Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0961

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******** ****** *** ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Н******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Т******** ****** *** ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрийн Т******** ****** *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

 

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 291 тоот шийдвэрийн дагуу Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Зараа толгой нэртэй газар орших 2965,50 гектар талбайд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2047 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 30 жилийн хугацаатайгаар ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг авсан.

Тус тусгай зөвшөөрлийн талбайд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ-г БНХАУ-ын ***** муж С* Ч** Д* М** олборлолт ХХК-тай байгуулж, уг гэрээний дагуу уурхайн ашиглалтын үйл ажиллагаа хэвийн явуулахад зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг захиран зарцуулахаар харилцан тохиролцсон боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүчин зүйлээс шалтгаалан бизнесийн үйл ажиллагаанд маань доголдол учирсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу манай компанийн 2022 оны ** дугаар сарын 26-ны өдөр № 01/*** тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийг төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн № 10/3*** тоот албан бичгээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заасан. Иймд танай хүсэлтийг хүлээн авч төлбөр төлөх хугацааг сунгах боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариуг өгч, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасны дагуу цуцалж шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгаан" гэж, 6.1.41.г-д хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон гэж тус тус зааснаас үзэхэд манай компанид тулгарсан нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгааныг хуульчлан тогтоосон үндэслэлд хамаарахаар байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн № 10/3*** тоот албан бичигт тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломжтой эсэх талаар болон манай компанид тулгарсан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох талаар тодорхой дурьдаагүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэхээс өмнө ... төлбөр төлөх хугацааг хойшлуулах, манай компанид учирсан хүндэтгэн үзэх шалтгааныг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн хүлээн авах боломжтой эсэх ... асуудлаар манай компанид сонсох ажиллагааг явуулаагүй болно.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь сонсох ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хүндэтгэн үзэх шалтгаанаа бүрэн нотлох эрхээр нь хангалгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

Манай компаниас хуульд заасан хугацааны дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчтай эвлэрэх үндэслэлээр уг нэхэмжлэлийг буцаах хүсэлтийг шүүхэд гаргасан ч талуудын хооронд эвлэрэх боломжгүй болсон болно.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд манай компани анх Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 291 шийдвэрийн дагуу Дундговь аймгийн Эрдэнэ сумын Зараа толгой нэртэй газар орших 2965,50 гектор талбайд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2047 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг авсан. Тус тусгай зөвшөөрлийн талбайд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0*** дугаартай хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээг Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр монголын өөртөө засах орны муж С* Ч** Д* М** олборлолт ХХК-тай байгуулж, уг гэрээний дагуу уурхайн ашиглалтын үйл ажиллагаа хэвийн явуулахад зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг захиран зарцуулахаар харилцан тохиролцсон боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүчин зүйлээс шалтгаалан бизнесийн үйл ажиллагаанд доголдол учирсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу манай компанийн 2022 оны ** дугаар сарын 26-ны өдөр №01/133 тоот албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт хандан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №10/3*** тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заасан. Иймд танай хүсэлтийг хүлээн авч төлбөр төлөх хугацааг сунгах боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариуг өгч, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж заасны дагуу цуцалж шийдвэрлэсэн байна. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгаан гэж, 6.1.41.г-д хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон гэж тус тус зааснаас үзэхэд манай компанид тулгарсан нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгааныг хуульчлан тогтоосон үндэслэлд хамаарахаар байх бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №10/3*** тоот албан бичигт тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломжтой эсэх талаар болон манай компанид тулгарсан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох талаар тодорхой дурдаагүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-д Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэхээс өмнө төлбөр төлөх хугацааг хойшлуулах, манай компанид учирсан хүндэтгэн үзэх шалтгааныг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн хүлээн авах боломжтой эсэх асуудлаар манай компанид сонсох ажиллагааг явуулаагүй болно. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь сонсох ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн эзэмшигчийг хүндэтгэн үзэх шалтгаанаа бүрэн нотлох эрхээр нь хангалгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. Манай компаниас хуульд заасан хугацааны дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 21-ний шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчтай эвлэрэх үндэслэлээр уг нэхэмжлэлийг буцаах хүсэлтийг шүүхэд гаргасан ч талуудын хооронд эвлэрэх боломжгүй болсон. Иймд дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оноос өнөөдрийг хүртэл бараг 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энэ дүн бол хайгуулын талбайд хийсэн ажил болон ажилчдын цалин хөлс юм. Тийм учраас бидний энэ хөрөнгө оруулалтыг харгалзаж үзнэ үү. Ашиглалтын лиценз болсноос хойш жилийн төлбөр нь 65 сая төгрөг төлдөг. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т******** ****** *** ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дахь Зараа толгой нэртэй 3895 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 8***Х дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 20** оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр Т******** ****** *** ХХК-д олгожээ. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн 2965.50 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай Т******** ****** *** ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч Т******** ****** *** ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан. Дээрх хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алдангийг ногдуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2022 оны ** дугаар сарын 21-ний өдрийн 6/3768 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу Т******** ****** *** ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэжээ. Шийдвэрийн дагуу мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10/4*** дугаар албан бичгээр компанид хүргүүлсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Т******** ****** *** ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй ... гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын ** дугаар шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Т******** ****** *** ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн 2022 оны ** дугаар сарын 26-ны өдрийн 01/133 дугаар албан бичгийн хариуг тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10/3971 дугаар албан бичгээр ... хүсэлтийг хүлээн авч төлбөр төлөх хугацааг сунгах боломжгүй гэж хүргүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй болно. Иймд Т******** ****** *** ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг үндэслэн талбайн хэмжээ хасагдаад 2965,50 гектор талбайг уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоод 30 жилийн хугацаатай А лицензтэй болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь онцгой эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаад, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр орж нөөцөө тогтоолгож Байгаль орчны яамны ерөнхий үнэлгээ гээд олон үе шат дамжих ёстой. Ингээд А лицензээ авсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхэлж жил бүр бүрэн төлнө гэсэн үүрэгтэй. Нэхэмжлэгч компани 2022 оныхоо төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан. Энэ өдрөө төлж чадахгүй бол ** дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгаад, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийнхээ 0.3 хувиар алданги тооцно гэж заасан байдаг. Иймд ** дугаар сарын 28-ны өдрийг хүртэл алданги тооцсон. Энэ үүрэг биелэгдээгүй юм. Нэхэмжлэгч талаас өмнө нь үүргээ сайн биелүүлж байсан гэж хэлж байна. Энэ олон жил лицензээ хадгалаад явж байсан болохоор төлбөрөө хэзээ яаж төлөхийг мэддэг байсан гэсэн үг. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалах гэж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ яаж хадгалах вэ гэхээр энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32, 33-д заасан нөхцөл шаардлага хангаж ажиллах юм. Нэхэмжлэгч тал бол өөр ямар нэгэн зүйлд маргаагүй. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл систем дээр гараад ирнэ. 06 дугаар сарын 25-ны өдөр болоход бид мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудсаа системд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн. Энэ мэдэгдлээ ** дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн. Үүний дараа төлбөр төлсөн баримт ирэх байсан. Ингээд 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэр гарсан. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрийг хойшлуулах зохицуулалт байхгүй. Манайд хүсэлт ирүүлсэн, тус хүсэлтийн хариуг 08 дугаар сарын 04-ний өдрийн 10/3971 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дугаар зүйлийг үндэслэж гарсан ** дугаар шийдвэр бол хууль зүйн үндэслэлтэй шийдвэр. Хайгуулын лицензтэй бол 3 жилээр сунгах ёстой байдаг. 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрөө төлөөд, төлж чадаагүй бол ** дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх алдангаа төлсөн бол асуудал гарахгүй байсан. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т******** ****** *** ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрийн Т******** ****** *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон 8***Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс[1] үзэхэд Т******** ****** *** ХХК-д анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 20** оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 291 дугаар шийдвэрээр NM-0***** дугаартай өргөдлийн дагуу Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дахь Зараа толгой нэртэй 2965.50 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-****** тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн MV-****** дугаар гэрчилгээнээс үзэхэд, Т******** ****** *** ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2047 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаатайгаар олгосон байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ** дугаар шийдвэрээр Т******** ****** *** ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-****** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Т******** ****** *** ХХК нь тусгай зөвшөөрлийн 2023 оны төлбөрийг алдангийн хамт 2022 оны ** дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан байна.

Т******** ****** *** ХХК нь дээрх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө буюу 2022 оны ** дугаар сарын 26-ны өдөр 01/133 тоот албан бичгээр[2] хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон тул төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтээ хариуцагчид гаргасан болох нь Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10/3*** тоот албан бичиг[3], хэргийн оролцогчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөх боломжгүй болсноо хуульд заасан боломжит хугацааны дотор бичгээр илэрхийлж, хүсэлт гаргаж байсан болох нь нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж бизнесийн үйл ажиллагаанд доголдол үүссэн, 2022 онд манай улсад цар тахлын хөл хорио тавигдсан байсан боловч Хятад улсад хатуу хөл хорио тавигдаагүй, тус улс хилээ нээгээгүй байсны улмаас хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулах байсан Хятад улсын түншүүд маань манай компанид хөрөнгө оруулалт хийж чадаагүй учир манай компани тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжгүй хүнд нөхцөл байдалд орсон гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах нь үндэслэлтэй байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгаан гэж, 6.1.41.г-д хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, 7 дугаар зүйлийн 7.2-т Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна, 7.2.7-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх үйл баримтууд болон хуулийн зохицуулалтаас үзэхэд, хүндэтгэн үзэх шалтгаан /цар тахлын хөл хорио/-ны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж чадаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдаанд манай компани нь уг тусгай зөвшөөрлөө банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авсан байтал хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдээгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд баримт бичиг болон эд хөрөнгийн хамт барьцаалахыг зөвшөөрсөн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна, 51.7-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй гэж тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэхээр хуульчилсан байх ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг холбогдох бичиг баримтын хамт барьцаалсан барьцаалагч буюу банк бус санхүүгийн байгууллагад цуцалсан талаар мэдэгдэхээр байна.

Иймд манай компани нь уг тусгай зөвшөөрлөө банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авсан байтал хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдээгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдаанд манай компани нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд 20** оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж 3 тэрбум орчим төгрөгийн зардал гаргасан тул манай тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г, 7 дугаар зүйлийн 7.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т******** ****** *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ** дугаар шийдвэрийн Т******** ****** *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т******** ****** *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ