Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбодорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....................., .................. регистрийн дугаартай, А овогт Д.Б.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “............” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний зориулалттай шинэс төрлийн хуурай 2.264 метр куб модыг бэлтгэж сумын ой санд 447,293 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх хуудас/, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7 дахь хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь хуудас/ гэрч Ш.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь хуудас/, гэрч Д.Дгийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 29-30 дахь хуудас/, гэрч Ц.Цгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх хуудас/, гэрч Л.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь хуудас/, гэрч Г.Лгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 33 дахь хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас ойн санд 1,341,879 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь 800,000 төгрөгийг Төрийн сангийн 100090400988 тоот дансанд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүү, торгуулийн дансанд төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 541,879 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт байгаль орчинд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан.

Иймээс 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкаар дамжуулан Төрийн сангийн 100090400988 тоот дансанд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүү, торгуулийн дансанд Д.Баас төлөгдсөн 800,000 төгрөгийг буцаан гаргуулж мөн шүүгдэгч Д.Баас 541,879 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

Үүнээс үзвэл шүүгдэгч Д.Бын хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн 2.264 метр куб, 4 метрийн урттай 20 ширхэг бөөрөнхий мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн бензиний  банктай, улаан өнгийн банкны тагтай, маниулын хэсэг улаан өнгийн тагтай шугам төмөр сейфтэй 1 ширхэг моторт хөрөө, 1 ширхэг цагаан өнгийн 2.50 метрийн урттай уяаг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн 2.50 метрийн урттай уяаг устгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан шинэс төрлийн 2.264 метр куб мод, 4 метрийн урттай 20 ширхэг бөөрөнхий мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн бензиний  банктай, улаан өнгийн банкны тагтай, маниулын хэсэг улаан өнгийн тагтай шугам төмөр сейфтэй 1 ширхэг моторт хөрөөг тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Д.Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас гадагш зорчихгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкаар дамжуулан Төрийн сангийн ...................... тоот дансанд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүү, торгуулийн дансанд Д.Баас төлөгдсөн 800,000 төгрөгийг буцаан гаргуулж, мөн шүүгдэгч Д.Баас 541,879 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж цаашид энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн 2.50 метрийн урттай уяаг устгаж, шинэс төрлийн 2.264 метр куб, 4 метрийн урттай 20 ширхэг бөөрөнхий мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн бензиний  банктай, улаан өнгийн банкны тагтай, маниулын хэсэг улаан өнгийн тагтай шугам төмөр сейфтэй 1 ширхэг моторт хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН