Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/02730

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар101/ШШ2018/02730

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххх тоотод оршин суух, Ш.Чгийн /РД: ххххххххххххх/,

Хариуцагч:ххххххххххххх тоотод оршин суух, Д.Тд /РД: ххххххххххх/ холбогдох

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тогтоолгож, 62.017.341 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, Х.Жаргалсайхан,

Хариуцагч*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Түвшинжаргал бид хоёр 1997 оноос хамтран амьдарч эхэлсэн ба 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэвч хамтран амьдрах боломжгүй болж 2013 оны 12 дугаар сард гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Ингээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн*******дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаар магадлал, Улсын дээд Шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн******* дугаар тогтоолоор тус тус гэрлэлт цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хэсгийг хувааж шийдвэрлэсэн. Энэ хэрэг өмнө шийдүүлээд хүчингүй болж дахин шийдвэрлэгдсэн хэрэг юм.

Харин доорх эд хөрөнгөтэй холбогдох асуудлыг тусад нь шийдвэрлүүлэхээр нэхэмжлээгүй. Үүнд: Миний бие*******тай Хувьцаа худалдан авья гэж ярилцан 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн Хас банкин дахь 24002184 тоот данснаас 30.000.000 төгрөгийг бэлнээр аван түүнд өгсөн.

Үнэт цаасны арилжааны дансыг хоёр хүний нэр дээр бүртгэх боломжгүй байсан тул******* өөрийн нэр дээр Би Ди Сек ХХК-д 7-611218 тоот үнэт цаасны дансыг 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээлгэн Жэнко тур бюро ХХК-ийн 300.000 ширхэг хувьцааг худалдан авч хувьцааны арилжаанд оролцож эхэлсэн байдаг.

Д.Түвшинжаргал нь 2006 оноос хойш Би Ди Сек ҮЦК ХК-д нээлгэсэн үндсэн данснаас гадна Юу Би Би Ди ХХК, Монхан трейд ХХК-д холболтын дансыг нээлгэн нийт 24 хувьцаат компанийн хувьцааг худалдан авч арилжсан байх бөгөөд 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 8-ны хооронд*******ын үнэт цаасны дансанд нийт 307.914.094 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Үүнд: дансны үлдэгдэл бэлэн мөнгө 33.450.100 төгрөг, үнэт цаасны орлого 267.285.439 төгрөг, хувьцааны ногдол ашиг 197.536.87 төгрөг, хувьцааны ногдол хувийн орлого 7.178.555 төгрөг. Одоогоор*******ын дансанд хувьцаа болон бэлэн мөнгөний үлдэгдэл байхгүй бөгөөд дээрхи хугацаанд орсон орлогын хэмжээгээр буюу нийт 307.914.094 төгрөгийг захиран зарцуулж зарлага хийжээ. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны 5/82 тоот албан бичгээр нотлогдож байгаа болно.

Ийнхүү******* миний өгсөн 30.000.000 төгрөгийг өсгөн арвижуулж их хэмжээний ашиг олсон ч тэрхүү ашгаас надад нийт 10.000.000 төгрөгийг өгч байсан.

Хувьцаа худалдан авч хамтдаа ашиг хүртэхээр анх тохиролцсон ба дээрхи хувьцааны мөнгө нь гэрлэлт бүртгүүлснээс хойш бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө.

Улмаар******* нь 2006 оноос хойш Би Ди Сек ҮЦХ ХК-д нээлгэсэн үндсэн данснаас гадна Юу Би Би Ди ХХК, Монхан трейд ХХК-д холболтын дансыг нээлгэн нийт 24 хувьцаат компанийн хувьцааг худалдан авч арилжсан байх бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 84.034.683 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан байна.

Энэхүү бэлнээр авсан мөнгө хувьцааны гүйлгээнээс олсон ашиг. Түүнчлэн энэхүү бэлнээр авсан мөнгө дээр анхны хөрөнгө оруулалтын 30.000.000 төгрөгийг буцаан авах ёстой.

84.034.683 төгрөгийн тал хувь нь 42.017.341 төгрөг бөгөөд үүн дээр 30.000.000 төгрөгөө нэмэхэд 72.017.341 төгрөг болж байгаа. Энэхүү тооцооноос нэхэмжлэгч******* би 10.000.000 төгрөгийг өөрийн хэрэгцээндээ авсан тул үүнийг хасч тооцоход 62.017.341 төгрөг болно. Иймд 62.017.341 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулж******* надад олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодруулсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 82.038.474 төгрөгөөр багасгасан болно гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Түвшинжаргал миний бие*******гийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул доорхи тайлбарыг гаргаж байна.

Би хувьцаа худалдан авч ашиг хүртье гэж*******тэй ярилцан тохиролцон бид хоёр 30.000.000 төгрөгөөр хувьцаа худалдан авсан. Хэдийгээр*******гийн данснаас авсан боловч 4 дүгээр хорооллын 2 давхар байшинг зарж олсон бидний дундын хөрөнгө.

Эхний үед ашиг олсон боловч дараагийн өдрүүдэд хувьцааны үнэ унан дээрх мөнгө нь байхгүй болсон.

Дансны хуулгаар үнэт цаасны орлого 267.285.439 төгрөг олсон мэтээр харагдаж байгаа боловч энэ нь хувьцааны үнийн өсөлт бууралтаас шалтгаалж надад орсон цэвэр орлого гэж ойлгож болохгүй юм.

Би хувьцааны орлогоос авсан бэлэн мөнгө гэвэл 56.971.576 төгрөгийг авсан нь үнэн юм.

Үүнээс*******д 10.000.000 төгрөгөөр машин, мөн намайг машин авахад 8.000.000 төгрөг зарцуулсан.

Мөн 17.800.000 төгрөг буюу 12.275 ам долларыг Би Ди Сек ХХК-ийн дилер н.Оргилмаа нь гадаадын компанийн хувьцаа худалдаж авбал ашигтай гэж зөвлөсний үндсэн дээр 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Америкийн брокерын компани руу мөнгийг шилжүүлээд уг компани дампуурсан гээд бидний мөнгө байхгүй болсон.

Би дээрх мөнгөнөөс өөртөө зарцуулсан зүйл байхгүй. Бид хамт амьдарч байхдаа*******гийн талын 4 хүн нас барсан, мөн миний талын 3 хүн нас барсан. Энэ хүмүүст буяны ажилд зориулж нэг хүнд 1.000.000 төгрөг нийлээд 7.000.000-8.000.000 төгрөг зарцуулсан.

Мөн 2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр*******г Өвөр Монгол руу тархины хорт хавдартай гэсэн оношоор эмчилгээнд явахад 3.000.000 төгрөг зарцуулсан.

Амьдралын хэрэгцээндээ авч зарцуулж байсан мөнгөнүүд юм. Энэ бүхнийг******* нь мэдэж байгаа. Үнэт цаасны арилжаа нь орлого ихээр орсон мэт харагддаг боловч ханшны өсөлт, бууралтаас шалтгаалан биетээр бэлэн мөнгөөр ирдэггүй.

Ш.Чимэдцэеэгийн анхны нэхэмжлэлийн шаардлага хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт оногдох хэсэг 143.957.047 төгрөг гаргуулах, дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хувьцааны ногдол ашиг хэмээн үзэж 98.768 төгрөг, нийт 144.055.815 төгрөг нэхэмжилж байсан.

Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 82.038.474 төгрөгөөр багасгаж, өөрийн авсан 10.000.000 төгрөгөө хасаж үлдэх 62.017.341 төгрөгийг гаргуулахаар өөрчилжээ. Энэ тооцооноос харвал 32.017.341 төгрөг бус 52.017.341 төгрөг байхаар байна.

73-3, 7-611218, 65-110013 тоот данснаас бэлнээр авсан мөнгөний тооцоог харахад доорх мөнгөн дүн нэхэмжлэгч*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас хасагдахаар байна.

-2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19.844.672 төгрөг авсан гэдгийг дансны хуулга дээрээс харахад бэлнээр авсан зарлага биш байна. Энэ нь Монголын Хөрөнгийн Биржийн 1-261 мэдэгдэл, Санхүүгийн зохицуулах хорооны 106 тоотоор данснаас тусгаарласан байна. Ингэхээр энэ мөнгийг авч болохгүй юм. 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр буюу 5 хоногийн дараа уг мөнгө нь Монголын Хөрөнгийн Биржийн 1-261 мэдэгдэл, Санхүүгийн зохицуулах хорооны 106 тоотоор тусгаарлалтаас чөлөөлөгдөн эргэн данс руу орсон байна.

-2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23.023 төгрөг нь зарлагын гүйлгээ бус данс хоорондын шилжүүлэг байна. Тухайн өдөртөө буцаан шилжүүлсэн гүйлгээ байна.

-2011 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 500 төгрөг, 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 500 төгрөг, мөн 500 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдрийн 500 төгрөгүүд нь шимтгэл байна.

-Анхны хөрөнгө оруулалтын 30.000.000 төгрөгийг авна гэжээ. Хувьцаанаас авсан мөнгийг дундын хөрөнгө гэж нэхэмжилж байгаа атлаа хамтран амьдарч байхдаа хамт хөдөлмөрлөж олсон мөнгөө зөвхөн өөрийн мөнгө гэж байгаа нь үндэслэлгүй. Анхны хөрөнгө оруулсан мөнгө одоо байхгүй.

-Сүүлийн 17.800.000 төгрөг үлдсэн байсныг нь Би Ди Сек ҮЦХ ХК-ийн дилер н.Оргилмаад 12.295 ам доллар болгож өгөөд гадаадын компанийн хувьцаа авна гээд шилжүүлээд алдсан. Би тэр мөнгийг одоо болтол олж авч чадаагүй. Ийм учраас 30.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

-2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр миний том хүү уртын дууны тэмцээнд түрүүлэн 3.000.000 төгрөгөөр шагнуулсан. Уг мөнгөөр хувьцаа авахаар оруулсан. Гэтэл энэ мөнгийг******* огт дурьдахгүй байгаа нь харамсалтай.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тогтоолгон 143.957.047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлнээр авсан мөнгө буюу хувьцааны гүйлгээнээс олсон ашиг 62.017.341 төгрөг гаргуулах хэмээн нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсэн байна.

Ш.Чимэдцэеэ нь*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоолгох нэхэмжлэлийг, хариуцагч******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргахад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр /7381 тоот шийдвэр/ шийдвэрлэжээ.

Үүнд: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1- зааснаар*******,******* нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тодорхойлж хуваан үнийг нь гаргуулан, нэхэмжлэгч******* нь хувьцаатай холбоотой шаардлагаа татан авсан болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Дээрхи шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны 278 тоот магадлалаар ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч*******аас хувьцааны үнэ 90.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч******* татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан тул Улсын Дээд Шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 641 тоот тогтоолоор ... Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн харилцах дансанд байрлах 90.000.000 төгрөг гаргуулах шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр багасгасан байхад анхан шатны шүүх шаардлагаа татан авсан гэж, давж заалдах шатны шүүх шаардлагаасаа татгалзсан гэх үндэслэлээр татгалзлыг батлаж шийдвэрлэсэн нь ...нэхэмжлэгчийн энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг зөрчсөн байна гэж дүгнэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 7-14, 134-146 дугаар тал/

 

Иргэн*******гийн ... нөхөр*******д хувьцаа худалдаж авсан 30.000.000 төгрөг, түүнээс олсон ашгаа залилуулсан гэх гомдлыг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 244 тоот тогтоолоор гомдолд дурьдсан асуудлаар буюу гэр бүлийн маргаантай асуудлаар иргэний хэрэг үүссэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Мөн дээр агуулга бүхий гомдлыг*******гийн өмгөөлөгч Нийслэлийн прокурорын газарт гаргахад 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 299 тоот тогтоолоор гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгө гаргуулахтай асуудлаар иргэний хэрэг үүссэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

/ХХ-ийн 100-102 дугаар тал/

Нэхэмжлэгч*******, хариуцагч******* нар нь 1997 оноос хамтран амьдарч, гэр бүл болсноо 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдгээр нь 2010 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь дээрхи шийдвэрээр тогтоогдсон ба хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн,

мөн хуулийн 126.2.4-т Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж тус тус зааснаар тодорхойлох ба гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийг мөн хуулийн 127 дугаар зүйлд зааснаар тодорхойлно.

Гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгөд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойш хугацаанд бий болсон, гэрлэгсдийн хуваарьт хөрөнгөд хамаарахгүй, өмчлөх, эсхүл зөвхөн эзэмших, ашиглах эрх нь гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн эд юмс, оюуны үнэт зүйлс, эрхийг хамааруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

Нэхэмжлэгч******* нь 1989 оноос хойш өнөөг хүртэлх хугацаан дахь өөрийн уран бүтээлийн товч тайлан, хэвлэгдэн гарсан дууны болон тоглолтын цомог, тэдгээрээс олсон орлоготой холбоотой тайлбар, жагсаалтууд, уран бүтээлийн тогтлолтоор гадаад оронд зорчсонтой холбоотой баримтуудыг ирүүлснийг хариуцагч В.Түвшинжаргал эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 15-19, 34-71 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч*******, хариуцагч******* нар хувьцааны арилжаанд оролцох зорилгоор*******гийн Хас банк дахь данснаас 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 30.000.000. төгрөгийг бэлнээр авсан нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдож байх ба дээрх мөнгө түүний хуваарьт хөрөнгө болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон болно.

Гэрлэгчдийн хэн нэг нь өөрийн хуваарьт хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д заасны дагуу хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй байхад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгөд тооцох боломжгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтас 31-33, 2 дугаар хавтас 25-31, 41 дүгээр тал/

 

Хариуцагч******* нь данс нээлгэхээр 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 30.000.000 төгрөг байршуулан брокер, дилер, андерайтерын тусгай зөвшөөрөл бүхий Би Ди Сек ҮЦХ ХК-д 7-611218 тоот үндсэн дансыг, Юу Би Би Ди ХХК, Монхан трейд ХХК-д 73-3, 65-110013 тоот холболтын дансыг тус тус нээлгэсэн байх ба түүний дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 267.285.539 төгрөгийн орлогын гүйлгээ, 242.758.385 төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус хийж гүйцэтгэсэн ба 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш уг дансуудаар гүйлгээ хийгээгүй байна.

/ХХ-ийн 20-30, 120-124, 154, 211-222 дугаар тал, 2 дугаар хавтас 51-54 дүгээр тал/

 

Данс нээлгэсэн өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал хугацаанд 84.034.683 төгрөг бэлэн мөнгө хэлбэрээр уг данснуудаас зарлагаар гарсан нь данснуудын дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдлоо.

2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 19.844.672 төгрөгийг тусгаарлаж 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тусгаарлалтаас чөлөөлөн буцаан шилжүүлснийг бэлэн мөнгөний зарлагаас хасч тооцох үндэслэлтэй.

/ХХ-ийн 22-29, 95-99, 120-121, 196, 214-222 дугаар тал, 2 дугаар хавтас 51-54 дүгээр тал/

 

Хариуцагч******* нь өөрийн нэр дээрхи данснаас тусдаа амьдарснаасаа хойш буюу 2011 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 17.800.000 төгрөгийг шилжүүлгээр хувьцааны мөнгө хэмээн авч үүнийгээ гадаад улсад хувьцааны арилжаанд оролцохоор тухайн үед брокерийн компанийн ажилтан байсан н.Оргилмаад 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 12.295 ам доллар болгон өгч шилжүүлсэн хэдий ч уг мөнгөө алдсан гэж тайлбарлаж байна.

Хувьцааны арилжаанаас олсон ашгийг болон уг данснаас бэлэн авах үйлдлийг нэхэмжлэгч******* дангаар гүйцэтгэх боломжгүй бөгөөд хариуцагч нь хувьцааны арилжаатай холбоотой мэдээллийг нэхэмжлэгчид өгөхгүй байхыг брокер, дилерийн компанийн ажилтанд даалгаж байснаас үзэхэд түүнийг гэр бүлийн хөрөнгийг зүй бусаар ашигласан гэж үзэхээр байна.

/ХХ-ийн 103, 121 дүгээр дугаар тал/

 

Хариуцагч******* нь дээрхи 84.034.683 төгрөгөөс нэхэмжлэгч*******гийн авсан 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдөр авсан 10.000.000 төгрөг, 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гүйлгээнээс тусгаарласан 19.844.000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хувьцааны үнэд бэлнээр авсан 141.000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хувьцааны мөнгө хэмээн авсан 17.800.000 төгрөг зэргээр нийт 53.362.606 төгрөгийг хасагдана гэж тайлбарлаж байна.

Хариуцагч******* нь тусдаа амьдрах үедээ гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг зүй бусаар ашигласан гэж үзэхээр байх тул түүний тайлбарласанчлан дээрхи мөнгийг бүхэлд нь хасч тооцох боломжгүй.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг зүй бусаар ашиглана гэдэг гэрлэгчид хэн аль нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдах, захиран зарцуулах гэх мэтээр үгүй болгохыг ойлгоно.

 

Нэхэмжлэгч******* нь 84.034.683 төгрөг /2006.05.31-2014.02.04-ний бэлэн мөнгөний зарлага /2=42.017.341 төгрөг

42.017.341 төгрөг+30.000.000 төгрөг /хуваарьт хөрөнгө/=72.017.341 төгрөг

72.017.341 төгрөг-10.000.000 төгрөг /2008.05.09-ний өдөр авсан/=62.017.341 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тусгаарлагдан 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тусгаарлалтаас чөлөөлөн буцаан шилжүүлсэн 19.844.672 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т заасныг баримтлан хариуцагч*******аас 42.172.669 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19.844.672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т заасныг баримтлан хариуцагч*******аас 42.172.669 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19.844.672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 882.285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 368.813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 9744 дугаартай захирамжаар хариуцагч*******ын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН