| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2022/04001/И |
| Дугаар | 101/ШШ2022/03522 |
| Огноо | 2022-08-15 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/03522
2022 08 15 101/ШШ2022/03522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххх дүүргийн ххххх хороо, хххххх байрны хххх тоотод оршин суух Ш.Э /0000000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххх дүүргийн ххххххх хороо, хххххх байр ххххх тоотод оршин суух Д.Д /0000000 /-д холбогдох,
4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагчийг таньдаггүй байсан. 2018 оны 07 дугаар сард хариуцагчтай танилцсан. 23 дугаар сургуульд хүүхдээ оруулахаар багш Н.А тай ярихад оноог нь шалгадаг гол багш болох Д.Д тай яриарай гэж хэлсэн. Тэгээд Д.Д д хэрэгцээтэй мөнгийг нь 1 жилийн хугацаатай зээлүүлж, дараа нь түүгээр туслуулахаар болж хариуцагчийн 000000000 гэх данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Сургууль нь 2018-2019 хичээлийн жилд 60 хүүхэд авахаар болсон. Манай хүүхэд шалгалтдаа тэнцсэн тул шууд орсон. Гэхдээ тухайн жилд 60-аас бага хүүхэд бүртгүүлсэн тул бүртгүүлсэн бүх хүүхдүүд орсон. Тэгээд 1 жилийнхээ хугацааг хүлээж байгаад хугацаа нь дуусахаар буюу 2019 оны 6 дугаар сард мөнгөө нэхэхэд хариуцагч өгнө гэж байгаад, 7, 7 хоногоор хойшлуулж байсан. Гэвч өгөөгүй тул 2019 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргахад шүүхээс утасдаж хариуцагч хөдөө байгаа, та нар намайг олохгүй гэж байна, түүнийг эрэн сурвалжлуулаарай гэж хэлсэн. Бид 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулсан. Түүнтэй нэг удаа утсаар холбогдоход хүүхэд төрүүлсэн гэж хэлж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 900 гэх шийдвэрээр Д.Д ын эрэн сурвалжилж, хаягийг тогтоосон тул нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал ажил гүйцэтгэсэн гээд байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ бол өөр зүйл. Зээлсэн мөнгөө өгөхгүйн тулд хариуцагч элдэв шалтаг хэлээд байдаг. Мөнгө зээлдүүлэх үед тэрээр би өгнө гэж хэлээд иргэний үнэмлэхийн хуулбараа өгсөн. Хүний мөнгийг өгөхгүй, үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа тул нэхэмжлэлээ Хаан банкны дансны хуулгын хамт гаргасан. Хариуцагч үүнийг авснаа хүлээн зөвшөөрдөг. Хэрэв хариуцагч хүүхдийг нь сургуульд оруулж өгсөн гэж байгаа бол сургуулийн захирлын бичиг, багш хүүхэд оруулах журам, тушаалаа өгсөн бол тийнхүү хэлж болох байсан. Илтэд худал хэлээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дууссан. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дансны хуулга хэрэгт байдаг. Мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3 сая төгрөгийн орлогын баримт, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3 сая төгрөгийн орлогын баримтууд ч байдаг. Нэхэмжлэгч 2018 онд ажил гүйцэтгэх шаардлага хүргүүлсэн. 2019 оны ажлыг гүйцэтгэх боломжгүй гээд 6 сая төгрөгийг нь 2 удаагийн давтамжтайгаар хариуцагч буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгч 2018-2019 оны хооронд зээл олгоогүй. Төлбөр орж ирэхдээ хүүхдийн нэрээр орж ирсэн. 2019 онд дахиад нэг хүүхэд сургуульд оруулах даалгавар өгсөн. Хэрэв зээл байсан бол анхны 4,5 сая төгрөгийг төлөөгүй байхад дахин 6 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлэхгүй байсан. 2022 оны 04 дүгээр сард цагдаагийн газраас оршин суугаа газрын хаягаа тодруулж өгөөрэй гэсэн тул хаягийн тодорхойлолтоо өгсөн. Зээлийн гэрээ гэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч Д.Д д холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагчид 4,500,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Тус баримтаар нэхэмжлэгч Ш.Э нь 00000000 тоот данснаас хариуцагч Д.Д ын 00000000000 тоот дансанд дээрх мөнгийг “ххххххххххх” гэсэн утгатай шилжүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан ба дээрх мөнгөн дүнд тохирсон хоёр ажлыг хариуцагч гүйцэтгэхээр тохирсны нэг нь 23-р сургуульд хүүхэд оруулж өгсний хөлсөнд авсан, нөгөө ажил нь баримтгүй тул дурдаагүй гэх тайлбарыг гаргасан.
Зохигчийн хувьд дээрх мөнгийг хариуцагч хүлээн авсан, шилжүүлсэн мөнгийг бүрэн болон хэсэгчлэн буцаан төлөөгүй талаар маргаагүй байна. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, тохирсон ажлыг хариуцагч гүйцэтгэсэн, хүүхэд сургуульдаа орсон гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчийн хооронд гэрээний буюу зээлийн болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Зохигчийн хэн аль нь 2018 онд ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд хүүхэд элсэн суралцуулахтай холбоотойгоор тус 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчид шилжүүлсэн, шилжүүлэх нь шалтгаан нь болсон талаар маргахгүй байна. Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсгэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар мөн хуулийн 195 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зориг хуулийн хүрээнд үүсч илэрхийлэгдэх учиртай.
Нэхэмжлэгч хүүхдээ 23 дугаар сургуульд суралцуулахын тулд хариуцагчид мөнгө зээлдүүлсэн гэж, хариуцагчийн, нэхэмжлэгчийн хүүхдийг тус сургуулийн элсэлтэд тэнцүүлэхийн тулд 4,500,000 төгрөг авсан гэх үйл баримт нь хууль, журам болон хариуцагч талын тайлбарлаж буйгаар сургуулийн дотоод дүрмээр зөвшөөрөгдсөн эсэхийг тайлбарлаагүй байна. Тухайн сургуулийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нь хамран сургах тойргийн болон сургуульд хүүхэд элсүүлэх уралдаант шалгаруулалтын оноонд нөлөөлөх байдлаар хүүхдийг сургуульд элсүүлсний төлөө аливаа төлбөр, шан харамж авах нь Эрүүгийн хууль (Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл)-иар хориглогдсон харилцаа болно.
Иймд зохигчийн хооронд үүссэн харилцаа хуулийн хүрээнд үүсээгүй учир зохигчийн хооронд гэрээний үүрэг үүсээгүй гэж үзнэ. Нэгэнт Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар зохигчийн хооронд хуулийн хүрээнд үүрэг үүсээгүй байх тул хариуцагч, нэхэмжлэгчээс авсан 4,500,000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.2.1-д заасны дагуу үүсэх бөгөөд энэ үндэслэлээр хариуцагч Д.Д аас 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Энхтүвшинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Д /0000000 /-аас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э /00000000000 /-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Д аас 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Энхтүвшинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ