| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0099/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/162 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Х.Ууганбат (томилолтоор),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч (цахимаар),
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2502000000013 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, халх, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт *******,, тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь ,,ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “” ХХК-иас 6 ширхэг падаанаар 581,818,180 (таван зуун наян нэгэн сая, найман зуун арван найман мянга, нэг зуун ная) төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 58,181,814 (тавин найман сая, нэг зуун наян нэгэн мянга, найман зуун арван дөрөв) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: компани байгуулагдаад 30 жил болж байгаа. худалдааны төв гээд хүнсний төв ажиллуулж хүнсний ногоо, мал аж ахуй гэх мэт маш олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Нарантуул зах болон энэ тэндээс нийт 100 гаруй аж ахуй нэгжүүдтэй НӨАТ-ын асуудлаас болж муудаад сүүлдээ бараагаа татаж авч чадахгүй байгаа. Ихэнх хүнсний бизнес эрхлэгчид мэдэж байгаа. Хэрвээ НӨАТ-өө авч чадахгүй бол улсад НӨАТ-ын өрөнд ороод явж байгаа. 2018 онд гэх фейсбүүк хаягтай хүн хөдөөгүүр хатаасан жимс, загас, даршилсан ногоо зарж байсан. Би түүнээс худалдан авалт хийж, хэдэн зуун сая төгрөгийн борлуулалт хийлээ шүү НӨАТ өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл 2022 онд эгчээ би гэх компаниас НӨАТ хийсэн шүү гэж хэлж байсан. 2022 онд Татварын хэлтсээс алдаатай НӨАТ-ын баримт орж ирсэн байна. Үүнийг залруул гэж хэлж байсан. Ингээд тухайн үед засаж байсан. Ингээд хүнсний орлогоос НӨАТ-өө хийгээд улсыг ямар ч хохиролгүй болгосон. Татварын алба аж ахуй нэгжийн хүсэлтээ өгөхөд засварлаагүй байсан. Анх их хэмжээний НӨАТ орж ирэхээр нь Татварын албаас асуусан, үл хөдлөхөөс асуусан. Энэ компанийг үйл ажиллагаа явуулдаг компани мөн байна уу, хөдөө орон нутагт борлуулалт хийдэг компани их хэмжээний НӨАТ шивсэн байна гэж хэлэхэд энэ компани жил гаран болж байгаа компани байна. Бид НӨАТ шивж байгаа эсэхийг мэдэх боломжгүй гэж хэлж байсан. Тэгээд бид улсыг ямар ч хохиролгүй болгосон. Нэгэнт орж ирж байгаа НӨАТ-ыг шалгахад үнэхээр хэцүү юм байна. НӨАТ хийсэн гэж хэлдэг эцэст нь биднийг яллагдагчаар татсан байна. Надад хууль зөрчиж НӨАТ-ыг нуун дарагдуулах бодол байгаагүй. Цаанаасаа худалдан авч байгаа газартайгаа гэрээтэй байх байсан юм байна. Ихэнх компанитай гэрээ хийх хүсэлт тавихаар манай компаниас авахаа болчих гэдэг. Гэхдээ яагаад Татвар процессын алдаатай тайлан хүлээж авсан юм бэ гэдэгт гомдолтой байна. Одоо улсад ямар ч хохирол байхгүй, тухайн үед НӨАТ-өө залруулсан байгаа. компани 2022 оны 7 сараас НӨАТ төлөгч болсон. гэсэн байсан. 2022, 2023 онуудад төрд төлөх ёстой төлбөрөө төлсөн. Хэрэв төлөөгүй бол бид одоо төрд төлөх төлбөртэй харагдах байх. Нийлүүлэлт хийж байгаа компаниудын 60% нь и-баримт өгдөг. Үлдсэн 40% нь дандаа хүнсний бараа буюу гурил дамжин борлуулагч компаниуд байдаг, мөн манайх өөрийн тарьдаг нарийн ногоондоо татварын хөнгөлөлт авдаг эсэхээ мэдэхгүй 10 жил болсон...гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би компанийн хэрэгт хохирогчоор оролцож байна. Тухайн хэрэг шийдэгдээгүй байгаа. Тус компанийн захирал “ Бараа бүтээгдэхүүн худалдаж аваад баримтаа сүүлд нь нөхөж авсан” гэж байна. Энэ нь Татварын хууль болон бусад хуульд тухайн байгууллагын удирдлага буюу захирал хариуцан гаргана гэсэн байдаг. Иймд тухайн үед үйл ажиллагаа явуулж байхдаа бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар ажиллах ёстой. Зүгээр нэг хүнээс бараа авчхаад сүүлд нь НӨАТ-өө өгсөн шүү гээд байх нь хууль дүрмийг зөрчиж байгаа асуудал юм. Захирал тухайн байгууллагын тайланг үнэн зөвийг хариуцаж ажиллана, ингээд гарах эрсдэлийг хүлээдэг. Ингээд цаашид татварын хөнгөлөлт чөлөөлөлт урамшуулал гэх мэтийг эдэлдэг. Иймд хуулийг сайн судалж хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөрдөн байцаалтын шатанд хэн хэн нь буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч улсад төлөх татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон асуудал үүсээд байгаа. Ингээд түрүү татварын албатай тулгаж засварласан талаар хэлж байна. Мөн программын асуудалтай холбоотой санал гомдол гарч байвал тухайн үед нь засварлаж байдаг. Байнга алдаа гараад байна гэж байхгүй. Хэрвээ алдаа гарсан бол цаашид үйл ажиллагаандаа сайн хяналт тавьж байх хэрэгтэй. Падаан тараасан компаниуд өөрсдийн борлуулалтаараа орлогоо тодорхойлоод худалдан авалтаараа хасалтаа хийлгээд явсан. компани бараа материал аваагүй, эсвэл авсан бол бодит дүнгээрээ биш тайлангаа буруу гаргаснаараа. компанийн улсад төлөх татварыг бууруулж байгаа үйлдэл байгаа. Хэрвээ эдгээр компани тайлангаа үнэн зөв мэдүүлдэг байсан бол хоёр талдаа тайлан зөв гарч улсад хохирол учрахгүй байсан. Иймд энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийн шинжийг агуулаад байгаа юм. Иймд энэ компанийг нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан байна гэж үзэж байна...гэв.
Эрүүгийн 2502000000013 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ы: Би 2000 оноос эхлэн т хувиараа хүнсний дэлгүүр, газар тариалан, мал аж ахуйн бизнес эрхэлж эхэлсэн 2013 онд "Бат гарьд эрдэс баяр" ХХК-ийг тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж 2022 оны 07 сар хүртэл Х тайлантай явж байгаад хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болж 80 иргэнийг ажилд авч лангуу түрээсийн үйл ажиллагаа явуулж байна. Харин "" ХХК-ийг 2015 онд тээвэр зуучлал, худалдаа үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулж *******ын нутаг дэвсгэрт одоог хүртэл хүнсний худалдаа, газар тариалан, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үндсэн 10 гаруй ажилчинтай. 2018 оны үеэс утасны дугаартай гэх залуу Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт хатаасан жимсний худалдаа эрхэлж нэлээн хэдэн удаа очиж байсан. Тэгээд тэр үеэс эхлэн би гэх залуугаас бараа материал худалдан авч байсан бөгөөд 2023 оны эхээр аймгийн Татварын хэлтсээс холбогдож "" гэх аж ахуйн нэгж нь хуурамч компани байна гэж хэлсэн. Тэгээд би руу холбогдоод "... чиний " гэх аж ахуйн нэгжээс шивсэн НӨАТ-н падаан чинь асуудалтай байна гэж татвараас холбогдож байна..." гэтэл та гэх хүн рүү холбогдоод үзэх үү, би тэр хүнээр шивүүлж байсан юм...." гэж хэлээд надад нэг утасны дугаар өгсөн. Тухайн үед би гэх хүнийг танихгүй тул холбогдоогүй, тай ч мөн дахин холбож чадаагүй. аймгийн Татварын хэлтэстэй холбогдож "" гэх аж ахуйн нэгжээс шивэгдсэн падааны залруулга хийлгэх хүсэлтээ өгөөд татварын өр төлбөрөө бусад аж ахуйн нэгжээс шивэгдсэн НӨАТ-өөрөө дарсан. Нягтлан олддоггүй учраас 2022 оны санхүүгийн тайлан тооцоог учрал, гэх гэрээт нягтлангуудаар ээлжлэн гаргуулж байсан. , нартай аман гэрээ байгуулан тухай бүрт нь тайлангаа гаргуулдаг байсан. Би өөрөө Татварын тайлан тооцоогоо хянаж нэгдүгээр гарын үсгээ зурдаг. Манай компани 2023 оны 12 сарын 28, 29-ны өдөр аймгийн Татварын хэлтэст "" гэх аж ахуйн нэгжээс шивэгдсэн НӨАТ-н тайлангаа залруулах хүсэлтээ явуулж засварласан. Тэгээд одоо манай компани одоо Нэмэгдсэн өртөгийн албан татварын ямар нэгэн өр төлбөргүй байгаа. Манай компани "” ХХК-иас хуурамч НӨАТ шивэгдсэнийг мэдсэн дариудаа залруулга хийх хүсэлтээ хүргүүлэн тэр даруйдаа НӨАТ-өө нөхөж шивээд улсыг өр төлбөргүй болгосон байгаа. Миний хувьд хаанаас ямар аж ахуйн нэгжээс хуурамч, үнэн зөв НӨАТ шивэгдэж байгаа талаар мэдэх боломж байдаггүй, бид нар өчнөөн одон өчнөөн олон аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй харилцаж олон нэр төрлийн бараа материал худалдан авдаг учраас тэр бүхнийг тэмдэглэж, тухай бүрт нь НӨАТ-өө шивүүлж баримт материал бүрдүүлэх ямар ч боломж байдаггүй. Тухайн аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс ч гэсэн тухайн бүрт нь НӨАТ-өө шивээд явна гэж байдаггүй, НӨАТ авах гэхээр шивж өгдөггүй аж ахуйн нэгжүүд ч өчнөөн байдаг... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-135 дугаар хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн: Шинжээчийн дүгнэлт, магадалгаагаар "" гэх аж ахуйн нэгжээс "" ХХК нь 2022 оны 05 сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд 6 ширхэг падаанаар 581,818,180 бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөвт төлөх татвараа 58,181,814 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учирсан хохирлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг...гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 9-10 дугаар хуудас),
- Гэрч “... Мөнхбаясгалангийн компани, үйл ажиллагаа явуулдаггүй. Тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 08 дугаар сард "НӨАТ-ын баримт зарна" гэсэн зарын дагуу холбогдож компаниудад НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан. Нийтдээ ойролцоогоор 10 орчим компанид НӨАТын баримтыг шивүүлж байсан....гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 22-23 дугаар хуудас),
- Гэрч : гэх аж ахуйн нэгжээс нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг руу явуулахад нь гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Би ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө харж байгаагүй. Би ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө харж байгаагүй. НӨАТ-ын шивэлт хийлгүүлэх аж ахуйн нэгжүүд нь “” ХХК-тай байгуулсан гэрээ байна уу гэж хэд хэдэн удаа асуухад нь би д хэлсэн ингээд нь. ХХК-ийн па тамагтай гэрээг миний цахим хаяг руу явуулж тус ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. гэсэн бичиглэл бүхий гэрээг боловсруулан гаас ирсэн ХХК-ийн тамгатай гэрээг компьютраар хуулж аван өөрийн боловсруулсан гэрээн дээр тавьж НӨАТ-ын баримт худалдан авах гэж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг байсан. "Тэмүгэн эхлэл" ХХК-ийн хувьд тус аж ахуйн нэгжийн тамга нь манай гэрт их олон жил байсан бөгөөд НӨАТ-ын хий бичилт шивүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зорилгоор зохиомлоор хийсэн гэрээ байгаа юм. Тус гэрээн дээр байгаа гэх хүнийг би өмнө харж байгаагүй зохиогоод нэр болон гарын үсгийг нь зурсан юм. Би цахим орчинд НӨАТ зарна гэсэн зар байршуулан зарын дагуу холбогдсон иргэн аж ахуйн нэгжүүдээс нийт үнийн дүнгийн 2.5 хувийг авч гэх эмэгтэйн хаан банкны , гэх данс руу нийт үнийн дүнгийн 1.5 хувийг шилжүүлдэг байсан. Би НӨАТ-ын хий бичилт бичүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийг олсныхоо хариуд нийт үнийн дүнгийн 1 хувийг авдаг байсан. Тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан учир олсон мөнгөө бүгдийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан...гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас);
- гийн: Тус аж ахуйн нэгжүүд нь манай гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримтыг бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-1.5 хувиар тооцож бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс, авсан гэдгээ одоо сайн санахгүй байна. ХХК нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж бараа ТА материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд Анариинж ХХК нь тус аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилт бичсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас),
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгаа (1 дүгээр хх-ийн 32-58 дугаар хуудас);
- Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол (1 дүгээр хх-ийн 59-60 дүгээр хуудас);
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 63-91 дүгээр хуудас)
- ХХК-н Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /(1 дүгээр хх-ийн 215 дугаар хуудас),
- ХХК-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтйн мэдээлэл /(1 дүгээр хх-ийн 214- дүгээр хуудас),
- ХХК-нд холбогдох татварын албаны баримт (1 дүгээр хх-ийн 147-166 дүгээр хуудас),
- Аж ахуй нэгжүүдийн мэдээлэл (1 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас)
- ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн мэдээлэл(1 дүгээр хх-ийн 170- 193 дугаар хуудас)
- Татварын ерөнхий газрын 2024.12.12-ны өдрийн 4/77 дугаартай албан бичиг (1 дүгээр хх-ийн 196 дугаар хуудас)
- Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2024.11.12-ны өдрийн 10а-3/14418 дугаар албан бичгийн хавсралтанд дурдсан аж ахуй нэгжүүдийн 2024.12.05-ны өдрийн байдлаар эцсийн илүү, дутуу үлдэгдлийн мэдээлэл(1 дүгээр хх-ийн 197 дугаар хуудас),
- Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2024.11.12-ны өдрийн 10а-3/14418 дугаар албан бичгийн хавсралтанд дурдсан аж ахуй нэгжүүдийн 2022-2023 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааны худалдан авалт болон залруулсан мэдээлэл (1 дүгээр хх-ийн 198- 207 дугаар хуудас),
- Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2301000030174 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол(1 дүгээр хх-ийн 104- 114 дүгээр хуудас),
- Яллагдагч Д.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дугаар хуудас),
- Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2308014571215 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол (1 дүгээр хх-ийн 120- 124 дүгээр хуудас),
- Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2502000000013 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай Прокурорын тогтоол (1 дүгээр хх-ийн 216 дугаар хуудас),
- А.Эрдэнэсайханы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хх-ийн 138- 139 дүгээр хуудас),
- А.Эрдэнэсайханы Иргэний үнэмлэх, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (1 дүгээр хх-ийн 218- 221 дугаар хуудас),
- А.Эрдэнэсайханы Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (1 дүгээр хх-ийн 222- 223 дугаар хуудас),
- А.Эрдэнэсайханы Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэл, Регистрийн дугаарын , Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хх-ийн 224- 227 дугаар хуудас),
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэм буруугийн талаар:
1. Прокуророос шүүгдэгч А.Эрдэнэсайханыг “” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “” ХХК-иас 6 ширхэг падаанаар 581,818,180 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 58,181,814 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлийг дэмжиж шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу шүүгдэгчийн үйлдэлд тухайн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэв.
2. Шүүгдэгч А.Эрдэнэсайхан нь “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс ажиллаж байгаа ба уг компани аймгийн Баруун- Урт сумынт байрлах худалдааны төвд хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ”,
27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно ” гэж заажээ.
4. “” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан асуудал нь нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн тусгай мэдлэг шаардагдах асуудал хийгээд энэ талаар 07230018 дугаартай Мөрдөгчийн магадалгаа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 97 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг 2 өөр өөр ач холбогдол бүхий дүгнэлт гарчээ.
Мөрдөгчөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 07230018 дугаартай магадалгаа гарган “ ” ХХК-ийн/5206952/ 2022 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын албаны мэдээллийн баазад тулгуурлаж И баримтыг хуурамчаар үйлдэж татвар төлөгчдийг төсөв төлөх НӨАТ-ыг бууруулах боломж олгосон аж хуй нэгжүүдийг тогтоож, 50 сая төгрөгөөс дээш дүнгээр борлуулалт хийсэн 23 аж ахуй нэгжийн 18 дугаарт (1 дүгээр хавтасны 35 дугаар тал) “” ХХК-ийг 6 ширхэг падаанаар 581,818,180 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварыг 58,181,814 төгрөгөөр бууруулсан ” гэж дүгнэжээ.
Харин хэрэгт тухайн хэрэгт эдийн засгийн тусгай мэдлэг бүхий шинжээчээр эдийн засгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж мөрдөгчөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон ба тус газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ Гурав.Дүгнэлт хэсгийн 2.1”-д “ 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай Мөрдөгчийн магадалгааг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь уг дүгнэлтэнд дурдагдсан асуудлаас 1,2,9,10,11,12 нь үндэслэлтэй, 3,4,5,6,7,8 нь үндэслэлгүй гэж үзэхээр байна ” гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, 97 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр хавсралт “ 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай Мөрдөгчийн магадалгааны үндэслэлийг тогтоосон байдал ” баримтын 5 дахь хэсэг буюу “ 1. 50 сая төгрөгөөс их дүнгээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан байж болзошгүй нэр бүхий 23 аж ахуй нэгж байгууллагад 23,128,112,622,00 төгрөгийн төлбөрийн И баримт үйлдэж, 2,312,811,077,00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан ” гэснийг “ Үндэслэлтэй гэж үзэхээргүй байна” хариулж дүгнэсэн буюу 07230018 дугаартай Мөрдөгчийн магадалгаагаар тогтоосон “ ХХК 6 ширхэг падаанаар 581,818,180 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварыг 58,181,814 төгрөгөөр бууруулсан” гэсэн үйл баримтыг үндэслэлгүй гэж үзжээ.
5. Шүүх мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал баримтлах үүрэггүй боловч тухайн хэргийн хувьд эдийн засгийн тусгай мэдлэг бүхий шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 97 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, өөр бусад баримтанд уялдсан, хэргийн үйл баримтыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэв.
Учир нь хэрэгт 07230018 дугаартай Мөрдөгчийн магадалгаа гарсны дараа мөрдөгчөөс “” ХХК-ийн НӨАТатварыг бууруулсан асуудлыг эдийн засгийн тусгай мэдлэг бүхий шинжээчээр эдийн засгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь дээрх магадалгааг тодорхой бус буюу бүрэн биш болсон, энэ магадалгааны хүрээнд шинээр тодруулах нөхцөл байдал бий болсон, нөхөн гүйцэлдүүлэх, дүнг бүрэн гаргах зорилгоор нэмэлт шинжилгээг бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар хийлгэсэн гэж ойлгогдох бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтанд хамааралтай гэж үзэхээр байна.
6. Түүнчлэн 07230018 дугаартай Мөрдөгчийн магадалгаагаар “ ХХК-ийг ХХК-иас тайлагнасан 6 ширхэг падаанаар НӨАТ-ыг бууруулсан” гэх дүгнэсэн нь Татварын Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/77 дугаартай албан бичгээр няцаагдаж байгааг дурдъя.
Татварын Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/77 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2024.11.12-ны өдрийн 10а-3/14418 дугаар албан бичгийн хавсралтанд дурдсан аж ахуй нэгжүүдийн 2022-2023 онд цахим төлбөрийн баримтын системд үйлдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан, залруулсан мэдээлэл, татварын өрийн мэдээллийг хавсралтаар гаргажээ.
Энэ хавсралтаар /1 дүгээр хавтаст хэргийн 197 дугаар тал/ ХХК-ийн 2024.12.05-ны өдрийн байдлаар эцсийн дутуу үлдэгдэл 10,042,347,3 төгрөг гэж,
2022-2023 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааны худалдан авалт болон залруулсан мэдээлэл / 1 дүгээр хавтаст хэргийн 199 дугаар тал/- ийн 66 дугаарт ХХК /5206952/ -иас ХХК /3679632/ -эд 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 4139507263 дугаартай падаанаар 102,713,636,4 төгрөг, НӨАТ-10,271,363,6 төгрөг, БҮА-ийн үнийн дүн 112,985,000,0 төгрөг,
67 дугаарт 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 4139507264 дугаартай падаанаар 89,706,363,6 төгрөг, НӨАТ- 8,970,636,4 төгрөг, БҮА-ийн үнийн дүн 98,677,000,0 төгрөг,
68 дугаарт 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 4139507265 дугаартай падаанаар 125,761,818,2 төгрөг, НӨАТ- 12,576,181,8 төгрөг, БҮА-ийн үнийн дүн 138,388,000,0 төгрөг,
69 дугаарт 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4141649758 дугаартай падаанаар 60,272,727,3 төгрөг, НӨАТ- 6,027,272,7 төгрөг, БҮА-ийн үнийн дүн 83,700,000,0 төгрөг,
70 дугаарт 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 414165005535 дугаартай падаанаар 76,090,909,1 төгрөг, НӨАТ- 7,609,090,9 төгрөг, БҮА-ийн үнийн дүн 66,300,000,0 төгрөг... гэж тус тус тэмдэглэгдсэн хийгээд дээрх 5 падааны нийлбэр дүн 454,545,454 төгрөг, НӨАТ- 45,454,545,4 төгрөг байна.
Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын цахим төлбөрийн баримтын системд 2022-2023 онд ХХК-иас ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй дээрх 5 падааны худалдан авалт бүртгэгдсэн хийгээд Мөрдөгчийн магадалгаа болон яллах дүгнэлтэнд дурдагдсан 6 дахь буюу 127,272,726 төгрөгийн баримтын талаарх ямар нэгэн мэдээлэл хэрэгт нотлогдон, тогтоогдоогүй хийгээд энэ тохиолдолд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 97 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Татварын Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/77 дугаартай албан бичгийн хавсралтаар тогтоогдсон нөхцөл байдлыг бие биенээ нөхсөн, харилцан хамаарал бүхий нотлох баримт гэж үзэх бөгөөд үүнийг няцааж үгүйсгэх, мөн 07230018 дугаартай Мөрдөгчийн магадалгааг зөвтгөх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй буюу үүнийг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодорхой нотлох баримтаар нотлоогүй болно.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйлдлээр илэрнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; мөн энэ зүйлийн Тайлбарт: -Энэ хуульд заасан "нэгж" гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно гэж тус тус заажээ.
Хэрэгт харилцан хамаарал бүхий нотлох баримтаар тогтоогдсон буюу 2022 онд ХХК-иас ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн 5 падааны худалдан авалтын нийлбэр 454,545,454 төгрөг, үүнд ноогдох НӨАТ 45,454,545,4 төгрөг байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй буюу тухайн гэмт хэргийг шинжийг агуулаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
8. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд харин дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
9. Хэргийн баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.Эрдэнэсайханы үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж нотлогдон, тогтоогдоогүй буюу тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэм буруу гэдэгт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас бий болох хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, өөрөөр хэлбэл, гэмт зан үйлийнхээ шинж чанар болох түүнээс үүдэн гарах үр дагаврыг ухамсарласан байдал буюу оюун санааны, мөн тухайн гэмт зан үйлээ удирдаж тодорхой үр дүнд хүргэсэн буюу хүсэл зоригийн шинжүүдийн нэгдлийг ойлгоно.
Харин шүүгдэгч А.Эрдэнэсайханы хувьд их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх субъектив санаа, зорилго, сэдэлтээр “” ХХК-иас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлуулан, хий бичилт хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Тодруулбал, тэрээр “” ХХК-тай ямар нэгэн харилцаа, холбоогүй буюу тухайн компани үйл ажиллагаа огт явуулдаггүй, цаасан дээрх компани гэдгийг мэдэхгүй, мөн түүний зүгээс татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор тус компанид хандсан үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна.
Харин түүнд 2018 оноос бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, хамтран ажиллаж байсан гар утастай гэгчээс этгээдээс “төлбөрийн баримт өгөөч” гэж шаардсанаас тухайн этгээд 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3 падаанаар нийт 318,181,818 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 падаанаар нийт 136,363,636 төгрөг, нийт 454,545,454 төгрөгийн НӨАТ-ын шивэлт хийлгүүлсэн хийгээд тэрээр уг асуудлыг 2022 онд түүнээс мэдэж, 2022 онд Татварын хэлтсээс “алдаатай НӨАТ-ын баримт орж ирсэн байна. Үүнийг залруул ” гэсний дагуу тайлангаа залруулсан байна.
Өөрөөр хэлбэл, түүний хувьд дээрх дүн буюу их хэмжээний орлогод тохирох падаан шивүүлэх талаар уг этгээдтэй харилцан тохиролцсон, мөн НӨАТ-төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн санаа, зорилгыг тогтоосон үйл баримт хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй бөгөөд харин бусдаас бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн падаан аваагүй, тайлан мэдээнд тусгаагүй асуудал нь санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудал хийгээд гэгч этгээдээс шивүүлсэн 454,545,454 төгрөгийн дүнгээр бараа бүтээгдэхүүн авсан, борлуулсан үйл баримтыг хэрэгт тогтоогдож, нотлоогүй болохыг дурдъя.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг хөдөлбөргүй, эргэлзээгүй, зөв сэргээн, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоох бөгөөд хэрэв шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд түүнийг нотлох баримтаар няцаан үгүйсгэсний эцэст гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэх ба харин хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон эргэлзээ бүхий асуудлыг шүүхээс няцаан үгүйсгэх боломжгүй тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.
Иймд шүүгдэгч А.Эрдэнэсайханд холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн дээр дурдсан объектив, субъектив талын шинжүүд үгүйсэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй ” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй “6 дахь баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Хэрэгт нотлогдсон 5 баримтын дүн 45,5 сая төгрөг байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан нь их хэмжээний хохиролд хүрэхгүй, сэдэл, хохирлын хувьд тухайн хэргийн бүрэлдэхүүний шинж, шалгуурыг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ” гэх дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэйг дурдъя.
11. Шүүх шүүгдэгч А.Эрдэнэсайханд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлүүлэх нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэлэлцээгүй орхисон болно.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохиролтой холбоотой нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдъя.
12. Шүүгдэгч А.Эрдэнэсайхан энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй ” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д холбогдох 2502000000013 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН