| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/00407/И |
| Дугаар | 183/ШШ2018/00871 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2018/00871
| 2018 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2018/00871 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: НШ холбогдох
Төв аймаг, Эрдэнэ сум 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах, “Өгөөмөр” хүүхдийн зуслан 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө бүхий хүүхдийн зуслангийн цогцолбор, 23 000 м.кв газрыг 2 379 310 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Р.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2864 тоот захирамжийн дагуу 240 678 975 төгрөгийг -д төлөхөөр болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс шинжээч томилж миний өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах, “Өгөөмөр” хүүхдийн зуслан 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө бүхий хүүхдийн зуслангийн цогцолбор 23 000 м.кв газрын хамт шинжээчийн зүгээс 2 379 310 500 төгрөгөөр үнэлсэн талаарх 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/1320 тоот мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан болно. Төлбөр төлөгч Ц.Б миний өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах, “Өгөөмөр” хүүхдийн зуслан 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө бүхий хүүхдийн зуслангийн цогцолбор нь одоогийн зах зээлийн ханшаар 6 000 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө атал шинжээчийн зүгээс ямар нэгэн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийг биетээр очиж огт үзээгүй холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулаагүй атлаа төлбөр авагчийн буюу захиалагчийн талд хэт үйлчлэн үнэлсэнийг эс зөвшөөрч байна мөн хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан ажиллагаа буюу төлбөр төлөгч төлбөр авагч нараас үнийн санал аваагүй, шууд шинжээч томилсон нь хуулийн дагуу үнэлгээг явуулаагүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах, “Өгөөмөр” хүүхдийн зуслан 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө бүхий хүүхдийн зуслангийн цогцолбор, 2300 м.кв газрыг 2 379 310 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2864 дүгээр шүүгчийн захирамжаар Ц.Баас 240 678 975 төгрөгийг гаргуулж -д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Бы өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сум, 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах 16 ширхэг обьект бүхий “Өгөөмөр” хүүхдийн зуслангийн цогцолборыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/38364, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/290 дугаартай албан бичгүүдээр баталгаат шуудангаар /rd124068124/ хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй байна. 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий “Сэлэнгэ” ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход уг хүүхдийн зуслан 1 078 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Ц.Бд мэдэгдэхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/000 дугаар шийдвэрээр дээрх компанийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дахин үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үл хөдлөх эд хөрөнгийг 2 379 310 500 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч Ц.Бы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдуулан Төв аймаг, Эрдэнэ сум 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах, “Өгөөмөр” хүүхдийн зуслан 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө бүхий хүүхдийн зуслангийн цогцолбор, 23 000 м.кв газрыг 2 379 310 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнэлгээ хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, “Сэлэнгэ” ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгосон үнэлгээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01906 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, үнэлгээг хүчингүй болгосон үндэслэл нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас санал авахаар хуульд заасан ажиллагааг гүйцэтгэлгүй, барьцааны хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь буруу байна гэж хүчингүй болсон. Хариуцагч нь “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг хийхээсээ өмнө мөн л Иргэний хуулийн 177.1-д заасан үнийн санал авах ажиллагааг хийгээгүй, хөрөнгийг үнэлэхэд нэхэмжлэгч нарыг байлцуулаагүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарладаг.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээг тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01906 дугаар шүүхийн шийдвэрээр “Сэлэнгэ” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан ажиллагааг хийх шаардлагагүй, үнэлгээг хүчингүй болгосон тул Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг гүйцэтгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/000000 дугаар захирамж, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 00813 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 16290908 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. Энэ тогтоолын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 179/01, 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 179/02 дугаартай тогтоолоор барьцааны эд хөрөнгийг битүүмжилж, хураасан байх ба, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 307 дугаартай тогтоолоор барьцааны хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгө- эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, Хөрөнгө эстимэйт ХХК барьцааны хөрөнгийг 2 379 310 500 төгрөгөөр үнэлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 2-30 дугаар тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “ Талууд эд хөрөнгийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 4/1320 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.Бд барьцааны хөрөнгийн тогтоогдсон үнэлгээг мэдэгдсэн, нэхэмжлэгч шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан нь нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлын шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан байна. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар талуудаас үнийн санал авсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, Хөрөнгө эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхээс өмнө талуудаас үнийн санал аваагүй гэх тайлбар нь хуульд үл нийцэж байна.
Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас үнийн санал авахаар хуульд заасан ажиллагааг гүйцэтгэлгүй, барьцааны хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцээгүй байна. Нөгөөтэйгүүр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01906 дугаар шүүхийн шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон үндэслэл нь талуудаас үнийн саналыг хуульд заасан журмын дагуу аваагүй гэж шүүх дүгнэн үнэлгээг хүчингүй болгосон байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дахин зөвтгөж явуулаагүй нь хуульд нийцэхгүй юм.
Иймд шүүх, хэрэгт авагдсан баримтууд болон дээр дурдсан нөхцөл байдлаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэхээргүй байх тул Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-т зааснаар Төв аймаг, Эрдэнэ сум 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах, “Өгөөмөр” хүүхдийн зуслан 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө бүхий хүүхдийн зуслангийн цогцолбор, 23 000 м.кв газрыг 2 379 310 500 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О