Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 713

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.22                                                 Дугаар 713                                      Улаанбаатар хот

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00641 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ӨМ ” ХХК-д холбогдох,

 

Нэр төр сэргээлгэх, төлбөр бүхий нийтлэлийг тэр хэвээр нь сонинд нийтлэх замаар залруулга хийхийг хариуцагчид даалгах, гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өдрийн сонины хэлэх эрхийн индэр, буланд 50 000 төгрөг төлж үг хэлэх болсон. Тэгсэн миний үгийг гаргаагүй. Миний нэг үгийг л /бүлэг/ сонгон авч ишлэн миний нэрээр, миний нэрийг ашиглан зохиож бичээд нэмж санаанаасаа нилээдийг зохиож бичээд бусад үгийг минь гаргаагүй. Зохиож бичсэн зүйл нь “...Энд тэндгүй согтуу хумүүс гудамжинд хэвтэж, үр хүүхэд хажууд нь суух дүр зураглал олон боллоо. 1990 онд ардчилсан хувьсгалын дараа тэр үеийн залуучуудын ихэнх нь буруу замаар будаа тээх болсон. Архинд донтож, үр хүүхэд ар гэрээ зовоогсод их болсон. Одоо ч тэдний залгамж халаа болсон шинэ үеийн залуус тасрахгүй байсаар байна. Төр засгаас шийдвэртэй арга хэмжээ авч, энэ олон архины үйлдвэрээ хязгаарлаж, иргэддээ эрүүлээр сэтгэх боломжийг нээж өгмөөр юм. Буруу бүтэхгүй түрүүнд л архи л нэрлэгддэг. Согтуугаар машин барьсан жолооч өдөрт л 30-40 гэж дуулдана. Өөрийн болоод бусдын амь насыг хайрлахаа байж. Хошин шогчдыг дуурайж, нэгнийгээ архиар шахах нь элбэгшлээ. Энэ тийм ч үлгэр дуурайл авах үйлдэл биш байх. Архи гээч хорт ундааг хэн ч, хэзээ ч бараагүй юм шүү” гэж бүгд зохиомол би тэгж хэлээгүй. Тус сонины хэлэх эрхийн индэрийн сэтгүүлч С.О гэдэг сэтгүүлч бичсэн. Ер нь хүний нэрээр сайн, муу элдэв юм бичих бүдүүлэг хэрэг нэр төрд халдсан. Гарчигнаас эхлээд л өөрчилж Архийг буруу ундаа гэж нэрлэмээр санагдах юм гэж эмэгтэй хүн шиг, эрүүл бус маягийн /санагдах юм/. Уул нь Архийг буруу ундаа гэж нэрлэх гэсэн ийм зүйл хэлсэн байсан. Уул нь гарчигийг шашин гэдэг ч юм уу гээд хэлээд гарсан санана. Миний бие нэр төрөө эрхэмлэгч нэгэн. Үгээ бодож бичдэг ярьдаг. Өөрийгөө хүндэлдэг. Урьд өдрийн сонины харилцаж байсан. Энэ нь ӨС миний нэр төрд халдаж байсан, халдсан явдал нэг бус удаа болж байсан. Энэхүү нэхэмжлэлд өөрийн тушаасан 50 000 төгрөгийг буцааж нэхэмжлээгүй. Миний хэлэх байсан үг файлаар, плашаар тус сонинд өгсөн. Тухайн үед файлаар, плашаар өгсөн гаргана гэж ойлголцлоо л гэж бодсон, ойлгосон тохирсон. Алдаа байна гээд гаргаагүй юм уу гэсэн тэгээгүй. Миний нэр төрд халдаж, гутааж нэр төр ашиглаж элдэв зүйл санаанаасаа зохиож бичсэн нэр төрд халдсан, гутаасан Өдрийн сониноор миний нэр төрийг сэргээлгэж, тухайн өөрийн сониноор, өөрийн тараасан хэлбэрээрээ залруулга хийхийг даалгаж, хэлсэн үгийг минь гаргуулж залруулга хийхийг даалгаж, 1 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хэлэх эрхийн индэрийг Ерөнхий эрхлэгчийн баталсан журмын дагуу ажиллуулдаг ба уг журамд заасны дагуу холбогдох найруулгын засварыг хийсэн болно. Уг нийтлэлд С.Б-ийг гүтгэсэн эсхүл доромжилсон ямар нэг үг болон өгүүлбэр байхгүй. Аль хэсэг нь хэрхэн яаж түүний нэр хүндэд халдсан болохыг тайлбарлаагүй байх тул шаардлагын үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна. С.Б-ийн өөрийнх нь флашаар авч ирсэн материал ч байгаа. Гэтэл тэрийг хэн ч уншаад ойлгохгүй зүйл байсан учраас өөрчилсөн. Энэ хүн манай сонинтой маш олон жил харилцаатай байсан. Ялангуяа хавар ирдэг. Сүүлдээ материалууд нь хүн уншаад ойлгох боломжгүй материал ирсэн учраас таныг индэр оруулах боломжгүй, орохоор бол мөнгөө төлж ор гэж хэлсэн. Гэтэл мөнгөө төлчихөөд орж ирсэн учраас ирүүлсэн материалыг нь засаад оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр залруулга хийлгэхийг хариуцагчид даалгах, С.Б-ийн хэлсэн үгийг гаргуулахыг даалгах, гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өмнө нь мэдэхгүй Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандсан. Тэгсэн хэрэг биш гээд авч хэлэлцээгүй 50 000 төгрөгөө залилууллаа гээд, тэрнээс өмнө нилээд эрт бас ийм зүйл болоод өөрийн харъяа 8 дугаар хороо байцаагч нь байхгүй 7 дугаар хорооны байцаагчид хувиарлагдаж мөн хэрэг биш гээд орхичихдог юм билээ. Миний хэлсэн сонинд гаргах байсан гаргах зүйл нэхэмжлэлийн шаардлага аль нь ч Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой энэ иргэн тусгаар тогтнол хамгаалаад байна гэж сонины зарим хүмүүс мэдээд байх шиг байдаг. Хариуцлагатай нарийн бичгийн дарга гэх мэт гэхдээ энэ асуудалд оролцоогүй байхаа. Хүн өөрөө мэдрэмжийн амьтан мэдрэмж өөрчлөгдөж байгаа хандлага өөрчлөгдөж байгаа мэдэрч л байсан. Миний хэлсэн үгийг гүйцэд гаргаагүй зөвхөн нэг хэсэг нэг бүлгийг л сонгон ашиглаж миний нэр ашиглан бичсэн. Хэвлэсэн, ундаа гэж нэрлэх хаяг шошгон дээр нь бичих жижгээр юм уу гэж нарийн мэдрэмжийн юм байсан. Тэдгээрийг санаа аван ашиглаж зохиож бичсэн. Мөн 90 оны ардчилсан хувьсгалаас хойш ардчилалд орсон буруу болчихсон юм уу гэж ойлгож болохоор улс төрийн юм гэдэг улс төрийн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа энэ олон архины үйлдвэрээ хязгаарлаж олон үйлдвэртэй эсэхийг сайн мэдэхгүй баримт тавин баримтгүй зүйл ярьдаггүй. Шүүх дээр нэхэмжилсэн мөнгөн дүнг асууж байсан нийгмийн дундаж цалин иймэрхүү байх түүнийг бодоод л их хэмжээ нэхэмжлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй шүүхэд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “ӨМ ” ХХК-д холбогдуулан нэр төр сэргээлгэх, төлбөр бүхий нийтлэлийг тэр хэвээр нь сонинд нийтлэх замаар залруулга хийхийг даалгах, гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 21.9 дэх хэсэгт энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд зааж буй “ӨМ ” ХХК нь тус сонины 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаарын “Хэлэх эрхийн индэр” хэсэгт нийтлэгдсэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэн С.Б-ийн “Архийг буруу ундаа гэж нэрлэмээр санагдах юм” гэсэн гарчигтай мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр ӨС-д нийтлэгдсэн мэдээлэл түүний ямар эрх ашиг хөндөгдөж, нэр төр гутаагдсан нөхцөл байдал тодорхойгүй байна. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд “харин эсрэгээрээ эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц” байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч нь “...санаа аван ашиглаж зохиож бичсэн, нэр төрд халдсан...” гэх агуулга бүхий гомдол гаргасан боловч нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хуулийн шаардлага хангасан баримт, нэхэмжлэгчид учирсан бодит гэм хорын хохирлыг нотлох баримтын хүрээнд дүгнэх учиртай тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00641 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хүсэлт гаргагч С.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар   98 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

             ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ