Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Н.Өнөрбаяр /цахимаар/

                                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/03 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Д.Ч-д холбогдох эрүүгийн 2027000640094 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Ч-г 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр хуурай шинэс мод хууль бусаар бэлтгэсэн гэж Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх Шархүү овгийн Д.Ч холбогдох эрүүгийн 2027000640094 тоот хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин төмөр хөрөө 1 ширхэгийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Бат-Отгонд даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Өнөрбаяр гаргасан эсэргүүцэлдээ: ... Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан байна. Шүүгдэгч Д.Ч-н төрсөн ах Д.Ч-г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар модыг тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангадаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад ...Монгол Улсын хууль... захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно... гэж заасан байна.

2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр баталсан Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Үүнд ...35.4.2 дахь хэсэгт зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдлийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж заасан. Шүүгдэгч Д.Чын үйлдэл нь Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасан сумын ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрөл авалгүйгээр ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Харин Д.Ч-н өөрийн төрсөн дүү Д.Ч-н гуйлтаар 20 ширхэг хуурай шургааг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх гэмт үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Д.Чг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоогоогүй гэх шүүгчийн захирамжийн үндэслэл Эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй гэмт хэргийг шалгуулахаар хэргийг буцаасан нь эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинж нь Ойн тухай хуулийн 34.4 дэх хэсэгт зааснаар ...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно гэж заасан бөгөөд Д.Ч-н үйлдэл нь тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр Д.Ч-н бэлтгэсэн модыг сумын төврүү өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул Д.Чг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар модыг тээвэрлэсэн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах боломжгүй байна. Шүүхийн шийдвэр нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.2.3 дахь хэсэгт заасан ...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна... гэх хуулийн заалтыг зөрчсөн Д.Чг ямар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаагаар ямар гэмт хэрэг шалгаж тогтоогоогүй нь ойлгомжгүй байна.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн 1 дэх хэсэгт ...Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, боловсруулсан, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан... гэмт хэрэг нь тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсан байна.

Ойн тухай хуулийн 34.5 дахь хэсэгт ...энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална... гэж заасан. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар ...Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмыг баталсан бөгөөд 2.1.2 дахь хэсэгт ...мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг... ойлгоно гэж нэр томьёог тайлбарласан бөгөөд сумынхаа ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг сумын төв рүү тээвэрлэсэн үйлдлийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэх гэмт хэрэг гэж ойлгож болохгүй.

Мөн шүүгчийн захирамжийн удирдлага болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33.3 дугаар зүйл нь ...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ... гэх заалтыг удирдлага болгосон бөгөөд шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийх боломж байсан атал хэргийг гэм буруугийн хуралдаанаас прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Н.Өнөрбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх Д.Ч-г зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод тээвэрлэсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангадаг. Шүүгдэгч Д.Ч-н хувьд энэ зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан. Харин төрсөн ах болох Д.Ч-гийн 20 ширхэг сургаагийг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй. Д.Ч-г зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод тээвэрлэсэн үйлдлийг нь шалгаж тогтоогоогүй гэсэн шүүхийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй заалтыг шалгуулахаар буцаасан нь Эрүүгийн хуульд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх гэмт хэргийг ихэвчлэн хөрөө рам, мод модон материал бэлтгэдэг компаниудад үйлддэг. Тээвэрлэсэн үйлдэл нь иргэн байдаг бөгөөд гэмт хэргийн шинж нь Ойн тухай хуулийн 34.4 дүгээр зүйлд зааснаар ойгоос бэлтгэсэн гуалин, сургааг,  түлээг өөр аймаг, сумд, хот, суурингийн хооронд худалдан борлуулахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг олгоно гэж заасан бөгөөд Д.Ч-гийн үйлдэл нь тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр Д.Ч-н бэлтгэсэн модыг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бол тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ, энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд бодит хохирол, хор уршиг учруулахгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс ... Д.Ч-г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэх үндэслэлээр Д.Чт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Д.Ч нь Хамрын ам гэх газарт байрлах Д.Ч-н хаваржааны байрны хажуугаас Бат-Өлзий сумын төв рүү УАЗ Пургон маркын авто машинаар Д.Ч-н гуйлтаар шинэс модыг тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-д зааснаар гарал үүслийн гэрчилгээг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэхэд олгохоор тусгасан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иймд захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Ч-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож Д.Чт холбогдох эрүүгийн 2027000640094 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Ч-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.