хоолой гэдэг газраас 4 үхэр алдагдаж Хотонт сумын 4-р баг Улаан чулуу цагаан эрэг гэдэг газарт Г.Оын гаднаас Гийн портер машинд ачигдсан байдаг. Гэтэл уг хоёр газрын хоорондын зай хэдэн километр, газрын бартаа зэрэгт хаврын хүч чадал муутай 4 үхэр 2-3 цагийн дотор уг газрыг туулж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Хохирогч болон Г.О, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдээс Хархорин сумын Орхон баг Баянзүрх уул Балхын хоолой гэдэг газраас Хотонт сумын 4-р баг Улаан чулуу цагаан эрэг гэдэг газрын хоорондын зайг асуухад багцаагаар 30-40 км зайтай гэж мэдүүлээд байдаг. Мөрдөн шалгах явцдаа дээрээс авсан зурган дээр явсан гэх маршрутын чиглэлийг балаар зурж тэмдэглэсэн байхаас хөндлөнгийн гэрч оролцуулаад хууль зүйн шаардлага хангасан мөрдөн шалгах ажиллагааны туршилт хэлбэрээр бэхжүүлж газар орны хоорондын зайг яг таг тогтоох явдал маш чухал байсан. Гэтэл энэхүү маш чухал ажиллагааг хийлгүй хайнга хандсан байна.

Хэрэв Г.О, Б.Н нарыг хар соёолон, халтар хязаалан, улаан ягаан, улаан зүсмийн 4 үхэр хулгайлсан гэж үзэж байгаа бол түүнийг портер машинаар ачиж авсан Г, Б нарыг хамтран үйлдэгчээр яллагдагчаар татаж шалгахгүй байгаа нь хууль шашин шүтлэг, гарал угсаа, хөрөнгө чинээ харгалзалгүй хүн бүрт тэгш үйлчилнэ гэсэн Үндсэн хуулийн гол зарчим алдагдсан байдал тодорхой харагдаж байна. Миний үйлчлүүлэгч Г.Оын өмнөх өмгөөлөгч Батсайхан 2020.09.15-ны өдөр Хархорины цагдаагийн хэлтэс, Хархорины Прокурорын газарт Г.Оын шалгагдаж байгаа хэргийн талаар хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийн мөрөөр прокурор Өнөрбаяртай Г.Отгонбаяр өрөөнд нь уулзахад хэргийн талаар асууж байснаа чамайг би дуулсан чи 4 хүүхэдтэй юм байна лээ 4 хүүхдийг чинь бодоод ялыг чинь хөнгөлж өгч болно. Ямар чамд лут хүнд зүйл анги өгчихсөн биш 10 үхрээс 6 үхэр хасчихаад байхад 4 хүүхдээ бодоод 4 үхрийг хулгайлсан гээд хүлээчих гэж ятгах аястай ярилцлага хийсэн байдаг. Иймд энэхүү гомдолд дурьдагдаад байгаа асуудлуудыг засах зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэжээ.

 

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-р зүйлийн 1, 3.7-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дахь хэсэгт заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 05-р сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө ... хохирогч Ц.Бийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Г.Отай бүлэглэн хулгайлж 7200000 төгрөгний хохирол учруулсан гэж дүгнэсэн дүгнэлт нотлох баримтаар нотлогдоогүй байна. Хулгайлсан гэх 4 тооны үхрийг худалдан авсан гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт Б.Нтай үхэр худалдан авах хэлцэл хийсэн, үнийг төлсөн эсэх талаар ямар ч нотлох баримт байхгүй байна. Шүүгдэгч Б.Ныг үхэр ачилцаж өгсөн гэх тухай шүүгдэгч Г.О, гэрч Д.Г нарын мэдүүлэг байгаа нь дангаараа Б.Ныг хулгайн гэмт хэрэг үйлдсэн нотлох баримт болохгүй. Малчин хүн гэрийхээ гадаа буюу хотонд байгаа малыг хаших барих ажилд бие биедээ туслах нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ байхад Б.Ныг мал хашилцсан гэх үйлдлийг бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэж байгаа нь эх сурвалжаараа нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж үзэхэд хохирогч гэх Ц.Бийн 10 тооны үхэр хулгайд алдсан гэх мэдүүлгүүд эргэлзээтэй байна. Хэрэв хохирогч Б 10 тооны үхрээ хулгайд алдсан бол бусад 6 үхэр хаана үлдсэн, түүнийг олсон эсэх, ямар ямар зүсмийн 10 тооны үхэр байсан эсэх, нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй байхад шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр  эргэлзээтэй   байна. Энэхүү   хулгайн   гэмт   хэргийн   гэрч Б.Ц, Б.П, Ж.Ж, Н.Хнарын мэдүүлгүүд, хохирогч Ц.Бийн монгол үхэрт үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Б.Пийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт ... миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд худлаа. Д.Батэрдэнэ гэх цагдаа өрөөндөө оруулаад намайг зодсон гэх мэдүүлэгт шүүх дүгнэлт хийгээгүй. Дээр дурьдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Ныг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх баримтууд хуулийн дагуу авагдаагүй, зохиомол шинжтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар 1-р хавтаст хэргийн 17-18-р талд мэдүүлгийг газар дээр нь шалгах мөрдөн шалгах ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байна. 1-р хавтаст хэргийн 22-р талд Б.Ныг гэрчээр асуухдаа бичиг үсэг мэдэхгүй гэсэн байхад өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дах хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ гэж заасан. Шүүгдэгч Б.Н нь 2020.09.04-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад яллагдагч болсон. Тэгэхээр энэхүү тогтоол гарахаас өмнө Б.Н нь сэжигтэн байсан гэдэг нь дээрхи хуулийн заалтын агуулгаас ойлгогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 2.1 гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, 2.2 шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, 2.3 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл тус тус тусгахаар заасан боловч дээрхи нөхцөл байдлуудыг шийтгэх тогтоолд тусгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж байна.

Дээрхи нөхцөл байдлыг тодорхойлоогүйгээс хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй болсон. Хэрэв шүүх гэрч Д.П, Д.Г болон бусад гэрчүүдийн мэдүүлснээр Б.Н, Г.О нарыг 2019.05.20-ноос 21-нд шилжих шөнө хохирогч Ц.Бийн гэрийн гадна морь унаж очоод үхрүүдийг тууж хулгайлсан гэж дүгнэж байгаа бол гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг /морь/ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу морийг нь хураан авч, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөх эсэх талаар шийдвэр гаргах нь хуулийн шаардлага. Ялангуяа гэм буруутайд тооцогдсон 2 шүүгдэгч хохирлоо төлөөгүй тул хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал үндсэн ял дээр нэмж оногдуулах ёстой. Хэрэв шүүхээс дээрхи 2 шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл, уналга ашиглаагүй гэж үзэж байгаа бол шөнө 4 цагийн хугацаанд 40 км модтой, хадтай, уултай бартаатай газар явган хүн үхэр туух боломжтой эсэх дээр дүгнэлт хийх байсан. /талдаа 20 км ирж очих 40 км зайтай хэрэгт цугласан нотлох баримтаар/.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг шүүгч, прокурор, мөрдөгч хэрхэн үнэлж, шалгах талаар 16.15 дугаар зүйлийн 2-т шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн З-т хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж заасан.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд зөрүүтэй байна. Тухайлбал: Хохирогч Ц.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөгчийн үхэрнүүд нь 2019.05.20-ны орой хотлуулахад байсан уу? гэсэн асуултанд тийм байсан байх гэсэн итгэлгүй хариу өгчээ. Энэ нь хохирогч алга болсон үхэрнүүдээ 2019.05.20-ны орой хотлуулахад байсан эсэхийг мэдэхгүй байсан гэдгийг илтгэж байна. Мөн анхан шатны шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ ... манай алдсан гэх 4 үхэр нь Б.Н, Г.О нарын зарсан гээд байгаа мухар улаан гуна, оодон сүүлтэй эрлийз гуна, хугархай эвэртэй шар амтай халтар гуна, хар гунатай зүсний хувьд яг тохирч байна гэж мэдүүлжээ. Гэтэл хохирогч Ц.Б нь 2020 оны 04 сарын 03-ны өдөр өгсөн /1-р хавтас 72-74 тал/ мэдүүлэгтээ алдсан үхэрний өнгө зүсний талаар далбигар эвэртэй ягаан зүсмийн гуна, цагаан амтай халтар зүсмийн баруун талын эвэр хугархай гуна, халтар зүсмийн гуна, эрлийз зузаан улаан зүсмийн оодон сүүлтэй гуна, бусад гунан эр үхрүүд биеэр арай жижиг гэж мэдүүлжээ. Дээрхи мэдүүлэгт шүүх хуралд хохирогчийн мэдүүлсэн мухар улаан гуна, хар гуна гэж байхгүй. Эндээс хохирогч алга болсон үхрийнхээ зүсийг мэдэхгүй бөгөөд шүүгдэгч нарын амыг дагуулж мэдүүлгээ өгч байна гэж хардахад хүргэж байна. Мөн хохирогчийн хүү гэрч Б.Ц анх өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...тухайн үед дансаар бүртгэхэд 10 тооны үхэр дутсан. Одоогоор зүсээр нь 7 тооны үхрийг зүсэлж мэдэж байна. Үүнд: Далиу эвэртэй ягаан гуна мориор бол хонгор зүстэй, эрлийздүү улаан гуна, хүрэн эрээн гуна, урагшаа хумбагар эвэртэй жижгэвтэр ягаан гуна, хөмсөг цагаан эрээн гуна, өрөөсөн эвэр нь хугархай хүрэн эрээн гуна, далибар том эвэртэй хүрэн эрээн гуна, жижгэвтэр биетэй улаан гуна гэж мэдүүлсэн. Өрөөсөн эвэр нь хугархай хүрэн эрээн гуна гэж мэдүүлсэн боловч хэргийн материалд авагдсан зарим гэрчүүдийн мэдүүлгээр эвэр нь хугархай халтар гуна гэж мэдүүлж байгаа. Гэрч Ц энэ үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө алдсан үхрийнхээ содон шинж тэмдгийг хэлэхдээ оодон сүүлтэй үхрийн талаар огт яриагүй. Мөн мэдүүлэгтээ сарлаг оруулахгүй дан монгол 136 үхэр гэжээ.   

Хохирогч Ц.Бийн малын А данс дээр 2018 онд нийт үхэр 240, үүнээс эр үхэр 25 гэсэн байсан. Хохирогчийн сарлаг дотор сарлагийн хэдэн эр үхэр байгааг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Холбогдогч гэм буруугаа хүлээхгүй байгаа нөхцөлд хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эсэхийг шалгах ёстой. Зарагдсан 4 тооны үхэрний талаар үнэн зөв мэдүүлэг өгөх магадлал хамгийн өндөртэй тухайн 4 үхэрний сүүлийн 2 үхрийг ачсан гэрч Б 2019.10.30-ны өдөр мэдүүлэг өгөхдөө ... Дондогийн /Г.О/ гаднаас саравчнаас халтар үхэр, хар үхэр ачсан. Тухайн үед Дондогийн эхнэр байсан гэжээ. Халтар үхэр, хар үхэр гэж мэдүүлсэн нь Г.Оын мэдүүлэг, Б.Нын мэдүүлэг дээрхи үхэрний өнгөтэй ижил зүс хэлдэг. Энэхүү гэрч Бгээс үхэрний чихний эмний талаар нэмж тодруулж асуух ёстой байсан. Малчид хоорондоо ижил нас зүстэй малаа эм тамгаар нь ялгадаг. Эдгээр нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал билээ. Харин хэргийн гол гэрч Дшүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ ...улаан гуна, улаан ягаан гуна, хар гуна, халтар гуна худалдаж авсан гэж мөн Г.О, Б.Н, Б нартай ижил өнгө зүстэй үхрийн талаар мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Г 2019 оны 10 сарын 16-ны өдөр мэдүүлэг өгөхдөө ягаан гуна, улаан гуна, халтар гуна, эрээн гуна гэжээ.

Гэрч Г 2019.10.30-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ ...тухайн үед гэгээ ороогүй харанхуй байсан. /харанхуй байсан бол Г.О, Б.Н хоёрын морины зүсийг яаж харсан бэ/ улаан, ягаан гуна, сүүлд ачсан 2 тооны үхэр нь 1 нь ам цагаан халтар үхэр нэг эвэр нь хугарчихсан байсан. Нөгөө үхэр хар халтардуу үхэр эвэртэй байсан гэж мэдүүлжээ. Гол гэрч Д.Гийн сүүлд өгсөн энэхүү гэрчийн мэдүүлэгт өмнө мэдүүлэгт эрээн гуна гэж /Б.Цын мэдүүлэгтэй ижил/ мэдүүлсэн үг нь ам цагаан халтар үхэр нэг эвэр нь хугарчихсан гэж Ц.Б хохирогчийн мэдүүлэгтэй ижилхэн болж өөрчлөгджээ. Энэ нь хулгайд алдагдсан үхэрнүүдтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэргийг нээхдээ Б.Цын эзэмшлийн гэж байгаад мал тооллогын А данс Ц.Бийн нэр дээр гарч ирсэн болохоор хохирогчоор Б.Цыг биш Ц.Бийг хохирогчоор тогтоосонтой холбоотой гэж хардаж байна. Шийтгэх тогтоолд гэрч Б.П, Д.Г нарын шүүх хуралдаанд гэрчээр оролцож хууль сануулсаны дараа шүүх хуралдааны оролцогч нарын өмнө өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй байна. Үүний оронд гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд 2 удаа өгсөн мэдүүлэг нь тогтвортой мэдүүлсэн байх тул хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нь үнэлсэн болно гэжээ. Жирийн малчин, хэрэгт гэрчээр оролцож байгаа хүн шүүхийн танхимд шүүгчийн өмнө цагдаа намайг зодсон гэж худлаа ярихгүй гэж бодож байна. Мөн өмнө өгсөн 2 мэдүүлэгт нь 1-р хавтаст хэргийн 21-22-р тал ...хонины хашааны чигтээ хойшоо хэсэг бараан зүйл явж байсан. Түүнийг морьтой хүн тууж явж байх шиг байсан. Харанхуй болж байсан болохоор сайн харагдаагүй, юу тууж явсан нь сайн мэдэгдээгүй тэр орой /Н/ гэртээ байсан. Бид хоёр хурга хамт барьсан юм гэж мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлэг нь шүүгдэгч Б.Ныг гэрч Пийн гэрийн хажуугаар өнгөрсөн бараан зүйлийг туугаагүй гэдгийг гэрчилж байна. Б.Н хургаа барьчихаад тийм богино хугацаанд талдаа 10 км зайтай нийт 20 км газар хохирогч Ц.Бийн гаднаас үхэр туугаад ирэх боломжгүй юм. Нөгөө шүүгдэгч Г.О нь мөн эхнэртэйгээ хургаа бариад төрсөн ах Алтангэрэлийндээ очиж ахынх нь найз С эхнэртэйгээ хамт ирсэн шөл уухад нь хонь төхөөрч өгөөд хонины гэдэс идээд тухайн өдрийн 23 цаг өнгөрч байхад гэртээ ирээд унтаж байгаад эргэж 2019.05.21-ний шөнийн 02 цагт төрсөн ах Алтангэрэл нь залгаж түргэн дууд гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Тэгээд Г.О нь ченж буюу гэрч Д.Гийн эхнэр сувилагч, мөн Гийн төрсөн ахынх нь эхнэр Архангай аймгийн Хотонт сумын их эмч болохоор нь түргэн дуудаж өгөөч гэж ярьж түргэн ирж байна уу гэж хэд хэд ярьсан гэдэг. Үүнийг нь Г буруугаар ойлгосон юмуу эсвэл Гийн ярьсан зүйлийг мөрдөгч буруугаар ойлгож бичсэн юмуу шөнө түргэн ир, түргэн ир гээд байсан гэсэн гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг талаар Г.О ярьдаг. Энэ бүхнээс дүгнэхэд Г.О нь 2019.05.20-ноос 21-нд шилжих шөнө хохирогч Ц.Бийн үхрийг хулгайлах боломжгүй байсан гэж ярьдаг. Энэ тохиолдолд Г.О нь хэрэг шалгах явцад хулгайн гэмт хэрэг үйлдээгүй талаараа хэлээд байхад мөрдөгч Г.Оыг гэм буруугүй байж болох уу гэсэн талаас нь харж Г.Оын эхнэр, төрсөн ах Алтангэрэл, түүний эхнэр, мөн Алтангэрэлийнд ирсэн байсан ахынх нь найз С, түүний эхнэр зэргийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолтой байжээ. Мөн хохирогчийн үхэр шөнө бэлчдэггүй хэрнээ шөнө байхгүй болоод тэр даруй маргааш өглөө нь үхрээ олж тоолоход 10-н толгой эр үхэр алга болчихоод байхад цагдаад мэдэгдэхгүй 10 хононо гэж байх уу? ийм сэжигтэй байхад хохирогч цагдаагийн газарт 2019.05.31-ний өдөр гомдол гаргасан байдаг. Гэрч Жамбалын 2019.11.13-ны өдөр өгсөн мэдүүлгийн хувьд ...хүү Б.Ц халтар зүсмийн цагаан амтай үхрийн эвэр нь хугарчихсан байна. Барилцаад өгөөч гэхээр нь барилцаж өгсөн гэсэн мэдүүлэг өгчээ. Энэхүү мэдүүлгийн үйл явдал болсон цаг хугацаа тодорхойгүй, эр, эм ямар үхэр байсан нь тодорхойгүй байна. Эргэлзээтэй нөхцөл байдал: Хохирогч 10-н монгол эр үхэр алдсан байхад 4-н эр үхрийг нь шүүгдэгч Г.О, Б.Н нарыг авсан гэж байгаа бол үлдсэн 6-н монгол эр үхэр нь хаачсан бэ? Үхэрний эвэр сүүл хугарах тохиолдол зөндөө байдаг. Олон малтай малчин айлуудад ижил зүстэй, ижил настай мал байхыг үгүйсгэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт алдагдсан гээд байгаа хулгайн эд зүйл болох 10-н монгол эр үхэр бодитоороо байхгүй, зураг нь ч байхгүй, толгой, чих, арьс шир, им тамга нь ч байхгүй, Г.О, Б.Н хоёрыг хохирогчийн гэрийн гаднаас алдсан гээд байгаа 10-н үхрийг нь хулгайлаад туугаад явж байсныг харсан гэрч ч алга. Эцсийн эцэст малчин хүмүүс малаа им тамгаараа ялгадаг бөгөөд им тамгагүй адил зүстэй малаа булаацалддаг малчид ч байдаг. Үүнийг зарим тохиолдолд шүүгч ч ялгах аргагүй. Им тамгагүй малыг хэний өмч болохыг тогтоох хамгийн найдвартай арга бол шинжилгээ юм. Оюун ухаант хүн хүртэл үр хүүхдээ эцэг, эх тогтоолгох шинжилгээ өгч байж өөрийн хүүхэд мөн бишийг ялгаж итгэдэг байхад ядаж гэрч Гийн зарсан 4-н үхэрний им тамганы талаар мэдээлэл байхгүй, нотлох баримт хангалтгүй, хангалттай нотлогдож тогтоогдоогүй байхад шүүгдэгч Г.О, Б.Н нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хэрэгт ач холбогдол бүхий шалгах шаардлагатай нөхцөл байдлуудыг орхигдуулж, хэрэгт ач холбогдол бүхий зарим гэрчүүдийг асуугаагүйгээс хэрэг шийдэгдэхэд эргэлзээ төрүүлж байна. Г.Оын зарсан 4-н үхэрний сүүлд ачсан 2 хар болон халтар эр үхэр нь аавынх нь үхэр гэх бөгөөд үхэр зарсан өдрөөс 10 орчим хоногийн өмнө аав Г гуай нь махны ченжид 2 сувай үнээ зараад тэр ченждээ хар болон халтар 2 эр үхрээ зарна гэж үзүүлэхэд үзэж хараад авахаар болоод явсан ч утас нь холбогдохгүй удаад байхаар нь Г.Оыг зараарай гэж хэлсэн гэдэг. Г.О нь урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд өөрөө олон малтай сайн малчин тул гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл байхгүй. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор Н.Өнөрбаяр давж заалдах гомдлуудад гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.О, Б.Н нарын өмгөөлөгч А.Ганбат, Г.Гандөш, Б.Хандмаа, П.Адьяасүрэн нараас гаргасан гомдлыг хүлээн авч танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлууд үндэслэлгүй байгаа учир дараах тайлбарыг гаргаж байна.

Б.П-с хэрэг бүртгэлтийн шатанд 2 удаа мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн гэдэг. Гэрчийн мэдүүлэг өгсөн он цаг хугацаагаар нь үзэхэд хэрэг гарснаас хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мэдүүлэг авахад ...гэхдээ 2019 оны 05 сарын 20-ны шөнө цагийг нь сайн мэдэхгүй байна. Манай эхнэр сүү хөөрүүлж байсан. Тэгэхэд эхнэр надад манай гадаа юм пижигнээд байна гараад хараач гэхээр нь гарч харахад манай хонины хашааны чигтээ хойшоо хэсэг бараан зүйл явж байсан. Түүнийг морьтой хүн тууж явж байх шиг байсан харанхуй болж байсан болохоор сайн харагдаагүй. Тэгээд буцаад гэртээ орж ирээд унтаад өгсөн юм гэх мэдүүлэг өгсөн байдаг, мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөн адил тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг юм. Б.П нь Б.Нын дүүгийнх нь нөхөр бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч нарын зүгээс санал гаргаж шүүх хуралдаанд оруулсан бөгөөд гэрч өөрийн өгсөн мэдүүлгээ айлган сүрдүүлж, зохиож бичсэн талаар худал мэдүүлэг өгч байгаа нь ойлгомжтой билээ. Мөн гэрчийн мэдүүлгийг өөр мөрдөгч буюу Г.Энхбаяр нь газар дээр нь шалгахад энэ талаар мэдүүлсэн байдаг. Мөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Б.Наас гэрчээр мэдүүлэг авахад ...би гэртээ эхнэртэйгээ хамт байсан. Тухайн өдөр гэрээсээ гараагүй... гэж мэдүүлдэг. Эхнэр болох О.Оюунгэрэл мөн адил мэдүүлэг өгсөн байдаг.

  1. Тухайн хэргийн хохирогч Ц.Б нь дээрх гэмт хэргийг Г.О, Б.Н нар нь үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байсан хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч нарын сэжиг таамаг үндэслэлтэй эсэх талаар шүүгдэгч Г.Оын тухайн цаг үед барьж байсан 98200030 дугаартай утасны орсон, гарсан ярианы дэлгэрэнгүй хуулгыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр прокурорын зөвшөөрлийн дагуу гаргаж үзэхэд тухайн хохирогч Ц.Бийн хулгайд үхрээ алдсан гэх шөнө буюу 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө олон тооны дуудлага хийсэн байсан. /1-р хх-ийн 240-р хуудас/. Ярьсан утасны жагсаалт бүрийн эзэнийг олж мэдүүлэг авсан бөгөөд Каз хочит Д.Г гэгчээс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг авахад Г.Оаас 4 тооны үхэр худалдаж авсан, Б.Н нар хамт байсан гэх мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч Г.Оаас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анх удаа гэрчээр мэдүүлэг авсан.
  2. Дахин нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулахад гэрч Д.Г алдагдсан үхрийн зүсийг хэлэхэд хохирогчийн содон шинж тэмдэг буюу ...1. Цагаан амтай халтар зүсмийн баруун талын эвэр хугархай буюу /гадна талын эвэр нь унаад дотор талын тугалмай нь үзүүр хэсгээрээ хугарсан байгаа гэхдээ сайн анзаарч харсан хүнд л ингэж харагдана/ гуна, 2. Халтар зүсмийн гуна баруун чих хойноосоо ухам, зүүн чих урдаасаа цуулбар эмтэй, 3. Далбигар эвэртэй ягаан зүсмийн гуна баруун чих хойноосоо ухам, зүүн чин урдаасаа цуулбар эмтэй, 4. Эрлийз зузаан улаан зүсмийн гуна оодон сүүлтэй, бусад гунан эр үхрүүдээсээ биеэр арай жижиг баруун чих хойноосоо ухам, зөв чих хойноосоо ганзага эмтэй таарсан байдаг. Үхэр нядалсан С.Гэрэлчулуун гэрчээр ...улаан үхэр нь эрлийз гэмээр том биетэй мухар богино оодон сүүлтэй үхэр байсан. Халтар үхрийн 1 талын эвэр нь богино байсан тухайн үед би хугарсан юм байх гэж бодож байсан...Би сайн санаж байна. Том биетэй нас гүйцсэн эр үхрүүд байсан. Тэр болгон манай суманд уг 4 үхэр шиг эр үхрүүд бойнд ороод байдаггүй учир санаж байна... гэж мэдүүлдэг.
  3. Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.О нь гэрч Д.Г-г өөрийн тээврийн хэрэгслээрээ гэрээс нь авчирч шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон тохиолдол гарсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолсон гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан мөрдөн шалгах арга хэрэгсэл буюу мэдүүлэг авах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах, мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг ажиллагааг хэд хэдэн удаа хийж гүйцэтгэж нотлох баримтын эх сурвалжийг магадлах, харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах зэрэг нотлох баримтыг шалгаж прокурор эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж өөрийн дотоод илтгэлээр үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Г.О, Б.Н нарын  өмгөөлөгчдөөс гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Прокурор Н.Өнөрбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх гомдол үндэслэлгүй байна. Хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн.

Шүүгдэгч Г.О, Б.Н нар нь бүлэглэн хохирогч Ц.Б-н малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Дан ганц гэрчийн мэдүүлгүүд биш шинжээч эмчийн дүгнэлтээр адууны ширний тамганы хэлбэр таарсан. Тухайн морь нь жороо морь байсан бөгөөд хохирогч гангараандаа унадаг байсан гэдэг. Ямар нэгэн байдлаар зарж борлуулах сонирхол байгаагүй. Энэ хэрэгт холбогдуулан шалгуулсны төлөө өс хонзонгийн сэдэлтэйгээр тухайн хайртай морийг нь алж, нядалсан гэсэн дүгнэлт гаргадаг. Дөрвөн тооны үхэр алдагдсан газар 40-н километрийн зайтай байгаагүй, 20-н километрийн зайтай. Шүүгдэгч Г.О гэртээ байхад төрсөн ах Алтангэрэл эхнэрийн бие өвдөөд түргэн дуудаж өгөөч гэж залгаад улмаар би Г руу залгасан гэсэн мэдүүлэг нь утасны орсон, гарсан дуудлагын жагсаалтаар үгүйсгэгддэг. Тухайн үеийн зах зээлийн үнэлгээ нь үхрийн хувьд шинжээчийн дүгнэлтээр 1800000 төгрөгөөр үнэлэгддэг. Тэгэхэд шүүгдэгч Г.О Гтой хийсэн наймаагаар үхрийг 900000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас нэг дахин бага хэмжээгээр зарсан байдаг. Г.О, Б.Н нар нь 4 тооны үхрийг хулгайлсан нь нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч И.Чимэдбадам шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч 10 тооны үхрээ алдсан. Нотлогдсон байдал нь 4 тооны үхэр байдаг, 6 тооны үхэрт холбогдох хэргийг тусгаарласан. Хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтууд хууль ёсны дагуу буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр хийгдсэн. Гэрч П гэдэг хүн нь Г.О, Б.Н хоёртой хоёулантай нь төрөл. Энэ хүний мэдүүлгийг үнэлэхдээ уншиж байгаа субъектүүд болгоомжтой уншиж, үнэлэх хэрэгтэй байх. Урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд Г, П хоёрыг шүүгдэгч нар өөрсдийнхөө машинаар авчирч байсан. Өмгөөлөгч нарын хэлээд байгаа 30, 40 километр зайтай газар үхрийг туух боломжгүй гэдэг энэ газар тийм газар биш байгаа. Би мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцоход Баянзүрх гэдэг газрыг даваад, уруудаад 20 километр газар байсан. Тэнд тийм айхтар хад асга байгаагүй. Хэдэн том чулуунууд бол байдаг юм байна лээ... шүүгдэгч нар нь гэрчүүдийг дарамталдаг, хохирогчийг өөр алдсан адуунууд дээр тохож айлгадаг. Дээрээс нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг хүртэл дарамталдаг... Энэ хэргийн хувьд бүрэн нотлогдсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг хийгээгүй. Ц, цагдаа хоёр намайг зодсон. Тэгээд намайг нүдэж зодоод тиймэрхүү юм болсон. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т заасан нотлох баримтын шаардлага, мөн хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал хангагдаагүй гэж үзэн гомдол гаргасан. Гомдолдоо дэлгэрэнгүй дурдсан байгаа. Орон зай, цаг хугацааны хувьд шалгах асуудлууд байгаа, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Эдгээр асуудлуудад нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

 

Шүүгдэгч Б.Н өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.7 дугаар зүйлийн 2.1-т заасан шаардлагыг хангаж чадаагүй. Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээг баримталсан эсэхийг хянан үзэх ёстой. Энэ үүргээ шүүх биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүх энэ хэрэгт хэд хэдэн эргэлзээтэй дүгнэлтүүд хийсэн. Гэрч П-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг худлаа мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлэг өгсөн гэж үзсэн. Хэрэв шүүхэд худлаа мэдүүлэг өгсөн бол тэр хүнд эрүүгийн хэрэг үүсгэх ёстой байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтууд хуульд заасан арга хэрэгслээр цуглараагүй. Гэрч П-г гарын үсэг зураад зайл гэж, хүчээр гарын үсэг зуруулсан зэрэг зүйлүүд байгаа. Энэ бол хууль бус. Б.Нын өвсний хашаанаас адууны шир гарсан гэж зургийг нь хэрэгт бэхжүүлсэн байгаа юм. Тэгвэл хүний эд хөрөнгөд халдаж, зураг хөргийг нь зөвшөөрөлгүй авсан зэрэг хууль бус аргаар нотлох баримтыг бүрдүүлсэн нотлох баримтууд эргэлзээтэй. Жишээ нь Б.Н-н хашаанаас шир гаргаж авахад хамт явсан гэрч Батмэндийн мэдүүлэг байгаа. Саравчны дээр байгаа өвсөн дороос хээр адууны шир гарч ирсэн. Б-н хүү Ц-н мэдүүлэг дээр миний наадамд унадаг жороо морь байсан гэж. Тэгвэл жороо морь, хурдан морь энэ бүгд малын удмын Сйн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Тэр бүртгэл хавтаст хэрэгт байхгүй. Үүнээс үзвэл Б.Н 2 адууг хулгайлаагүй байна. Тэр адууны шир, шийрийг тэр 4-н хүн Б.Нын өвсөнд авчирч хийсэн байна. Дараа нь гаргаж ирсэн байна гэж дүгнэж байна. Б.Н адуу хулгайлсан гэм буруугүй. Үхэр хулгайлсан гэх гэм буруугийн хувьд мөн адил эргэлзээтэй. Шүүх шийдвэртээ юуг заах хэрэгтэй вэ? гэхээр нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүхэлдээ бүрэн гүйцэд хийгдсэн үү? үгүй юу? гэдгийг хянан үзэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Үхэр ачих гэж Г ирсэн, Б.Ныг үхэр хашилцаад өг гэсэн. Энэ чинь хэвийн аж төрөх ёсны хэвшил. Эхний хоёр үхрийг хашилцаж өгөөд яваад өгсөн. Сүүлийн хоёр үхрийг өөр хүмүүс ачсан. Гэтэл Б.Ныг зохиомлоор энэ хэрэгт хамааруулж байна. Гэрчийн мэдүүлэг байгаа. Үхрийг нь морьтой хүн туугаад байсан гэж. Тэгвэл үхэр хулгай хийж байгааг хүмүүс харж байсан байна. Тэгвэл яагаад түүнийгээ хамгаалах арга хэмжээ аваагүй. Тухайн үед харанхуй байсан. Гэхдээ хийц нь Б.Нын хийцтэй байсан гэж байгаа юм. Б.Ныг хүчээр энэ хэрэгт холбогдуулах гэж урьдаас бүгдийг зохион байгуулсан. Харамсалтай нь мэдүүлгүүд зөрж байгаа. Би адууныхаа мөрийг хөөсөн. Г.Оынх руу чиглэж явсан. Манай адууны мөр мөн байсан гэх мэдүүлгийн үнэн зөвийг шалгах ёстой байсан. Ямар шинжээр нь манай адууны мөр гэж байгаа юм. Малын мөрийг туурайны сэтэрхийгээр гэдэг юм уу? хөлийн гишгэгдэл гэдэг юм уу? энэ бүгдээр нь дүрсэлдэг. Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж, хэргийн үйл баримтыг нэг бүрчлэн тогтоогоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болоогүй гэж дүгнэж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2-т заасан хэм хэмжээнүүдийг зөрчсөн. Мөн шүүх нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Б.Ныг зохион байгуулалттай гүтгэж байгаа бүлэг хүмүүс тэр шийрийг Б.Нын саравчинд өмнө нь аваачиж хийгээд дараа нь тэрийгээ ухаж авч зургийг нь авсан байгаа нь зориуд урьдаас төлөвлөсөн арга хэрэгсэл ашигласан гэх магадлал өндөр байна. Яагаад гэвэл тэнд шийрийг нь хийчихсэн байгаа юм бол мах нь хаана байгаа юм. Хоёр шийр гарч ирсэн гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Тэгвэл 2 адуу чинь 8-н шийртэй, 6-н шийр нь хаана байгаа юм... Миний бие хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэсэн санал давж заалдах гомдолдоо бичсэн. Хэргийг олон дахин судалж үзсэний үндсэн дээр ерөөсөө энэ бол гэмт хэрэг биш байна, гэмт хэрэг биш байгаа учраас Б.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг хийгээгүй ээ, үнэн зөвөөр нь шалгаж өгөөч. Б гэдэг хүний ярьсан нь үнэн харин бид нарын ярьсан нь биш болоод байгаа юм шиг байна. Үүний учрыг нь олж өгөөч. Би өөрөө мал малладаг хүн. Өөрийнхөө малыг зарчихаад хүний мал хулгайлсан хэрэгт орно гэж юу байхав. Хүний мал хулгайлаагүй. Би хэзээ ч тийм муухай юм хийгээгүй. Гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагч тайлбартаа хохирогч үхрийн содон шинж тэмдгийг хэлсэн гэж байна. Тайлбартаа хавтаст хэргийн хэддүгээр хуудсанд хохирогч гэрч нар юу гэж мэдүүлсэн гэдэг талаар хавтаст хэргийн дугаартай нь, мэдүүлэгтэй нь хэлсэн байгаа. Шүүгдэгч нарын ярьж байгаа нь зүйл бол зохиомол мэдүүлэг, зохиож яриад байна гэж байна. Хохирогч үнэхээр үнэн ярьсан бол гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримт бүгд хохирогчийн мэдүүлэгтэй таардаг. Гэтэл энэ хэрэг дээр хохирогч нь сүүлдээ шүүгдэгчийн мэдүүлэгтэй адилхан болоод хохирогч нь шүүгдэгч нарын мэдүүлэгтэй ижилхэн болоод явчихдаг. Хохирогчийн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадахгүй, зөрөөд байдаг. Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлэг бүх гэрчүүдийн мэдүүлэгтэй таардаг. Тэгэхээр энэ хэрэг дээр шүүгдэгч нарыг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж дүгнэж байна. Утасны биллээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа гэж байна. Энэ утасны билл нь үхэр хулгайлж байгаа нотлох баримт биш.

 

Гэрч Г-н мэдүүлэгт нэг эр үхрийг 900.000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлсэн байна. Гэтэл нэг эр үхрийг 1.800.000 төгрөгийн ханштай гэдэг. Энэ талаар хэргийн материалд нотлох баримт авагдаагүй, Ггийн мэдүүлэг дээр манай үхрүүд бол хязаалан, нас гүйцсэн үхрүүд байгаагүй гэдгийг хэлдэг. Хохирол төлнө гэж 5 хоног завсарлага авчихаад төлөөгүй гэж прокурор яриад байсан. Энэ бол хэрэгт ямар ч хамааралгүй. Өмнө нь би хүсэлт өгөхдөө Г.Оын хувийн байдлын талаар малын А дансыг нь өгсөн бөгөөд 1400 малтай гэж тоологдсон байсан. Мөн гэрч Г-н буюу Г.О-н аавынх нь малын А дансыг ч өгсөн. Тэгэхээр энэ хүмүүс бүгдээрээ эд хөрөнгөтэй, малтай хүмүүс учир 4-н тооны үхэр хулгайлах уу? үгүй юу? гэдгийг анхаарах хэрэгтэй ... иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож Г.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүх хэргийг тал бүрээс нь нотолсон байхыг шаарддаг. Г.Оыг Б.Нтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байна. Чухам юу юуг, яаж тал бүрээс нь нотолсон гэдэг нь байхгүй. Мал алдагдсан газар Г.Оын гэрийн гадна хүртэлх хоорондын зай 30-40-н километрийн зайтай. Тэгэхээр гуравхан цагийн дотор малыг тууж яваад очсон асуудал нь эргэлзээтэй байдаг... Эргэлзээтэй байгаа асуудлыг тодруулах шаардлагатай. Үүнийг мөрдөн байцаалтанд шалгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Г.Гандөш, П.Адьяасүрэн, шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч А.Ганбат, Б.Хандмаа нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Б.Н нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэр “Баянзүрх Уул” гэх газарт байрлах хохирогч Ц.Бийн гэрийн гадна байсан түүний эзэмшлийн 4 тооны үхрийг Г.О-тай бүлэглэн хулгайлж 7200000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутагт байсан хохирогч Ц.Бийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 5000000 төгрөгийн хохирол учруулсан,

Г-н О нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэр “Баянзүрх Уул” гэх газарт байрлах хохирогч Ц.Бийн гэрийн гадна байсан түүний эзэмшлийн 4 тооны үхрийг Б.Нтай бүлэглэн хулгайлж 7200000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Б, гэрч Д.Г, М.Б, С.Гэрэлчулуун, Ж.Ж, Н.Х, Б.П, Т.М, Б.Ичинхорлоо, Б.Ц, Б.Б, Б.Д нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD, эд зүйлд үзлэг хийсэн, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Г.О, Б.Н нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Г.Гандөш, П.Адьяасүрэн, шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч А.Ганбат, Б.Хандмаа нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Г.О, Б.Н нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Г.Гандөш, П.Адьяасүрэн, шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч А.Ганбат, Б.Хандмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.О, Б.Н нарын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.