| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1134/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1437 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,
Улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508001770291 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Төмөр замын шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 368 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, тэнссэн,
- Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил, 6 сар хорих ялаар тогтоож, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, урьд хугацааны өмнө тэнсэн суллагдсаныг нэмж нэгтгэн нийт 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, зарим ялыг багтаан нийт 30.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сар баривчлах ялаар тогтоосон,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил, 01 сар хорих ялаар,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 3 сарын хугацаагаар тогтоож, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 02 жил, 8 сар 26 хоногийн хорих ял үлдсэн, ТА-67041335 тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст насанд хүрээгүй хохирогч ***халааснаас айфоне-12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би тэр өдөр найзтайгаа архи уусан. Найзаасаа салаад явж байхад хэдэн хүн надаас мөнгө нэхсэн. Би өгөхгүй гэж хэлэхэд намайг тал талаас цохиод зодсон. Би айсандаа ямар автобусанд санахгүй байна. Хэдэн буудал явснаа бас мэдэхгүй байна. Нэлээн явж байгаад буусан. Халаасанд утас дуугарсан. Цагдаад мэдэгдье гэж бодож байгаад тэр залуутай таарсан. Тэр хохирогч маань унтаж явсан уу, согтуу байсан уу гэдгийг нь мэдэхгүй байна. Би утсыг нь шууд өгсөн. Нааш, цааш нь болгоё гэсэн ямар нэгэн санаа байгаагүй. Надад хулгайлж аваал ашиглая гэсэн бодол байгаагүй. Нэг эмэгтэй хүн та утсаа унагаачихлаа гэхээр нь утсаа харах гэсэн толгой тархи эргээд уначих гээд байсан. Тэгэхээр нь би доошоо гараа явуулж байгаад нэг утас байхаар нь авсан. Би самсунг эйс 10 маркийн утастай байсан. Тэр хүн надаас утас асуухаар нь шууд гаргаад өгсөн. Намайг тухайн үед 461 ангид авахгүй байсан. Эмнэлэгт нь үзүүлсэн баримтууд байгаа. Миний толгой хагарсан байсан” гэв.
Насанд хүрээгүй хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой Гандангийн автобусны буудлаас ханын материалын эцэс руу явдаг 4-38 чиглэлийн автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын зах дээр автобусны буудал дээр буусан, тэгээд өөрийн айфоне-12 маркийн гар утасны чихэвчинд дуу явахгүй болчихсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би өөрийн гар утасны байршлыг айфоне маркийн утсаны байршил заалгаад эрүүгийн мөрдөгчтэй хамт яваад *** гэх хүн авсан байсныг олж миний гар утсыг надад хүлээлгэн өгсөн. Миний гар утас хэвийн ажиллаж байсан эвдэрсэн гэмтсэн зүйл байгаагүй. Би өмсөж явсан куртикний халаасандаа өөрийн айфоне-12 маркийн 64 гв багтаамжтай гар утсаа хийсэн. Тэгээд автобуснаас буух явцдаа утсаа хулгайд алдсан өөр эд зүйлс хулгайд алдаагүй. Би уг гар утсаа 2024 оны 11 сарын сүүлээр хувь хүнээс 750.000 төгрөгөөр худалдаж авсан одоо уг үнээрээ үнэлж байна. Энэ хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэжээ. /хх-н 8/,
Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”..би хамаатны дүү болох ***2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст байрлах “Бидний хүнсний дэлгүүр” дээр дэлгүүрийн тог янзлуулах гээд дуудсан. Манай дүү ***Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандан автобусны буудлаас суугаад Ханын материалын эцэст буусан. Тухайн үед дүү өөрийн айфоне-12 маркийн гар утсаа автобусанд алдаад манай дэлгүүр дээр ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,
Яллагдагчаар ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцоно... Би он, сар, өдрийг бол мартсан байна. Хэрэг гардаг өдөр би найз Одонбаяртай таараад 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уучхаад салж яваад автобусанд ороод суугаад явж байтал нэг хүн гар утсаа унгаачихлаа гэхээр нь би тонгойгоод гар утас аваад халаасандаа хийгээд автобус зогсохоор буугаад найзынд очих гэж явж байгаад гэрийг олохгүй эргээд автобусны буудал дээр очоод явж байх үед нэг залуу надтай таараад надаас утсаа авъя гээд нөгөө утас дугаар би шууд энэ утсыг олсон юм шүү гээд эргүүлээд хүлээлгэж өгсөн Би жоохон согтуу байна гэж хэлээд цагдаа дуудуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 101, 121/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 30-31/, насан хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 44/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 51-60, 62-83, 117-119/, шүүгдэгчийн урьд хорих ял эдэлж байсан ялын тооцоо /хх-н 114/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст насанд хүрээгүй хохирогч ***халааснаас айфоне-12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Хулгайлах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Насанд хүрээгүй хохирогч ***, гэрч ***нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч “би тухайн утсыг олсон”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлт, дүгнэлтүүдийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн сууж явсан автобусанд хамт сууж явсан бөгөөд хамт нэг автобусны буудал дээр буусан үйл баримт тогтоогдсон.
Хохирогч автобуснаас буух үед түүний гар утас алга болсон талаар мэдүүлсэн ба шүүгдэгчид хохирогчийн гар утас байсан болох нь нотлогдсон тул түүнийг бусдыг эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь насанд хүрээгүй хохирогч ***гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд өөрийн гар утсаа буцаан авсан нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 9 сар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил, 8 сар, 26 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт, 3 жил, 5 сар, 26 хоног хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1155 дугаар шийтгэх тогтоолоор 03 жил, 3 сар хорих ялаар шийтгүүлсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн ялын тооцоогоор нийт 6 сар, 04 хоног хорих ял эдэлж, 02 жил, 8 сар, 26 хоногийн үлдэгдэлтэй нь шүүхэд ирүүлсэн ялын тооцоогоор нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1155 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил, 3 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 8 сар, 26 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил, 11 сар 26 хоног хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ***г цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэх шүүгчийн захирамж 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гарсан боловч, ялын тооцоо 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар гарсан тул, энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс тоолох нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн урьд цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгчийн дээрх үйлдсэн гэмт хэргийг өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1155 дугаар шийтгэх тогтоолоор хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан өмнө үйлдэгдсэн үйлдэл байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 01 хоног хорих ялаар тооцож, нэмж нэгтгэсэн болно.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил, 8 сар, 26 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 02 жил, 11 сар, 26 хоног хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 02 жил, 11 сар, 26 хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн урьд цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР